Яах гэж бид татвараа төлж, хэнийг тэжээгээд байна вэ?!
Төр гэдэг эрх дархын биш, үүрэг хариуцлагын тогтолцоо
Төрийн үүрэг зорилго юу вэ? Яах гэж ард түмэн Төр гэдэг бүтцийг бий болгон, татвараа төлж тэжээдэг вэ?
Улс үндэстнийхээ эрх ашиг, ард түмнийхээ аз жаргалтай сайн, сайхан амьдрал, хөгжил цэцэглэлтийг хангах үүрэг хариуцлагын ачааг үүрүүлэхийн тулд Төр гэдэг улс үндэстнээ залж жолоодон, бурууг засаж, зөвийг дэмжиж, нийгмийн амьдралын зам мөрийг тунгаан чиглүүлж, ард түмнээ асран тэтгэх удирдлага хяналтын бүтцийг хүн төрөлхтөн анх бодож олж, бий болгожээ.
Гэр бүлд эцэг эх ямар үүрэг хариуцлага хүлээдгийн адил улс үндэстний хувьд Төр нь тэр л үүргийг хүлээж иржээ.
Товчхондоо Төр гэдэг бол үүрэг хариуцлагын тогтолцоо юм.
Харин 1992 онд баталсан Монгол Улсын Үндсэн хуулиар ямар “Төр”-ийг байгуулсан бэ? Үүнийг Үндсэн хуулийн зүйл заалтуудаас харцгаая!
Хорьдугаар зүйлд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” гэж,
Хорин тавдугаар зүйлийн 1-д. “Улсын Их Хурал төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.
Ийнхүү Монголын Төрийн дээд эрх барих байгууллага нь зөвхөн хууль тогтоох, хэлэлцэх, тэр нь улс үндэстний эрх ашиг, ард түмний сайн сайхан амьдралыг хангах ямар ч үүрэг, хязгаарлалтгүй, хяналтгүй, юу дуртайгаа хэлэлцэн хуульчилж болох дархан эрхээр хангагдсан болохыг дээрх заалтуудаас харж болно. Өөрөөр хэлбэл Химийн цэвэрлэгээний газарт хиртэй хувцсаа барьж очоод төлбөрөө төлөөд цэвэрлүүлж аваад явдаг шиг, гадна дотрын хэн ч бай хамаагүй “энэ хуулийг, ийм заалтыг өөрчилж өг, энэ чинь ашиг олоход гай болж байна” гэж хуулийн нэмэлт, өөрчлөлт, эсвэл бүр шинэ төсөл барьж ирээд батлуулж аваад гарч болох дагнасан нэг үйлчилгээний байгууллага гэсэн үг.
Арай ч үгүй байлгүй дээ гэж үү?!
Харамсалтай нь энэхүү Үндсэн хуулиар заасан “ажлаа” гүйцэтгэж ирсний ганц жишээ нь зөвхөн “Ашигт малтмалын тухай” хуулинд гэхэд л 153 удаа өөрчлөлт оруулсан байдаг. Тэр өөрчлөлт бүр нь Монгол улсын эрх ашгийг хохироосон агуулгаар нэмэгдэж байсныг хэлэх нь илүүц биз ээ!
Гэхдээ тэр нь УИХ-ын гишүүний ухамсартай л илүү холбоотой шүү дээ!
Нээрээ УИХ-ын маань бүтэц, шалгуур юусан билээ?!
Эндээс УИХ-ыг бүрдүүлж юу дуртайгаа хэлэлцэх дархан эрхээр хангагдсан бүрэлдэхүүн нь хэн байх ёстой вэ? гэсэн бас нэг асуулт гарч ирнэ.
МУ-ын Үндсэн хуулийн
Гучин нэгдүгээр зүйлийн 2-т “Улсын Их Хуралд суудал бүхий нам дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид тус бүр нэг хүний нэр дэвшүүлнэ.” гэж
Гучин есдүгээр зүйлийн 2-т “Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна” гэж,
Хорин дөрөвдүгээр зүйлийн 1-д “Улсын Их Хурлын дарга, дэд даргыг Улсын Их Хурлын гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн саналаа илээр гаргаж сонгоно. Улсын Их Хурлын тухайн сонгуулийн дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс Улсын Их Хурлын дэд даргыг сонгоно” гэж тус тус заасан.
Дээрхи заалтуудаас УИХ-ын бүрэлдэхүүн нь нам гэх бүлэглэлүүд байх нь ойлгомжтой байгаа. Бүлэглэлүүд шүү!!!
Тэгвэл ард түмэн итгэж найдан Төрийн дээд эрхээ бариулах ёстой болоод байгаа тэр нам гээч бүлэглэлүүдэд нь хэн байх юм бэ? гэсэн зүй ёсны асуулт гарч ирнэ.
Октябрийн хувьсгалын их удирдагч В.И.Ленин нэгэнтээ “Нам бол манай эрин үеийн оюун ухаан, нэр төр, нандин чанар юм” хэмээн тодорхойлсон байдаг. Энэ хүн улс төрийн нам гэдгийг ийм хүмүүсийн бүрдэл байх ёстой, ийм нам улс орныг удирдан авч явах үүрэг хариуцлагыг үүрнэ гэж үзэж байжээ.
Тэгвэл намын талаар манай Үндсэн хуульд юу гэж заасан бэ?
Арванзургадугаар зүйлийн 1.10-т “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй...” гэж
Арван ес1 дүгээр зүйлийн 1-д “Нам Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 10-т заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллана.” гэж 2-т “.Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна.” /Энэ хэсгийг 2028 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл манай Үндсэн хуулиар нам гэдгийг хэн байх нь хамаагүй, “хувийн ашиг сонирхлоороо нэгдсэн” бүлэглэлүүд байхаар чиглүүлэн зааж, монгол улсын хүн амыг “нам” гэсэн нэртэй ашиг сонирхлын бүлэглэлүүдэд тасчин хувааж, талцуулан толхилцуулах зам мөрийг засаж өгчээ.
Улс төрчид маань “Төр” гэдэг бол ард иргэдэд үйлчилгээ үзүүлдэг үйлчилгээний л байгууллага шүү дээ! гэж өөрсдийгөө зөвтгөж, сурталчилж ирсний цаад учир ч энэ юм.
Чухам ингэж тодорхой зааж, амьдралд нэгэнт хэлбэршүүлэн хэвшүүлчихсэн байхад тэр “бүлэглэлүүд” “Байнгын ажиллагаатай парламент” гэх дархан эрхтэй, ямар ч хариуцлага хүлээдэггүй, дагнасан “үйлчилгээний байгууллагын” тогоонд орж аваад хэн илүү төлбөр төлсөнд нь “үйлчилгээ”-гээ үзүүлэхээр ханцуй шамлан уралдаад, уралцаад байхаас биш яах вэ!!!
Одоо тэгээд Төр гэдэг маань юу болчихов оо?!
Нам нэртэй ашиг сонирхлын бүлэглэлүүд юу дуртайгаа ярьж, хийж, дураар авирлаж болох эрх дархын тогтолцоог Үндсэн хуулиар бий болгоод, түүнийг “Төр” гэж нэрлэжээ.
Шуудхан хэлвэл ард түмний толгой дээр хулгайч луйварчдын бүлэглэлүүд үүрлэх тогтолцоог бодож олоод, түүнийгээ “энэ бол төр юм”, харин “ард түмэн “төр”-өө шахаж шаардаж, байнга тэмцэж байх нь жинхэнэ иргэдийн эрх чөлөөний илэрхийлэл, юунаас ч эрхэм ардчилалын үнэт зүйл нь юм” гэж сургаж сурталчилж ирлээ.
Одоо тэгээд бүр Төрийн ажлыг сайжруулахын тулд “Ардчилсан Парламентын засаглалаа бэхжүүлэх хэрэгтэй байна” хэмээн нөгөө хулгайч луйварчид, зүгээр сууж тэжээлгэгч залхуучуудыг бэлтггэдэг “тогоогоо” томсгож, 126 суудалтай болголоо.
Хог хаягдлаар саргар дүрс босгож, төв талбайдаа байрлуулаад “Энэ бол жинхэнэ гацуур. Түүнээс ялгарах цэвэр хүчилтөрөгчөөр нь бид амьсгалан эрүүлжиж, үр жимс нь ургаж болмогц самар, жимсийг нь түүж авч иднэ” гэж итгүүлэхтэй л адил юм даа.
Монголын ард түмэнд улс үндэстнийхээ эрх ашиг, ард иргэдийнхээ сайн сайхан амьдралыг хангах үүрэг хариуцлага хүлээсэн жинхэнэ Төр хэрэгтэй юм уу, эсвэл тонуулч луйварчдын диваажинг бүтээхээр толгой дээр маань “зассан” эрх, дархын тогтолцоо хэрэгтэй юм уу?!
Яах гэж бид татвараа төлж, хэнийг тэжээгээд байна вэ?! Бүгдээрээ нэг тунгааж үзэх цаг болсон юм биш үү?!
О.Лхагвадорж
Эх сурвалж: Сонин.мн
Сэтгэгдэл
Зочин [122.201.24.187] 2023-08-04 09:21:10
Бид нарын татварын мөнгөөр ДАНХАЙСАН ТӨРИЙГ , ДАРГА НАРЫН ЦҮНХ БАРИГЧ нарыг тэжээж байна.Хэлэх үг алга.7 жилийн өмнө буюу 2016 онд төрийн 180.000 албан хаагч байсан бол эдүгээ 280.000 төрийн албан хаагчтай болжээ. Цахимд шилжих тусмаа хүнийхээг тоог хасах биш нэмж нэг комьютер дээр 2 хүн суудаг болсон юм шиг байна дөө
ЗОЧИН [202.126.90.77] 2023-08-03 11:05:49
ТӨР НЭРТЭЙ МАФЫН БҮЛЭГЛЭЛ АРД ТҮМНЭЭ Л ШУЛНА ӨӨР ЮУ Ч ХИЙХГҮЙ БАЙГАА. АЛБАН ЖУРМЫН ДААТГАЛ ГЭЖ ШУЛНА. УИХ-ЫН БҮХ ГИШҮҮД ДААТГАЛЫН КОМПАНИТАЙ ТЭГЭЭД ХУУЛЬ ГАРГААД ЖОЛООЧ НАР БОЛОН УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫГ ШУЛЖ ИДДЭГ
Утгагуй зүйл санхүүжүүлээд дуусна. Найдах хэрэггүй. [66.181.181.176] 2023-08-03 03:27:30
Бидний төлсөн татвараар нийслэлээ Хархоринлуу 2050 он гэхэд нүүлгэнэ гэнээ. Иймд татваоын мөнгө бидэнд зарагдахгүы. Улсын мөнгө бетонон байшин барилга болно. Бидний болон манай хүүхдүүдийн ходоодонд орохгүй.