С.Наранцогт: ТУЗ-ийн хараат бус гишүүдийг 49 хувь болгож, бизнес стратегийн төлөвлөгөөтэйгээр ажиллана
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нар "Эрдэнэс Монгол" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр тус компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогт компанийнхаа үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Нэгдсэн стратеги бодлогын баримт бичгийг боловсруулаагүй, удирдлагын хүний нөөц тогтворгүй, төсөл хөтөлбөрүүдтэй холбоотой ажлуудыг ном ёсоор нь хийгээгүй тул үр ашиггүй төсөлд өнөөдрийг хүртэл санхүүжүүлж ирсэн. Орлогын эх үүсвэр тогтворгүй тул зардал өндөртэйгээс гадна боловсруулах үйлдвэрийн нэгдсэн бодлого хангалтгүй байсаар ирсэн юм. Эдгээр асуудлыг эхнээс нь цэгцэлж, анхаарч ажиллах үүднээс дүрмийн шинэчлэлийг хийсэн. Зарчмын хувьд том өөрчлөлт орсон гэсэн үг. Дүрмийн шинэчлэлийн дагуу хувьцаа эзэмшигчид үйл ажиллагаанд оролцохгүй. ТУЗ-ийн гишүүдийн хараат бус гишүүдийг 49 хувь болгож, бизнес стратегийн төлөвлөгөөтэйгээр ажиллах гэж байна.
Тиймээс эдгээр хүмүүсийн сонгон шалгаруулалтыг хийнэ. Нэгдлийн охин компаниуд засаглалын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй бөгөөд толгой компаниараа дамжуулан стратеги, санхүү, бүтцийн нэгжийг үйл ажиллагаанд оролцоно. Товчхондоо толгой компанид байрлах ТУЗ-ийн гишүүд бүхий л зүйлийг хариуцна, чиглүүлж, хяналт тавьж ажиллана гэсэн үг.
Таван жилийн стартегийн хүрээнд 2024 оны орлогоо 30 хувиар өсгөнө гэх тооцоололтой байна. Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр улирлын байдлаар эдийн засаг 4.8 хувиар өсөхөд "Эрдэнэс Монгол" нэгдлийн компаниуд чухал үүрэг гүйцэтгэсэн. Валютын нөөцөд сүүлийн жилүүдэд 931 сая ам.доллар бүрдүүлсэн" гэлээ.
Сэтгэгдэл