УИХ: Хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлахаар боллоо
Улсын Их Хурлын чуулганы 2023 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай, Засгийн газрын тухай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолын төсөл, дотоод орчны агаарын бохирдолтой холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурах, эрхийг хангах хүрээнд зохион байгуулсан Хяналтын сонсголын тайланг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Б.Пүрэвдорж нар Боловсролын болон Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийг яаралтай хэлэлцэж эхлэх шаардлагатай талаар санал хэлэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж хүүхдийн мөнгийг ялгаваргүйгээр, бүх хүүхдэд олгох асуудлыг шийдвэрлэхэд анхаарал хандуулахыг хүслээ.
Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүгийг Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахгүйгээр уг асуудлыг гүйцээн боловсруулж хуулийн төслийн холбогдох зүйл, заалттай уялдуулах чиглэл өгсөн юм. Үүний дагуу Нийгмийн бодлогын байнгын хорооноос байгуулагдсан Ажлын хэсэг ажиллаж, олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд нэмж тусган, агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна. Мөн зарчмын зөрөөтэй хоёр санал боловсруулсныг Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжжээ.
Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун асуулт асууж, хариулт авлаа. Тэрбээр, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдэд төрөөс олгох урамшууллаас нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг авахдаа санал асуух байдлаар авч ч болно, авахгүй ч байж болно гэсэн бүрхэг зохицуулалт орж ирж буй нь учир дутагдалтай байнна. Хууль тодорхой байх ёстой гэлээ. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувийг үйлдвэрлэж буй нийт ажиллах хүчний 30 орчим хувийг эзэлж байгаа 305 мянган малчин шимтгэлээ төлөхгүй байх, тасалдуулах явдал гарч буй нь тэдний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ авч чадахгүй болох сөрөг үр дагавартайг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир дурдаад, даатгалын шимтгэл төлөх нь сайн дурын учир урамшууллаас нь суутган төлүүлэхдээ заавал асуух шаардлагатай хэмээн хариуллаа.
Зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.
Дараа нь Засгийн газрын тухай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хороогоор хэлэлцсэн тухай танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар хийлээ. Тус Байнгын хороо Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийх үед олонхын дэмжлэг авсан саналуудыг нэмж тусган, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэсэн байна. Улсын Их Хурлын гишүүдэд хуулийн төслийн талаар асуух зүйл байгаагүй тул эцэслэн батлахад бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Засгийн газрын тусгай сангийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг төсөл санаачлагчид буцаасантай холбоотойгоор холбогдуулан боловсруулсан Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан танилцууллаа.
“Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” уг тогтоолын төсөлд Хөдөө аж ахуйг дэмжих санг татан буулгаж, “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК байгуулсантай холбогдуулан сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө, өр төлбөр, авлагыг бүрэн шилжүүлэх, өр авлагыг ангилж улсын төсөвт төлөх өр төлбөрийг 2024 онд багтаан төлж барагдуулах, компаний засаглалыг төр-хувийн түншлэлийг хөгжүүлэх хүрээнд газар тариалан, мал аж ахуй эрхлэгч болон мэргэжлийн холбоодын оролцоог хангасан олон нийтэд нээлттэй компани болгох, компанийн дүрэмд өөрчлөлт оруулж, ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг хувийн хэвшлийн хуулийн этгээдтэй өрсөлдөхгүй байх чиглэлээр холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгахаар тусгасан байна.
Тогтоолын төслийг Төсвийн байнгын хороогоор хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд газар тариалан, мал аж ахуй эрхлэгчид болон мэргэжлийн холбоодын оролцоог хангах, олон нийтэд нээлттэй компани болгох ажлын явц болон тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах нь зүйтэй гэсэн саналыг гаргасныг Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан танилцуулгадаа дурдав. Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын санал гаргасныг тус байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.
“Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК байгуулсантай холбогдуулан боловсруулсан тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Ц.Цэрэнпунцаг нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Хөдөө аж ахуйг дэмжих сангаас зээл авсан хүмүүсийг ялтан мэт харж болохгүйг анхааруулж, Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-ийг ижил төрлийн бизнес эрхлэгчидтэйгээ өрсөлдөхгүй байх талаар дүрэмд нь өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж буйгаа хэллээ.
Харин Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, төрийн өмчит компани, үйлдвэрийн газар шинээр байгуулахыг хориглох тухай шийдвэрүүдийн төсөл хэлэлцэгдээд явж байгаа талаар дурдаж, уг зарчимтай нийцэхгүй тогтоол гаргах гэж байгааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв. Төрийн өмчит компанийг Засгийн газар нэгэнт байгуулсан тул Улсын Их Хурлын тогтоолоор дээрх чиглэлүүдийг өгч, улмаар олон нийтэд нээлттэй, хувьцаат компани болгох нь зүйтэй талаар тогтоолын төсөлд тусгасан хэмээн Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хариуллаа.
Тус Байнгын хорооноос гаргасан тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын саналаар санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” уг тогтоолын төслийг Засгийн газрын тухай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
Үүний дараа Дотоод орчны агаарын бохирдолтой холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурах, эрхийг хангах хүрээнд 2022 оны зургадугаар сарын 27-нд зохион байгуулсан Хяналтын сонсголын тайланг хэлэлцэв. Уг асуудлыг Нийгмийн бодлогын байнгын хороны хуралдаанаар хэлэлцсэн тухай танилцуулгыг Улсын их Хурлын гишүүн Б.Жаргалмаа хийлээ. Хяналтын сонсголоор цэцэрлэг, сургууль, эмнэлгийн барилгын дотоод орчны агаарын чанарын үнэлгээ, чанар, стандартын шаардлага хангаагүй барилгын материалын хүний биед үзүүлэх сөрөг нөлөөлөл барилгын дотоод дотор орчны агаарын чанарын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хорио цээр, эрүүл ахуй, чанарын тохирлын хяналт шалгалт хийх чиг үүргийн хүрээнд барилгын материалд тавьж байгаа хяналтын талаар холбогдох байгууллагуудаас мэдээлэл сонссон байна.
Уг сонсголын тайланг Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, дотоод орчны агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч байгаа арга хэмжээний талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, цэцэрлэг, сургуулийн хана, шалны будгийн шинжилгээг ямар лабораторид хийж байгаа болон шинжилгээний тоног төхөөрөмжийн талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гаргасан зөвлөмжийн хэрэгжилтийн талаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут дотоод орчны агаарын чанар нь тухайн барилгыг барихад ашигласан барилгын материалаас хамааралтай, эсэх талаар судалгаа хийсэн, эсэх, Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам барилга байгууламжийг ашиглалтад хүлээж авахдаа Улсын комиссоос зохих шалгууруудыг бүрэн хангуулж байж хүлээн авч байгаа эсэх талаар асуулт асууж хариулт авчээ. Хяналтын сонсголыг даргалан явуулсан Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам уг асуудлаар байнгын хорооны тогтоол гаргаж, Засгийн газарт чиглэл өгөх нь зүйтэй гэсэн санал гаргасан байна.
Хяналтын сонсголын тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Х.Булгантуяа, Ч.Ундрам нар асуулт асууж, үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ Спортын төв ордонд байрлаж байгаа сургуулийн орчныг хянан шалгасан эсэхийг асууж, тус сургуулийг ордноос гаргах арга хэмжээг яаралтай авах талаар санал хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа сургууль, цэцэрлэг, дотуур байр, эмнэлгийн дотоод орчны стандартыг сайжруулах шаардлагатайг дурдаж, сүүлийн зургаан жилд 175 цэцэрлэг, 272 сургууль барьсны дээр одоо 112 цэцэрлэг, 103 сургууль шинээр баригдаж, энэ салбарт бүтээн байгуулалт ихээр хийгдэж байгаа ч дотоод орчин, материалын чанарт анхаарах болсныг онцолсон юм. Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, барилгын будаг, шохой, эмульс, цавуунд хорт бодис маш их байгааг анхааруулж, хяналтын сонсголыг жилийн өмнө хийснээс хойш өнөөг хүртэл холбогдох судалгаанууд нь хийгдэж дуусаагүй байгааг шүүмжилсэн юм.
Хяналт сонсголын тайланг хэлэлцсэний дараа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, холбогдох байгууллага, хариуцсан албан тушаалтнуудад чиглэл өгч, тогтоол баталж, үр дүн гаргах талаар ажиллахыг Нийгмийн бодлогын байнгын хороонд зөвлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Сэтгэгдэл