У.Хүрэлсүх: Эрдэмтэн мэргэд Та бүхэн Монгол Улсыг дэлхий дахинд сурталчлан таниулах эрдэм судлалын элч билээ

Aдмин / Улстөр

Олон улсын монголч эрдэмтний XII их хурал өнөөдөр эхэллээ. Төрийн ордонд болсон Их хурлын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож үг хэллээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ,

Эрхэм хүндэт эрдэмтэн мэргэд, монгол судлаачид аа,

Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,

Хатагтай, ноёд оо!

Их Монгол Улсын ариун гал голомт манай сайхан оронд тив дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирж, хуран чуулж буй Та бүхэнд энэ өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье.

Улаанбаатар хотноо 1959 онд зохион байгуулагдсан “Олон улсын монгол хэл, бичгийн эрдэмтдийн анхдугаар их хурал”-аас үүдэлтэй “Олон улсын монголч эрдэмтний их хурал” нь нэгэн жарны түүхтэй бөгөөд хүйтэн дайн, даяарчлал, нийгмийн шилжилт, цар тахал гээд нийгэм, улс төрийн янз бүрийн цаг үеийг туулан амжилттай зохион байгуулагдсаар өнөөдөр XII их хурлаа хийж байна.

Энэ удаагийн Монголч эрдэмтний XII их хуралд дэлхийн 27 орны 500 гаруй эрдэмтэн судлаачид оролцож, монголын түүх, антропологи, археологи, хэл бичиг, урлаг утга зохиол, нийгэм эдийн засаг, хууль эрх зүй, гадаад харилцаа, соёл уламжлалын чиглэлээр судалгаа шинжилгээнийхээ үр дүнг танилцуулан хэлэлцүүлэхээр хуран чуулаад байна.

Монголчууд бидний төрт ёс, түүх соёл, өв уламжлалыг судлан шинжилж, хүн төрөлхтний хөгжлийн түүхэнд оруулсан хувь нэмрийг үнэлэн дүгнэж, дэлхий ертөнцөд сурталчлан таниулсан үе үеийн эрдэмтэн мэргэдийн судалгаа шинжилгээ, бүтээл туурвил, хичээл зүтгэлийн үр дүнд “Монгол судлал” хэдэн зууны өмнөөс үүсэн бий болж эдүгээг хүртэл өргөжин хөгжсөөр ирсэн билээ.

Монгол судлал дэлхий дахинаа эрчимтэй хөгжихийн хэрээр монголчууд бидний үүх түүх, өв соёлын тухай үнэн бодит мэдлэг мэдээлэл хүн төрөлхтний хүртээл болж, Монгол Улсын нэр хүнд, монгол үндэстний нэгдмэл үнэт зүйл улам бүр өсөн бэхжиж байна.

Монгол судлалыг нэр төртэйгөөр залгамжлан хөгжүүлж, мэдлэг чадвар, сэтгэл зүрх, нэгэн насны амьдралаа зориулж ирсэн эрхэм хүндэт эрдэмтэн судлаачид Та бүхэнд Монголын нийт ард түмнийхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. Та бүхнээр Монголын ард түмэн ямагт бахархаж явдаг гэдгийг хэлмээр байна.

Энэ удаагийн Олон улсын монголч эрдэмтний XII их хурал “Монголын энх тайван ба түүхэн туршлага” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа нь чухал ач холбогдолтой юм.

Эдүгээгээс 860 жилийн тэртээ дэлхийн түүхийн мянганы суут хүмүүн Тэмүүжин мэндэлж, төрт ёс, түүх соёл, хууль цаазын дор Монгол туургатныг нэгтгэн, өнө эртнээс уламжлалтай төрт улсаа сэргээн мандуулж, Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол Улсыг байгуулан, Монголын Эзэнт гүрний сүр хүчийг тунхаглан, Монгол үндэстний суу алдрыг бадраасан Эзэн Богд Чингис хаан болон өргөмжлөгдөж, дэлхий дахинд Монголын их амар амгаланг тогтоосон түүхтэй билээ.

Өнгөрсөн жил Их Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой тохиосон бөгөөд энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Чингис хаан судлалын олон улсын эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгуулж, дэлхийн олон орны эрдэмтэн судлаачид оролцсон, Чингис хааны музейг шинээр барьж ашиглалтад оруулсан билээ. Тус хурлын оролцогчид Монгол Улсын Төрийн тэргүүний санаачилгыг дэмжин “Чингис хаан судлалын олон улсын холбоо” байгуулсан нь Монгол судлал, тэр дундаа Чингис хаан судлалд чухал алхам боллоо.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын гадаад харилцаа олон улсын тавцанд улам өсөн бэхжиж байгаа бөгөөд өнгөрсөн жил “НҮБ”-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсад айлчлахдаа “Монгол Улс бол энх тайвны бэлгэ тэмдэг болсон улс” хэмээн дэлхий нийтэд зарласан билээ.

Энэ бол зуун зууныг өртөөлөн ирсэн эвийг сахиж, энхийг эрхэмлэн, амар амгалан аж төрөх монгол төрийн үзэл санаа, үнэт зүйлийг өнөө цагийн монголчууд бид өвлөн уламжилж, залгамжлан баримталж байгааг үнэлсэн хэрэг юм.

Цаашид ч Монгол Улс дэлхий дахины энх тайван, хүн төрөлхтний амар амгалан, аюулгүй байдлын төлөөх үйлсэд идэвх санаачилгатай оролцож, энэхүү байр сууриа улам бүр бататган бэхжүүлэх болно.

Эрхэм хүндэт эрдэмтэн судлаачид аа,

Эрхэм хүндэт зочид оо!

Нэгэн цагт Монголын Эзэнт Гүрний алтан аргамж болсон элч нар хүлэг морины хурдаар дэлхий дахинд Монголын их амар амгаланг зарлан тунхаглаж байсан бол энэ цаг үед эрдэмтэн мэргэд Та бүхэн Монгол Улсыг дэлхий дахинд сурталчлан таниулах эрдэм судлалын элч болж байгаа билээ.

Монгол үндэстний дэлхий дахинд дуурьсагдсан арвин баялаг түүх, хүн төрөлхтөнд үнэлэгдсэн агуу их гавьяа зүтгэл, тив дэлхийд гайхагдсан дахин давтагдашгүй нүүдлийн соёл иргэншил, өвөрмөц нандин өв соёлыг судлан шинжилж, олон улсад Монгол судлалыг хөгжүүлэх Та бүхний их үйл хэргийг Монгол төр бүх талаар дэмжиж хамтран ажиллах болно.

“Олон улсын монголч эрдэмтний XII их хурал”-ын үйл ажиллагаанд амжилт хүсэж, нийт оролцогч эрдэмтэн судлаач Та бүхний эрдэм судлалын их үйл хэрэгт өндөр амжилт хүсье!

Та бүхэнд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол судлал үеийн үед хөгжин дэлгэрэх болтугай! гэв.


Сэтгэгдэл

Зочин [172.58.122.222] 2023-08-11 07:49:05

Энэ хүүр чинь амьд мэнд байсййймуу?

Зочин [174.202.35.183] 2023-08-10 11:54:01

Энэ пизда хаанаас гараад ирэв? Нийслэл хот нь иргэдтэйгээ үерт автаж байхад үхсэн юм шиг байснаа шоудаж попрох болохоор гарч ирж гэнэ. Тэнэг казиночин, нүүрсчин хулгайч


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.