Хямралын шалтгаан тогтолцоо юу, эрх мэдлийн гажуудал уу?

Aдмин / Улстөр

Нийгмийн тэгш бус байдлын гол гогцоо тогтолцооны цоорхойд бус тодорхой бүлэглэлийн явцуу эрх ашиг, тэдний сул эмзэг системээ авч үлдэх гэсэн хорон үйл ажиллагаа. Ялангуяа аль нэг улс төрийн нам төрийн үйл ажиллагаанд оролцож, бодлого тодорхойлох хэмжээний институт болж чадахгүй бол бохир улс төрчид тэдний гар хөлүүдэд амархан боомилогдох. Ийнхүү төр засгийн зонхилогчдоос өнөөдөр иргэдийн амьжиргаа, үмх талхны үнийн өсөлт, өнөө маргааш гэхээс илүүтэй хулгайг далдлан, хуудуугаар аргалах гэсэн өчүүхэн бодолд тархиа гашилгаж, тамтгаа барна. Товчхондоо Монголын эдийн засгийг хоёр гурван үе дамнуулан элгээр нь хэвтүүлэх замаар хувьдаа оффшор хөрөнгөтэй болдог этгээдүүдийн хүсэл шунал цаг хугацаа өнгөрөх тусам ирээдүйг устгаж, өнгөрсөн цагийн хог новшоор өнөөдрийг баллах.

Эрх мэдлийг эд хөрөнгөтэй шууд хутгалдуулан ойлгож, сонгуулиас эхлээд бүх нийгмийн эрүүл дархлааг өвчлүүлэх хэмжээний тархи угаалт, талцал, тохиролцоо авлигачид л төгсрүүллээ. Хулгайн сүүдэр, хууль бусын дөжрөлөөсөө өөрсдөө жийрхэхдээ улам л барьцаа ахиулах гэж хичээсээр эцэстээ ард түмний зовлон зүдгүүр өлсгөлөнгийн улаан хоолойд тулахад завшигчид ч бодох юмгүй араа шүдээ лав шигтгэн нулимс цусны амттай бүлээн, амьтанлаг шинжийг дадал зуршлаараа дөнгөн данган тэжээгдэн орших аядна.

Сонгуулийн тогтолцоог хүссэнээрээ өөрсдийн ая тухтай байдалдаа тааруулж аваад төрийн өндөр суудал доогуур шургалан өдөр хоногийг барж, түмний нуруу цоорохыг тавлан харахыг хүсэгчдийн бүхэл бүтэн арми улайрч байгаа нь харамсалтай. Үнэр авсан жижиг цөөврүүд ч тэр харанхуй буланд өөрсдийн суудлаа олж авахаар шивтэр, шилэмдэхийг ч үл тоон ухаан алдацгаажээ.

Сонгууль холимог тогтолцоогоо явах нь тодорхой болж намынхаа суганд хавчуулагдан хаяа хатавчаар ч болтугай төрд үлдэх гэсэн шунал дэвэрсэн нь төрийн ордны өнцөг булан бүрд лобби, хатгаасны найруулга хийгдэхээс харагдана. Намын жагсаалтаар төрд орох хүмүүсийн нэрсийг тоймлоод ч хамаагүй нийгэмд нээлттэй байлгах нь л сонгууль шударга явагдахад бага ч атугай нэмэр болов уу?


Сэтгэгдэл

Өрсөлдөгчид МАН-д хүрэхгүй дорой юм. Яаж тэнцүү болох уу? [103.57.93.119] 2023-04-13 21:59:17

Монголд МАХН нь МАН болчихоод 1990 оноос өмнөх Монгол дахь улс төрийн жингээ хадгалаад үлдэчихсэн. Тэгээд том аврага бөх жулдрай залуу бөхүүдийг амлаж аваад л унагаагаад байгаатай адил болчихжээ. Жулдрайнуудын дотор МоАН нь арай гайгуй, гэхдээ л жин нь хүрэхгүй жулдрай.

Содоо [203.91.115.52] 2023-04-13 15:17:04

Монголын зовлонгийн шалтгаан МАН. Монголын хөгжлийн нууц МАН-аас салах.

Зочин [66.181.161.239] 2023-04-13 10:05:41

Тогтолцооны хямрал гэвэл МАН өөрөө тарчихад аяндаа зөв зүй тогтолцоогоо олоод явчихна . Капиталаа үнэлдэггүй дандаа зөрчилддөг байсан нам хичнээн нүүр царайгаа будаад , мэс засал хийлгээд ДОТООД СЭТГЭХҮЙ нь хэвээрээ л байна.Түүнийг хамгаалах хуучинсаг үзэлт нөхөд байсаар байх болно.МАНыг тарааяа

Зочин [103.126.107.248] 2023-04-13 09:37:17

хямралын шалтгаан бол энэ хэдэн төлгөн коммунистууд, одоо гишүүдйн тоо нэмэх маягаар суудалдаа мөнхрөх санаатай


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.