Бэлэг нэртэй авлигаа зогсоох зориггүй парламентчид ичиг ичиг

Aдмин / Улстөр

Санал горьдож үйлддэг буян нэртэй нүгэл, бэлэг нэртэй авлигаа зогсоох зориггүй парламентчид ичиг ичиг

Миний бие одоогоос яг 3 жилийн өмнө буюу 2020 оны сонгуулийн үеэр “Мутацад орсон сонгуулийн клиентелизм ба төрийн хүч, нөөцийг урвуугаар нь ашиглах нь” нэртэй нийтлэл бичсэн. Агуулга нь хувь улс төрчид болон эрх баригч улс төрийн нам хувийн болон төрийн мөнгөөр сонгогчдын саналыг сонгуулийн болон сонгуулийн бус үед хэрхэн худалдан авдаг болон эдгээрийг хэрхэн зогсоох тухай байсан. Энэ хооронд УИХ-ын гишүүд маань өнөөх хэвийн боов, чихэр, печень, цай, зөгийн балаа тараадгаараа тараасаар л. Бүхэл бүтэн МАН-ын Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хүртэл хүмүүсээр өргүүлж, ийш тийш цацаагүй л болохоос Богдын боов тараахаас ер өөрцгүйгээр туслахдаа багсайтал нь бариулчихсан дугтуйтай мөнгө хээв нэг тарааж байгаа бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан.

Ноднин, уржнангийн цагаан сараар МАН-ын залуу үеийн төлөөлөл болох Н.Учралын ээлжит “хэвийн боов” ажиллагааны дараахнаас шинэ үеийн нам болох ХҮН-ын дарга Т.Доржханд “бэлэг сэлт тараахыг хориглох Сонгуулийн тухай хуулийн төсөл бичсэн...” хэмээн удаа дараа ярьж, хэлэх бүрд нь бараг л самсаа шархирч, хоолой зангиран “одоо л бат боллоо” хэмээн гэнэхнээр итгэж билээ. Түүнээс хойш найдлага тасрахгүй Сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн анхны хэлэлцүүлэг батлагдах 6.7-ны өдөр хүртэл нүдээ ширгэтэл хүлээсэн ч Т.Доржханд гишүүн өөрийнхөө намыг жагсаалтын 3 дугаарт бичүүлэх тухай саналаас өөр зүйл хүний урамд ган хийсэнгүй.

Ганц Т.Доржханд гэлтгүй МАН-ын дарга, Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын ЕНБД, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар сүүлийн 1 жил шахам “хөрөнгө мөнгөний хамааралгүй, цэвэр ариун бодлогын нам, цэвэр ариун улс төр” хэмээн амаа цангатал сурталдсан.

Хамаг бүдүүн дарга нарынхаа энэ их зарчмын мэт хандлагыг дэмжилгүй яаж дуугүй дүмбийж суухав гэсэн шиг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд нь ч мөн хэрхэн цэвэр ариун намтай болж, цэвэр ариун сонгууль явуулах уу гэдэгт толгой тархиа их л гашилгасан бололтой “мөнгө тарааж санал авдаг бузар булай явдлыг зогсоох хэрэгтэй” хэмээн нуль шударга царайлан яриад байхаар нь бас ч гэж хөнгөмсгөөр найдсан ч яг цагаа тулахаар бүгд бүлх залгисан мэт дуугай өнгөрөөв. Ийнхүү их санасан газар есөн шөнө хоосон гэгч болоод дахин хөндөхөөс аргагүйд хүрэв...

Сонгуулийн клиентелизм буюу санал худалдан авалтыг олон улсад авлига гэж үзэх нь

Сонгодог авторитар дэглэмд байхгүй чөлөөт, шударга сонгууль бол ардчиллын хамгийн гол шалгууруудын нэг. Харин ардчилсан фасадтай авторитар дэглэмийн гол шалгууруудын нэг бол дүр эсгэсэн ардчилсан сонгууль. Дүр эсгэсэн ардчилсан сонгууль гэдэг нь клиентелизм буюу санал худалдан авалтын “үр дүн”. Клиентелизм гэдэг нь улс төрч, улс төрд орохыг санаархагчдын зүгээс мөнгө, хэвийн боов... тараах, элдэв төрлийн үнэгүй, хямдралтай үйлчилгээнд хамруулах зэргээр тусалж дэмжсэнийхээ хариуд сонгогчдоос улс төрийн дэмжлэг, үнэнч байдлыг шаарддаг үйл хөдлөл ба тэдний хоорондын урт хугацааны харилцаа юм.

Улс төрийн намууд бас үүнд хамаардаг ба Скот, Стокез нарын тодорхойлсноор сонгогчдыг үзэл баримтлал, бодлогоор бус ашиг тус хүртээж, халамжлах замаар саналыг нь татахыг оролддог намуудыг клиентелист намууд (улс төрийн машинууд) гэдэг. Тэдний сонгуулийн гол стратеги нь эрх барих үедээ орлого багатай иргэдийг харж үзэн, мөнгө, эд зүйлс тарааж, халамжийг хавтгайруулахад оршдог. Зөвхөн 2020 оны сонгуулийн өмнөх ахмадын зээл тэглэсэн, малчин бүрд 120.000 төгрөг, төрийн албан хаагчдын цалинг удаа дараа нэмсэн, МСҮТ-ын оюутнуудыг 200.000 төгрөгийн цалинтай болгосон, “Эрдэнэс таван толгой” ХК-ны хувьцааг тараасан зэрэг үйлдлээс дүгнэхэд л одоогийн эрх баригч МАН бол авлигач, клиентелист нам мөнөөсөө мөн.

Судлаач Шаффер, Шедлер нарын судалснаар бол сонгуулийн бус үед тус дэм, үйлчилгээ авсан ямар ч сонгогч ёс суртахууны хувьд өртэй үлдэж, өөрийн эрхгүй сонгуульд саналаа өгдөг аж. Үүнээс харахад сонгуулийн үеэр 1 удаа мөнгө авсан сонгогчоос урт хугацаанд тэтгүүлсэн сонгогч урвах нь бага байдгаараа сонгуулийн бус үеийн санал худалдан авалт илүү хортой бололтой.

Улс төрчид, улс төрийн нам нь клиентелист нөхцөлд тухайн улсыг клиентелист улс гэдэг бөгөөд сайн засаглал, хуулийн засаглал, иргэдийн итгэл зэргийг сулруулдгаараа ардчиллыг доройтуулдаг, төрийн санхүүгийн хүч нөөцийг ашигладгаараа эдийн засгийн өсөлтийг удаашруулдаг хортой талаарх эрдэмтэн, судлаачдын судалгаа чамгүй их бий. Клиентелизмыг парламентчид, өндөр дээд алба хашдаг улс төрчдөд илүү их хамааруулдаг учир нь сонгогчдыг тэтгэхдээ/авлигадахдаа албан тушаалын байдал, төрийн хүч нөөцийг ашиглах боломж илүү их байдагтай нь холбоотой аж.

Монголд санал худалдан авах ажиллагааг хориглож буй мэтээр хуульчлан зөвшөөрсөн нь

1990 оны анхны чөлөөт сонгуулиар л барааны саван тараахаас эхэлсэн санал худалдан авах ажиллагаа нь хүүхдүүдэд мөхөөлдөс, хүүхнүүдэд торго, хөгшдөд гурил тараах, залуучуудад үзвэр үзүүлж, үсийг нь засах, өвгөдийн өвчнийг нь оношилж, өрөөл мах өгөх зэргээр ил цагаан хавтгай явж ирсэн нь өөрсдөө ч ичиж эвгүйцмээр болсон тул 2012 онд Сонгуулийн тухай хуульд дараах өөрчлөлт оруулсныг зориуд энд тусгаж байна.

48 дугаар зүйл. Хууль бус сурталчилгааг хориглох

48.1.Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал,...санал авах өдрийг дуустал аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

48.1.1.мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх;

48.1.2.нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх;

48.1.3.сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амраах, сувилуулах;

48.1.4.ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийх;

48.1.5.хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах;...

Эхний ноцтой зүйл бол санал худалдан авалтыг хууль бус сурталчилгаа хэмээн томьёолж. Гэтэл эдгээр нь бүгд олон улсад улс төрийн авлига хэмээн тооцогддог клиентелизм/санал худалдан авах ажиллагаа аж. Мэдээж хуулиар хориглосон юуг ч хууль бус ажиллагаа гэх нь дамжиггүй ч санал худалдан авалт гэсэн үг үсэг манай хуульд огт байхгүй байгаа нь ийм зүйл манай улсад огт байдаггүй гэж андуурах шалтгаан огт биш. Зүйрлэвээс шалдан хаанаа гоё хувцастай байна гэж магтдаг үлгэрт гардаг ард түмэнтэй агаар нэг мэт.

Дараагийн буруу нь зөвхөн сонгуулийн жил эхлээд санал аваад дуусах хүртэлх 6 сарын хугацаанд л хорьж, 3.5 жилд нь зөвшөөрчээ.

Иймд УИХ-ын гишүүн болон горилогч нар маань хуулийн дагуу зөвшөөрсөн хугацаанд тойргийнхоо нөлөө бүхий сонгогч, эмч, багш нарыг наад зах нь Утаа гүмбэн, Улаан-Үд, цаад зах нь Хонконг, Солонгос явуулах, сургуульд оруулах, сургалтын төлбөрийг нь даах, гэр байшин олгохоос эхлээд гэргий нөхөр авч өгөх нь халгаар сонгуулийн бус үеийн ажиллагааны төрөл жанраа эдийн засгаа солонгоруулж чадаагүйгээгээрээ л солонгоруулж, улам эрчимжүүлсэн. Гоё дээрээ тавьсан зургаа наадаг сав нь 400 граммын аяганаас 4 литрийн данх, 40-ийн бидон хүртлээ хөгжсөн нь манайхны энэ талын сэтгэлгээ тун сайтайг илтгэнэ.

Ийнхүү тойргоо усалсаар сонгуулийн өмнөх жилийн 12-р сард нутгийнхаа шинэ жилд оролцох оюутнуудын таксыг төлж, 31-нд айлуудын шинэ жилийн бялуу, дарсыг тарааснаар албан ёсны ил ажиллагаа дуусна. Үүний уршгаар нэгэн аймгийн төвийн дэлгүүрүүдийн бялуу, дарс нь зарагдахгүй шатсан гэх яриа ч бий.

Амиа тээх гэж гүрдийж буй жижиг бизнес эрхлэгчдээ бас давхар хорлочхож байгаа юм. Хамгийн хачирхалтай нь 12-р сарын 31 хүртэл тараасан мөнгө, хэвийн боов зүв зүгээр хууль ёсных байснаа ганцхан өдрийн дараанаас хууль бус болчихдог нь логикгүй бөгөөд нүглийн нүдийг гурилаар хуурч буйтай агаар нэг юм. За тэгээд үлдсэн 6 сардаа УИХ-ын гишүүдийнхээ хичээнгүйлэн бичиж тараадаг багагүй мөнгө зарсан бололтой чамин ганган зузаан зузаан судраас усалгаануудын талаар бүр гоё гоё хөгжилтэй мэдээлэл авч болно. Дотор нь бас төсвийн мөнгөөр аймаг орон нутагтаа хийсэн лут лут бүтээн байгуулалт, барилга байшингийн жагсаалт, цагаан бээлий өмсөн тууз хайчлан зогсох зурагтай нь хамт дурайна. Ард түмэндээ хэлснээ хэрэгжүүлсэн гэх чамин тайлбарыг бодож олж түүнийгээ зөвтгөдөг, бас ч гэж хийсэн ажлаа тайлагнадаг лут баатар болж харагдаж байгаа ч энэ бол улс төр дэх мөнгөний нөлөөг нотолсон, үнэн хэрэг дээрээ Ажлын биш Авилгийн тайлан юм. Сонгогчоо худалдаж авах гэж оролдож байгаа санаа зоригийнх нь баримт. Хажуугаар нь бас иргэд ядуу байгаа тул тус дэм үзүүлэх нь буян хийж байгаагаас ялгаагүй хэмээн буянтны дүрд тоглохыг санаархана аа.

Нүгэл гэснээс нүгэл, буяны тухай ойлголт нь хүний нийгэм үүссэнээс эхтэй гэдэг. НТӨ 1750 онд бичигдсэн хүн төрөлхтний анхны бичмэл хууль болох Вавилоны хаан Хаммурапийн хуульд буруу зөвийн тухай ялгасан нь нүгэл буяны тухай анхны бичвэр гэгддэг бололтой.

Төдийгөөс өдий хүртэл хөгжиж ирсэн буяны тухай ойлголт, хамрах хүрээ өргөн хэдий ч аль ч шашин, философийн ухагдахуунаар хамгийн нийтлэг нь хариу нэхээгүй тус гэсэн тодорхойлолт юм. Билл Гейтс, Уоррон Баффет, Сорос зэрэг өглөгчдийн сан дэлхийд зөндөө. Тэдний хэн нь ч сенатын гишүүн болохыг санаархдаггүй тул жинхэнэ буян үйлдэгчид юм. Харин аливаа буяныг сангаар дамжуулж хийдгийг ойлгосон манай хэд нутгаа хөгжүүлэх уриа, лоозонтой Дорж сан, Дулмаа сан хэмээхийг толгой дараалан байгуулж, түүгээрээ клиентелизмыг амилуулж, тэжээдэг. Харамсалтай нь бүх ажиллагаа эцсийн дүндээ сонгуульд санал өгөх хариу тус шаардаж байгаагаараа буян биш нүгэл аж.

Шийдлийн санал

Чамлахаар чанга атга гэгчээр клиентелизмыг багасгахад сонгуулийн тогтолцоог хувь тэнцүүлсэн болговол ихээхэн нэмэртэй гэж бичиж байсан маань 40 % биелсэн. Үүнээс гадна машид баярлууштай нэг зүйл бол клиентелист намын төрийн мөнгөөр санал худалдан авах ажиллагааг зогсоохын тулд элдэв төрлийн нийгмийн халамж, хамгааллын хөтөлбөр, ажиллагааг ёстой нөгөө сонгуулийн жил гармагц хориглох ёстой гэсэн саналыг Ардчилсан нам хүлээн авч нэлээд зүтгүүлсний ачаар Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд нарийн биш ч гэлээ тодорхой хэмжээнд тусгагдаж байгаа явдал юм. Энэ нь намуудад сонгуулийн гарааны тэгш боломж олгоход өчүүхэн ч болов нэмэр болох машид дэвшилтэт заалт.

Хувь нэр дэвшигчдийн санал худалдан авах ажиллагааг зогсоох хамгийн амархан арга бол Сонгуулийн тухай хуульд санал худалдан авах гэсэн нэр томьёог оруулж, улмаар зөвхөн сонгуулийн жилийн 6 сард бус ээлжит сонгууль болохоос өмнөх 4 жилийн дотор бүрэн хориглох явдал юм. Ингэснээр элдэв арга сүвэгчлэх хэдий ч айхгүй ч гэсэн аягүй гэгчээр хэзээ нэгэн цагт аяндаа зогсож л таарна.

Мөн албан тушаалтнуудын төрийн хүч нөөцийг урвуугаар ашиглахыг багасгая гэвэл төрийн мэдлийн машинуудыг тусгай дугаартай болгож хянах, төрийн мөнгөөр тойрогт хийсэн бүтээн байгуулалтын нээлтэд УИХ-ын гишүүд, төрийн өндөр дээд албан тушаалтнуудыг тууз хайчлахыг хориглох гэх мэт зөндөө зүйл бий.

Хариуцлагын тухайд гэвэл улс орнуудын сонгуулийг ажиглаж, дүгнэлт зөвлөмж гаргадаг ЕАБХАБ,Транспэрэнси Интернэшнл, Европын комисс зэрэг олон улсын байгууллагууд сонгогчдын санал худалдан авах аргуудыг авлига, албан тушаалын гэмт хэрэг гэж үзэн, Эрүүгийн хуулиар шийдвэрлэхийг зөвлөдөг. Англи Улс бүр саналаа худалдсан сонгогчдыг бас шийтгэх заалт хуульдаа оруулж байсан. Зарим оронд жишээ нь Македонд энэ асуудлыг Авлигатай тэмцэх газар нь эрхлэн хариуцдаг.

За тэгээд сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн хяналтыг сайжруулах гээд зөндөө ажлууд бас бий бий.

Хамгийн гол нь сонгогчдын саналыг худалдан авдгаа, өөрөөр хэлбэл, авлигаддагаа зогсоох иргэний зориггүй УИХ-ын гишүүд л ичиг ичиг байна даа. Зогсоочихоор сонгогдож чадахаа байчих гээд байгаа юм болов уу???

Жудагийн Баярмаа


Сэтгэгдэл

зочин [202.9.40.155] 2023-06-14 11:12:15

ичээч та нар бүх л хүнсний дэлгүүрүүдийн лангуун дээр тоосонд дарагдсан харагддаг бараанууд бна ичих ч үгүй дан хугацаа ойртой дууссан байгаа даа бэлгийн морьны шүд татдаггүй тэй адил авч байгаа нь анзаарахгүй нээх их юм шиг санасан өгч байгаагых нь хөх инээд нь хүрч буй дүр зураг харагдаж бна ккккккк


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.