Зэрэг Нэмэхийн Өмнө: Сонгуулийн 50:50 Тогтолцоо

Aдмин / Улстөр

Сонгуулийн тогтолцоо холимог байна. Энэ нь 50:50 харьцаатай байна. Үүнийгээ Үндсэн хуульд заана гэнэ. Тийм ч олигтой шийдэл биш гэдэгт хэдэн үндэслэл хэлье.

Холимог гэдэг нь олонхын болон хувь тэнцүүлсэн сонгуулийн системийг хоёуланг нь хамтад нь авсныг хэлж байгаа. Олонх гэдэг нь сонгогч өөрийн тойргоос нэр дэвшигчээ шууд сонгоно.

Харин хувь тэнцүүлнэ гэдэг нь сонгогч намд санал өгнө. Нам улмаар авсан нийт саналынхаа хувиар өөрийн гишүүдэд сандал хуваарилна. Энэ нь 50:50 харьцаатай байх, Үндсэн хуульд туссан байх гэдэг бол муу шийдэл.

(нэг) Сонгууль гэдэг чинь улс төрийн зодоон. Тийм ч цэвэр байдаггүй. Найман удаагийн ардчилсан сонгууль хийхдээ бараг 8 сонгуулийн хууль бичсэн. Дандаа тойргоо, нэр дэвшигчээ өөртөө тааруулж засна. 2012 оноос хойш холимог, хувь тэнцүүлсэн тогтолцооны хэрүүл эхэлсэн. Цэцийн гурван шийдвэр гарсан нь 3 уулаа улс төрчдийн даалгавар. Сонгууль болгоны дараа захиргааны шүүх сонгуулийн маргаанаар дүүрнэ. Шүүхийн шийдвэрээр гишүүн болсон хүн олон бий. Ийм том улс төрийг 50:50 гэж заагаад, Үндсэн хуульд тогтоочихвол Үндсэн хуульгүй, нөгөө манаачгүй л болно.

(хоёр) Сонгуулиа яаж хийх, ямар тогтолцоогоор хийх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Ганцхан шууд, нээлттэй, шударга сонгуулийн зарчмаа л хадгалах ёстой. Муу ч, сайн ч Цэц нь ийм шийдвэр 2022 онд гаргасан. Гэтэл холимог байна гэдэг нь сонгуулиа зөвхөн олонхоор хийх, эсхүл хувь тэнцүүлснээр хийх боломжийг нь хаана. Дээр нь холимог тогтолцоонд гардаг нэг асуудал гишүүдийн тоог хатуу тогтоож болдоггүй. Тогтоовол холимог тогтолцооны давуу тал болох санал гээгдэхгүй байх зарчим алдагддаг. Үүнээс болоод л дахиад л Үндсэн хуулийн хэрүүл үүснэ, Үндсэн хууль буруутна.

(гурав) Олонхын тогтолцоо ямагт давамгайлах нь зүйтэй. Учир нь хяналттай холбоотой. Сонгууль болно харин сонгуулийн маргааш болоход 50:50 холимог тогтолцоо өөрөө хамгийн том эрсдэлийг дагуулдаг. Засаг бүрдэх эсэх асуудал бол тийм ч том зовлон биш. Харин шинэ “МАНАН” л бий болох аюул.

Монголд “МАНАН” аюултай байдаг гол шалтгаан нь бид нэг үндэстэн. Үзэл санаа, баримтлалын ялгаа байхгүй гэж хэлэхэд хилсдэхгүй. Ийм “МАНАН” ихэвчлэн хяналтгүй болж хувирдаг. Хэрэв идиологийн эсхүл хэл, соёл, шашин шүтлэг, угсаа гарлын ялгаатай бүлгүүдээс холимог тогтолцооны үр дүнд “МАНАН” үүсгэж байгаа бол хяналт бол байнга байна.

Хувь тэнцүүлсэн тогтолцоо нь өөрөө тийм бүлгүүдийн төлөөллийг төрд оруулах замаар, төрийн шийдвэрийн хууль ёсны байдлыг хангаж байдаг. Тэр бүлгүүд дахин сонгогдох үндэс нь урвахгүй, шарвахгүй, МАНАН-д шингэхгүй байх улс төр байдаг. Монголд бол үгүй. Бидний элитүүд нам харгалзахгүй сүлбэлдэж чаддаг.

(дөрөв) Нам гоё жагсаалт гаргаж болно. Харин жагсаалтыг хуулиар зохицуулна гэвэл үлгэр. Намын жагсаалт өөрөө маш том, хяналтгүй улс төр. Нөхөн сонгууль, ээлжит бус сонгууль, гишүүнийг эгүүлэн татах, дараагийн ээлжит сонгууль зэрэгт жагсаалт яах юм. Жагсаалтад байгаа хүний улс төрийн эрхийг яаж хамгаалах юм. Аштайхан оочирлож чаддаггүй мөртлөө, намын жагсаалтаа бол дагачих уу! Жагсаалтыг хэн хэрэгжүүлэх юм, хэн зөрчигчдөд хариуцлага тооцох юм. Үндсэн хууль уу? Хэрэв Үндсэн хуулийг ийм өргөн хүрээнд уншиж эхэлбэл Үндсэн хуульгүй л болно.

(тав) Сонгуулийн ямар ч тогтолцоо байсан орон нутгийн иргэдийн оролцоог зайлшгүй хадгалах ёстой. Ялангуяа намын жагсаалтад орон нутгийн эрх ашгийг суулгаж, орон нутаг гэдэг элементийг зайлшгүй шалгуур болгох ёстой. Ийм шаардлагыг ч тавьж өгөх ёстой. Үгүй бол улс төрийн намууд зөвхөн хүн ам төвлөрсөн бүсэд л сонгууль хийнэ, тэдний эрх ашгийг илүүд үздэг болж өөрчлөгдөнө. Энэ бол нэгдмэл улсын хувьд байж болохгүй хуваагдлын үндэс. Бид бие биеэнээ ялгаварлах, хуваах улс төр их хийх болсон. Одоо сонгуулийн тогтолцоо үүнийг бэхжүүлэх нь тийм оновчтой шийдэл биш. Улаанбаатараас улсыг удирдаж, орон нутгийн иргэдийн эрх ашгийг үл тоомсорлож, хохироож болохгүй. Зэрэг нэмэхээ л хараад бусдын улс төрийг дэмжээд байж болохгүй. Зэрэг нэмсэн ч маргаашийн улс төрд засаглаж чадахгүй болохоор байна шүү!


Сэтгэгдэл

Монголын төлөө [203.17.23.197] 2023-04-20 11:47:49

1 сая хүнд ноогдох праламентын гишүүний тоогоороо яг одоо дэлхийд тэргүүлж байгаа улс бол Монгол улс. 22 гишүүн ноогддог. Хятадад 2, Германд 7, өмнөт Солонгост 6,Туркэд 6, веьтнамд 5 гишүүн ноогддог. Тиймээс ч Монголчуудыг дарга нар нэртэй луйварчиддаа тэжээдэг тэнэг боолууд гэдэг. Одоо 152 гишүүнтэй болбол 1 сая хүнд 45 гишүүн ноогдож Монголын ард түмэн боолын боол босгоны шороо болно. Төрийн толгойд гарсан бузруудыг зайлуулахгүй бол Монгол үндэстэн устах цаг тун удахгүй. Устгуулах уу. Устгах уу


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.