Төрийн албаны цалингийн тогтолцоог оновчтой болгоход шаардагдах суурь судалгааг хийхийг үүрэгдэв

Aдмин / Улстөр

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сарын 8-нд УИХ-аас удирдлага нь томилогддог байгууллагын удирдлагууд, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, Засгийн газрын агентлагуудын дарга нартай уулзав. УИХ-ын Тамгын газар, Төрийн албаны зөвлөлөөс хамтран зохион байгуулсан уулзалтыг нээж Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг үг хэлсэн бөгөөд төрийн албаны өөрчлөлт, шинэчлэлт хүрээгээ тэлж буйтай холбоотойгоор тулгамдаж байгаа асуудлын талаар зөвлөлдөх, УИХ-аас баталсан хууль тогтоомжийг хэрэгжилтийг хангахын тулд нэгдмэл мэдээлэл, ойлголттой байх зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байгааг тэмдэглэлээ.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав. УИХ-аар дээрх төслийн нэг дэх хэлэлцүүлгийг энэ сарын 5-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хийсэн бөгөөд гишүүд тойрогтоо ажиллаж байгааг уулзалтад оролцогчдод мэдээллээ. УИХ-ын гишүүд долоо хоногийн хугацаанд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар иргэд, сонгогчдодоо мэдээлэл танилцуулж, санал бодлыг нь сонсох юм байна. Нэн тэргүүнд УИХ-ын дарга 2023 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд эхлүүлж буй эрх зүйн шинэчлэлийн талаар товч мэдээлэл танилцууллаа. Геополитикийн сүүлийн үеийн нөхцөл байдал, дэлхийн дэг журам өөрчлөгдөж байгаагийн зэрэгцээ цар тахал зэрэг биологийн эрсдэлт нөхцөл тулгарсан. Дэлхий дахин цар тахлыг амжилттай даван тууллаа гэдгийг өчигдөр ДЭМБ-аас албан ёсоор зарласан. Гэхдээ дараагийн эрсдэл ойрхон байж болзошгүйг эрдэмтэд сануулж байгаа аж.

Цар тахлын эрсдлийг даван туулахад Монгол Улс 1.3 жилийн хугацаанд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын орлогоос иргэдийн цахилгаан, дулааны төлбөрийг төлөх, НДШ, ЭМДШ-ийн хөнгөлөлт, чөлөөлөлт, иргэдийн зээлийн дарамтыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хүүхдийн мөнгө, вакцин тариулсан хүмүүст олгосон урамшуулал гэх зэргээр нийтдээ 5.7 их наяд төгрөг зарцуулсан болохыг дурдлаа. Эрх зүйн шинэчлэлтийг хийж буй энэ цаг үед тэгш бус байдлын индекс өндөр буюу энгийнээр бол баян, ядуугийн ялгаа ихтэй байгааг, ажил эрхлэлтийн түвшин доогуур байгаагаас үүдэн ядуурлын түвшин 30 орчим хувьтай байгааг хэлж байв. 1992 онд шинэ Үндсэн хуулиар Монгол Улс хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм, чөлөөт зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэнээс хойш 30 жилийн хугацаанд нэг хүнд ногдох ДНБ 4566 ам.долларт хүрч, хүн амын тоо 3.4 сая болж өссөн. Дундаж наслалт 71 болж, хүний хөгжлийн индекс 0.74 болсон зэрэг эерэг үзүүлэлтүүд гарсан бол тэгш бус байдал ядуурлын хувь 28 хувьтай байгаа тоон мэдээллийг танилцууллаа. Улаанбаатар хотын хүн ам 1992 онд 586 мянга байсан бол одоо 1.6 сая болж, хүн амын хэт төвлөрөл бий болжээ. Авлигын төсөөллийн индексээр 2004 онд 145 улсаас 85-т жагсч байсан бол 2022 оны байдлаар 180 улсаас 116 дугаар эрэмбэлэгдэж байгаа юм байна.

Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал сэргэж байгааг Г.Занданшатар дарга дурдаад, “Азидаа эдийн засгийн өндөр өсөлттэй улсуудын тоонд багтаж байгаа. Манай эдийн засаг 2020 онд 4.6 хувиар унаж байсан бол 2022 онд 4.8 хувийн өсөлттэй байлаа. Энэ оны эхний улиралд 7.6 хувьтай байгаа, оны эцсээр 7-8 хувийн өсөлттэй байх төлөвтэй байна” гээд төрөл бүрийн түүхий эдүүдийг боловсруулж, нэмүү өртөг шингээн, ажлын байр бий болгох нь эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад нэн чухал хэмээн тэмдэглэж байв. Үргэлжлүүлэн УИХ-ын дарга Г.Занданшатар гадаад өрийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулсан юм. Эдийн засгийн нөхцөл байдлаа сайжруулахын тулд засаглалын, нийгмийн бодлогын реформ хийх хэрэгтэйг дурдсан. Засаглалаа сайжруулж, авлигатай тэмцэж, тунгалаг төртэй болсны үндсэн дээр эдийн засаг сайжирч, иргэн бүрийн амьдралын чанар дээшилнэ гэдгийг мөн хэлж байлаа. Иймд УИХ 2023 оны хаврын ээлжит чуулганаараа авлигатай тэмцэх эрх зүйн шинэчлэлийг хийхээр зорилт дэвшүүлсэн. Авлигаас ангижирч чадвал эдийн засаг жам ёсоороо тэлнэ, хөгжинө. Эдийн засгийн нөхцөл байдал сайжирвал хүний хөгжил тэргүүтэй олон асуудал шийдэгдэнэ. Төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах нь шийдвэрлэх ёстой чухал зорилт бөгөөд эдгээр дөрвөн зорилт нь УИХ-ын эрх зүйн шинэчлэлийн үндэс гэлээ.

Энэхүү эрх зүйн шинэчлэлийн нэг багана нь засаглал, улс төрийн реформ бөгөөд дотроо Авлигатай тэмцэх багц хууль, 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амилуулах эрх зүйн шинэтгэл буюу Үндэсний баялгийн сангийн хууль, Ерөнхийлөгчийн тухай хууль, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, мөн сая батлагдсан Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг батлах, түүнчлэн Улс төрийн нам, тогтолцоог шинэчлэх багц хууль болохыг танилцуулав. Энэ зорилтын хүрээнд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг баталсан бөгөөд бүх шатанд авлигыг таслан зогсоох зорилготойг онцлон тэмдэглэсэн юм. Төрөөс хэрэгжүүлж буй бүх төрлийн арга хэмжээг төрийн албан хаагчид гүйцэтгэдэг бөгөөд тэдгээрийн ажиллах орчин, нийгмийн баталгааг хангаж, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэн, үйл ажиллагааг нь нээлттэй, ил тод болох замаар авлига, хээл хахуулийг таслан зогсоох боломжтой гэлээ. Иймд өнөөдрийн уулзалтад оролцогчид төрийн албаны цалин, хөлсний тогтолцоог шинэчилж, үр дүн, бүтээмжид суурилсан оновчтой тогтолцоотой болгоход шаардагдах суурь судалгааг байгууллага бүр дээрээ Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хүрээнд байгуулагдах таван хүний бүрэлдэхүүнтэй зөвлөлийнхөө хүрээнд хийж гүйцэтгэхийг чиглэл болгов.

Тодорхой тооны албан тушаалтнууд, албан хаагчдын үйлдлээс болж нийт төрийн албан хаагчдаа, төрийн албыг буруугаар цоллох нь зохимжгүй гэдэг байр суурийг танилцуулгынхаа үеэр УИХ-ын дарга дурдаад “Ганц, хоёр үл бүтэх хүмүүсээс болж төрийн албаны нэр хүнд унаж байгаа гэх шүүмжлэл төрийн албан хаагчдын дунд яригддаг. Тийм хүмүүстэйгээ тэмцэх, төрийн албыг цэвэр тунгалаг байх боломжийг бүрдүүлэх үүднээс УИХ Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг баталсан” хэмээсэн. Төр цэвэр тунгалаг байхад улс төрийн намуудын боловсон хүчний бодлого нэн чухал гэдгийг дэлгэрэнгүй тайлбарлаад Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг шийдвэрлэсний дараа Улсын Их Хурал Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлийг яаралтай хэлэлцэх болно гэв.

Үргэлжлүүлэн УИХ-ын дарга, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар мэдээлэл танилцуулж, харьяа байгууллагууд дээрээ холбогдох мэдээлэл, танилцуулгыг хийгээд иргэд, төрийн албан хаагчдын санал бодлыг нэгтгэн ирүүлэхийг хүслээ. Парламент хүчтэй, ардчилсан байх шинж чанарыг Олон Улсын Парламентын Холбооноос дараах 5 шалгуур үзүүлэлтээр тодорхойлно гэж үздэг байна. Энэ нь НҮБ-ийн Тогтвортой хөгжлийн зорилт 16 буюу аль ч түвшинд хүртээмжтэй, хариуцлагатай, үр дүнтэй институцийг бий болгох зорилтын шалгуур дээр тулгуурласан.

Нэн тэргүүнд, төлөөллийн ардчиллыг хэрэгжүүлж байгаа чадвартай, удаад нь нээлттэй, ил тод байдлыг хангасан, гуравдугаарт иргэдийн оролцоо буюу хүртээмжтэй байдлыг хангасан байх гэжээ. Манайд парламентын үйл ажиллагаа ард түмэндээ нээлттэй, ил тод явдаг болохыг тэрбээр онцлов. Зөвлөлдөх санал асуулга явуулж, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах d.parliament.mn цахим систем нэвтрүүлж, иргэд сонгогчидтойгоо уулзах, санал бодлыг нь сонсох, нийтийн сонсгол, нээлттэй хэлэлцүүлэг хийх зэрэг ажлуудыг зохион байгуулж байгааг мөн оролцогчдод танилцуулсан юм. Дөрөвдүгээрт, гишүүд сонгогчдынхоо өмнө хариуцлагатай байх, тайлагнадаг байх шаардлагатай. Нэг шалгуур нь парламент өөрөө ёс зүйн дүрэмтэй байх асуудал байдаг, иймээс гишүүний ёс зүйн дүрмийг батлан мөрдөж байгааг Г.Занданшатар дарга танилцуулгадаа дурдсан юм.

Үр нөлөөтэй байх шалгуурыг хангахын тулд төсвийн асуудал хөндөгдөнө. Олон улсын туршлага, жишгээрээ шүүх, парламент хоёр зайлшгүй бие даасан төсөвтэй байж, хараат бус байдлаа баталгаажуулдаг. Үүний хамт бие даасан судалгаа, мэдээллийн бүтэцтэй байж шийдвэр бүрээ судалгаа, шинжилгээ, тооцоололд суурилж гаргадаг байх шаардлагатай учраас Хууль зүйн үндэсний хүрээлэнг судалгааны төв болох нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн болохыг тайлбарлалаа. Тавдугаарт, Үр дүнтэй үйл ажиллагаатай байх асуудал бөгөөд бие даасан төсөвтэй, мэргэшсэн ажлын албатай байх, бие даасан судалгаа мэдээллээр (access to unbiased research and information) хангагддаг байх асуудал тавигддаг байна. Түүнээс гадна засаглалын харилцан хяналт, тэнцлийг хангаж байгаа байдал чухал шалгуур болдог аж.

Дээрх шалгууруудаас төлөөллийн ардчиллыг хэрэгжүүлэх чадамжийн талаар УИХ-ын дарга онцлон танилцуулж, мэдээлэл өгөв. Нэн тэргүүнд нийгмийн болон улс төрийн үзэл санааны төлөөллийг хангаж буй эсэх, улс төрийн намууд гишүүд, дэмжигчдээ төлөөлөх дотоод ардчилалатай эсэх, жендэрийн төлөөллийг хангаж буй эсэх нь чухал гээд “Иймээс гишүүдийн тооны асуудал хөндөгдөж байгаа. Түүнчлэн нутаг дэвсгэрийн төлөөлөл, нийгмийн бүлгүүдийн төлөөлөл багтаж буй эсэх нь парламентын төлөөллийн ардчиллыг хэрэгжүүлэх чадамжтай эсэхийг илэрхийлнэ” гэлээ. Энэ шалгуурыг хангах буюу жинхэнэ төлөөллийн ардчиллыг хэрэгжүүлж, ард түмний хүсэл зоригийг илэрхийлэх бодлого тодорхойлж, хууль тогтоомж батлахын тулд парламентын гишүүдийн тоог нэмэх асуудлыг хөндөж байгаа гэв.

Тойрог нь нутаг дэвсгэр, хүн амыг зэрэг төлөөлж чадахгүй байгаа нь нууц биш. Өргөн уудам нутагтаа хүн ам нь сийрэг суурьшсан манайх шиг улс олон шалтгаанаар нутаг дэвсгэрийн төлөөллийн зарчмыг хангаж байх шаардлагатай байдаг. Өргөн уудам нутагтай Австрали Улсад 541 мянган хүн амтай Тасманы аралыг 8.1 сая хүнтэй Нью Саут Уэлс мужтай адил төлөөлөл буюу 12, 12 сенатор төлөөлдөг. Ардчиллын үнэт зүйл бол хүн болгоныг оролцуулах оролцооны, төлөөллийн зарчмыг хангах ёстой. Манайд хүн амын тооноос шалтгаалан Улаанбаатар хотоос илүү олон гишүүн сонгогдох ёстой гэж ярьдаг. Хүн амын тоог шууд харгалзах тохиолдолд энэ нь зөв бөгөөд нэг газраас олон гишүүн сонгогдох хэрээр төсөв, хөгжил тэнд илүү төвлөрөх эрсдэл бий. Тиймээс Увс аймгийн Давст сум, Дорнод аймгийн Халх гол сумын төлөөлөл, үндэсний цөөнхийн хувиар Баян-Өлгий аймгийн төлөөллийг хангах л ёстой. Газар улсын үндэс учраас, геополитикийн орчин нөхцөлөө тооцсон ч нутаг дэвсгэрийн төлөөллийг хангах нь нэн чухал. Нийгмийн бүлгүүдийн төлөөлөл буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, жендер буюу манай тохиолдолд эмэгтэйчүүдийн төлөөллийг л хангах ёстой гэдэг ч үүний хамт ахмад настнууд, малчид гээд бусад олон төрлийн нийгмийн бүлгүүдийн төлөөлөл зэрэгцэн, олон ургалч үзлээр асуудалд хандах нь үр дүнтэй шийдвэрт чухал юм.

Анх буюу 1992 онд ч парламент 122, 102 140 50 гишүүнтэй байх гээд олон хувилбар яригдаж байсныг УИХ-ын дарга дурдсан. Тухайн үед хүн амын тоо 2.2 сая, үүнээс 1.1 сая нь сонгуулийн насны иргэд байсан бол өнөөдөр 3.4 сая иргэний 2.2 сая нь сонгуулийн насныхан байна. 2 дахин өссөн, ийм үндэслэлээр төлөөллийн зарчмыг хангах шаардлагаар парламентын бүрэлдэхүүнийг 2 дахин өргөжүүлэх шаардлага үүсээд байна гэж үзсэн юм. Парламентын одоогийн бүтэц нь авлигал, нөлөөллийн эрсдэл өндөртэй. Тогтолцоо, тоог өөрчлөх өөр нэг шалтгаан бол санал гээгддэг асуудал юм. Ний нуугүй хэлэхэд 2020 оны Улсын Их Хурлын сонгуулиар МАН сонгуульд оролцсон иргэдийн 45.8 хувийн саналаар парламентын 80 хувийн суудлыг авсан. Үүний цаана сонгуульд оролцсон нийт иргэдийн 55 хувийнх нь санал мажоритар тогтолцооны онцлогоос болж гээгдсэн. Мэдээж ард иргэдтэйгээ нэн ойрхон, холбоотой ажилладаг гэх зэрэг давуу тал бий. Мажоритар тогтолцооны сайн тал ч бий, сул тал ч бий. Авлигал, хээл хахуулиас ангид, үр нөлөөтэй шийдвэр гаргадаг гэж ард нийтдээ хүлээн зөвшөөрөгдсөн парламентуудын жишиг харахад дандаа 100-аас дээш гишүүнтэй байгаа гэдгийг хэлж, тоо баримтууд танилцуулав.

Дээрх хүрээнд манай хууль тогтоох дээд байгууллага ихэнх шалгуурыг хангадаг боловч төлөөллийн чадамж болон засаглалын хяналт тэнцлийн шалгуур дээр дутуу дулимаг байдаг гэлээ. Иймд төлөөллийг хангах сонгуулийн тогтолцоог өөрчилж, гүйцэтгэх засаглалын зохистой хяналт тэнцлийг Улсын Их Хурлын гишүүдийн тоог нэмэх замаар засаж сайжруулахаас өөр арга зам байхгүй хэмээн тайлбарласан. Гишүүдийн тоог нэмэхээр зардал, төсөв нэмэгдэнэ гэж байгаа ч үүнийг нэмэгдүүлэхгүйгээр, одоо байгаа хэмжээнд нь багтаах бүрэн бололцоотой гэдгийг танилцуулгынхаа үеэр Г.Занданшатар дарга тайлбарласан. Парламент бол олон ургалч үзэлтэй, ард түмэнд хүлээн зөвшөөрөгддөг легитим чанартай байх ёстой учраас сонгуулийн тогтолцоог өөрчилж, парламентын төлөөллийн чадамжийг сайжруулах буюу нутаг дэвсгэр, хүн ам, нийгмийн бүлгүүдийн төлөөлөл болон жендэрийн төлөөллийг хангах шаардлагын үүднээс парламентын бүрэлдэхүүнийг зайлшгүй өргөжүүлж, гишүүдийн тоог нэмэх шаардлагатай болж байгаа аж.

Танилцуулгынхаа төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар төрийн албаны цалингийн шинэчлэлтийн талаар УИХ-аас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэн, шийдвэрлэсний дараа УИХ төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Төсвөөс цалинждаг нийт 225205 төрийн албан хаагч байдаг байна. Төрийн өмчийн компаниудын албан хаагчдыг тооцвол нийтдээ 300 орчим мянган хүн төрөөс шууд болон шууд бусаар цалинждаг бөгөөд энэ нь нийт хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн 26 хувь гэлээ. Үүнээс 22000 нь төрийн захиргааны албан хаагч бол 47200 нь төрийн тусгай алба хаагчид байдаг аж. Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын төрийн үйлчилгээний албанд 99000 хүн, эрүүл мэндийн болон бусад салбарт 52700 хүн ажилладаг. Төрийн албан хаагчдын 67.6 хувь нь төрийн үйлчилгээний албан хаагч байгаа байдаг аж. Эдийн засгийн өсөлт, гадаад, дотоод хүчин зүйлсээ тооцоод дээрх бүхнийг цогцоор нь харж төрийн албан хаагчдын цалингийн зөрүүг арилгах, нэмэх асуудлыг шийдэх нь зүйтэй хэмээн Улсын Их Хурал үзэж байгаа гэв. Өнгөрсөн хугацаанд үүссэн 295 ялгаатай цалинг цэгцэлж, 2022 онд 59 болгосон. Үүнийг дахин нягталж, төрийн албаны зэрэглэлийг цэгцэлж, ойлгомжтой болгох, адил бүтээмжтэй хөдөлмөр бол адил үнэлэмжтэй байх зарчимд шилжүүлнэ гэлээ. Төрийн үйлчилгээний салбаруудын цалингийн хэмжээ харилцан адилгүй хэт ялгаатай байгааг УИХ-ын дарга сануулаад “Төрийн албан хаагчдын цалин нийгмийн баталгаатай холбоотой асуудлыг салбарын 30 гаруй хуулиар зохицуулж байна. Хууль бүрд салбарынхаа цалин хөлсний асуудлыг тусгах байдлаар ялгаа үүсгэж байна. Орон нутгийн байгууллагын ажилчдын үндсэн цалин нийслэлийн ижил төстэй байгууллагынхаас бага байна. Сумын Засаг даргын Тамгын газарт ажиллах хүн олдохгүй байна. Төвлөрлийг сааруулах бодлогыг хэрэгжүүлэхдээ цалингийн бодлогоор дэмжих шаардлагатай. Орон нутгийн боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ сайн байж иргэд нутаг, орондоо амьдарна. Эс бөгөөс “Улаанбаатар улс” болж хувирах гээд байна. Ийм учраас төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг эхний ээлжид нэмэгдүүлэх чиглэл баримтлахаар төлөвлөж байна. Үүнийг хэрэгжүүлэхэд Та бүгдийн үнэн, бодит судалгаа, санал чухал хувь нэмэр болно” гэлээ. Түүнчлэн бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр дор бүрнээ судалгаа хийж, санаачилга гаргахыг Улсын Их Хурлын дарга үүрэг болгов.

Төрийн албан хаагчийн нийт 14 сүлжээний 566 шатлалтай цалинг 6 сүлжээний 61 суурь цалин болгон шинэчлэх юм байна. Мөн төрийн албан хаагчдын үндсэн цалингийн хэт зөрүүг арилгана. Ингэхдээ өндрийг нь багасгаж биш, багыг нь нэмэгдүүлэх байдлаар зохицуулах аж. Албан тушаалын зэрэглэл хоорондын зөрүүг зохистой хэмжээнд хүргэхийн сацуу олон төрлийн нэмэгдлийг үндсэн цалинд нэгтгэн, бүтээмжид суурилсан цалин хөлсний тогтолцоог нэвтрүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Эцэст нь төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгааны асуудлыг зөвхөн Төрийн албаны тухай хуулиар зохицуулахаар ерөнхий чиглэлийг гаргасныг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулсан юм.


Сэтгэгдэл

Иргэн [64.119.21.151] 2023-05-09 23:24:18

Төрд олон жил ажилласан ТЗ ээр цалинждаг хүмүүс өмнөх онд нэмсэн цалингийн байдлаараа сүүлд орсон хүмүүстэй бараг ижил цалин авах болслн.Уг нь яаж ч бодсон олон жил гүрийтлээ ажил авсан хүмүүс илүү цалин авах ёстой биз дээ

Toli [195.123.31.122] 2023-05-09 17:31:55

Mongol uls estoi soliotoi. Jaaj jaduural, ajilguidlaa arilgah jum be? Jaaj, agaar, uundni usaa zewerhen bailgah jum be? Eronhiilogchin zasaglaltai jum, ih hurliin darga n udirdaad baigaa jum uu eswel ter eronhii said gedeg n jum uu?

тогтох [202.21.100.210] 2023-05-09 14:05:36

Дундаж наслалт 71 болоо юу овоо доо яаж тооцоод энэ юм бол

Зочин [202.126.92.98] 2023-05-09 13:47:39

ӨЛСӨӨД БАЙНА ӨДӨР ӨДРӨӨР МАХНЫ ҮНЭ ӨСӨӨД БАЙНА ЯАХ ЁСТОЙ ВЭ

Зочин [202.126.92.98] 2023-05-09 13:02:17

та нар ингэж хуралдаад асуудлыг шийдэх биш дээ хурдан хуралдаад хурдан шийдээч ээ өлсөж байна шүү

Зочин [202.126.92.98] 2023-05-09 11:03:05

та нар ингэж ярьсаар байтал бид нар сөхөрч дууслаа. ер нь өрөийгөө хөгжүүлж тушаал дэвшээд хэрэггүй л боолж байгаа юм байна даа. Нэгэн жигд нэмэхгүй бол мянга сайн ажиллаад өөрийнхөөд оор байдаг хүнтйэ ижил цалин аввал утга алга. Та нар хэдэн удаа хуралдаж хэдэн удаа шийддэг юм бэ. Хуралдсаар байтал хамаг юмны үнэ чинь тэнгэрт гарч хаданд авирлаа шүү дэээ

Зочин [202.179.4.250] 2023-05-09 10:33:33

Ярьсаар байтал чинь иргэд ядуураад дууслаа. Дахин өндийх аргагүй өрийн дарамтад орж байна . Их хурлын даргаа яаралтай шийдвэр гаргахгүй бол ард иргэд амьдрах аргагүй боллоо.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.