ҮГ, ҮЗЭЛ БОДЛОО ИЛ ГАРГАСНЫ ТӨЛӨӨ ШОРОНД ХИЙХ НЬ АРДЧИЛАЛ БИШ

Aдмин / Улстөр

Ардчиллын амин сүнс нь айдасгүйгээр үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө юм. Манай улсын хувьд тэртээх 30 жилийн өмнө ардчилсан нийгэмд шилжихдээ хүний эрхийн суурь зарчмуудаа Үндсэн хуулиар баталгаажуулсан. Тухайлбал, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д “Монгол Улсын иргэн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй” гэж тодоос тод бичсэн байгаа. Мөн Хүний эрхийн түгээмэл тунхаглалд “Хүн бүр өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй” гэж заасан байдаг. Үүнээс гадна Монгол Улс нэгдэн орсон олон улсын пактууд нь бидний үг, үзэл бодлоо ямар ч хорио саадгүй түгээх эрхийг давхар хангадаг. Тийм болохоор ардчилсан нийгэмд үг, үзэл бодлоо илэрхийлэх нь гэмт хэрэг биш юм.

Харамсалтай нь Монгол Улсад энэ эрхээ эдэлсний төлөө эрүүгийн хариуцлага хүлээж байна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хууль дахь хүний эрхийн цөм болсон дээрх заалт ноцтой зөрчигдөх болов. Сүүлийн үед энэ байдал эрс нэмэгдлээ. Ялангуяа нийгэмд идэвхтэй байр сууриа илэрхийлсэн хүмүүс ял шийтгэл авах нь ихэсч байна. Энэ нь Монгол Улсыг дэлхий дахинд ардчилалгүй орон гэж харагдуулж байна.

Монголчуудын хэдийнэ мэддэг болсон ойрын жишээ гэвэл “No war”, “Double stan­dart”, иргэн Д.Монголхүү, Д.Мөнх-Эрдэнэ нар бий. Эрх баригчид, төр засгийн бодлого шийдвэрийг тэд зоригтой шүүмжлэхээс гадна зарим нь дайныг эсэргүүцэж жагссан. Өөрсдийн үг, үзэл бодол, байр сууриа хаана ч, хэзээ ч, хэнээс ч айхгүйгээр ил гарч дуугарсныхаа төлөө эдгээр залуус өнөөдөр ялтан болцгоогоод байна. Тэднийг олон нийт элдвээр хэлж бүр харааж зүхэж байгаа харагддаг. Шоронгийн хаалга татсанд нь баярлаж, бах таваа хангах хүмүүс ч олон байх шиг. Магадгүй тэд муу, муухай хүмүүс байж болно. Хувь хүнийх нь тухайд сайн, муу гээд уралдан шүүх нь огт сонин биш. Харин ардчиллын суурь зарчим болсон үг, үзэл бодлоо илэрхийлэх тэр эрх чөлөө маань тас цохигдож байгаа нь л асуудлын гол юм. Ил гарч, үгээ хэлж, тайван замаар жагсч, төр засагт дуу хоолойгоо хүргэсэн болгоны амыг ингэж үдэж, эрх чөлөөг нь тушаад байхаар дараа нь хэн гарч ирж зүрхлэх юм бэ.

Өнөөдөр “No war”, “Double standart”, иргэн Д.Монголхүү, Д.Мөнх-Эрдэнэ нарыг элдэвлэж байгаа ч маргааш та бүхний эрх зөрчигдөхөд үгээ ил хэлж чадах уу. Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлмээр байвч шоронд орно гэсэн айдастаа автаж биеэ нөөнө. Эрх баригчид, засаг төр үүнийг л хүсч байгаа. “Сайтар хэлж байхгүй бол сайн засаг ч ялзарна” гэсэн хэлц үг байдаг. Ялзарсан засаг бол ардчилал биш. Ардчилалтай л биш бол амьдрах арга байдаггүйг бид бэлээхэн харж мэдэж байна.

Ардчилсан нийгэмтэй оронд шашин шүтлэг, нас хүйс, ажил мэргэжлээс үл хамаарч хэн боловч үгээ чөлөөтэй хэлэх эрхтэй. Аливаа асуудалд өөрийн итгэл үнэмшлээр хандаж, үзэл бодлоо илэрхийлэх нь нээлттэй байдаг. Энэ бол олон нийтийн оролцоотой чөлөөт, ардчилсан нийгмийн онцлог, мөн чанар. Ямар нэг хүний дарангуйлалтай хаант засаглал байгаа биш.

Гэтэл ард түмний төлөө үг, үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүсийг шорон руу ачих явдал олширч байгаа нь улам муу засаг тогтохын дохио юм. Уг нь манай улс хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлоон хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгоно гээд Үндсэн хуульдаа сүрхий тунхагласан байдаг боловч амьдрал дээр эсрэгээрээ болчих гээд байна.

Ардчиллыг өдрөөс өдөрт бүдгэрүүлж, тэрэнд нь ард түмнийг дасгах маягтай бодлогыг энэ засаг төр алхам алхмаар хэрэгжүүлж байх шиг. Тэрийг нь сөрж зогсч чадах хүмүүс бол үгээ хэлж шаардлага тавьж чаддаг ард түмэн юм. Энэ ард түмнийг өмгөөлөн хамгаалагч нь шударга шүүх мөн. Тэд ухаалаг байж, шударга ёсыг хэлбэрэлтгүй сахиж засаг төрийг дагаж намирдаггүй байхад л болно. Дээрээс нь өөрсдийнхөө үзэмж, эрх баригчдын захиасаар биш, зөвхөн өргөсөн тангарагаа ухамсарлаж хуулийн дагуу асуудалд ханддаг баймаар байна. Хувь хүн үг, үзэл бодлоо нийгэмд илэрхийлэх нь гэмт хэрэг биш. Ардчилсан нийгэмд хүнийг үзэл бодол, гадаад төрхөөр нь ялгаварладаггүй шүү дээ. Тухайн хүн ямар ч үзэл бодолтой байж болдог ийм эрх чөлөөг зөвхөн ардчилал олгодог юм.

Сүүлийн үед хөрш орнууд маань Монголыг үзэл бодлын зөрүүгүй байх ёстой гэж ярих боллоо. Улмаар “Үнэт зүйлийн тухай ойлголтоо ойртуулах хэрэгтэй” гэх зэргээр хөвөнд боосон чулуу шиг үгээр түнших болсон. Анзаараад байхад энэ яриаг эрх баригчид ихэд олзуурхан хэлдэг, ярьдаг боллоо. Энэ нь биднийг нэг хүний дарангуйлалтай, авторитор засаглалтай, өөрсөдтэйгөө адилхан орон байхыг л хэлсэн үг. Түүнээс биш ямар өөрсдийгөө Монголтой адилхан болгохыг л хэлэв гэж.

Бидэн шиг хүссэн үедээ төв талбай дээрээ гараад жагсч чаддаг, төр засгаа чөлөөтэй шүүмжилчихдэг, үзэл бодлоо хэзээ ч илэрхийлчихдэг байхыг хүсэхгүй нь ойлгомжтой. Харин өөрсөд шигээ нэг сайн даргатай, тэр даргынхаа үгэнд ордог байхыг л хэлээд байгаа хэрэг. Хүн төрөлхтний түүхэнд ийм зүйл гэж байдаггүй юм. Энэ тухай бид байнга л бичиж ирсэн. Үүнийг олон ч зүйл баталж байгаа. Дайн дажин, өвчин тахал хамгийн тодоор харуулж байна.

Тэгэхээр ардчилсан эрх чөлөөт нийгэмтэй манай оронд ард түмэн нь үгээ хэлдэг байх ёстой. Төр засаг нь иргэдийнхээ шүүмжлэлийг хүлээгээд авчихдаг байх хэрэгтэй. Харин үг, үзэл бодлоо ил гаргасан болгоныг толгой дараалан шоронд хийгээд байж болохгүй. Тэгвэл энэ чинь ардчилал биш дарангуйлал тогтохын эхлэл шүү гэдгийг дахин, дахин хэлмээр байна.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Dr. Aditya [129.205.113.173] 2024-07-24 00:55:18

If you want to sell your kidney for money $780,000 contact this hospital email: Dr.pradhan.urologist.lt.col@gmail.com

Полог оо гэж... [103.57.93.119] 2023-04-19 15:43:07

Ардчилал ихэдвэл пологтоод, өмхийгөөр хэхрүүлээд, гэдэс мушгиж өвдөөд, доошоогоо цустай шингэнэ алдана шүү. Хүү, Эрдэнэ нар үүний тод жишээ биш үү? Хүндээр пологтвол цагдаа нь түргэн тусламж, шүүх нь ачит эмч, эрүүгийн хуулийн зүйл, заалт нь фталазол болдог юм байна. Кх!

зочин [66.181.178.149] 2023-04-19 14:57:52

Ардчилал гэж бас анархизм биш шүү? Хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхэд учир бий. Шударга үнэнийг баримтлаж, шүүмжилж үгээ хэлж болно. Гүтгэж, доромжилж, улс орноо аюулд түлхэж үгээ хэлэх нь ардчилал гэх үү?

зочин [59.153.86.116] 2023-04-19 13:44:56

МАН гадны эзэнтэй түүний санаа бодлоор байх туйлын хүсэл зорилго яс маханд нь шингэсэн нам .хоёр хөрш орон бол монголыг ядуу дорой өөрсдийн хараат байлгах мөнхийн бодлоготой эзэрхэг улс . одоо цагийн монгол хүн мөнгө л өгч байвал улсаа ч өгөхөд бэлэн болчихсон үе дээрээ байгаа туйлын эгзэгтэй цаг үе . ХКН-ын урилгаар МАН-ын төлөөлөгчид өнгөрсөн онд сургалтанд очиж суусныг юу гэж ойлгох вэ .

Сайхан цаг ойртож байнадоо. [103.57.93.119] 2023-04-19 14:48:17

Хятадыг сайн судалж байгаа юм байна, хамтын ажиллагаа сайн хөгжиж байгаа юм байна, хамтран ажиллахад бэлэн болж байгаа юм байна, хөрштэйгээ ахан дүүс болж байгаа юм байна гэж ойлгогдож байна. Сайхан сайхан. Алийн болгон нэг нэгрүүгээ хялалзаж зай барьж явах юм бэ? Кх!


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.