Сонгууль эхэлжээ, улстөрчид уйлаад л, хандив гуйгаад л...

Aдмин / Улстөр

“...Улс төр хар тамхи хоёр адилхан” гэдэг. Нэг орсон хүн гардаггүй. Түүгээр нь адилтгадаг. Нээрэн ч, ажаад байх нээ адилхан л бололтой юм. Тэр нь аливаа сонгууль дөхөхөөр харагддаг л даа. Ер нь сонгуультай сонгуульгүй улс төр дагасан нөхдүүдээс байнга ханхалж явдаг юм.

УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль юу юугүй болох дөхлөө. Ердөө арваадхан сар үлдсэн. Ирэх сонгуулийн тоглоомын дүрэм наадмын өмнө тодорхой болчихсон. УИХ 126 гишүүнтэй байна. 48 нь жагсаалтаар орно. 78 нь тойргоос сонгогдоно. Энэ 126 гишүүний суудал руу дор хаяж 1260 “хүсэл” тэмүүлж байгаа биз ээ.

УИХ наадмын өмнө сонгуулийн “дүрэм”-үүдийг эцэслэснээс хойш УИХ-ын гишүүний сэнтий зүүдэлж явдаг хүмүүс унтаж чадахаа больж буй бололтой.

Уг нь сонгууль угтсан ийм улс төр их нууцаар, далдуур явж байсан юм. Уул нь өдийд ингэтлээ халуурч гарч ирдэггүй үе л дээ. Харин далдуур сонирхсон тойрог, хүссэн жагсаалтыг нь булаах гэсэн өрсөлдөгчөө шоглоод байдаг цаг л даа.

Гэтэл үер болж өнөөдүүлийг “нүх”-нээс нь туугаад гаргаад иржээ. Ингэж цагаасаа өмнө гарч ирснээс болсон уу яасан, солиорч өгч байна. Сүхбаатарын талбай дээр “...Үерт өртөгсдөд тусална” гээд цаасан дээр “...Хандивын данс” гээд банкны данс биччихсэн нөхөр зогсож байх юм. Гайхлаа. Эзэд нь хэрэлдээд салцгаачихсан, бараг л хаяад явцгаачихсан нэг намын дарга гээд хэдэн сарын, магадгүй жил гаруйн өмнө явж байсан залуу л даа. Тулгаа гэдэг. Тэгж намын дарга болохоосоо өмнө удирдаж байсан компанийнх нь ажилтан ослоор нас бараад лифтний хонгилд цогцос нь илжрээд олдож байв. Ар гэр нь маш хөөрхийлөлтэй үлдсэн дээ. Тулгаа маань тэднийг хайрлалаа, өмгөөллөө гэж дуулдаагүй. Харин үерийн сургаар өмөлзөөд гараад ирэх нь тэр. Бас нэг намын дарга, улстөрч бүсгүй “...Хотын дарга огцор” гэж байснаа хэнгэнэтэл уйлж байна. За тэгээд яриад байвал зөндөө л олон “солиотой шоу” цаана чинь явагдаж байна.

Сонгогчид шал өөр болчихоод байхад, улстөрчид, улстөрч болох хүсэлтэй хүмүүс аль 1990-ээд оны арга барилтайгаа үлдчихжээ. “...Өрөвдүүлнэ, уйлуулна, инээлгэнэ” гээд л дайраад байдаг нь хэвээрээ л байх юм. Харамсалтай л юм. Инээх байтугай итгэхээ больчихоод удаж байна шүү дээ, гэтэл.

Ерөөсөө ирэх жилийн зургадугаар сар дуустал ийм шоу тасрахгүй нь тодорхой боллоо. Эрхэм гишүүн болох мөнхийн мөрөөдөлтнүүд маань шоу тоглоод сүйд хийх бололтой. Өрсөлдөгчөө намнана гэнэ. Тэр нь бүтэлгүйтвэл өөрөө цамнаж үзүүлнэ.

Тийм учир, ийм шалтгаантай. Тэгэхээр хэн нэгэн улстөрч, ямар нэг үйлдэл хийгээд гарч ирвэл “...Сонгууль дөхсөн, солиотой шоу үзүүлж байна” л гэж ойлгоорой. Гэхдээ цаадуул чинь хэрэгтэй юм өгвөл аваад хэрэглэх хэрэгтэй. “..Мөнгө өгвөл авчих. Тэртэй тэргүй тэр чинь хулгайн мөнгө. Тэгээд сонгох гэснээ дугуйлчих” гэдэг М.Зэнээ агсаны үг гээд ам дамжаад байдаг даа.

Ер нь тэгээд нэгэн философичийн “...Шинжлэх ухааны салбаруудаас улс төр шиг авьяас чадваргүй хүмүүсээр тэгтлээ зэрэмдэглүүлсэн нь үгүй” гэсэн нь л аргагүй үнэн юм, ялангуяа манайд?!

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [64.119.24.97] 2023-08-09 01:39:49

Ард иргэд минь ээ. Одоо зөвхөн хүнийг нь харж сонголтоо хийцгээе. Тэгэхдээ нам энэ тэрийг хая.

Сонгогдох хүмүүс нь тов тодорхой. [66.181.181.176] 2023-08-08 20:04:22

Тэр 1260 хүний тал нь буюу 630 нь хэдийнээ мөнгөө хийчихсэн Монголын баячууд буюу тэдний эхнэр, хүүхэд нь байгаа ш дээ. Тэр дотроос л сонгогдно. "Үгүй" гээч?!? Харин хандиваа цуглуулж байгаа нь УИХ-ын үнэр авсан горьдогсод. Бөөн өрөнд орогсод, эсхүл өртэй ирээдүйн УИХ-ын гишүүд.

Зочин [192.82.74.177] 2023-08-08 10:51:14

тэр уйлаад байгаа авгай чинь элбэгдорж худлаа хэлээгүй л бол хэнийгээ ч билээдээ гутлын үдээсээр хоолойг боомилж алсан хам хэрэгтэн гэсэндээ,хүн алсан этгээд тийм өр зөөлөнтэй байхуу. сонгууль дөхөхөөр л тэгдэг юм боловуу. бас тэгээд сүүлийн үед хүү нь бас яачихсан юм бэ хулгайн хэрэгт холбогдсон юм шиг олны дунд яригдаад байдаг болж.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.