УИХ: Малчдын урамшууллаас НДШ авна
УИХ-ын чуулганаар Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Тодруулбал, " Энэ хуулийн зорилт нь төрөөс олгох ноосны, сүүний, арьс ширний, улаан буудайн урамшуулал авах эрх үүссэн иргэний төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг урамшууллаас нь суутган төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Төрөөс олгох урамшуулал авах эрх үүссэн иргэний төлбөл зохих нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас Нийгмийн даатгалын байгууллагын холбогдох дансанд шилжүүлнэ" гэж заажээ.
УИХ-ын гишүүн, хууль санаачлагч Ц.Сандаг-Очир "305 мянган малчид дотоодын нийт бүтээгдэхүүний 10 орчим хувийг үйлдвэрлэж байгаа. Нийт ажиллах хүчний 30 орчим хувийг бүрдүүлж байгаа. Гэтэл малчид нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөхгүйгээс болоод сөрөг үзэгдлүүд асар их гарч байна. Энэ нь эргээд малчдын газар тариалан эрхлэгчдийн нийгмийн даатгалын үйлчилгээ, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ авах бололцоог өөрсдөд нь олгоно. Хэдийгээр даатгалын шимтгэл төлөх нь сайн дурынх боловч хүчээр шууд авч болохгүй байна. Малчдад сонголтыг нь үлдээж байгаа.
Өөрсдийнх нь тушаасан сүүний хэмжээ, арьс ширний тооноос хамаарч шимтгэлийн хэмжээ нь янз бүр. Хэн хэндээ ашигтай хуулийн төсөл. Нийгмийн даатгалын сангийн орлого, эрүүл мэндийн даатгалын сангийн орлогыг тодорхой хэмжээнд нэмэгдүүлэх боломж хуулийн хүрээнд үүснэ.
Малчид шимтгэл төлөхгүй учраас тэтгэвэр тогтоолгож чадахгүй байна" гэв. Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.
Сэтгэгдэл
Бурхан&Чөтгөр [192.82.69.218] 2023-04-14 13:24:34
Хөдөа орон нутгаас сонгогдсон шаампар сда нараа болилдоо!!!