Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт ирэх зун эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ Эрдэнэбүрэн сумын иргэдтэй уулзав.
Тэрбээр Галдан бошигт, зоригт эх орончдын өлгий нутгийн зон олонтой уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийллээ.
Ерөнхийлөгч улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, томоохон төсөл, хөтөлбөр, тэр дундаа эрчим хүчээр хэрэгцээгээ дотоодоос хангах чиглэлээр төр, засгаас баримталж байгаа бодлого, зорилтын талаар товч мэдээлэл өгөв.
Өнөөдөр баруун бүс эрчим хүчний нийт хэрэглээнийхээ дийлэнх хувийг дотоодын эрчим хүчээс 6-8 дахин өндөр үнэтэй импортын эрчим хүчээр хангадаг.
Баруун аймгуудад үйлдвэрлэл, үйлчилгээ хангалттай нэмэгдэхгүй байгаа нь эрчим хүчний хомсдолтой шууд холбоотой юм.
Иймээс 50 орчим жил яригдсан Эрдэнэбүрэний усан цахилгаан станц барих төслийг Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эхлүүлж байснаа дурсав.
Усан цахилгаан станц ашиглалтад орсноор 100 гаруй байнгын ажлын байр бий болохоос гадна усалгаатай газар тариалан, байгалийн аялал жуулчлал хөгжиж, энэ хэрээр орон нутаг, иргэдийн ахуй амьдралд олон эерэг нөлөө үзүүлнэ гэж мэргэжилтнүүд тооцож байна.
Хамгийн гол нь усан цахилгаан станц Эрдэнэбүрэн сумын байгаль экологид ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй гэдгийг эрдэмтэн судлаачид тогтоосныг Ерөнхийлөгч тэмдэглэв.
Тэр бээр дотоодын хямд үнэтэй эрчим хүчээр хэрэгцээгээ хангах зорилтыг дэмжиж байгаа иргэдэд талархал илэрхийллээ.
Баруун бүсийн эрчим хүчний хэрэглээ жилд 160 сая кВт.ц бөгөөд үүний 40 хувийг Дөргөний цахилгаан станц үйлдвэрлэдэг. Үлдэх эрчим хүчийг ОХУ-аас 20 орчим тэрбум төгрөгөөр импортоор авдаг юм.
Эрдэнэбүрэний усан цахилгаан станц 90 МВт хүчин чадалтай байх бөгөөд жилд 360 сая кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай. Ашиглалтад орсноор баруун бүсийг эрчим хүчээр бүрэн хангахаас гадна төвийн бүсийн эрчим хүчний системд дэмжлэг үзүүлэх боломж бүрдэнэ.
Сэтгэгдэл
Зочин [103.229.123.107] 2023-04-20 21:42:36
Энэ нэг балай нөхөр худлаа яриад хошгируулаад явах юм
Зочин [202.55.188.123] 2023-04-20 17:59:09
Гадны дарамт бна уу? Ерөнхийлөгчид. Яагаад 50 жил болсон юм бэ?
Зочин [66.181.190.60] 2023-04-20 16:28:56
энэ зун. ирэх зун дараа зун