АН: Ерөнхийлөгчөөс өргөн барих Улс төрийн намын тухай хуулийн төсөлд саналаа нэгтгэсэн

Aдмин / Улстөр

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, холбогдох хууль тогтоолын төслүүд дээр байр сууриа нэгтгэсэн байна. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга О.Цогтгэрэл сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. О.Цогтгэрэл “Тус хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэхүү хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан ч нэгдсэн чуулганаар хэлэлцэхгүй багагүй хугацаа өнгөрсөн. Уг хуулийн төслийн нэгийг нь Засгийн газар, нөгөөг нь АН-ын бүлгийн гишүүн Ш.Адьшаа өргөн бариад буй. Өөрөөр хэлбэл, хоёр хувилбар байгаа гэсэн үг.

Төрийн өндөр албан тушаалтны ойрын хамаарал бүхий этгээд тодорхой албан тушаалд томилогдохгүй байх, төрөөс баталгаа гаргасан зээл, аливаа хөнгөлөлттэй гэрээт ажлууд дээр оролцохгүй байх зэрэг заалт хуулийн төсөлд орсон. Гэхдээ тэдгээр заалтыг нягтлах шаардлагатай.

Иймд энэ тал дээр мэдээлэл сонсож ярилцлаа. Хоёрдугаарт, Улс төрийн намын тухай хуулийн төслийг ойрын хугацаанд Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барих гэж байна. Ерөнхийлөгчийн өргөн барих гэж буй хуулийн төсөлд ямар санал өгөх вэ гэдэг дээр ярилцсан” гэв.

Үүний дараа Үндэсний бодлогын хорооны дарга М.Чимэддорж “Ерөнхийлөгчөөс өргөн барих гэж буй уг хуулийн төсөл дээр ажлын хэсэг гарч, таван зүйл дээр саналаа нэгтгэлээ. Монгол Улс өнөөдөр маш их улстөржсөн орон болсон байна. Иймд намын хатуу гишүүнчлэлтэй холбоотой асуудал дээр ажиллаж байна. Удаад нь намын санхүүжилтийн зохицуулалт ямар байх тухайд анхаарч буй.

Намуудын санхүүжилт нь улс төрийн намууд бизнес, улс төрийн сонирхлын тодорхой бүлэглэлүүдээс ангид байх үндэс учраас эл асуудалд онцгой анхаарах нь зөв юм. Гуравдугаарт, улс төрийн намын бүтэц, зохион байгуулалтыг хуульчлах ёстой. Дөрөвдүгээрт, улс төрийн нам цомхон, бага зардлаар үйл ажиллагаа явуулдаг бодлогын чиглэлтэй байх ёстой. Тавдугаарт, намууд нь дэргэдээ бодлогын судалгааны байгууллагатай байх нь зүйтэй гэж үзэж байна" гэлээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.