Чуулган: Хүүхдийн мөнгийг өнөөдрийнхөөсөө илүү хүртээмжтэй болгоно
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв.
Энэ үеэр хүүхдийн мөнгөний хүртээмжийг нэмэгдүүлэх боломж, төсөл дэх төлөвлөлтийн талаар гишүүд тодруулсан юм. Сангийн сайд Б.Жавхлан "Хэдхэн сарын өмнө Монгол Улс ОУВС-гаас тусламж хүсэх үү, дефолт зарлах уу гэдэг сонголтод тулж ирээд байсан. Хэрэв ОУВС-д хандсан бол хүүхдийн мөнгийг өнөөдрийнх шиг 91 хувьд нь олгох биш, 60 хувьд, магадгүй 50 хувьд нь олгох нөхцөл тулах байсан. Энэ хүнд байдлаас өнөөдөр гарсан. Монгол Улс гадаад өрөөс хамааралтай дефолтод орох эрсдэлгүй болсон.
Төсвийн тогтвортой байдлаа бид маш сайн барьж ирлээ. Макро тэнцвэрүүд сайжирч байна. Ийм учраас бид хүүхдийн мөнгө, цалин, тэтгэвэр, тэтгэмжээ эргэн харах боломж, нөхцөл бүрдлээ. Нарийн тооцооллыг төсвийн төсөлд тусгах юм. Хүүхдийн мөнгийг өнөөдрийнхөөсөө илүү хүртээмжтэй болгохоор төлөвлөсөн” гэлээ.
Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа төрийн албан хаагчдын цалингийн бодлогыг цэгцлэхээр төлөвлөөд байгаа аж. Үүнийг хуулийн хязгаартаа төлөвлөөд төсөлд тусгахад төсвийн алдагдал 2.4 их наяд төгрөг болж байгаа гэдэг тайлбарыг хийж байв. Үүн дээр хуулийн дагуу төрийн үйлчилгээнүүдийн зардлыг нэмэхээр 3.4 их наяд төгрөг болох тооцоолол бий. Үүний зөрүү 900 тэрбум төгрөгийн зардлыг шийдвэрлэх даалгавар Засгийн газарт оногдож байгаа аж. Энэ нь том сорилт болж байгаа гэдгийг Сангийн сайд хэлсэн юм.
Сэтгэгдэл
Ядуу улсын зовлон ч ШАРАА болгох юмаа. [192.82.89.33] 2023-05-20 16:16:41
Монгол Улсад хүүхэдтэй мөртлөө БАЯН айл байдаггүй юм уу? Байхгүй бол Монгол Улс ч БАДРАА барьж байгаа юм байндаа. Бүх хүүхдэд нь ядуугийн тэтгэмжийн мөнгө олгоно. Хөөрхийс!