Турк, Орос, Украины Батлан хамгаалахын дэд сайд нар уулзах төлөвтэй байна
Турк, Орос, Украины Батлан хамгаалахын дэд сайд нар Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх гэрээг сунгах асуудлыг хэлэлцэхээр Истанбул хотноо баасан гарагт уулзах төлөвтэй байна гэж Туркийн Батлан хамгаалахын сайд Хулуси Акар мэдэгджээ. “Турк, Украин, Оросын Батлан хамгаалахын дэд сайд нарын уулзалтыг Истанбулд тавдугаар сарын 5-ны баасан гарагт хийхээр төлөвлөж байна. Уулзалтын үеэр янз бүрийн асуудлууд, тэр дундаа Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх гэрээний талаар хэлэлцэнэ” гэж тэрбээр сэтгүүлчдэд мэдээлсэн байна. Уг гэрээний хугацаа тавдугаар сарын 18-ны өдөр дуусах юм.
“Энэхүү гэрээ нь бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд төдийгүй тодорхой улс орнуудад чухал ач холбогдолтой тул тасралтгүй хэрэгжинэ гэдэгт найдаж байна. Талуудын хувьд гэрээний сунгах хүсэлтэй байгаа, бид санаачилгыг ямар ч асуудалгүйгээр сунгахыг зорьж байна” гэж Х.Акар хэлжээ.
Өнгөрсөн долоодугаар сард Турк, НҮБ, Орос, Украины талууд Истанбул хотноо Украины Хар тэнгисийн гурван боомтоос үр тарианы экспортыг үргэлжлүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурсан юм. Мөн ачаа тээвэрлэлтэд хяналт тавих зорилгоор гурван улс болон НҮБ-ын төлөөлөл бүхий Хамтарсан зохицуулалтыг төвийг Истанбулд байгуулсан билээ.
Сэтгэгдэл
Зочин [59.153.114.157] 2023-05-04 09:03:35
Ямар ч уулзалт болохгүй. Фашистуудыг няц дараад дуусга.