Яндаж болшгүй далай шиг баян нутгийг минь яачихав даа
Биднийг хүүхэд байхад радиогоор:
“Хөдөө тал минь малаар дүүрэн
Хөвч ой нь ангаар бүрэн
Хөрсөн доор нь эрдэнээр арвин.
Яндаж болшгүй далай шиг
Яасан баян нутаг вэ
Ямар их хувь заяагаар
Бид нар эзэн нь болж төрөв өө. ” гэсэн дуу хангинадаг байж билээ.
Социализмын тэр үед ингэж дуулах нь нэг л үнэмшилгүй байсан. Учир нь хамаг мал сүргээ улаантнуудад булаалгасан ард түмэн хичнээн ч их мал байгаад ямар ч ашиггүй байсан. Хөдөө нутагт элбэг дэлбэг байдаг сүү цагаан идээ маань үзэгдэхээ больж малчид маань хар цай, хатсан боорцог төдийхнөөр амь зогоодог болсон. Нэгдлийн малыг малчид “ялтай мал” гэдэг болсон.
Ц.Лоохууз гуай: “Би аймгийн намын хорооны дарга байхдаа сард 1200 төгрөгийн цалинтай байлаа. Ажлын дутагдлыг илрүүлж, эх орноо хөгжүүлэх санал шүүмжлэл хэлсний төлөө албан тушаалаасаа халагдаж хөдөө цөлөгдөж малчин боллоо. Нэгдлийн малыг бүтэн сар маллаад сарын цалин гэж 17 төгрөг өгч байлаа. Тэгэхлээр нь би малчдаас хурганы арьс 5 төгрөгөөр худалдан авч арьсаа элдээд 15 төгрөгөөр, эмээлийн гөлөм хийж тэр үеийн үнээр нь зараад удалгүй баян чинээлэг боллоо. Тэгтэл намайг панз наймаа хийлээ хэмээн бариад шоронд хийчихлээ” хэмээн хэлсэн байдаг даа. Тэр үед ард түмэн амьдралаа дээшлүүлэх ямар ч боломжгүй байв. Ард түмэнд эсгий гэрээс өөр ямар ч өмч хөрөнгө байхгүй байлаа. Баян хүнийг үзэн яддаг, ядуу хүний тахин шүтдэг, нэг намыг тахин шүтдэг, гадаадын хөрөнгөтөн орныг үзэн яддаг тийм л нийгэм байлаа. Монголын хөрсөн дор байсан алт, зэс, жонш, ураныг хойд хөрш Зөвлөлт улс руу хямдхан зөөдөг байсан. Мардайн ураны үйлдвэрийг оросууд Монгол нутагт нь байгуулчихаад ураныг нь хэдэн зуун тонноор нь вагон вагоноор хойш нь зөөж байхад улс орныг удирддаг Улс төрийн Товчоо нь ч мэдээгүй сууж байсан гэдэг. Малаа хөлөөр нь Зөвлөлт улс руу маш хямдхан гаргадаг байсан. Социалист орнууд дотроо Монгол хамгийн ядуу орны нэг нь байсан. Нэг хүнд ногдох ДНБ нь 300 ам.доллар байсан дэлхийн ядуу орны нэг байлаа.
Социализмынүед ард түмэн эх орныхоо эзэн нь байж чадаагүй, баян чинээлэг хангалуун амьдарч чадаагүй. Жар, далаад оны хөрөнгөтөн орны эрх чөлөөт иргэдийн амьдралыг харахад диваажингийн орон мэт санагддаг байлаа.
Дараа нь Монгол улс зах зээлд шилжээд 33 жил боллоо. Мал сүрэг ард түмний мэдэлд шилжсэн. Ард түмэн мал сүрэгтэй болсон. Энэ сайн хэрэг. Харин бусад нь даший шог болсон. Алт, зэс, төмрийн хүдэр, нүүрсийг төрийн өмчит болон хувийн өмчит компаниуд түүхийгээр нь үлэмж их хэмжээгээр Хятад руу вагон вагоноор нь зөөдөг болсон.
Төрийн өмчит нүүрсний компаниуд нь үлэмж их хулгай хийсэн. “Эрдэнэс таван толгой” компани 2011 онд дөнгөж байгуулагдаад л удирдлага нь нүүрсний хулгай хийж эхэлсэн. 2010-2011 онд 379 000 тонн нүүрсийг хулгайлж өмнөд хөрш руу зөөж зарсан. Энэ хулгайг анх илрүүлсэн Гаалийн ерөнхий газрын ажилтан Мөнхчулууныг Прокурор, Шүүх 2 жилээр ял үүрүүлж шоронд хийсэн байдаг. Дараа нь 2018 онд Өмнөговиос сонгогдсон УИХ-ын гишүүн асан Л.Энхболд нүүрсний хулгайн талаар шүгэл үлээсэн боловч хэн ч тоож үзээгүй. Тэр үед 2000-2017 онуудад мафийнхан хуулийнхныг атгачихаад хүчтэй байсан.
Олон уурхайтай болоод ард түмэнд ямар ч ашиг наалдаагүй. Хувьцааны ногдол ашгийг жил бүр огт аваагүй. Манай улс Оюу толгой, “Эрдэнэс таван толгой” гээд дэлхийд томд ордог уурхайтай гээд шагшраад байсан. Ард түмэнд хувьцааны ногдол ашиг ганц доллар ч ногдсонгүй. “Оюу толгой” 2048 онд ард түмэнд ноогдол ашиг өгч магадгүй хэмээн ард түмнийг хоосон хошгируулаад байгаа. Гэтэл Австралийн иргэд Рио Тинтогоос жил бүр их хэмжээний ногдол ашиг авдаг юм гэсэн.
Сүүлийн 20 жилд зэс, нүүрс, төмрийн хүдрийг үлэмж их хэмжээгээр хулгайлж гадаадад гаргадаг бүлэглэлүүд буй болсон гэдэг. Саяхан илэрсэн нүүрсний хулгай 20 их наяд төгрөгний боломжийг үгүй хийсэн гэсэн дүгнэлт гарчээ. 2013-2017 онд 803,1 мянган тонн нүүрсийг хулгайлж хил гаргажээ. 22664 нүүрсний машиныг хоосон хил гаргасан гэсэн хуурамч гаалийн бүртгэл хийжээ. Энэ бүгдийг монголын 5 албан байгууллагын ажилтнууд үгсэн хуйвалдаж үйлджээ. Сүүлийн 20 жилд олигархиуд хамаг боломжийг ард түмнээс булаан авчээ. Тэдэнд гар дүрээгүй, хулгайлаагүй салбар гэж алга. Олигархиуд, эрх мэдэлтэнгүүд банкнаас их хэмжээний хөнгөлөлттэй зээл авч, газар тариалангийн сан, боловсролын сан зэрэг Засгийн Газрын хорь гаруй сангуудын хоосолж, гадаадад өндөр төлбөртэй их дээд сургуулиадад хүүхдээ их хэмжээний валютын зээлээр сургаад зээлээ буцааж төлөөгүй байна. 230 хүн боловсролын сангаас авсан зээлээ төлөөгүй ажээ. Зарим нэг нь 160 000 ам.долларын сургалтын зээл аваад алга болжээ.Зарим нь гадаадад сургууль төгсөөд сургалтын зээлээ төлөхгүй гадаадад нуугдаад үлддэг аж. Өмнөх жилүүдэд оюутны сургалтын төлбөрийн зээлд зориулж төрөөс нэг жилд 31 тэрбум төгрөг өгдөг байжээ. Гэтэл 1997-2017 онуудад зээлээ төлөөгүй оюутнуудын барьцаалагдсан гэх 15 000 диплом боловсролын зээлийн санд хэвтэж байдаг аж. Монголын оюутан нь хүртэл сургалтын зээлээ төлдөггүй цэвдэг сэтгэлтэй аж.
Арван жилийн өмнө нэг монгол хүн 15 сая төгрөгний өртэй байсан бол эдүгээ 33 сая төгрөгний өртэй болжээ. Монгол Улс 33 тэрбум долларын өртэй болжээ. Төр засаг хулгайч луйварчдын том бүлэглэлийн цөөн хэдийг нь нясалсан боловч ихэнхийг нь яаж ч чадахгүй өдий олон жил болжээ.
Ардчиллын үед ард түмэн маань эх орныхоо эзэн нь болж чадаагүй л үлджээ. Саяхан уул уурхайн олборлолтын 100 жилийн ойг тэмдэглэж төрөөс баахан хүмүүсийг гавьяат цол, одонгоор бөмбөгдөв. Монголоор дүүрэн гавьяат, докторууд хөлхөлдөж байгаа ч Монгол улс хөгжсөнгүй, аж үйлдвэржсэн орон болж чадсангүй. Одоо болтол сүүлийн 100 жилд Монгол улс мал аж ахуйн түүхий эд, нүүрс, төмөр, жонш, зэсээ түүхийгээр нь гадаадад гаргаж байгаа болохоос бус, томоохон боловсруулах үйлдвэр барьсангүй. Байгалийн баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулж чадсангүй. Аж үйлдвэрийн паркаа ч барьсангүй. Экспортын баримжаатай үйлдвэр ч барьсангүй. Цахилгаан станцаа ч барьж чадсангүй. Усан цахилгаан станц ч барьж чадсангүй. Атомын цахилгаан станц ганцыг ч барьж чадсангүй. Метрогоо ч барьж чадсангүй. Төмөр замаа хоёр салаа болгож чадсангүй, төмөр замаа цахилгаанжуулж чадсангүй. Мал аж ахуйн түүхий эд боловсруулах томоохон үйлдвэр ч барьж чадсангүй. Харин хүнсний үйлдвэр, ноолуурын үйлдвэрээ барьжээ. Орон сууц барьж байна, хатуу хучилттай замаа тавьж байна.
Монгол улс бүс нутагтаа хамгийн хөгжил дорой ядуу улс болжээ. Хөрш зэргэлдээх Хятад, Орос, Казахстан улс хөгжлөөрөө биднийг хол орхижээ. Хөгжлийг минь хэн саатуулаад байна, юү саад болоод байна гэдэгт бид зөв дүгнэлт хийгээд хөгжиж чадалгүй өдий хүрчээ. Саяхнаас хөгжлийн чиглэлд шинэ Засгийн Газар маань ажиллаж байгаа л даа.
Гэхдээ төр засаг авилгачид болон мафийн сүлжээг уг үндсээр нь дарахгүй бол хөгжил гэдэг маань хоосон яриа төдий болоод өнгөрч байгаа юм. Олигархиуд телевизээр: “Ерөнхий сайд Н.Оюун-Эрдэнэ хулгай, гэмт хэрэгтэй тэмцэхээ болиоч. Энэ үүргийг биелүүлдэг тусгай байгууллага байгаа ш дээ.” хэмээн гол анхаарлыг нь төөрөлдүүлж будлиулах гэж ихэд цэцэрхэж байна лээ. Үгүй шүү. Одоо л Н.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Засгийн Газар улс даяар нүүрлэсэн хулгай луйвартай бүхий л хүчээ дайчилж тэмцэн дарахгүй бол хэзээ ч дийлдэхгүй болно шүү.
Монголд сүүлийн үед Хөгжлийн банкны хэрэг, Нүүрсний хулгайн хэрэг гэсэн улсыг доргиосон хоёр том хулгай луйврын хэрэг гарлаа даа. Хөгжлийн банк анх 2011 оны 5-р сард байгуулагдаж 2012 оноос хойш 3000 орчим төсөлд 7.5 их наяд төгрөгийн зээл олгожээ.
Нийт зээлийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй болон төслийн орлогоос эргэн төлөгдөх нөхцөлтэй, мөн арилжааны банкаар дамжуулан олгосон зээл гэсэн гурван багцад хувааж зээл олгожээ. Арилжааны 11 банкаар дамжуулан 17 төсөл, хөтөлбөрийн 2542 дэд төсөлд 1.6 их наяд төгрөгийн зээл олгожээ. Хөгжлийн банкнаас зээл авахад нөлөөлсөн, ажлын хариуцлага алдсан 83 хүнийг АТГ шалгаж дуусаад шүүхэд шилжүүлсэн гэсэн мэдээ гарч байсан.Эдгээр 83 хүний дотор Хөгжийн банкны ажилтан албан тушаалтан 45 хүн, УИХ-ын гишүүн 5, Монгол банкны ерөнхийлөгч 1 хүн багтаж байгаа гэсэн. Чингис бондны 1.5 тэрбум долларыг Монгол улсыг үйлвэржүүлэх төсөлд зарцуулна хэмээн мэдээлж байв.
1.5 тэрбум долларын зээлийн 70.0 хувь нь эдүгээ найдваргүй, төлөгдөхгүй зээлийн ангилалд оржээ. Бондны зарим мөнгөөр цементний үйлдвэр барьж, асфальтан зам тавьж орорн сууц баоьсан боловч ихэнхи мөнгө нь үйлдвэр барихад зарцуулагдсангүй, зориулалтын бусаар хувьдаа завшаад дуусгажээ. “Эдийн засгийн сайд асан Батбаяр Чингис бондын 1.5 тэрбум доллараар 1000 үйлдвэр барина хэмээн мэдэгдэж байсан.Сүүлдээ 888 төслийг хэрэгжүүлнэ гэж байсан. Гэвч тэр ямар ч тендергүй, ямар ч зураггүй, ТЭЗҮ-гүй төслүүдэд тэрхүү бондны мөнгийг цацсан”, “Чингис бондны валютын зээлийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг ахалсан “Бондны Зөвлөл” гэгч хууль бус комиссыг байгуулаад ямар ч тендергүй тараасан” гэх мэтээр тэр үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиж байлаа.
УИХ-аас Хөгжлийн банкны асуудлаархи Хянан шалгах түр хороог 2022 оны дөрөвдүгээр сарын 15-нд 12 гишүүнтэй байгуулав. Энэ хороо Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэгтэй.
Түр хорооноос нотлох баримтыг шинжлэх нээлттэй сонсголын товыг тогтоож, гэрчээр дуудах хүмүүсийн нэрсийг баталсан. Энэ дагуу нээлттэй сонсголыг 2023 оны нэгдүгээр сарын 16-20-нд, хоёрдугаар сарын 6-10-нд, гуравдугаар сарын 13-17-нд гурван үе шаттайгаар явуулсан . Энэ сонсголыг ТВ-ээр үзсэн ард түмний нүд нээгдсэн дээ. Нээлттэй сонсголын төгсгөлд УИХ-ын Хянан шалгах Түр хорооны дарга Б.Энхбаяр “Эхний шатны сонсголд 166, хоёр дахь шатанд 67, гурав дахь шатны сонсголд 123 хүн гэрчээр оролцож, нийт 356 хүн хүрэлцэн ирсэн. Нээлттэй сонсголын хүрээнд 672 хүнийг гэрчээр дуудсан ч 356 буюу 53 хувь нь иржээ” хэмээн мэдэгдсэн. Тэхлээр ирээгүй зугатаж үлдсэн 316 хүнийг заавал дуудаж гэрчээр байцаах хэрэгтэй юм байна хэмээн би ойлголоо.
Зарим олигархиуд “Б.Энхбаяр бизнесменүүдийг шүүж яллах гэлээ” хэмээн их л тунирхаж байна лээ. Энэ түр хорооны гишүүд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар, Т.Доржханд нар хуулийн дагуу гэрчийг дуудаж, бодит байдлыг үнэнээр нь тогтоож, сайн ажиллаж байгаа гэдгийг ард түмэн мэдэж байгаа. Тэр дуудагдаж байгаа гэрчүүд болох зарим компаний захиралууд нь гэмтэн шиг гэлбэлзэж, гэмт хэрэгтэн шиг булзааруулж, зарим нь бүр зээлээ төлөхгүй хэмээн тохуурхаж байлаа. Аль эрт ийм хороог УИХ-ын дэргэд байгуулж ажиллах ёстой байж. Түр хорооныхон чингэлэг дүүрэн баримт материалыг судалсан гэсэн. Их л том ажил хийж байна даа.Хамгийн гол нь эцсийн дүнд хулгайчид луйварчид хариуцлагаа хүлээж зохих шийтгэлийг авах ёстой. Энэ асуудлыг эцэслэн Шүүх шийдэх ёстой.
Ер нь хууль хяналтын байгууллага сүүлийн хорин жилд хулгай луйврын гэмт хэргийг дарж чадаагүйгээс болж Улсын Их Хурлын дэргэд Хянан шалгах Түр хороо гэдгийг байгуулсан юм биш үү. Олигархиуд “Хүний эрхийг зөрчлөө, компаний нууцыг задаллаа, асуултанд чинь хариулахгүй, зээлээ төлөх боломжгүй, энэ бүхэнд төр буруутай” энэ тэр хэмээн ихэд булзааруулж, хэргээ нуухыг оролдож байгаа нь ард түмэнд тодхон харагдаж байна даа. Зальтай луйварчдыг төр нэгэнт зуусан бол тавихгүй байх хэрэгтэй. Заавал хариуцлага тооцож хуулийн дагуу хатуу шийтгэх хэрэгтэй. Олигирхиудын олон тэрбум төгрөгний зээл болон зээлийн хүүг нь монголын татвар төлөгчид төлжээ. Өмнөд Солонгосын удирдагч Пак Жонхи, Сингапурын удирдагч Ли Куан нар өнгөрсөн зууны жараад онуудад эхлээд авилгачид, хулгайч нарыг бүрмөсөн дарж байж улс орноо хөгжүүлсэн түүхтэй. Монголчууд бид дэндүү хожуу хулгайч, авилгач нартай тэмцэж байна даа.
Нэг дэх сонсголд Хөгжлийн Банкнаас шууд санхүүжүүлсэн 77 зээлийн 3.3 их наяд төгрөг, хоёр дахь сонсголд нийт 355 зээлийн 2.9 их наяд төгрөг, гурав дахь сонсголд 2,542 төсөл хөтөлбөрийн хүрээнд 1.6 их наяд төгрөгийн дамжуулан зээлтэй холбоотой асуудлыг хэлэлцжээ.
Мөн сүүлийн 10 жилийн хугацаанд хийгдсэн мөнгөн удирдлагын асуудлыг 3600 гаруй гэрээнд дүн шинжилгээ хийх замаар хэлэлцэн танилцуулжээ. УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд заасанчлан Түр хорооноос гарсан санал дүгнэлтээ боловсруулж, дөрөвдүгээр сарын 15-нд багтаан УИХ-д танилцуулах гэж байгаа юм билээ. 1.5 тэрбум ам.долларын “Чингис” бондны эх үүсвэрээс арилжааны банкаар дамжуулан 2542 төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулсан, ашигласан байдлыг сонсож гэрчээр 240 хүнийг асууж сонсчээ.
Хөгжлийн банкнаас 2012 оноос эхлэн монголын олон арван компаниуд олон сая долларын зээл авсан боловч ганц хоёр компаниас бусад нь ямар ч үйлдвэр барьсангүй, харин ихэнхи компаниуд авсан зээлээ өөрсдөө хувьдаа авч завшжээ.Тэдний талаар хэдхэн жишээ ярья. “Бэрэн групп” ХХК Хөгжлийн банкнаас 38.8 сая ам.долларын зээл авчээ. Банк энэ компанид зээл олгохдоо барьцааны шаардлага хангаагүй, өмнөх зээлийн эргэн төлөлт бүрэн хийгдээгүй байхад нь нэмж зээл олгожээ. Хамгийн хачирхалтай нь гангийн үйлдвэр барина хэмээн авсан зээлээсээ 4.4 сая ам.доллар нь ямар зориулалтаар юунд зарцуулсан нь мэдэгдэхгүй алга болжээ.
Хамгийн ичгүүртэй нь “Бэрэн групп” ХХК-ний гүйцэтгэх захирал Б.Мөнхтөр Б.Энхбаярын “Та казинод мөрийтэй тоглодог уу?” гэсэн асуултад “Би огт мөрийтэй тоглодоггүй” гэсэн мөртлөө мань хүн Макао, Сингапурын казиногийн АТМ-ээс 1.5 сая ам.доллар гаргуулж авсан нь баримтаар нотлогдчихсон байлаа. Энэ компани Хөгжлийн банкнаас гангийн үйлдвэр барина гэж 2017 онд авсан зээлээ өдий болтол нэг ч цент төлөөгүй байлаа.
Энэ компани барилгын арматур үйлдвэрлэсэн ч юм байхгүй, харин орон сууц барих зээлийг хэд хэдэн удаа банкнаас авчээ. Б.Энхбаяр түүнээ "Та Сингапурт Бадамжунайтай уулзсан уу?” гэж асуухад “Уулзсан” гэж байсан нь бүр ч сэжигтэй санагдав. Монголын хамгийн том авилгачин Бадамжунайтай зүгээр уулзах гэж байхгүй л дээ. Хэрэв “Бэрэн групп” компани тэрхүү авсан валютын зээлээр барилгын арматурын томоохон үйлдвэр барьсан бол гадаадаас авах импортыг багасгаж валютын гадагш гарах урсгалыг хаах боломж байлаа. Гэтэл одоо болтол Монгол улс барилгын арматурын дотоодын хэрэгцээний /дотоод хэрэгцээ нэг жилд 400 000 тонн арматур байдаг/ дөнгөж 10.0 хувийг хангаж, үлдсэн 90.0 хувийг Хятадаас авсан хэвээрээ л байна. Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор барих төсөлд 8.1 тэрбум төгрөг гаргаж өгчээ.
Гэтэл судалгааны ажилд 6.3 тэрбум төгрөг, хуулийн зөвлөлгөө өгсөн гэж 604,8 сая төгрөгийг салхинд хийсгэжээ. Ямар ч хуулийн компани Монголд нэг удаа зөвлөлгөө өгөхөд 6 сая төгрөгнөөөс дээш гарна гэж байхгүй л дээ. Хөгжлийн банк ноос ноолуур, сүү, хүлэмж, оёдлын салбарын төсөлд 150 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ. Зээл авсан иргэн, компани нь тодорхой байхад ийм их мөнгө өгчихөөд зээлээ төлүүлэх талаар холбогдох байгууллагууд ямар ч арга хэмжээ аваагүй байгаа нь гайхал төрүүлээд байгаа юм. Саяхны сонсгол дээр Б.Энхбаяр Буянгийн Жаргалсайханаас "Та яагаад өрөө төлөөгүй өдий хүрсэн бэ. Та зээлээ төлөөч "гэхэд 64 настай, монголын хамгийн анхдагч бизнесмэн, тэрбумтан Жаргалсайхан" Би зээлээ төлмөөргүй байна" гэсэн хариулт өгчээ.
Хэвлэл мэдээллээс үзвэл Буянгийн Жаргалсайхан өнгөрсөн гучин жилийн дотор гурван удаа их хэмжээний зээл авчээ.
1.1995 онд японы "Марубени" ХХК-аас Монголын П.Жасрайн Засгийн газрын баталгаа гаргуулж 18.8 сая ам долларын зээл авчээ.
2.УИХ-ын гишүүн байхдаа 2005 онд 11.9 тэрбум төгрөгийн хүүгүй зээл авчээ.
3.2014 онд 8 хувийн хүүтэй 14.0 тэрбум төгрөгийн зээл авчээ.
Саяхан "Ам нээвэл” хэмээх 25-р сувгийн телевизийн нэвтрүүлгээр сэтгүүлч Г.Мөнхтуул “Буян” компаний захирал, БНН-ын дарга Б.Жаргалсайханаас бүтэн нэвтрүүлгийн турш “Та өрөө яагаад өдий болтол төлөөгүй юм бэ ?” хэмээн ганцхан асуулт асуугаад ямар ч хариулт авч чадсангүй. Жаргалсайхан урдаас нь огт өөр юм ярьж хоосон цэцэрхээд хамаг цагаа барлаа. Жаргалсайхан “Хөгжлийн банкнаас нэг ч төгрөгийн зээл аваагүй” хэмээн хээв нэг худал хэлэх аж. Сэтгүүлчийн асуултад хариулахын оронд өнөөх Жаргалсайхан нь УИХ-ын гишүүн Мөнх -Оргилын эсрэг баахан юм яриад өнгөрлөө. Сэтгүүлч сүүлд нь Жаргалсайхан танаас манай нэг сонсогч ганц асуулт тавьсан. “Та яагаад “Хангай” зочид буудлыг олон жилийн өмнө авчихаад балгас хэвээр нь одоо болтол байлгаад байгаа юм бэ, Зарах ч юм уу, эсхүл өөрөө засаж янзлаад ашиглаж болдоггүй юм уу?” хэмээн асуув. Жаргалсайхан ямар хариулт өгсөн гээч. Жаргалсайхан “Тэр хүндээ хэл. Чам шиг хүмүүс хараад атаархаж байг гээд би зориуд байлгаад байгаа юм. Атаархлын музей болгож байгаа юм” гэдэг байгаа. Оросуудын аль дээр үед 1980 онд барьсан, одоо балгас болсон “Хангай” зочид буудлыг нийслэлийн төвийн “А” зэрэглэлийн байрлалд 25 жил хав дарж байгаа Жаргалсайханыг яалтай, ийм балгасыг нийслэлийн төвд хог новш болтол нь байлгаад Жаргалсайханыг өөгшүүлээд байгаа нийслэлийн төр засгийг ч яалтай билээ. Сэтгүүлч энэ нэвтрүүлгээр Жаргалсайханаас “Та авсан зээлээ яагаад төлөхгүй байгаа юм бэ?” гэсэн ганц асуултдаа хариу авахыг хүссэн боловч нэг ч үг энэ талаар ярьсангүй, асуултыг нь булзааруулж огт өөр асуудал ярьсаар нэвтрүүлгийн бүх цагийг дуусгав. Сүүлийн хэдэн өдрүүдэд Б.Жаргалсайхан телевиз, сайтуудаар “БНН-ын мэдэгдэл л гэнэ, намайг зориудаар гүтгэж харлууллаа л гэнэ , төр засгийн буруу л гэнэ, улс төржүүллээ л гэнэ, ажлаа хийсэн Түр хороог элдвээр дайрч түр хорооны гишүүдийг нь гадаадын тагнуул” хэмээн цоллож ч үзэв. Одоо ард түмэн ийм юманд итгэхээ өнгөрсөн. Ард түмнийг яаж ч хуурч болно гэдэг үлгэрээ зогсоо. Бүх насаараа бизнес хийсэн тэрбумтан, УИХ-ын гишүүн асан, Үйлдвэр худалдааны сайд байсан хүн ингэж новширч байхад бусадтай нь юу ч ярих вэ дээ.Үнэхээр ёс зүй алга.
Буянгийн Жаргалсайхан шиг зээлээ төлдөггүй, төлөх ч үгүй хэмээн даналздаг компаний захиралууд сэтэртэй адуу шиг хэдэн зуугаараа Монголд дураараа давхилдаж байна. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн бүх зээлийн 50.0 хувийг нэгэн хөдөлмөрийн баатар 14 өөрийн охин компаниараа дамжуулан авсан ч гэх шиг. Эх захаа алдаж бүр дуусчээ.
Монголд нилээд нэр хүндтэй байсан "Эрэл" компаний захирал Б.Эрдэнэбат Хөгжлийн банкнаас гурван удаа зээл авчээ. Эхнийх нь 14.0 сая ам долларын зээл авсан.Удаах нь 13.0 сая евроны зээл авсан. Гурав дахь нь 9.0 сая ам долларын зээл авчээ.Түүний авсан зээлийн эргэн төлөлт 0 хувь буюу нэг ч цент төлөөгүй байлаа. Тэр бээр 14.0 сая ам.долларын авсан зээлнээсээ 4.3 сая долларыг касснаас хувьдаа бэлнээр авсан байлаа. Тэр сонсгол дээр Б.Эрдэнэбат “би ийм сайн хүн” гээд гавьяат цол, эрдмийн зэрэг, баахан дипломоо үзүүлж байгаа нь бүр ч сэжигтэй санагдав. Сайн хүн юм бол зээлээ төлөөч. Битгий булзааруулаад байгаач.Сүүлийн үед энэ гавьяат цолтонууд бүр сэжигтэй болоод байна. Ерөнхийлөгч асан Х.Баттулгын шагнасан хөдөлмөрийн баатар Н.Удаанжаргал, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Ганхуяг зэрэг хулгайн болон авилгалын гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг одоо яах вэ. Цолыг нь хурааж хуулийн дагуу яллахгүй юм уу.
Сонсгол дээр зээл аваад төлөөгүй нэгэн компаний захиралын хэлсэн өчгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр ийнхүү мэдээлжээ. "BRB" компанийн захирал Ж.Энхжаргалан: “Манай эхнэрийн компани Хөгжлийн банкнаас зээл авсан эсэхийг би огт мэдэхгүй" гэв. "BRB" компанийн захирал Ж.Энхжаргалан "Хөгжлийн банкнаас 8,4 тэрбумын зээл авч, 7,6 тэрбумыг нь юунд зарцуулсан нь тодорхойгүй хувьдаа бэлэн зарлагаджээ.
Гэтэл уг асуудалд түүний зүгээс Хөгжлийн банкнаас зээл авсан “Драгон холдинг” ХХК нь эхнэр Б.Октъябрийнх нь компани ажээ. Хөгжлийн банкнаас хэдэн төгрөгийн зээл авч, хэзээ эргүүлэн төлсөн эсэхийг асуухад “мэдэхгүй” гэжээ. “Яагаад мэдэхгүй вэ?” хэмээн асуухад Ж.Энхжаргалан болон түүний эхнэр Б.Октябрь нарын бизнес тусдаа учир огт мэдэхгүй гэжээ. Ядаж орой гэртээ эхнэртэйгээ нэг хөнжилд орохдоо тэрбум тэрбумаар нь зээл авснаа хэлдэг байгаа даа. Арай дэндэж байна. Хүүхэд хуурч байгаа юм шиг.
Энэ мэт олон зуун жишээ байна.
Ард түмэн үүнд л бухимдаж байна. Жирийн иргэнд хууль үйлчилдэг. Эрх мэдэлтэн, баян хүнд монголын хууль үйлчилдэггүй. Зээл авсан зарим хүмүүсээс Банк зээлээ нэхэхэд "Тэр зээлийг чинь төлөхгүй, тэртэй тэргүй Хөгжлийн банк чинь дампуурах юм чинь" хэмээн тавлаж байсан гэдэг. Ийм хулгайч хулхи хүмүүст ямар ч барьцаагүй, ямар ч тендергүй олон арван сая долларийн зээл өгдөг монголын төр ямар хариуцлагагүй юм бэ, Төгрөгийн ханшийг унагаж нэг долларыг 3500 төгрөг, нэг юаныг 512 төгрөг болгосон Монголбанк ямар хариуцлагагүй юм бэ. Хөгжлийн банкнаас үйлдвэр барина хэмээн олон сая долларын зээл авсан 50 гаруй компаниас зөвхөн 2 бүсгүйн компани л зориулалтын дагуу зээлээ зөв зарцуулжээ.
УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавын “Монполимет” компани "Монцемент" төслийг хэрэгжүүлж Монголд орчин үеийн хамгийн том цементийн 3 үйлдвэр барьжээ. УИХ-ын гишүүн асан М.Билэгт Монголд 300 ортой орчин үеийн эмнэлэгийн том барилга барьж тоног төхөөрөмжөөр хангажээ. Компаний захирал энэ хоёр бүсгүй авсан зээлээ зориулалтын дагуу зарцуулж үүргээ нэр төртэй сайн биелүүлжээ.
Саяхан Засгийн газар гадаад руу зугатаан гарсан 92 луйварчид авилгачдыг барьж авчрах “Шувуу” гэдэг ажиллагаа явуулах гэж байгаа нь маш зөв хэрэг. Бадамжунай мэтийн балаг тарьсан авилгачдыг нэн даруй барьж авчрах хэрэгтэй.Түүний хууль бусаар хувьдаа булаан авсан 30 гаруй орон сууц, хауснуудыг нь улс хураан авч, тэрбумаар тоологдох хувьдаа авсан хээл хахуулыг нь төлүүлэх хэрэгтэй. Бадамжунай ганц тендерээс 100 саяыг авдаг гэнэ хэмээн тэр үед хэвлэлээр шуугиж байлаа. Энүүхэн Сингапурт таван жил тарвалзаж байгаа ганц авилгач Бадамжунайг барих нь тун амархан ажиллагаа бус уу.Бадамжунайн хаягийг саяхан түүнтэй уулзсан “Бэрэн групп”-ын захирал Б.Мөнхтөрөөс аваад хурдан бариач. Хятад улс хэдхэн жилийн дотор АНУ руу зугатаасан 6000 авилгачдыг эх орондоо авчирч цаазлахыг нь цаазалж, насаар нь хорихыг нь хорьж, хулгайлж авсан 10.0 тэрбум долларыг нь улсад хураан авч чадаад байхад монголын хууль хяналтын байгууллагууд 100 хүрэхгүй авилгачдыг гадаадаас барьж авчрах нь боломжтой ажиллагаа бус уу.
Манай нийгэм ёс зүйгээ бүрмөсөн алдаж, ийм л бузар булай шуналтай бирдүүдэд хамаг баялгаа алдаж, их мөнгө олсон гэгддэг компаний захирлууд, олигархиуд жирийн татвар төлөгчдийн мөнгөөр болон улсын үлэмж их хэмжээний валютаар тоглож туйлж хагартлаа баяжсан гэдэг нь илт харагдаж байна. Юутай гутамшиг.
Монголын жирийн иргэн би монголын тэрбумтан хөрөнгөтнүүдийг хөлсөө гоожтол ажиллаад хувийн бизнестээ мундаг менежмент хийгээд өөрийн хөдөлмөрөөр их баяжсан биз хэмээн боддог байлаа. Гэтэл сая телевизээр болсон УИХ-ын Түр хорооны сонсголыг хараад монголын том том компаний захиралууд бол ихэнхи нь луйварчид, хулгайчид юм байна гэдгийг сайн ойлголоо.
Хөгжлийн банкны 1.5 тэрбум долларын бондны зээлийг ямар ч тендергүй тараасан хариуцлагаүй эрх мэдэлтэнүүд болон энэ их валютын зээлийг авсан компаниудын захиралууд ямар ч ёс зүйгүй, хариуцлагагүй байгаагаас гадна тэд үйлдвэр барихын оронд тэр их мөнгийг зүгээр л хувьдаа завшчихсан байлаа.Тэр их мөнгийг казино тоглох, хувийн компанийхаа өөр банкинд төлөх өрийг төлөөд эсхүл хувийн банк бус байгууллагад тэр зээлийн валютыг монгол төгрөг болгоод өндөр хүүтэй байршуулж ихэд баяжсан байлаа. Үйлдвэргүй бол улс орон ямар их хүнд байдалд ордог вэ гэдгийг монголчууд бид ковидын хоёр жилд сайн ойлгосон.
Ядаж шприцны үйлдвэр байхгүй, дуслын үйлдвэр байхгүй, эмийн үйлдвэр байхгүй, эмнэлгийн тоног төхөөрөмжийн үйлдвэр байхгүй, эмнэлэг ор хүрэлцэхгүйгээс өвчтөнүүд ямар их хохиролоо доо.Экспортын баримжаатай үйпдвэр байхгүйгээс болж эдийн засаг унаж, улс орон валютгүй болж долларын ханш огцом өсөж валютын нөөц хомс болдог зовлонг бид ковидийн хоёр жил сайн ойлгосон доо. Төрийн болон хувийн компаниуд ямар хариуцлагагүй юм бэ, ямар их хайр найргүй хулгай хийдэг юм бэ. Өрөө төлсөн компаний захирал өдрийн од шиг цөөхөн, өрөө төлөөгүй нь шавьж шиг олон ажээ.
Монгол улс байгалийн гол баялаг болсон зэс, нүүрсээ экспортод гаргаад валютаа эх орондоо авч чадахаа больжээ. Оюутолгойн валют Монгол банкаар ордоггүй гадагшаа урсаад алга болдог аж. Нүүрсний баялагийн валют төмөр зам барих мэтийн оптек гэрээний дагуу урьдчилсан байдлаар төлөгдөөд алга болдог аж. Гадаадын хөрөнгө оруулагчдын Монголд оруулсан хөрөнгийг нь өнөөх хэдэн луйварчин хулгайчид нь булааж аваад хөөгөөд явуулчихдаг аж.
Гадаадын хөрөнгө оруулалт бараг тэг болтлоо зогсчээ. Тэгэхлээр Монгол Улсад валютын нөөц хомсдож валютын ханш огцом нэмэгдэх нь аргагүй юм байна. Монгол улсад эдийн засгаа хөгжүүлнэ, аж үйлдвэржүүлнэ, ядуурлыг бууруулна гэсэн зорилттой олон Засгийн газар байгуулагдаж огцорч өөрчлөгдсөн. Германд нэг Засгийн Газрын дундаж наслалт 9 жил байхад Монголд нэг Засгийн Газрын дундаж наслалт 1.5 жил байв. Монголын Засгийн Газрууд бүгд тавьсан тэр зорилтоо биелүүлж чадаагүй.Шалтгаан нь хуулиа хэрэгжүүлдэггүй, зорилтоо биелүүлдэггүй,улсын хамаг мөнгө валютыг нь хэдхэн олигарх, эрх мэдэлтэнгүүд хамаад хулгайлаад авчихдаг, нийгэм нь ямар ч ёс зүйгүй, хуулийг дээдэлдэггүй, хариуцлагагүй орон болжээ. Хэрэгжүүлэгч нь тогтворгүй болохоор бодлого нь ч тогтворгүй байдаг. Бодлого нь тогтворгүй учраас улс нь хөгжиж чаддаггүй. Уг нь Монголд 1990 оноос хойш 500 шахам дунд болон урт хугацааны бодлого, стратеги, үзэл баримтлал, мастер төлөвлөгөө зэрэг гоё сайхан нэртэй хөгжлийн баримт бичгүүд олноор батлагджээ.Үүнд Х.Баттулгын олон сая долларын үнэтэй цаасан макетууд ч орно.
Харамсалтай нь ихэнх нь эдийн засаг болон үйлдвэрлэлийн нөөц, орчин нөхцөлөө бодитоор тооцоолоогүй, тооцсон сайн төсөл хөтөлбөр нь өөр нэг дарга солигдоод л өмнөх бүх зүйлээ үгүйсгэж зогсоодог байв. Өмнө нь танай нам, манай нам гэсэн намчирхаг хэрүүлээс болж улс орон хэрхэн доройтсныг ард түмэн хараад бүр залхаад байсан юм. Одоо л нэг хэрүүл нь намжиж, төр засаг тогтвортой болж байна.
Өмнөд Солонгос улс жараад онд Германаас зээлсэн 100.0 сая долларын хүчээр хөл дээрээ боссон байдаг. Тэрхүү валютын зээлийг зүгээр нэг авчихаагүй. Хэдэн мянган залуусаа баруун германий нүүрсний уурхайд ажиллуулж, хэдэн мянган охидоо германий эмнэлгүүдэд сувилагчаар ажиллуулж нэг ёсны барьцаа болгож зээл авсан.Солонгос улс авсан зээлээ зөв ашиглаж экспортын баримжаатай үйлдвэрүүд барьж улсаа хөгжүүлсэн.
Арабын Эмират улс 1971 онд тусгаар тогтнолоо олоод эдүгээ ДНБ нь 683.523 тэрбум $, нэг хүнд ногдох ДНБ нь 63 590 $ болж, дэлхийн хамгийн баян улсын нэг болоод байна.Энэ улс бол 4 сая араб хүнтэй, 83 000 квадрат км нутагтай жижигхэн орон. Энэ орон нефть, жуулчид гэсэн хоёрхон орлоготой орон, нэг хоногт 2.2 сая баррель нефть олборлож, нэг жилд 15 сая жуулчин ирдэг. Харин Монгол улс сүүлийн 20 жилд 3.5 тэрбум долларын хөнгөлөлттэй зээл, бонд гадаадаас авчихаад ямар ч үр дүнгүй, зээлээ ч зориулалтын дагуу ашиглаагүй, аж үйлдвэр ч бариагүй хоцрогдсон ядуу орон хэвээрээ байна. Монгол Улс одоо нэг жилд гадаадад 30.0 сая тонн нүүрс, 1.0 сая тонн жонш, 1.8 сая тонн нефть, 1.282.5 мянган тонн зэсийн баяжмал, 7.993.2 мянган тонн төмрийн хүдэр гаргаж экспортолдог, нэг хоногт 150 000 тонн нүүрс Хятадад гаргаж 20.0 сая ам.доллар олдог. Тэгвэл яагаад Монгол Улс ийм их баялаг гадаадад экспортлоод байхад валютын хомсдолд орлоо, валютын нөөц бага байна, валютын ханш өслөө / 1 доллар 3500 төгрөг болсон / гэдэг юм бол? Монгол орон хамаг баялгаа гадагш нь ингэж зөөсөөр дуусгах уу? Авилгал, хулгайн гэмт хэргийг дарахгүйгээр ард түмэн амар амгалан амьдрахгүй, ард түмэн баян чинээлэг болохгүй, ядуу орон хэвээр үлдэнэ. Ард түмэн хамаг боломжоо алдсаар л байх болно. Төр засаг эцсийн хүчээ шавхаж авилгал хулгайг уг үндсээр нь тасалж устгахгүй бол Монгол улс африкийн орон лугаа адил ядуурч дуусна гэсэн үг.Монгол улс баялгаа ч ашиглаж чадахгүй, үйлдвэрээ ч барьж чадахгүй өнгөрөх гэж үү.
Монгол нутаг минь байгалийн үлэмж их баялагтай үлгэрт гардаг шиг сайхан орон. Монгол орны ашигт малтмалын нөөц үлэмж их бөгөөд нүүрсний нөөц 33.2 тэрбум тонн, зэсний нөөц 57.0 сая тонн, жоншны нөөц 48.3 сая тонн, алтны нөөц 490 тонн, газрын тосны нөөц 332.6 сая тонн, төмрийн хүдрийн нөөц 1.2 тэрбум тонны нөөцтэй. Дээр нь 71.3 сая мал сүрэгтэй.
Яаж ч бодсон ийм баян орны иргэд ядуу байх ёсгүй, улс орон нь ядуу байх учиргүй. Яндаж болшгүй далай шиг баян нутгийг минь яачихав даа. Адгийн хулгайч луйварчдад улс орон минь самруулаад дуусах гэж үү. Олон жилийн өмнө зохиосон Д.Сэнгээгийн үг, Мөрдоржийн аялгуу “Эх орон” хэмээх тэрхүү дууг жинхэнэ бодит үнэн болгоцгооё л доо. Эх орондоо эзэн нь болцгооё л доо. Шударга, ёс зүйтэй, баян чинээлэг, баталгаатай нийгэмд амьдарцгаая л даа.
Доржийн СҮХБААТАР
Сэтгэгдэл
Буруу, цолмон [103.212.119.41] 2023-03-30 15:05:46
Үндсэн,,. Хуулиар., газарын, баялаг, Ард, түмний, өмч,, төрийн, хамгаалалтад, байна, гэж, тодорхой, заасан, Гэтэл, төрд, үүрэлсэн, хулгайч, нар, элдэв, бусармаг, аргаар, төрийн, нэр, бариж, хууль, бус, шийдвэр, гарган, төрийн, нэрээр, хуульчлаж, Ард, түмний, өмч, болох, газарын, баялагыг, хувьчлан, луйвар, хахуулиар, хэт, баяжан, улсаан, ард, түмнээ, туйлдуулан, хоосолсоор, байна Өнөөдөр, эрх, мэдэлд, хүрсэн, хулгайч, нар, хэт, давран, Ард8, түмний, өмч, болох, газарын, баялагыг, Төрийн, өмч,, Орон, нутагын, өмч, Хотын, өмч, гэх, мэтээр, хэсэгчлэн, хувааж, хулгайлж, идэж, байгаа, ба, идэхийг, хүсэж, байна, Үнэндээ, Монгол, төр, Ард түмний, төр, биш, нам, дагсан, хулгайч, луйварчин, алуурчин, хахуулч, гэмт, хэргэтэн, ба, тэдний, бөхсийг, долоогч, долдой,шавхруу, горьдогч, тэнэг, долдой,,, нарын, төр, болжээ
Зочин [192.82.72.157] 2023-03-30 13:27:26
Оюэн-эрдэний Авлигатай тэмэх цүгц хөтөлбөрийг бүрэн дүүрэн дэмжиж байна,одоо хуулийнхан жаахан эрчтэй шудрага,шуурхайлаад өгмөөр байх юм.Монголоо тоносн,тоноход оролцсон хэнийгч болов хуулийн хариуцлага хүлээлгэж,хууль бус орлогыг нь хураах хэрэгтэй гэж ард иргэд бид үзэж дэмжиж байгаа шүү.
Зочин [103.212.119.41] 2023-03-30 15:07:14
СүүБатболын,, гадаад, оронд, авсан, асар, их, үнэтэй, харшийг, шалгаач