Хаврын чуулган: Авлигын алтан үе дууслаа

Aдмин / Улстөр

Хаврын чуулган хачин даруухнаар хөшгөө татав.

Улсын наадам тулчихсан. Улсаараа олон хоногийн амралтад зэхчихсэн. Угаасаа иймэрхүү байдаг л даа. "...Яг ийм үед, хаврын чуулганы хаахын өмнө хуудуутай хууль баталдаг гэмтэй" гэдэг. Энэ удаад ч сүүлийн өдрүүдэд баталсан Боловсролын багц хууль, Нийгмийн даатгалын багц хууль дээр ийм зүйл яригдав. Угаасаа нийгмийн байр суурь ч нэг байж чадсангүй. Энэ хуулиудад тодорхой бүлэг хүний бизнесийн эрх ашиг шингээд явчих шиг болов. Ийм хардлага үлдсэн. Тухайлбал, малчны нийгмийн даатгал, англи хэлний асуудал хоёр ийм "толбо"-той үлдлээ. Гэхдээ энэ хаврын чуулганаар авлигын эсрэг эрх зүйн орчныг бий болгоход асар том алхмыг хийлээ.

Хаврын чуулганы өмнө УИХ-ын дарга Г.Занданшатар "Өнөөдөр" сонинд ярилцлага өгөхдөө "...Хаврын чуулган авлигын эсрэг эрх зүйн шинэчлэл хийх чуулган байх болно” гэж мэдэгдсэн. Үнэхээр ч авлигын эсрэг бодлоготой хууль, тогтоол, хөтөлбөрүүд УИХ-д оччихсон байсан. Гэхдээ олон жил яригдаад, зүтгүүлээд тусыг олоогүй, бас албан тушаал хашиж буй эрхмүүдэд онцгой халтай хуулиудыг энэ УИХ баталчихна гэдэг итгэл олон нийтэд байсангүй. "...УИХ-ын дарга том заллаа даа" л гэж байв. Гэтэл хаврын чуулган түүний хэлснээр болов.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа. Энэ нь "...Шударга ёс тогтоох, алба тушаал, эрх мэдлээр бусдаас давуу байдал эдлэхийг хязгаарлахад эдгээр хууль, үндэсний хөтөлбөр чиглэсэн" хэмээн УИХ-ын дарга хаврын чуулганы хаалт дээр онцолно лээ.

Мөн хаврын чуулганаар авлигын эсрэг эрх зүйн өөрчлөлтийн үндэс гэж болохуйц өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулсан юм. УИХ-ын дарга Г.Занданшатар энэ талаар "...УИХ-ын гишүүд бол дарга биш ард түмний “элч төлөөлөгч” байх тогтолцоог бэхжүүлэх үүднээс гишүүдийн тоог 126 болгон нэмэгдүүллээ. Сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульд бататгасан. Энэ нь хаврын чуулганы чухал үр дүн болно. УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улс төрийн намын тухай хуулиуд, Нийгмийн даатгалын болон Боловсролын багц хуулийг баталсан нь эрх зүйн томоохон шинэчлэлт болж байна" гэв. Мөн тэрбээр "...Энэ бүхнийг хийхийн тулд УИХ-ын ээлжит чуулганы үйл ажиллагаа ихээхэн ачаалалтай байлаа.

Улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн тогтолцоог өөрчлөн шинэчлэх асуудлуудаар эрх зүйн томоохон реформ хийсэн шинэчлэлийн чуулган боллоо" хэмээн дүгнэсэн. Энэ үнэн. Манайхан бүх шатандаа "...Тогтолцоо болохгүй байна", "...Албан тушаалтнуудын авлигын асуудал газар авлаа" гэж хашгирцгаагаад олон жил болсон. Товчхондоо, энэ УИХ 2023 оны хаврын чуулганаараа "...Авлигын алтан үе дууссан шүү" гэдгийг албан ёсоор зарлачихлаа.

Үүгээрээ түүхэн чуулган болж байгаа юм. Тэр утгаар нь "...Хаврын чуулган хачин даруухнаар хөшгөө татав" гэсэн хэрэг. Тэгэхээр одоо нэгэнт батлагдсан хууль, хөтөлбөрийг дагаж мөрдөх хийгээд хэрэгжүүлэх л үлдлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.