C.Онон: Эмэгтэй хүний мэдрэмж дипломат албанд давуу тал болдог
“Элчин сайд ярьж байна” булангийн энэ удаагийн зочноор ахмад дипломатч C.Ононг урьж ярилцлаа. Тэрээр ГХЯ-ны дэргэдэх Дипломатч эмэгтэйчүүдийн клубын тэргүүнээр ажиллаж байна.
-Юуны өмнө клубын талаар танилцуулахгүй юу. Энэ жил түүхэн ой тохиож буй гэж дуулсан?
-ГХЯ-ны дэргэд Эмэгтэйчүүдийн дипломат клуб 1998 оны тавдугаар сарын 29-нд төрийн бус байгууллагын статустай анх байгуулагдсан. Энэ жил клубын 25 жилийн ой болж байна. Ахмад дипломатч Б.Базарханд гуай санаачлан анх байгуулж, 2015 он хүртэл клубээ удирдаж байгаад надад ажлаа өгсөн. Би найм дахь жилдээ тэргүүнээр ажиллаж байна. Клубын хувьд нийгэмд үйлчилдэг, гишүүнчлэлтэй, төрийн бус байгууллага юм. Бүтэц зохион байгуулалтын хувьд тэргүүнтэй, есөн хүний бүрэлдэхүүнтэй удирдах зөвлөл, ажиллахын зэрэгцээ гурван хүнтэй хяналтын хороо санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавьдаг.
-Клубын гол зорилго юу байв. Эмэгтэй дипломатчдын клуб гэхээр нэрнээсээ эхлээд эмэгтэйчүүдийг дэмжсэн, бас дипломат үйл ажиллагааг олон нийтэд таниулах зорилготой болов уу гэж ойлгогдож байна?
-Клубын зорилго бол маш тодорхой. Хэд хэдэн зорилготой. Нэгдүгээрт, Улаанбаатар дахь дипломат корпус, Элчин сайдын яамд, олон улсын байгууллага, НҮБ, түүний төрөлжсөн байгууллагуудын төлөөлөгчийн газруудтай хамтарч ажиллана. Ингэснээр бид Монгол Улсаа сурталчлах, Монголын түүх, соёл, соёлын өвийг танилцуулах ажлуудыг хийдэг. Хоёрдугаарт, клуб маань гишүүнчлэлтэй гэж дээр хэлсэн. Одоогоор голдуу ахмад дипломатчид ажиллаж байгаа. Мөн ГХЯ-нд ажиллаж байгаа залуу боловсон хүчин эмэгтэйчүүд манай клубын гишүүн. Одоогоор 82 гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Манай клубын гишүүдийн олонх нь гавьяаны амралтандаа гарсан ч дадлага, туршлагатай, өөрсдийн цаг үедээ тодорхой алба хашиж байсан эмэгтэйчүүд юм. Ахмад дипломатч эмэгтэйчүүдийнхээ мэдлэг мэргэжил, ур чадвар, туршлагыг хойч үеийнхээ залуу дипломатчдад өвлүүлэх, олон нийтийн арга хэмжээнүүдэд оролцуулах, сургалт, лекц хийж таниулах, туршлага судлах зэрэг ажлыг хийж байна. Мөн энд онцолж хэлэхэд, зөвхөн эмэгтэй гэлтгүй эрэгтэй дипломатчдад ч зааж сургах, туршлага хуваалцаж, туслахыг хичээдэг. Жишээлбэл, манай клубын ахмад гишүүн н.Баасан гэхэд төрийн өндөрлөгүүдэд дээд хэмжээний айлчлалын үеэр хэл залгуулж байсан туршлагатай орчуулагч хүн байдаг. Орчуулга хийхэд мэргэжлийн байхаас гадна практикийн туршлага их хэрэг болдог. Энэ утгаараа н.Баасан гуай залуу дипломатчдад, зөвлөмж өгдөг. Ёслол протоколийн асуудалд Алтангэрэл гээд ахмад дипломатч залуучуудад зөвлөгөө, зөвлөмж өгч ажилладаг. Гуравдугаар гол зорилго гэвэл, клуб маань нийгэмд үйлчилдэг байгууллага. Энэ утгаараа хүмүүнлэгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. Өөрсдөө санаачлан зохион байгуулдаг. Ялангуяа хүнд хэцүү нөхцөлд амьдардаг өрх толгойлсон олон хүүхэдтэй эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, харж хамгаалах хүнгүй ахмадуудад төсөл хэрэгжүүлэх замаар тус нэмрээ хүргэхийг хичээдэг. Сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн төслүүдээс дурдахад, “Өнөр бүл” хүүхдийн төвд 200 гаруй өнчин хүүхэд хүмүүжиж байгаа. Саяхан тус төвд чөлөөт бөхийн секц байгуулагдахад санхүүжилтэд нь өөрсдийн боломжийн хэрээр тус нэмэр болохыг хичээлээ. Тухайн байгууллага нь өөрөө заалаа бэлтгээд, засвараа хийгээд бэлдсэн. Манай зүгээс зарим дасгалын тоног төхөөрөмжийг худалдаж авч өгсөн. Бид аль болох нийгмийн тусламж шаардлагатай хүмүүст тус дэм болохыг хичээж ажиллаж байна.
-Хүмүүнлэгийн ажил хийхэд төсөв мөнгөнөөс эхлээд санхүүжилтийн асуудал гардаг. Санхүүжилтийг хаанаас, ямар эх үүсвэрээр босгодог вэ?
-Бид жил бүрийн намар Улаанбаатар дахь дипломат корпусыг оролцуулж "Сайн санааны үйлс" гэдэг арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ арга хэмжээнд Элчин сайдын яамд маш идэвхтэй оролцдог. Үндэснийхээ хоол, гар урлалын бүтээгдэхүүнээ танилцуулж, эх орноо сурталчилж, бүтээгдэхүүнээ борлуулдаг. Энэ нь олон нийтэд нээлттэй учир иргэд маш сайн мэддэг болчихсон. Ирж сонирхдог, хоол амттанаас нь амтална, худалдаж авна, түүгээр нь сан бүрдүүлдэг. Мөн хувиараа хөдөлмөр эрхлэгч эмэгтэйчүүдээр манлайлуулсан аж ахуйн нэгжүүд бас оролцдог. Тэд манайхтай хамтарч ажиллаж байгаагийнх ширээ түрээсэлж авна, тэндээ бүтээгдэхүүнээ худалдан борлуулдаг. Бид орлогоос нь ямар ч хураамж авдаггүй. Өөрсдөө санаачлагаараа хандив өргөж болно, иймэрхүү байдлаар харилцан бие биедээ ашигтай хамтарч ажилладаг. Энэ сайн санааны үйлс, арга хэмжээнүүд маань жил бүрийн намар болдог. Дипломат төлөөлөгчийн газрууд оролцож манай хувиараа хөдөлмөр эрхлэж байгаа иргэдтэй танилцаж, дараа нь ч гэсэн холбоо тогтоогоод захиалгаа өгөөд худалдаж авдаг. Энэ мэтээр нийгэмд чиглэсэн ажлуудыг түлхүү хийж байна.
-Эмэгтэйчүүдийг дэмжиж байгаа энэ сайхан үйлийн хажуугаар би танаас эмэгтэйчүүдийн манлайллын талаар бас асуумаар байна. Эмэгтэйчүүдийн манлайллын талаар бид багагүй ярьдаг. Та бол гадаад харилцааны салбарт, Монголын төрд олон жил ажилласан, манлайлагч эмэгтэйчүүдийн төлөөлөл. Тэгвэл энэ манлайллыг бодитоор амьдралд бий болгоход ямар алхам хийх ёстой вэ?
-Манлайллын асуудлыг ярихад би нэг л зүйлийг голлон хэлэхийг хүсдэг. Юуны өмнө тухайн хүнээс маш их зүйл шалтгаалдаг. Аливаа зүйлд манлайлна гэдэг өөрийн үйлдлээр, ажлаар, үлгэр жишээч байх ёстой. Тухайн хүн өөртөө итгэдэг, эхэлсэн ажлынхаа төгсгөлийг үздэг, үр дүнг нь харуулж чаддаг байх ёстой гэж боддог. Манлайлал гэдэг зүгээр хийсвэр үг биш. Энэ бол цаанаа их өргөн утга агуулгатай. Эмэгтэй хүн өөрөө өөртөө итгэлтэй байхын зэрэгцээ хүмүүжилтэй, хүсэл эрмэлзлэлтэй, хийж байгаа үйл хэрэгтээ үнэнч байх хэрэгтэй.
-Ер нь эмэгтэй дипломатч байхын гол онцлог юу вэ. Жишээлбэл эрэгтэй хүмүүс шийдвэр гаргахдаа илүү шийдэмгий байдаг бол эмэгтэй хүний уян хатан чанар илүү эерэг нөлөө үзүүлж чаддаг болов уу?
-Дипломат албанд зүтгэж байгаа эмэгтэйчүүд мэдээж мэргэжлийн бүх шалгуурыг эзэмшсэн байх ёстой. Шийдвэр гаргах түвшинд эрэгтэйчүүд шийдэмгий байдаг гэж болох ч нөгөө талаар шийдэмгий эмэгтэй хүн бас бий. Ер нь манлайллын хувьд ярихад эрэгтэй, эмэгтэй гэж ялгаж салгах нь хэр оновчтой бол. Тухайн ажлыг эрэгтэй, эмэгтэй аль нь ч хийж чаддаг л бол хүйс хамаагүй. Гэхдээ эмэгтэйчүүдэд нэг давуу тал бий. Эмэгтэй хүний мэдрэмжтэй байдал илүү эерэг үр дүн авчирдаг байж болох юм. Дипломат алба гэдэг зөвхөн цаас бичиг боловсруулахдаа биш яриа гэрээ хэлэлцээ хийх, улс орнуудын харилцааны асуудал учир биеэ авч явж байгаа байдал, хувцаслалт, ярьж байгаа байдал бүгд хамаардаг. Гэхдээ эмэгтэйчүүдийн мэдрэмж илүү эерэг байдлыг бий болгодог. Жендэрийн хувьд эрэгтэй, эмэгтэй хүмүүс ижил эрхтэй байх ёстой. Хийж чадаж байвал эрэгтэй, эмэгтэй хүйс хамаарахгүй гэж боддог. Нэг зүйлд би их баяртай байдаг. Намайг анх Элчин сайдаар томилогдож байхад буюу 2001 оны үед маш цөөхөн эмэгтэйчүүд Элчин сайдаар ажиллаж байсан. Тэгвэл өнөөдөр зургаан эмэгтэй Монгол Улсыг төлөөлөөд гадаад улс оронд Элчин сайдаар ажиллаж байна. Энэ бол ахиц гэж боддог. 2020 онд манай клуб болон гурван бие даасан шинжээчтэй хамтраад дипломат албаны жендэрийн асуудлыг судалж, үнэлгээ гаргаж үзсэн. Энэ үед ямар зураг харагдсан бэ гэвэл манай ГХЯ-нд эмэгтэй эрэгтэйчүүдийн харьцааны хувьд зарим талаар эмэгтэй нь давамгайлсан харьцаа байсан. Харин албан тушаал өндөрсөх, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн тоо харьцангуй бага үзүүлэлттэй байсан. Гэхдээ энэ байдал сүүлийн жилүүдэд арай дээрдэж байна. Жишээ нь Гадаад харилцааны сайдаар эмэгтэй хүн ажиллаж байна. Ер нь бол манай гадаад харилцааны салбар гурван эмэгтэй сайдтай байсан түүхтэй.
-Та ахмад дипломатчдын хувьд та сүүлийн үеийн салбарын боловсон хүчнүүдээ хэр үнэлж явдаг вэ?
-1990-ээд оноос хойш нийгэм өөрчлөгдөөд харьцангуй залуу дипломатчуудад сургууль соёлд сурах, мэдлэг мэдээллээ тэлэх боломж багагүй нээгдсэн. Бидний үед хөрөнгөтөн орнууд гэж нэрлэгдэж байсан Америк, Англи, Австрали, Герман зэрэг өрнөдийн оронд очиж мэдлэг боловсрол эзэмших боломжтой болсноор ур чадварын хувьд, хэлний хувьд илүү чадвартай болсон. Харин өөрсдийгөө дадлагажуулж, туршлага хуримтлуулах тал дээр ажиллах шаардлагатай санагддаг. Аливааг их сайн нухаж, гүн рүү нь орж ажиллах хэрэгтэй. Би муу гэж хэлэхгүй. Гэхдээ хандаж байгаа хандлагаасаа болно. Дипломат алба гэдэг тухайн улс орны талаар бүх талын мэдээлэлтэй, нарийн мэргэшсэн байхыг шаарддаг. Нийгэм, улс төр, соёл, хүмүүнлэгийн салбарт гарч байгаа өөрчлөлтүүдийг ч ойлгож мэддэг, мэдээлэлтэй байх хэрэгтэй. Ялангуяа хоёр орны харилцааны түүхийн талаар маш сайн мэдэж байж орчин үеэ, өнөө цагаа ярих болдог. Ирээдүй гэрэлтэй, залуучууд чадалтай байна гэж хардаг.
-Дипломат албанд мерит зарчмын тухай ярьдаг. Ер нь танай салбарт мерит зарчим хэр хэрэгжиж байгаа гэж боддог вэ?
-Мерит зарчим харьцангуй сайн үйлчилж байгаа.
-Та 40 орчим жил гадаад харилцааны салбарт ажилласан, Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд цолтой байх аа. Ер нь хаана хаана ямар ажил эрхэлж байв.?
-Би Москвад Гадаад хэлний дээд сургуулийг 1969-1974 онд сурч төгссөн. Ирээд тухайн үеийн Хөдөлмөр цалин хөлсний улсын хорооны Гадаад харилцааны хэлтэст анх ажилд орсон. Би улсад 40 жил ажилласан. Энэ хугацаанд Хөдөлмөр нийгмийн хамгааллын төрийн захиргааны төв байгууллагын Гадаад харилцааны хэлтэст 20 жил ажилласан. 1995 оны үед Ерөнхий сайдын дэргэд Ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөр гэж байгуулагдсан. Шилжилт эхлээд ядуурал, ажилгүйдэл их байх үед Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр хөтөлбөр хэрэгжсэн. 21 аймгийн бүх суманд 12500 гаруй хөтөлбөр хэрэгжсэн. Тэр хөтөлбөрийг удирдаж олон улсын байгууллагуудтай хамтран доноруудаас мөнгө босгох зэргээр ажилласан. 2001-2008 онд Бельги, Нидерланд, Люксембург, тэр үед Дани, Швед, Норвеги болон Европын холбоог хариуцаж ажиллаж байсан. Үндсэндээ зургаан улс, нэг холбоог хавсран хариуцаж долоон жил ажилласан. Дипломатуудыг тэр үед гурван жилээр томилдог байсан, би хоёр удаагийн томилолтоор Европт ажиллаж байлаа. Брусселээс ирээд ГХЯ-нд Олон талт хамтын ажиллагааны газрын захирлаар гурван жил ажиллаад дараа нь Парис дахь ЭСЯ-нд Монгол Улс, ЮНЕСКО-гийн хамтын ажиллагааны асуудлыг хариуцсан тусгай үүрэг гүйцэтгэгчээр ажилласан.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл
аймаар юм бэ [192.82.66.11] 2023-05-31 13:07:00
ЭНЭ АВГАЙ ЯМАР АЙМААР ЮМ БЭ.
Зочин [66.181.190.14] 2023-05-31 07:58:54
Дарга нарын
чинбаа [192.82.74.68] 2023-05-30 11:44:41
эмэгтэй хүн илүү эерэг байдлыг бий болгодог л гэсэн байна. Үнэр л байх даа.