Н.АЛТАНХУЯГ: БИ БАГИЙН ТОГЛОГЧ ХҮН

Aдмин / Улстөр

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС..........

УИХ-ын гишүүн, Зас­гийн газрын гишүүн, Тэргүүн шадар сайд, АН-ын дарга Н.Алтан­хуягтай ярилцлаа.


-Та сүүлийн өдрүү­дэд хэвлэлийнхэн, сэт­гүүлч­дийн хамгийн эрэлттэй хүн болоод байна. Учир нь таныг эзгүй байхад танай на­мын гишүүн, бас хам­тарсан Засгийн газарт тантай хамт ажилладаг нэг сайд чинь нэлээд хатуухан ярилцлага өг­сөн. Гэхдээ ярилцлагаа үүнээс эхлээд яахав. Харин та ямар хэргээр хааш зорчив, ямар уч­раас эзгүй байж таарав аа гэж асуумаар байна.

-Би ОХУ, Их Британи Умард Ирландын нэгд­сэн Вант улсад очоод өнгөрсөн мягмар гаригт ирлээ. Үндсэн гурван зо­рилготой явсан. Юуны өмнө ОХУ-ын Санкт Пе­тербург хотод болсон ШХАБ-ын (Шанхайн хам­тын ажиллагааны бай­гуул­лага) Засгийн газрын тэргүүнүүдийн уулзалтад Монгол Улсаа төлөөлж оролцсон. Энэ хуралд ОХУ-аас гэхэд Засгийн газрын тэргүүн В.Путин, БНХАУ-ын Ерөнхий сайд Вянь Зябао тэргүүтэй Ерөн­хий сайд нар, зарим орны орлогч нар оролц­сон л доо. Манай улс ажиглагч статустай оролц­дог ШХАБ-ын хур­лын үеэр тус байгуулла­гад ойрын үед тулгарч буй асуудал юу байна, АНУ, Европын бүсийн хямрал манай бүс нутагт ирэх болбол ямар бэлтгэл базаах хэрэгтэй юм, эдийн засгийн хувьд хэр­хэн хамтарч ажиллах вэ гээд өргөн хүрээнд ярилц­сан. Бидний хувьд Монгол Улсаар дайрч өнгөрөх авто зам, хийн хоолойн хувьд хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийллээ. Нэгэнт ОХУ-д очсоных Монгол Оросын Засгийн газар хоорондын комис­сын Монгол талын дар­гын хувьд нөгөө талын дарга, Тээврийн сайд И.Ле­витинтэй уулзаад авав. Өнгөрсөн хавар Улаан-Үдэд хийсэн уул­залтын үр дүнг ярьж, бен­зин шатахууны хангалт, манайд оруулж ирж бай­гаа малын вакцин эхнээ­сээ ороод ирсэн тухай, Улаанбаатар төмөр за­мын дүрмийн сангаа хоёр талаасаа тус бүр 125 сая ам.доллараар нэмэг­дүүлэхээр ярьсны дагуу бид төсөвтөө суулгаж бай­гаагаа хэллээ. Мэ­дээж, хоёр улсын хоо­ронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ой, бас Таван толгойн тен­дерт Оросын тал орол­цож байгаа талаар ярь­сан. Манайд асуудал ид яригдаад явж байгаа, та­най талаас асуудлаа ший­дэж, ойлгуулж чадах хүмүүсээ яриа хэлэл­цээн­дээ оруулаарай гэдгийг хэлсэн. Хилийн дээс алх­сан гурав дахь зорилго маань Лондонд болсон Дэлхийн Ардчилсан хол­бооны гишүүн намуудын дарга нарын хуралд орол­цох явдал байлаа. Энэ байгууллага Төв болоод барууны чигийн намуудыг нэгтгэсэн олон улсын байгууллага л даа. Манай нам энэ байгуул­лагын албан бус гишүү­нээр арав орчим жил байсны эцэст энэ удаад албан ёсны бүрэн эрхт гишүүн нь болсон юм. Тус хурал дээр үг хэлэхдээ Монгол Улс хорин жи­лийн өмнө ардчилсан хувьсгал хийж, манай орон улсын зэрэгтэй улс болоход АН-ын оруулсан хувь нэмэр их байсныг дурдаж, одоо ард иргэдээ эдийн засгийн эрх чө­лөөтэй амьдруулахын тулд бид зорьж ажиллаж байна гэсэн.

Мөн Ардчилсан ор­нуу­дын Хамтын нийгэм­лэгийг Монгол Улс дарга­лах болсон, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үүнд чухал үүрэгтэй оролцож бай­гааг онцолж хэлсэн. Тэнд байсан гадныхан ч Мон­гол Улс Азид ардчилсан хувьсгалыг цогцоор нь гайхалтай хийж чадсан орон гэдгийг, тэр хувьс­галыг хийхэд АН оройлж оролцсон гэдгийг нь хэ­дийнэ мэддэг болсон бай­на. Албан ёсны ги­шүү­нээр элсэхэд баяр­тай, талархалтай бай­гаагаа илэрхийлж бай­сан даа.

-Дэлхийн Ардчил­сан хүчний холбоог ба­рууны чигийн намуу­дын Соц Интерн гээд ойлгочиход болох уу?

-Тийм дээ. МАН-ын­хан Соц Интернийн ги­шүүн гэдэг шиг АН Дэл­хийн ардчилсан холбоо­ны гишүүн боллоо гэсэн үг.

-Дэлхийн чиг ханд­лага ардчилал гээд л байдаг. Ингэхэд танай холбооны гишүүн ор­нуудын хэд нь өөрийн­хөө оронд эрх барьж байдаг юм бол?

-Европын холбооны 27 орны 22-т нь энэ чиг­лэлийн намууд засгийн эрхийг барьж байна. Уг хурал дээр яригдсан нэг зүйл бол сүүлийн үед дэлхий нийтээр төв бо­лоод баруун чигийн на­муудыг дэмждэг болж байна. Энэ намуудын үнэ цэнэ нь хүний эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө, данхар төрийг цомхон байлгах гэж оролддог, халамжийг хавтгайруу­лах бус зөв зохистой ху­ваа­рилахыг илүүд үздэг, хариуцлагатай ил тод байдлыг дэмждэгт байд­гийг нэлээд ярьсан л даа.

-Ямартай ч танайх энэ холбооныхоо бүрэн эрхт гишүүн болжээ. Харин одоо өмнөх асуулт руугаа оръё. Та Х.Баттулга сайдын ярилц­лагыг хэзээ унш­сан бэ. Гадаадад байх­даа юу, энд ирээд үү?

-Би энд ирээд гүйлгэж харсан. Нэг бүрчлэн сайн уншаагүй дээ.

-Танд юу бодогдов?

-Бодогдоод байх зүйл юу байхав. Ер нь хоёр гол санааг хэлье гэж бодсон шиг байна лээ. Нэг нь Засгийн газрын үйл ажил­ла­гаатай, нөгөө нь намтайгаа холбоотой. Яахав дээ, Засгийн газарт бол ажил хийж байгаа тохиолдолд хэрэлдэж, хэлэлцэх зүйл зөндөө байдаг. Гэхдээ намууд хоёр талд ойлголцохгүй ажил урагшлахгүй байс­наас хамтраад ажлаа урагшлуулж байгаа нь сайн гэж би ойлгодог. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд бид бас ч гэж ажил урагшлуулсан. Арав гаруй жилийн турш яриг­даад ярилцаад хийж ча­дахгүй байсан Оюу тол­гой, Таван толгой энэ үед л шийдэгдээд явж байна. Үүнд хүмүүс таатай бай­гаагаа илэрхийлж бай­гаа. Би намынхаа "Мон­гол хүн-2020"-ийн хү­рээнд аймгуудаар явж иргэдтэй уулзсан учраас үүнийг хэлж байгаа юм шүү. Би том утгаар нь харж байгаа учраас хоёр тийш харж сууснаас хам­тарсан нь дээр гэж эхнээс нь хэлж байсан, Одоо ч үүнийгээ дахин хэлж бай­на. Түүнээс Засгийн газ­рын танхим дотор нэгэнт ажил л ярьж байгаа хойно хэлцэж, хэрэлдэх нь бай­даг асуудал. Гэхдээ хувь сайд нар, салбар сал­ба­раа ярьж маргалдахаас нам, намаараа талцаад муудалцаад байдаггүй юм шүү. Үүнийг зориуд хэлье.

АН энэ Засагт 15 сай­даас зургаан сайдын суу­далтай байна. Сайдууд өөр өөрийнхөөрөө л ажил­лаж байгаа, бас хам­тарсан Засгийн газ­рын үйл ажиллагааг өөр өөрийнхөөрөө дүгнэж яваа байх, АН, МАН гэлт­гүй. Тэр үүднээсээ Х.Бат­тулга өөрийнхөө бодлыг хэлсэн биз. Тэр хүн өөрийнхөөрөө бодлоо илэрхийлэхийг би зөв­шөөрнө. Угаасаа би тэр­гүүн шадар сайдын хувьд аль ч нам гэлтгүй бүгдтэй тулах үе ч байдаг юм. Одоо Засгийн газрын бү­рэн эрхийн хугацаа дуус­тал ердөө зургаан сар л үлдлээ. Алдсан нь ч бид­нийх, олсон ч биднийх. Хамтраад хийсэн сайн нь ч, муу нь ч бидний хамтын бүтээл. Тийм байтал нэг нь энхийн цагаан тагтаа болох гээд дэмий л дээ. Засгийн газрын нэг сайд нь эх орныхоо төлөө, бусад нь дандаа эсрэг ажиллаж байсан гэвэл итгэх хүмүүс олдохгүй болов уу. Засгийн тухайд ийм байна. Харин нам­тай холбоотой зүйл дээр санал нийлэхгүй зүйл байна лээ.

-Чухам юу нь?

-Би дээр хэлсэн дээ. Бүх аймгаараа явж, ард иргэд, намынхаа гишүүд­тэй уулзлаа гэж. Тэгэхэд хүмүүс юу бодож, юуг зөвтгөж буруутгаж, бас юуг хүсч байгаа нь ерөн­хий зургаараа харагдаж байгаа юм. Ардчилсан нам нэгэнт ардчилсан хувьсгалыг хийсэн. Одоо тэгвэл эдийн засгийн эрх чөлөөг авчрах эдийн зас­гийн хувьсгал хэрэгтэй байна гэж хүмүүс хүсч байна. Үүнийг ганц хоёр аймгийн арга хэмжээнд оролцсон, орж ч амжаа­гүй хүн яаж мэдэхэв дээ. Жаахан мэдрэмж дутсан хэрэг юм уу даа гэж бод­сон. Бас хүн мэдэхгүй зүйлийнхээ дайсан ч гэ­дэг. Мэдэхгүйгээс тэгж хэлж, тэр нь буруу болж дээ гэж санасан. Би ч биш, манай намын нөхөд надад тэгж хэлж байна лээ. Бодвол Х.Баттулгад өөрт нь ч хэлэх биз.

-Та улстөрчдийн рей­тингийн тухайд юу гэж боддог вэ. Таны нэр шилдэг арван улстөр­чийн жагсаалтад нээ­рээ яагаад ордоггүй юм бэ?

-Би гурван жил АН-ын даргаар ажиллаж байна. Намайг аравт алга, төдөд алга гэж хэлдэг байх аа. Надад яаж ярьдаг байх нь хамаагүй. Өнгөрсөн хугацаанд таныг "Нэгт оруулаад өгье, тэдэд оруу­лаад өгье" гэж хэлж байсан нь ч бий. Би түү­нийг яг яаж шалгаруулдаг юм ойлгоогүй. Надад хэ­дэд орох нь чухал биш. Би энэ намыг толгойлж ирэх хугацаандаа ганц зарчим л барьсан. Энэ нь АН-ыг олон нийт зөв талаас нь хараасай билээ, дандаа дотроо хэрэлдэж, муу­далцаж байдаг гэх тэр дүр зургаас нь салгаж ха­раа­сай билээ гэсэн ганц зүйл.

Ер нь манай намын олон гишүүн бидний нам дотроо авалцдаг, муу­далцдаг тэр явдал маань алдаа байжээ гэдэг. Тэ­гээд нийгэмд намынхаа ерөнхий ойлголтыг нь зөв болгох зорилго тавьсан. Тэр маань бас ч гэж биел­жээ. АН болсон болоогүй зүйлээс болж дотроо муу­далцаж, хүчээ тарамддаг байсан, харин одоо зов­лон дундуур яваад өөр болжээ, төлөвшиж, буурь­тай суурьтай, эрийн цээнд хүрсэн нам болжээ гэж олон нийт үздэг болж. Надад Н.Алтанхуяг рей­тин­гээрээ өндөрт байх нь чухал биш АН бүхлээрээ өндөрт байх нь чухал. Лидер дагаж нам явдаг биш, нам бүхлээрээ хүч­тэй байвал зөв юм шиг санагддаг. Тэгээд ч би багийн тоглогч. Найман хүүхэдтэй айлын хүүхэд. Багаасаа л ганцаараа биш ах дүүгээрээ гэдэг байсан учраас одоо ч намдаа би гэхээсээ ба­гаа­раа гэж боддог юм.

Өнөөдөр харин ямар ч судалгааны газраас яаж ч гаргасан судалгаагаар АН-ын рейтинг өндөр бай­гаа. Энэ бол өнгөрсөн гурван жилд олж авсан манай намын үнэ цэнэ гэвэл яах аргагүй мөн шүү.

-Түүхэндээ АН өр­сөл­дөгч намаасаа өн­дөр рейтингтэй байгаа нь үнэн. Гэхдээ МАН, МАХН гэж салсан уч­раас АН тэгж харагдаад байгаа юм биш үү. Тэд нэг талдаа зогсчихвол танай намын рейтинг өндөр болж чадахгүй тал байна уу. Үүнийг сайд ч ярилцлагадаа дурдсан байна лээ?

-Бид зүгээр сууж бай­сан бол, эсвэл хэрэлдээд л байж байсан бол ийм дүр зураг гарахгүй л бо­лов уу. Рейтинг өндөр болсонд аль, аль талын хүчин зүйл байгааг би үгүйсгэхгүй. Магадгүй нө­гөө нам маань хоёр салсан нь нөлөөлсөн тал бий л байх. Гэхдээ хүн дуртай зүйлээ хараад дургүйгээ харахгүй байж болохгүй биз дээ.

Өнгөрсөн гурван жил ганц би, намын дарга гэдэг энэ хүн зүтгэснийх биш манай намынхан бүгдээрээ хичээж ирс­ний үр дүн. Манайхан дотроо хэлцэж, хэрэлд­лээ гэхэд өөрсдийнхөө ганц үнэт зүйл болсон АН гэдэг дээрээ нэгдэж чад­саныг би хэлмээр байна. Манайхан бид бусдаас тохой илүү байна, гэхдээ доторхи жижиг сажиг мар­гаанаасаа болж, яс зууж давхидагтаа буруу­таад байдаг байж гэдгээ энэ хугацаанд илүү ойл­голцож чадсан. Үүнийгээ ойлгож, нэг зүйл рүү явж чадаж байгаа маань бид­ний амжилт.

Гэхдээ рейтинг өндөр байгаагаа бид ялан дий­лээд байна гэж харж байгаа юм биш. Бидний өмнө цаг хугацаа байна. Олон ч үйл явдал байна.

-Хамтарсан Засгийн газар хэзээ салах вэ гэдэг асуулт танд энэ Засгийн газрын эхний өдрөөс тавигдаж бай­сан байх. Би бас асуу­маар байна?

-Бидэнд нэг хэцүү асуу­дал байж, түүний ард гарсан. Тэр нь юу вэ гэвэл хамтарсан Засгийн газарт орох уу гэдэг асуулт. Өмнө нь Ц.Эл­бэг­дорж Ерөнхий сайдтай хамтарсан Засгийн га­зарт манайхан байж бай­гаад нөгөө намдаа өшиг­лүүлээд гарсан шүү дээ. Тийм шархтай хүмүүс дахин хамтарна гэдэг хэцүү байсан. Гэхдээ ма­най ҮЗХ-ныхон хам­тар­на гэсэн шийдвэр гарга­сан. Тэр хүмүүст би одоо ч баярладаг. Яагаад гэ­вэл гурван жилийн дараа харахад хамтарсан нь зөв байжээ гэдэг нь олон зүйлээс харагдаж, олон нийтийн үнэлэмжээр то­дорч байна.

Хамтарсан Засгаас гарах асуудлыг Н.Алтан­хуяг мэддэг юм биш, С.Бат­болд ч мэддэг юм биш. АН-ын асуудлыг ҮЗХ хуралдаж шийднэ. Гэхдээ ҮЗХ олон нийтийн санал бодлыг хараад шийдвэрээ гаргаж таа­рах байх. Гаргалаа гэхэд түүн дээр нь олонхи, цөөнхи болоод байх асуу­дал байхгүй.

Нэг хэсэг АН-ыг зас­гаас гарах тухай яриа нэлээд дэлгэрсэн. Нууц биш. Надтай хүмүүс таа­рал­да­хаараа "Хэзээ га­рах гэж байна" гэж мэн­дэлдэг болсон байсан үе ч байлаа. Одоогоор ма­най дээр ийм яриа гарсан зүйл алга байна.

-Сонгуульд арай хамтарч оролцох юм биш биз дээ?

-Сонгуульд энэ хоёр нам хоёу­лаа орно. Орохдоо хоорондоо өрсөлдөнө гэдэг нь тодорхой. Аль аль нь, хийсэн зүйлээ ч ярих байх, ялгарч чадах талаа ч тодруулж ярих байх. Бас юу хийхээ ч ярьж таарна.

-Тэгвэл танай нам ялалт бай­гуул­бал нөгөө намаа Хамтарсан Засгийн газарт урих уу?

-Тэрийг одоо хэлж мэдэхгүй шүү дээ. Хууль нь тодорхойгүй байна, юу юу нь ч тодорхойгүй байна. Гадуур "Энэ хоёр нам бүх тохироо­гоо хийчихсэн гэнэ билээ. Зуу­рал­даж, наалдаж байгаад сонгуульдаа ороод дахиад хамтрах гэнэ" гэсэн яриа гарсан байна лээ. Хэн тэгж ярьсныг би мэдэхгүй юм. Ямар гээчийн холыг хардаг хүн үүнийг хардаг байна аа. Монгол Улс ардчилсан орон. Парламентад хэн хэдэн суудал авахыг ард иргэд мэдэхээс намын хоёр дарга мэднэ гэж байхгүй.

Манай намын хувьд гол үнэ цэнэ маань юу вэ гэвэл дотоодын ойлголцол, ард иргэдийн өгч бай­гаа үнэлэмж. Үүнийгээ бид цаашид улам бүр гүнзгийрүүлж дааж явахыг л хичээх болно.

-Танай ҮЗХ хэзээ хуралдах вэ. Танай намынхан улс даяар явуулсан хэлэлцүүлэг дууссан, одоо л болох байх гэсэн яриа хөөрөөтэй байх шиг байна лээ?

-Бид хөдөөгүүр яваад дуус­чих­лаа. Нийслэлийнх хараахан дуу­саагүй байна. Энэ амралтын өд­рүү­дэд бид Сүхбаатар аймагт АН-ын аймгийн дарга удирдлага на­рын зөвлөгөөнийг хийх гэж байгаа юм. Сүхбаатар аймгийн дарга Ж.Батсуурь бол АН-аас сонгогдсон дарга л даа. Аймаг орон нутгийг хэрхэн хөгжүүлж болдгийг нүдэн дээр харуулж байгаа энэ даргын туршлагыг харуулах гэж АН-аас гарсан аймгийн цөөхөн ч гэсэн дарга нар маань цугларч, харил­цан туршлага солилцоно. Завханы Я.Санжмятав, Дорноговийн П.Ган­хуяг, Өмнөговийн Б.Бадраа нар бас аймагтаа хийж байгаа ажлуу­даа ярьж танилцуулах юм. Мөн ирэх сард ардчилсан хувьсгалын ойн өдрүүд маань болно. Үүний дараа л бид хуралдана даа.

-Таныг нэг гараараа МАН-тай гар бариад, нөгөө гараараа С.Эр­дэнэ, Т.Хасбаатар нарыг тур­хир­даг гэсэн яриа байх юм. Ялан­гуяа нөгөө намынхан тань тэгж харддаг бололтой юм?

-Би тийм юм хийдэггүй л дээ. Би асуудалд нь ханддаг болохоос тэр муу хүн, тэр сайн хүн гэж ханд­даггүй. Эрхбиш гурван жил хамт­раад ажиллахад нөгөө намынхан маань намайг ямар хүн бэ гэдгийг мэддэг болсон байлгүй дээ. Энэ нөхөр юуг хийдэг, юуг эс хийдэг вэ гэж. Хэрэв би тийм зүйл хийдэг байсан бол энэ Засаг аль хэдийнэ салж унах байсан. Үүнийг өмнөх Засгийн газар ха­руул­чихсан юм. Ц.Элбэгдорж Ерөн­хий сайд байхдаа гартаа өндөг бариад явж байна гэж хэлсэн нь яг үнэн. Хэзээ ч хагарчихаж магадгүй тийм эмзэг юм ш дээ.

-Нэг хэсэг танай нөгөө хамт­рагч намын тань дотоодод бага­гүй асуудал өрнөлөө. Байдал багагүй ч хурцдаж ирээд намж­лаа. Тэр үед танайхан байдлыг юу гэж дүгнэж байв?

-Ерөнхий сайд С.Баяр бид хоёр анхнаасаа "Танай намын асуудал танай намынх, манай намын асуудал манай намынх" гэж тохирч байсан юм. Тиймээс бид нөгөө намынхаа асуудалд орж ярьдаггүй. Нам хойно ярих, хэлцэх асуудал байж л таарна шүү дээ.

-Та анх С.Баяртай хамтарч, дараа нь С.Батболд залгамжлах үед үргэлжлүүлэн гар нийлсэн. С.Батболд сайдын "С.Баяр бол том тоглогч" гэдэг үгийг та юу гэж хүлээж авдаг вэ?

-Тэр хүн нөгөө хүний талаар юу гэж үнэлж байгаа нь надад хамаа­гүй. Би С.Баяр, С.Батболд нартай хамтарч ажилласан нь үнэн ч хувь хүнтэй хамтарч ажилласан бус, хамтарч хийх ажлын төлөө нэгдэж ажилласан юм шүү. Бид асуудлын төлөө, ажлын төлөө хамтарч ажил­ласан. Гэхдээ харилцан ойлголцож хамтарч ажиллаж чадсан.

-Өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар Х.Бат­тулга сайдын салбарт шаард­ла­гатай мөнгө төгрөгийг яаралтай гаргаж өгөхийг Ерөнхий сайд үүрэгдсэн гэсэн. Салбарын сай­дын хувьд хатуухан ярилцлага өгч мөнгөө шийдүүлж авах тактик байсан юм болов уу?

-Мэдэхгүй ээ. Монгол Улсын төсвийн ихэнх нь сайдаар нь хэл­бэл Х.Баттулга, Д.Зоригт гэдэг хүн рүү л явдаг юм ш дээ. Салбараар нь хэлбэл барилга, зам тээвэр, эрчим хүч, уул уурхай гээд. Үнэндээ ч мөнгө хомсдчихоод байгаа юм байхгүй л байх. Харин ч мөнгө маань ихэдчих гээд байх шиг байна шүү. Мөнгө их орсны хэрээр улс хөгждөг юм биш, харин мөнгөө зөв зарцуулсны хэрээр улс хөгждөг гэж би ойлгодог. Намайг Сангийн сай­даар ажиллаж байхад манай ул­сын төсөв 600 тэрбум төгрөг бай­лаа. Харин одоо тав дахин нэ­мэгдэж. Тэгэхээр энэ их мөнгөө зөв зарцуулахын тулд эдийн засгийн хувьсгал хийх хэрэгтэй юм байна гэж ойлгож байгаа. Хүмүүс ч үүнийг хэлж баталсаар байна.

-Х.Баттулга сайдын ярилц­лагуу­даас "Энержи ресурс"-т нэлээд шүүмжлэлтэй ханддаг нь харагдаж байна уу. Хувь хүний асуудлууд байна уу, салбарт нь байдаг хүний хувьд үнэхээр болохгүй зүйл байгаад бухим­даад байдаг болов уу?

-Тэрийг хэлж мэдэхгүй юм даа. Би Таван толгойн ажлын хэсгийг ахалж байхад өргөн, нарийн төмөр зам гээд их маргасан даа. Тэр үед би хэлж байсан. "Төрийн ажлыг телевиз сонингоор хийхгүй шүү" гэж. Одоо ч тэр байр суурь маань хэвээрээ.

-Сонгуулийн тухай хууль яг хаанаа, хэн дээр гацчихаад бай­на вэ?

-Сонгуулийн тухай хууль га­цаагүй, явж л байгаа шүү дээ. Анх манай нам 50:26 гэж, МАН 26:50 гэж бүр хоёр эсрэгээр нь тоо хэлж орж ирж байсан. Тэгээд ярьсаар байгаад нэг тоон дээрээ тохирчих­лоо. Манай намын зүгээс холбирч, хөдөлшгүй байгаа нь одоо байгаа засаг захиргааны хуваарилалтыг өөрчлөхгүй шүү, орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтдаа явуулна шүү гэдэг зүйл байгаа юм. Түүнээс бусад дээр хэлэлцээд харилцан тохироод явж болно гэж үзэж байгаа.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [194.199.4.10] 2023-06-25 22:44:47

chi muu sorondoo yab!!!!


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.