Нийгмийн даатгалын багц хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Aдмин / Улстөр

Улсын Их Хурлын чуулганы баасан гарагийн хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Боловсролын тухай хууль зэрэг хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэв. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төслийг харьяалах байнгын хороо хэлэлцэн дэмжсэн бөгөөд зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудаар чуулганы үеэр санал хураасан юм. Нийгмийн даатгалын багц хуулийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төр хариуцсанаар улсын төсөвт үүсэх ачаалал болон уурын зуухны галч нарын ажиллах нөхцөлийн талаар асуулт асууж, хариулт авсан.

Нийгмийн бодлогын байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, С.Ганбаатар, Х.Ганхуяг нар үг хэлж, тэтгэврийг дараалсан долоон жилийн цалингийн орлогоос бодож буйг таван жил болгох, даатгуулагч хөдөлмөрийн чадвараа түр алдсаны эхний таван өдрийн тэтгэмжийг ажил олгогч өгөх, хамтын тэтгэврийн буюу гэр бүлийн хоёр хүний нэг өөд болоход үлдэж байгаа хүний тэтгэврийн хэмжээг 20 хувиар нэмэгдүүлэх зохицуулалт хэзээнээс хэрэгжих, тэтгэврийн нөөц санг Ирээдүйн өв сан болон улсын төсвөөс бүрдүүлэхээр заасан нь хуульд нийцэж буй эсэх талаар асууж, ажлын хэсгийн гишүүдээс хариулт авлаа. Х.Ганхуяг гишүүн малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төрөөс төлөхөөр заасныг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн юм.

Улсын Их Хурлын гишүүдийн асуулт, саналтай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар байр сууриа илэрхийлж, тэтгэвэр бодох итгэлцүүрийг зөв тогтоох, хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлалд шилжих санхүүгийн эх үүсвэрийг оновчтой тооцох, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн менежментийг сайжруулах шаардлагатайг онцолсон юм. Ийнхүү чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хэлэлцэхийг дэмжсэнээр удаан дуншсан Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

Боловсролын ерөнхий хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулсан. Хуулийн төслийн 22.8-д “Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүсэлтээр бага боловсролыг гэрээр эзэмшүүлж болох бөгөөд холбогдох журмыг Засгийн газар батална." гэсний “холбогдох журам” чухам юу байх тухай тодорхой заах шаардлагатайг Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр хэллээ. Эцсийн хэлэлцүүлэгт энэ журмыг тодорхой нэрлэж оруулж ирэхийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар чиглэл болголоо.

Зарчмын зөрүүтэй саналуудыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороонд шилжүүллээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх Нийгмийн бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат танилцуулсан юм. Тэрбээр танилцуулгадаа Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцсэн тухай дурдаад, Ажлын хэсгээс Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй ес, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбоотой нэг санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ.

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх Улсын Их Хурлын гишүүн байгаагүй. Тиймээс зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Ингэснээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.