Намрын чуулганаас “мултарсан” дарга нарын томилгоо, тендерийг хориглох хуулийг хаврын чуулганаар хэлэлцэнэ
Хаврын чуулгын жагсаалтад Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтсан байна. Энэ төслийг Засгийн газраас 2023 оны нэгдүгээр сарын 18-нд УИХ-д өргөн барьсан. Товчхондоо, үүгээр дарга нарын зарим үйл ажиллагааг хориглох юм. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээдэд хамаарах субьектэд УИХ-д суудал бүхий намын дарга, УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг, танилцуулдаг байгууллагын дарга, тэдгээрийн орлогч нарыг нэмэхээр оруулжээ. Эдгээр албан тушаалтан болон Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга зэрэг улс төрд нөлөө бүхий этгээдүүдэд энэ хуулийн өөрчлөлт үйлчлэх юм. Тодруулбал, тэдний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд төрийн албаны удирдах албан тушаал эрхлэх, төрийн болон орон нутгийн өмчит компани, улсын үйлдвэрийн газрын гүйцэтгэх удирдлагад ажиллахыг хориглохоор зохицуулжээ.
Мөн эдгээр албан тушаалтан болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдийг бүх хэлбэрийн тендер шалгаруулалтад оролцохгүй байх өөрчлөлтийг тусгажээ. Түүнчлэн, улс төрд нөлөө бүхий этгээдийн хамгийн ойрын хамаарал бүхий этгээдэд түүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхдийг хамааруулахаар хуулийн төсөлд тусгасан байна. Эдгээр улс төрд нөлөө бүхий этгээд болон тэдгээрийн эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд төрөөс хэрэгжүүлэх, санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, арилжааны шинжтэй төсөл, хөтөлбөр, эсхүл төрөөс олгох хөнгөлөлт, баталгаа, хандив, зээл хүртэгч, эсхүл эдгээрийг гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжийн нөлөө бүхий хувьцаа, хөрөнгө эзэмшигч, хамтрагч байхыг хориглох юм байна.
Уг нь энэ хуулийн өөрчлөлтийг намрын чуулганы төгсгөлд хэлэлцэхээр ярьж байсан. Гэвч зарим гишүүний эсэргүүцлээс болоод “мултарсан” байдаг. Харин энэ хаврын чуулганаар хэлэлцэхээр болж, УИХ-ын дарга “...Төрд шимэгчлэх гэж, төрөөс завших гэж, төрийг мөлжих гэж улстөрч болон төрийн албан хаагч болдог хандлагыг таслан зогсоох, эсэхээс бидний цаашдын хувь заяа шалтгаална. Тиймээс Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг батлах ёстой” гэж хэлжээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл