“ПУТИНЫГ БАЙГАА ДЭЭР НЬ Л АМЖУУЛЪЯ” ГЭЭГҮЙ ЮМ БОЛ ЯАХ ГЭЖ ЭНЭ НАМАР СОНГУУЛЬ ХИЙХ ГЭЭД ЯАРААД БАЙНА ВЭ

Aдмин / Улстөр

Амтай болгон л “Энэ намар сонгуультай” гэдэг болж. Ялангуяа фэйсбүүк, твиттер зэрэг харилцааны платформууд дээр иймэрхүү утгатай юмыг тодорхой давтамжтайгаар түгээх боллоо. Бүр намар болох сонгуулийн сар, өдрийг товлочихсон, түүнийгээ зориуд гэмээр сошиал сүлжээгээр тарааж байх юм. Тэр бүү хэл УИХ-ын дарга Г.Занданшатарыг “Намрын сонгуульд одооноос яаралтай бэлд” гэдэг үүрэг өгсөн гэх яриа хүртэл гаргацгаав. Үүний хариуд Сонгуулийн ерөнхий хороо энэ сарын 10-нд “Манай хороо нь Монгол Улсын Их Хурлын болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, ард нийтийн санал асуулгыг зохион байгуулж явуулах бүрэн эрхтэй, хараат бус, бие даасан байгууллага. Хороо бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хуулиар хориглодог. “УИХ-ын ээлжит бус сонгуульд бэлтгэхийг УИХ-ын дарга үүрэгдэж, мэдэгдэл хүргүүлсэн” гэсэн нь ор үндэслэлгүй, олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэл болохыг хариуцлагатайгаар мэдэгдье” гэсэн тайлбар өгч байгаа харагдлаа.

УИХ-ын сонгуулийг дөрвөн жил тутам хийнэ гэж Үндсэн хуульд заачихсан байгаа. Үндсэн хуулийн хорин нэгдүгээр зүйлийн хоёрт “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гээд заачихсан. Гэтэл бид Үндсэн хуулиар олгогдсон энэ эрхийнхээ дагуу биш эрх баригчдын хүслээр нэг жилийн өмнө сонгуульд саналаа хүчээр шахам өгөх юм даг уу даа. Үндсэн хуулийн дагуу дөрвөн жилийн хугацаатай хийгдэж байгаа УИХ-ын ээлжит сонгуулиас бусад УИХ-ын сонгууль бол хууль бус сонгууль болж таарна.

Яагаад УИХ-ын ээлжит сонгуулийг намар хийх гээд байна вэ гэж асуухаар өөдөөс “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх шаардлага тулгарсан учраас” гэж ярьцгаагаад байгаа. ҮХНӨ-ийг намар хийхгүй ээ. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт л оруулж байгаа болохоос биш уг хуулийг өөрчилж байгаа юм огт биш шүү дээ. Үндсэн хуулийг өөрчлөхөөр болбол одоогийн УИХ дөрвөн жилээ гүйцээснийх нь дараа л яригдах, хийгдэх ёстой ажил.

1990 онд хувьсгал гарч, нийгэм өөрчлөгдсөн учраас нийгмийн зайлшгүй захиалгаар аргагүйн эрхэнд Үндсэн хуулиа өөрчилж, 1992 оны нэгдүгээр сарын 13-нд Шинэ Үндсэн хуулиа баталцгаасан түүхтэй. Харин яг одоогийн нөхцөлд Монгол Улс эргэж социализмд орж л нийгмээ сольсон тохиолдолд Үндсэн хуулиа сууриар нь өөрчлөх асуудал тулгарна уу гэхээс өнөөдөр Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага байхгүйг хэн бүхэн мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Алс хязгаар сумын малчин хүртэл ярьж байна шүү дээ. “Энэ нам байсхийгээд л Үндсэн хуулиар оролддог боллоо. Сүүлийн жилүүдэд хамгийн их хийсэн ажил нь хулгай, Үндсэн хуулиар оролдох хоёр л байх шив” гэж.

Эрх баригчид яагаад Үндсэн хуулиас гадуур, сонгуулийг нэг жилээр нааш татаж хууль бусаар хийх гээд яараад байгаа вэ? В.В.Путиныг дагадаг ямар ч нам Оросын харьяаны улс болгонд ялж байдаг нь бүр зүй тогтол болчихоод байгаа. “Нэгдсэн Орос” намыг дагадаг, нягт харилцаатай байдаг буюу Путины дор орсон намууд л энэ олон стан орнууд, Оросын харьяаны улс орнуудад ялсаар байна. “Нэгдсэн Орос” намыг дагадаг мөртлөө хилийн цаана байдаг ганц улс нь Монгол. Путины “Нэгдсэн Орос” намыг дагадаг тэр нам нь Монгол ардын нам л даа. Монгол Улсад яаж ч байсан, ямар ч хувьсгал гарсан, хэдэн он байсан ч энэ нам дангаараа ноёрхсоор, ямар ч хамаагүй аргаар олонх болсоор байгаа нь заримдаасонгогчдын эрхийг зөрчөөд байгаа ч юм шиг.

Ялах ялахдаа хол тасархай ялна. Олон жилийн турш сонгуулийн үр дүнг өөрийнхөө талд эргүүлж, ялалт байгуулсаар ирсний цаана нь оросууд байгаа. Тэд бүх сонгуулийнх нь “газрын зураг”-ийг гаргаж, зураглал бэлтгэж, пиарыг нь хийж өгч, тролл армиа хүртэл ажиллуулдаг болсон гэж ярьцгаадаг.

Гэтэл үүнийг батлах гэсэн мэт МАН Украиныг эзлэн түрэмгийлэх дайн эхлүүлж, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт буруутгагдаж буй унах шинжиндээ хэдийнэ орчихсон байгаа Путинийг унахаас нь өмнө гялс амжуулаадахъя гэж сонгуулийг нааш татаж хийх гээгүй юм бол УИХ-ын ээлжит сонгуулийг хууль зөрчин, хууль бусаар хийх ямар ч шаардлага байхгүй. Амтай болгон “Намар сонгууль хийнэ” гээд шаагьж, түүнийг нь зориуд гэмээр шуугиулсаар байгаад нээрэн л энэ намар сонгууль хийчихдэг бол Үндсэн хуулиас эхлүүлээд энэ олон мянган хууль, дүрэм, журмын хэрэг байгаа юм уу.

Хэн дуртай нь хүссэн цагтаа тов хэлээд л сонгууль зарлаад хийчихдэг бол хууль, ёс журам, улс орон гэхийн хэрэг алга шив. Хэрэв тэгдэг бол үүнийг бичигч бибээр дуртай цагтаа сонгууль зарлаад сонгууль хийчихэж болох нь ээ.

Намар сонгууль болно гэж сошиалаар энэ мэт утгагүй, ард олны тархи толгой эргүүлсэн постуудаас эхлүүлээд мэдээ сэлт явуулж, элдэв яриа хөөрөө зориуд гаргаж байгаа мөн Сонгуулийн ерөнхий хорооны дээрх мэдэгдэл зэрэг бол өнөө гаднаас хийж өгдөг пиарийнх нь нэг хэсэг л дээ. Хөрсөө бэлдэж, ард түмний чихэнд хийх юмаа одооноос дасгаж, хоногшуулж байгаа орос технологи нь. Путины харьяа стан орнууд дахь намууд болон МАН-ын сонгуулийн өмнө “хөрсөө бэлддэг” түгээмэл арга хэлбэр нь энэ. Ард олны толгойг эргүүлсэн, Үндсэн хуулийг илтэд зөрчсөн ийм яриаг цацаж байгаагаас нь харвал Путины сонгуульд ялдаг хар технологийн эхлэл нь Монголд хэрэгжээд эхэлчихлээ.

УИХ-ын ээлжит сонгуулийг энэ намар буюу хугацаанаас нь жилийн өмнө хийх нь МАН-д ашигтайн хувьд гарцаагүй. Хойтон хавар хүртэл юу ч болоо билээ. Прогноз, нийгмийн уур амьсгал, ард олны бухимдал зэргээс харахад ирэх жилийн сонгуулийн өмнө, ирэх хавар эсэргүүцлийн жагсаал цуглаан эрчимжвэл энэ намын байдал бишдэх нь тодорхой.

Яаравчилж сонгууль хийх гэж улайрч буй бас нэг шалтгаан нь ард түмний уур бухимдлаас урьдчилан сэргийлж байгаа зугтаах тактик нь байх магадлалтай. Нөгөөтэйгүүр “Бид дөрвөн жил төр барьсан бол энэ улс орныг хөгжүүлэх байлаа. Гэтэл гурван жил арай богинодчихлоо. Дараагийн дөрвөн жилд ёстой яг тэр Япон, Солонгос, Америк шиг чинь хөгжүүлээд, хамтдаа жаргацгаая” гэж 2016 оны сонгуулиар амласан мөртлөө огт биелүүлээгүй амлалтуудаа замхруулж чадах л хүмүүс.

Олон тэрбумын хулгай зэлгийнийх нь хэрэг ид шалгагдаж, хэлэлцэгдэж дуулиан шуугиан өрнөж нүдний булай болж байхад дундуур нь сонгуулийн асуудал гэнэт оруулж, сонгууль хийнэ гэдэг бол хамсарч хийсэн хулгайгаа замхруулах, мартагнуулах ажиллагаа байх нь гэж ойлгогдохоор байна. Түүнээс биш ирэх жилийн сонгуулийг Үндсэн хууль зөрчин байж нааш татаж энэ намар хийх ямар ч шаардлага Монгол Улсад лав алга. Дахиж сануулъя. Үндсэн хуульд заасан хугацаанаас өмнө УИХ-ын сонгууль явуулбал тэр чинь хууль бус болно.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.167] 2023-03-15 09:11:16

Хулгайч нараасаа салах нь дээр биш үү?!

зочин [122.201.19.99] 2023-03-15 08:21:12

МАНгаруудыг зайлуул

Зочин [66.181.182.79] 2023-03-14 21:50:36

Шившиг

үнэн [37.167.228.23] 2023-03-14 17:09:30

АН - сонгуульд ялвал эх орон минь сүйрнэ Элбэгдорж Хурц Халзан Ганболд бусад урвагч нар ёоо ёоо хэзээч ийм хүмүүс төрд гарч бодохгүй эргүү мангарууд минь бод

Зочин [202.21.108.26] 2023-03-14 15:11:06

Путин намар сонгууль явуулахад ямар хамааралтай байдаг байнаа. Сенсаацтай мэдээ болгохын тулд холбодог юм болов уу

Зочин [43.242.243.23] 2023-03-14 21:52:19

Харин тэх, өөрөө юу бичиж байгаагаа ойлгодог байгаа

Иргэн [64.119.19.91] 2023-03-14 12:00:26

АН нцараас хүн сонгогдохгүй намаа эмхэлж чадахгүй байж юун улс орон эмхлэх вэ

zochin [192.82.71.82] 2023-03-14 11:37:04

МАН г одоо хэн ч сонгохгүй

Zochin [66.181.160.88] 2023-03-14 11:26:57

UIH g taraanguit buren erhgui buh hulgaichiig shorond hii

Ангар [124.158.68.13] 2023-03-14 09:41:41

АН -ыг гацааж байгаад сонгуулиа хийх нь дээ. Ингэх юм бол хулгайтай яг адил, олон нийт мэдээжээр, зөвшөөрөхгүй.


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.