С.БОЛОРСАЙХАН: ЗАРИМ УЛСТӨРЧИД НААДАМ, НАЙР ХЭСЭХ Ч ЗАВГҮЙ ХӨШИГНИЙ АРДАХ УЛС ТӨРИЙН ТОХИРОЛЦООГОО ХИЙСЭЭР БАЙНА
Нийгмийн ухааны доктор, улс төр судлаач С.Болорсайхантай сонгуулийн тогтолцоо, улс төрийн намуудын талаар ярилцлаа.
-Хаврын чуулган өндөрлөж, наадам, найрын сар үргэлжилж байна. Хэдий улс төр үйл явдал багатай ч гэсэн хөшигний цаана идэвхтэй явагдаж байгаа гэж судлаачид хэлж байна л даа. Та үүнтэй санал нэг байна уу?
-Жил бүрийн долоо, наймдугаар сар улс орон даяараа үйл явдал багатай, ихэнх хүмүүс амралт, аялалын режимд орчихсон байдаг нь үнэн. Гэхдээ энэ жил бол сонгуулийн өмнөх жил. Нөгөөтэйгүүр Үндсэн хууль болон, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулиудад томоохон өөрчлөлт орсон онцлогтой жил. Тиймээс улс төрийн хүрээнд тэр дундаа намуудын гал тогоо хөл хөдөлгөөн ихтэй байгаа. Дээд шүүхэд бүртгэлтэй 30 гаруй нам бий. 2020 оны сонгуулийн жилийн өмнө буюу 2019 онд эдгээр бүртгэлтэй улс төрийн хүчнүүдийн тал нь л үйл ажиллагаандаа салхи оруулж, хөдөлж эхэлсэн. Гэтэл энэ жилийн хувьд Дээд шүүхэд бүртгэлтэй бүх улс төрийн хүчнүүд тодорхой хэмжээгээр үйл ажиллагаагаа эрчимжүүлж эхэлсэн. Энэ нь мэдээж Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой. Тэр утгаараа хөшигний цаадах улс төр тайзны ардах жүжигчдийн бэлтгэл шиг л бужигналдаж байгаа гэсэн үг.
-Хөшигний цаана яг ямар улс төр явагдаж байгаа гэж?
-Үндсэн хуулиараа бид ирэх УИХ-ын сонгуулиар 126 гишүүнийг сонгоно.
Үүнийхээ 78-ыг нь мажиротариар 48-ыг нь намын жагсаалтаас гаргаж ирнэ. Тиймээс холимог системийн нөлөөллөөр намуудын үйл ажиллагаа идэвхжихээс өөр аргагүй. Нөгөөтэйгүүр намын жагсаалтаар орж ирэх сонирхолтой улстөрчид гэрэл харсан эрвээхий шиг бужигналдаж байна. Хоёрдугаарт, он гарахаас өмнө нам доторх бүтэц зохион байгуулалтын асуудлаа шийдэх хуультай. Өөрөөр хэлбэл он гарахаас өмнө тохиролцоо, хэлэлцээрээ дуусгах ёстой гэсэн үг. Тиймээс цаг хугацаа тулчихсан учир зарим улс төрчид наадам, найр хэсэх ч завгүй хөшигний ардах улс төрийн тохиролцоогоо хийж байна. Тухайлбал, МАН-ын хувьд намын ах нар нь жагсаалтаар орж ирэх гэж дүү нараа аргадаж сууна. Тэдний хувьд улс орныг удирдахын тулд ахмадуудын туршлага хамгийн үнэтэй гэх лоозонгоор залуучуудаа өдөр шөнөгүй толгойг нь угааж байгаа. Магадгүй ах нар нь намаа хариуцъя, залуучууд та нар тойргоо хариуц гээд хуваачихсан ч байж мэднэ. Голын эрэг дагаад айлууд зусч, хөгшин залуугүй нэгнийхээрээ орж гарч хөл хөдөлгөөн болдог шиг нийслэлд намын байруудаар гарч орсон хүмүүс их байна. Тэр утгаараа улс орны бодлого, нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой үйл ажиллагаа явуулахаас илүүтэйгээр намын болоод сонгуулийн асуудал улстөрчдийн толгойн өвчин болчихоод байгаа юм.
-МАН-аас бусад намуудын хувьд ямар улс төр явагдаж байна вэ?
-Ардчилсан намын хувьд дотоод эв нэгдлээ бүрэн бэхжүүлж чадаагүй байна. Хэдий Дээд шүүхээр намын даргаа бүртгүүлсэн ч гэсэн хөшигний ардах улс төр нь хийгдэж дуусаагүй байгаа. Үүнээс нь болоод намын гишүүд дэмжигчдийнх нь бодол мөн эргэлзээтэй байдал хүрсэн гэж ойлгож болно. Эв нэгдлээ дөнгөж олох гэж байсан намын хувьд сонгуулийн тогтолцоог холимог болгосон өөрчлөлт сөргөөр нөлөөлж байна уу даа гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл эрх мэдлийн төлөөх зодоон нам дотор дахин бий болох нөхцөл бүрдсэн гэсэн үг. Энэ зодоон дөнгөж сэхээнээсээ салах гэж байгаа намын хувьд дахин нэг хүнд цохилт болох нь тодорхой. Тиймээс АН-ын хувьд дотоод асуудлаа хурдан шийдэхгүй л бол сонгуулиар хүссэн суудлаа авч чадахгүйд хүрнэ. Нөгөөтэйгүүр асуудлаа шийдэхгүй цаг алдах тусам асуудал нь улам томорсоор л байна. Үүнийгээ АН-ынхан мэдэж байгаа ч асуудлыг түргэсгэх тал дээрээ хангалтгүй ажиллаж байгаа гэж судлаач хүнийхээ хувьд дүгнэж байна. ХҮН намын хувьд асуудал нь тодорхой болчихсон. Өөрөөр хэлбэл улс төрийн бусад намуудаас түрүүлж бэлтгэлдээ гарсан гэсэн үг. Тиймээс тэдний хувьд ирэх 2024 оны сонгуулиар эрт бэлтгэлд гарсаныхаа үр дүнг сайнаар авах болов уу.
-МАН-ын хувьд 2016 оноос өдийг хүртэл үнэмлэхүй олонх болж, Засгийн эрхийг дангаараа барьж байгаа. Өнгөрсөн хоёр ч УИХ-ын сонгуулийг тэд нэг л дүрмээр явуулсан. Харин энэ удаагийн сонгуулийг тэд өөр дүрмээр явуулахаар болсон нь ямар учиртай гэж судлаач хүний хувьд бодож байна вэ?
-Хожсон хүн тоглоомын дүрмээ тогтооно гэдэг бол улс төрийн бичэгдээгүй хууль. Түүнтэй адил хоёр ч удаагийн том тоглолтод үнэмлэхүй хожил авсан МАН-ын хувьд өөрсдийгөө хожигдох дүрмийг хэзээ ч батлахгүй. Тэдний баталсан дүрэм яаж ч бодсон өөрсдөд нь ашигтай л байгаа. Угтаа өмнөх системээрээ сонгуулиа явуулсан бол МАН-ын хувьд дахин олонх болох магадлал өндөр. Гэхдээ нэг сул тал нь тэд дахиад л нийт ардын саналыг авч чадахгүй байх байсан. Тэгвэл асуудал бүр хурцдаж, магадагүй 2024 оны сонгуулийн үр дүнгээр байгууллагдсан парламент хугацаанаасаа өмнө тарах нөхцөл үүсэхийг үгүйсгэхгүй. Тэгвэл МАН уналтад орно. Яг л өнөөгийн Ардчилсан нам шиг болно. Тиймээс тэд тоглоомын дүрмээ өөрчилж, ирээдүйд гарах эрсдэлээ тооцсон нь дамжиггүй. Энэ удаагийн баталсан Үндсэн хуулийн өөрчлөлт болоод Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтүүд бүхэлдээ улс төрийн намуудын хувьд ашигтай мэт боловч МАН-ын хувьд дахин олонх болох магадлыг улам нэмэгдүүлсэн гэж харж байгаа. Учир нь тэд тоог нэмчихсэн. Тоог нэмэлгүй зөвхөн сонгуулийн тогтолцоог өөрчилсөн бол энэ нь эсрэгээрээ МАН-д ямар ч ашиггүй болох байсан. Тиймээс тэд үүнийгээ мэдсэн учраас тоог нэмсэн гэсэн үг.
-Улс төр судлаач хүний хувьд өнөөгийн намуудын болоод улстөрчдийн рейтинг ямар байгааг маш сайн мэдэж байгаа байх. Тэр утгаараа ирэх 2024 оны сонгуулиар ямар нам олонх болох бол гэсэн тооцоолол бий юу?
-Мэдээж нарийн тоог хэлэх ямар ч боломжгүй. Гэхдээ магадлал, таамаг маягаар төхүүлж хэлж болох юм. Түрүү нь хэлсэн шиг МАН-ын хувьд тоглоомын дүрмээ өөрт ашигтайгаар л хийсэн байж таарна. Тиймээс тэд 2024 оны сонгуулиар яагаад ч цөөнх болохгүй гэсэн үг. Магадгүй Ардчилсан нам болон бусад улс төрийн намууд саналыг нь хувааж хүчтэй өрсөлдөж чадвал МАН-ын хувьд суудал нь тэнцэх магадлалтай. Суудал тэнцвэл аль нэг намтай нь эвсэл болж, Засгийн газраа бүрдүүлнэ. Сонгуулийн холимог тогтолцоог бид 2012 онд хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд Ардчилсан нам 21 суудал авч олонх болж байсан ч Засгийн газрыг бүрдүүлэхийн тулд эвссэн. 2012 оны Засгийн газрын тэргүүнээр Н.Алтанхуяг сонгогдож байсныг та санаж байгаа байх. Тэр утгаараа ирэх жилийн сонгуулийг бид холимог системээр хийх гэж байна. Тиймээс суудал тэнцэх магадлал өндөр. Гэхдээ гишүүдийн тоог нэмчихсэн учраас МАН-ын хувьд олонхын суудлаа хадгалж үлдэнэ гэж тооцож байгаа.
Э.МӨНХТҮВШИН
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Ганц л зүйлийг хариулчих. [192.82.75.41] 2023-07-27 21:47:39
Ганц зүйлийг хэлээд өгчих, судлаач аа. Яавал МАН-ын сөрөг хүчний намууд томорч МАН-тай дүйцэх хэмжээнд хүрэх вэ? Тэгэж чадах болов уу?
ХН [202.179.24.47] 2023-07-27 16:10:30
ТОХИРОХОО Ч ХАТ ДӨӨ. ГҮЧИНДЭЭД ЯВЦГААЧИХЫМ БАЙГААЗ