Ц.АДЪЯАСҮРЭН: МАН ОЛОН ХУУЛЬ БАТАЛЖ БАЙГАА Ч БҮГД ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ, ХУВИЙН ӨМЧ РҮҮ ХАЛДСАН ЗОХИЦУУЛАЛТТАЙ

Aдмин / Улстөр

Монгол Улсын Үндсэн хууль батлалцсан депутат, Үндсэн хууль тогтоогч, БНМАУ-ын Ардын их хурлын орлогч дарга, Байгаль орчны сайд асан Ц.Адъяасүрэнтэй ярилцлаа.


-Тантай ярилцах сэдэв их өргөн хүрээг хамарна байх. Гэхдээ танаас юуны өмнө АИХ-ын орлогч дарга, Засгийн газрын гишүүн, Ардчилсан хувьсгалд гар бие оролцож, олон жил улс төрд явж ирсэн ахмад хүний тань хувьд өнөөгийн улс төрийн нөхцөл байдал, тогтолцоо ямар байгаа талаар яриагаа эхэлье?

-Өнөөгийн улс төрийн нөхцөл байдал үнэхээр хүнд байна. Болж байгаа төрийн тогтолцоо, бодлого гэж алга болж. Монголчууд өөр хоорондоо учраа ололгүй будилаад байгаа болохоос биш бид хөгжих, сайхан амьдрах бүх боломжоор хангагдсан ард түмэн. Бидэнд эрх чөлөө, сайхан амьдрах бололцоо гээд бүх юм байна. Харин түүнийгээ зөв зохицуулан удирдаж, хөгжүүлэн баяжуулан хэрэглэж л чадахгүйд бидний гол алдаа оршиж байгаа юм. Үнэндээ 1990-оноос өмнө бидний амьдарч байсан социалист нийгэмд өнөөгийнх шиг ийм өргөн боломж хүн бүхэнд байсангүй. Хамгийн гол алдаа бол социалист төрийн удирдлагууд хэзээ ч ард түмэндээ итгэж, тэднийг ажил үйлсээ чөлөөтэй эрхэлж, бие дааж амьдрах боломж олгож байгаагүй. Харин иргэдээсээ айж, түүнээс болоод иргэдээ үргэлж мөрдөж, хавчиж ирсэнийг манай залуу үе гадарлахгүй болов уу. Товчхондоо бүх юм өнөөгийнх шиг эрх чөлөөтэй, дураараа аж төрлөө сонгож, сайхан амьдрах бололцоотой байсангүй шүү дээ. Монголын өнөөгийн улс төрийн нөхцөл байдал сайнгүй байна гэж би хэлсэн. Учир нь төр, засгийн эрх мэдлийг авсан нам, улстөрчид төрийн бодлого, төрийг удирдах чиглэлд үнэхээр хангалтгүй ажиллаж байна. Зөвхөн эрх барьж байгаа намд бус ер нь Монголын улс төрийн хүчнүүдийн алдаа бол энэ. Үүнд Ардчилсан нам ч ялгаагүй багтана.

-Тэгэхээр 1990 онд Ардчилсан хувьсгал ялсаны хүчинд бидэнд сайхан амьдрах бүх боломж олгогдсон гэж хэлэх гээд байна уу, та?

-Ардчиллаас хойш төрсөн хүүхдүүд энэ талаар сайн мэдэхгүй л дээ. 1990 оноос өмнөх нийгэмд хүн амын бүх хэрэгцээ, хангамжийг улс өөрөө хариуцаж даанч дийлэхгүй байлаа. Бид дандаа бүх юмаар дутаж, улс даяараа ядуу байлаа шүү дээ. Улс нь мөнгөгүй, иргэд нь амьжиргаагүй тийм л цаг үе байв. Иргэд нь дуртай сонирхсон ажлаа хийж болохгүй.

Бодол санаагаа илэрхийлж нийгэмд байтугай найз нөхдөдөө ч ярьж болохгүй. Бие биенээсээ нэг ёсондоо айж, бэргэнэ. Дандаа айдас, хүйдэстэй амьдарна. Дээр нь нэмээд хүний нэн тэргүүний хэрэгцээтэй хангамж, бараа таваар дэлгүүр хоршоонд нь байхгүй. Өнөөгийнх шиг хаашаа ч дураараа явах эрхгүй. Бүх юм нам, засгаас тэдний төлөөлөл болсон дарга нараас хараат. Энэ бүхэн бол хувь хүний зовлон байлаа.

-Тэгвэл улс орны зовлон ямар байв?

-Тэр бол төрийн бодлогын бүх эрх мэдэл гадаад улсын буюу ЗХУ-ын эрхшээлд байлаа гээд хэлчихвэл хилсдэхгүй. Өөрөөр хэлбэл аливаа нэгэн улс төрийн шийдвэр гаргахдаа манай том дарга нь дандаа оросуудын амыг харна гэсэн үг. Манай дарга нар шийдвэр гаргаад байгаа мэт ард иргэддээ харагдах боловч тэр нь оросуудаас зөвшөөрөл авч тэдний таалалд нийцэж байх ёстой. Хатуухан хэлэхэд Москвагаас асуулгүйгээр гадаад бодлого болон дотоодын гол асуудлаа өөрсдөө шийдэх эрхгүй л явж ирсэн шүү дээ. Энэ бол бодит түүхэн үнэн. Тиймээс одоо ч оросуудын гар хөл Монголд цөөнгүй байгаа.

-Та ярианыхаа эхэнд Ардчилсан нам ч төр удирдахдаа алдаа гаргаж байна гэж хэлсэн. Одоо Ардчилсан нам даргатай болсон. Дотоод асуудал нь шийдэгдсэн гэж үзэж байгаа. Та уг намын гишүүний хувьд юу гэж ойлгож байна вэ?

-Манай намд нэг том алдаа байдаг. Тэр нь сонгуульд өрсөлдөж амжилт гаргана. Улмаар төрийн бодлого тодорхойлж шийдвэр гаргах түвшинд оччихоод олон фракцдаа хуваагдаад салчихдаг. Энэ л бидний алдаа. Зангидсан гар шиг байж чаддаггүй нь бидний алдаа. Нэг талдаа нүүдэлчин монголчуудын онцлог зан, төлөвшил боловч нөгөө талдаа эрх ашгийн сонирхол хэт нэг талдаа байгаа гэдэг нь харагддаг. Түүнээс гадна намын залуучууд болоод нийт иргэд маань 1990 оны хувьсгалын гол ач холбогдлыг огт ойлгохгүй байна. Нам, дарга дагаж яваад нэг дарга л болчихвол миний ашиг орлого нэмэгдэнэ гэсэн сэтэхүйтэй залуучууд их болж. Угтаа дарга болсноороо баяждаг зүйл огт биш. Харин ч эсрэгээрээ хариуцлага үүрэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд тархиа гашилгаж суудаг хүнийг дарга гэж байгаа юм. Гэтэл манай залуучууд дарга болчихоод хариуцлагаас зугтдаг, харин эсрэгээрээ тархи нь мөнгө хулгайлах аргадаа илүү гаршсан байдалтай явж байна. Энэ бол зөв тогтолцоогоор хортой ургамлын үр асгаад явж байгаа хүнтэй агаар нэг юм. Тиймээс бид хортой үр тарьж явдаг улсуудаас салах хэрэгтэй. Салахын тулд зөв хүнээ л сонгож гарах ёстой.

-2024 оны сонгуулийг Үндэсний хуулийн өөрчлөлтийн дагуу 126 мандаттай, сонгуулийн холимог тогтолцоогоор явуулахаар болсон. Таны хувьд Ардчилсан шинэ Үндсэн хуулийг боловсруулж, батлалцаж явсан хүн. Тэр утгаараа энэ өөрчлөлтийн дараа Монголын нийгэм сайхан болох уу?

-Миний хувьд угтаа анх Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярьж байхад Монгол Улс дээд, доод парламентын танхимтай болох ёстой гэдэг байр суурьтай явж ирсэн л дээ. Гэхдээ өнөөгийн эрх баригч улстөрчид энэ саналыг дэмжихгүй юм билээ. Саяны өөрчлөлтөөр парламентын гишүүнийг 126 болголоо. Энэ мэдээж сайн. Үүнийг би дэмжсэн. Учир нь хүн амынхаа өсөлт, төлөөллийг хангах гэдэг утгаараа парламентын гишүүдийн тоог нэмэх ёстой байсан, нэмчихлээ. Энэ сайн. Мөн сонгуулийн тогтолцоог холимог болгосон нь бүр сайн зүйл боллоо. Угтаа сонгуулийг зуун хувь пропорциональ тогтолцоотой болгочих ёстой байсан юм. Өөрөөр хэлбэл холимог бус бүтэн хувь тэнцүүлсэн тогтолцоотой болгох байсан гэсэн үг. Гэхдээ ирэх сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах нь зүгээр. Манай Ардчилсан намын хувьд ирэх сонгуулиас өмнө дотоодод янз бүрийн асуудалдаа цэг тавиад нэгэн цул болоод оролцвол нийгэм, улс орныг хөгжүүлэх чиглэлд гэрэл асаж мэднэ. С.Эрдэнэ дарга байхад нам дээрээ очоод хурал, зөвлөгөө гээд оролцоотой явдаг байлаа. Харин Лу.Гантөмөр дарга болсноос хойш бид хэдийг огт урихгүй, уулзахгүй болсон. Магадгүй та нар хөгширсөн учир намаас холд гэж байгаа юм байлгүй дээ. Гэхдээ бидэнд одоо янз бүрээр нэгнийгээ дайрч, муудах, эв зүйгүй байх ямар ч шаардлагагүй. Сонгосон даргыгаа дэмжээд асуудал байвал түүнийгээ сонгуулиас өмнө нэн яаралтай шийдвэрлээд л явах учиртай.

-Өнөөдөр нэг намын дарангуйлал дахин бий боллоо гэж шүүмжлэх, тэмцэх хүмүүс цөөнгүй байна. Үнэхээр бид нэг намын дарангуйлал дор байна уу. Үүнээс яаж салах ёстой вэ?

-Ардчилсан намын тухайд бол баруун үзэл баримтлалтай нам. Тэр утгаараа энэ үзлээ дээдлээд л цааш явах ёстой. Өөрөөр хэлбэл бид өмчийг дээдэлсэн, хувийн өмчийг хамгаалсан харилцааг л бэхжүүлэх шаардлагатай гэсэн үг. Гэтэл өнөөдөр хувийн өмч рүү ямар бүдүүлэг дайрч байна вэ. Үүнээс л нэг намын дарангуйлал эхэлдэг. Үүнээс л эрх чөлөө боогдож, дуусдаг байхгүй юу даа. Өнөөгийн эрх барьж байгаа МАН-ын хувьд янз бүрийн хууль баталж байна. Тэр бүгд нь хүний эрх, эрх чөлөөний эсрэг тэр дундаа хувийн өмч рүү бүдүүлгээр халдсан эрх зүйн зохицуулалтыг хийж өгөөд байна. Үүнээс болж улс орон даяараа нэг намын дарангуйлалд өртөж байгаа юм. Жишээлбэл, байгаль орчин бохирдууллаа гээд иргэний автомашиныг хурааж, журамлаж байгаа. Угтаа тухайн иргэний зөрчилд торгууль эсвэл хорих ял өгч шийтгэж болно. Гагцхүү тухайн иргэний автомашиныг хураах ёсгүй юм. Өөрөөр хэлбэл хувийн өмчид нь халдах эрх төрд байхгүй. Харин тухайн иргэд оногдуулах шийтгэлээ торгууль тавих, шоронд хорих зэргээр хэрэгжүүлж болно гэсэн үг. Гагцхүү хүний хөрөнгө рүү л халдаж болохгүй. Энэ бол өөрөө ардчиллын маш эмзэг цэг. Тиймээс ямар ч ардчилсан орон ардчиллаа хамгаалахын тулд хувийн өмч рүү нь халддаггүй. Гэтэл манайд хууль болгон өмч хөрөнгөтэй нь ярьсан, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй нь холбоотой гарч байгаа нь өөрөө ардчилал хэдийнэ үгүй болсны жишээ. Өөр нэг жишээ хэлэхэд Эрдэнэтийн 49 хувийг бид Оросоос авч ирж чадсан. Энэ бол маш том зөв ажил. Гэтэл үүнийг төр авсан. Ингээд бөөн хулгай Эрдэнэтэд нүүрлэсэн шүү дээ.

-Танай намын гишүүн Ч.Сайханбилэг энэ ажлыг хэрэгжүүлсэн биз дээ. Одоо өөрөө “шувуу” болчихоод явж байна. Таныхаар бол Ч.Сайханбилэг гэдэг хүн зөв зүйл хийсэн гэж хэлэх гээд байна уу?

-Би энэ асуултад шууд хариулъя. Ч.Сайханбилэг бол сайн юм хийсэн хүн. Түүний анх эхлүүлсэн Дубайн гэрээ гэдэг бол өнөөдрийн Оюу толгойн гүний уурхайн эхлэл байсан юм шүү. Хэрэв Ч.Сайханбилэг Дубайн гэрээг хийгээгүй байсан бол өнөөдөр Оюу толгойн гүний уурхай эхлэхгүй байсан юм. Гэтэл өнөөгийн эрх баригчид Оюу толгойн гүний уурхай эхэллээ. Бид гүний уурхайгаас асар их ашиг олно гээд л хөөрцөглөөд явж байгаа биз дээ. Би хэдхэн хоногийн өмнө тус уурхайгаар яваад ирсэн. Гэтэл тэндхийн ажилчдын 97 хувь нь дандаа Монгол залуус байна. Үгүй ээ энэ чинь хөгжил биш юм уу. Манай монгол залуус тэнд ямар үлгэр жишээ ажиллаж чадаж байна вэ. Риотинто шиг томоохон компаниудын удирдлагууд манай Монгол залуусыг авч ажиллуулах сонирхолтой болсон гэж байна лээ. Энэ чинь нөгөө монгол хүний дэлхийд танигдсан үнэлэмж биш юм уу. Ийм зүйлийг эхлүүлсэн хүн нь Ч.Сайханбилэг юм аа.

-Ярианы эхэнд та эдийн засгийн тусгаар тогтнолоо олж байж улс хөгжинө гэсэн. Үүнтэй адил бид эрчим хүчний тусгаар тогтнолоо олж авах ёстой байх. Тэр утгаараа Эгийн голын усан цахилгаан станцын төслийг эхлүүлэх шаардлагатай гэдэг. Гэтэл Оросын талаас уг станц нь Байгаль нуурын эко системд сөрөг нөлөөтэй гэж үзээд байдаг шүү дээ. Таны хувьд байгаль орчны судалгаа шинжилгээ хийж явдаг хүний хувьд нөгөөтэйгүүр Байгаль орчны сайд байсан хүний хувьд уг асуудалд ямар байр суурьтай байдаг вэ?

-Монгол Улс Оросоос эрчим хүч болон нефть, шатахууны хараат оршдог орон. Тэр утгаараа Орос руу гадагшлах эдийн засгийн урсгал асар их. Үүнийг бид багасгаж байж эдийн засгийн тусгаар тогтнолоо олж авна. Ингэхийн тулд мэдээж эрчим хүчний хараат байдлаасаа гарах хэрэгтэй. Гарахын тулд Эгийн голын усан цахилгаан стацын төслийг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай. Таны асууж байгаачлан Оросын талаас уг станцыг барья гэхээр Байгаль нуурт хортой гэлцдэг. Гэвч үнэндээ Эгийн голын усан цахилгаан станц бол байгаль орчинд ямар ч сөрөг нөлөө үзүүлэхээргүй станц юм. Үүнийг би судлаач, эрдэмтэн хүний хувьд баталгаатай хэлж чадна. Бид яг тэр орчмын судалгааг хийгээд уг судалгаагаа НҮБ-д хүргүүлсэн. Удахгүй шийдвэр дүгнэлтүүд нь гарна байх. Тэгэхээр Эгийн голын усан цахилгаан станц нь өөрөө 315 МВт-ын хүчин чадалтай станц. Гэтэл Байгаль нуурын орчим доод тал нь 1500 түүнээс дээш 6000 МВт-ын хүчин чадалтай 10 орчим усан цахилгаан станцууд ашиглагдаж байна. Гэтэл яагаад зөвхөн Эгийн голын усан цахилгаан станц Байгаль нуурт хохирол учруулах гээд байгаа юм бэ. Уг асуудал нь өөрөө улс төр, эдийн засгийн ач холбогдолтой учир оросууд бидний хүслээр тийм ч амар энэ ажлыг эхлүүлэхгүй байгаа юм. Гэхдээ олон улсын дүгнэл юмнууд нь гараад ирэхээр бид энэ төслөө эхлүүлж л таарна. Эхлүүлж, ашиглалтад оруулж байж бид Оросоос эдийн засаг, эрчим хүчнийхээ хараат байдлаас салж чадна. Дахин хэлэхэд Эгийн голын усан цахилгаан станц нь өөрөө Байгаль нуурт ямар ч сөрөг нөлөө үзүүлэхээргүй төсөл шүү.

-Хийн хоолой тавих асуудалд та ямар байр суурьтай явдаг хүн бэ?

-Үүнийг би шууд эсэргүүцэн жадалдаг хүмүүсийн нэг. Яагаад ч бид энэ хийн хоолойг газар нутгаа ашиглуулан тавиулж болохгүй. Үүнийг дэмжиж байгаа хүмүүс нь “Хийн хоолой тавьснаар манайд эдийн засгийн асар том боломж гарч ирнэ” гэж ярьдаг. Магадгүй эдийн засгийн хэд гурван төгрөг улсын төсөвт орох л байх. Үүнийг би үгүйсгэхгүй. Гэхдээ эдийн засаг, мөнгөөр бид Улсынхаа тусгаар тогтнолыг сольж болохгүй. Украины дайн яагаад эхэлсэн юм. Ерөөсөө хийнээс болоод л эхэлсэн. Оросууд нь “та нар хий хулгайлсан биз дээ” гээд л эхэлсэн шүү дээ. Үүгээрээ далимдуулж байгаад л энэ дайныг оросууд эхлүүлсэн байхгүй юу. Тиймээс тусгаар тогтнолдоо эрсдэл авчирсан төслийг бид яагаад ч дэмжиж болохгүй юм. Нөгөөтэйгүүр Украин руу оросууд халдсан. Улмаар Украйныг нэг сарын дотор эзэлчих байх гэсэн бодолтой олон хүн байсан нь үнэн. Гэвч тэд тийм ч амар бууж өгөлгүй өдийг хүрлээ. Үүний гол нууц юу байна вэ. Ерөөсөө Украин улс бол эрх чөлөөний амтыг мэдэрчихсэн орон байхгүй юу. Юу гэхээр Украйнд ардчилал, хүний эрх, эрх чөлөө, тусгаар тогтонол бие болоод гуч гаруй жил болж байна. Энэ гучин жилийн эрх чөлөөний амтыг мэдэрчихсэн улс бусдад тийм ч амар байдлаар эзлүүлдэггүй юм байна. Үүнийг украинчууд дэлхий нийтэд маш том жишээ байдлаар харууллаа, нотоллоо. Тиймээс аливаа улс, үндэстэн, ард түмний хамгийн том зэвсэг, хамгийн том үнэт зүйл бол ардчилал, эрх чөлөө юм. Тиймээс үүнийг бид яс махандаа тултал ойлгох ёстой.

-Гуравдагч хөршийн бодлогод та ямар байр суурьтай байдаг вэ. Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн хамгийн том гарц бол гуравдагч хөршийн бодлого гээд байгаа шүү дээ?

-Монгол Улс хөгжихийн тулд эхлээд эдийн засгийн тусгаар тогтнолоо олж авах хэрэгтэй. Энэхүү тусгаар тогтнолыг олж авахын тулд мэдээж хоёр хөршөөс гадна бусад улс орнуудтай харилцах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл холын хөршүүдийн нөлөөллийг гадаад бодлогодоо илүү сайн оруулж өгөх шаардлагатай байгаа юм. Гуравдагч хөршийн бодлого эдийн засаг утгаараа нөлөөлж хэрэгжиж байгаа ганц зүйл бол Оюу толгой байна.

-Таны хувьд өнөөгийн Засгийн газрын тэргүүнийг шүүмжилж их бичдэг. Тэгвэл ерөнхий сайд таны хэлээд байгаа гуравдагч хөрш рүү сая явчихаад ирлээ. Энэхүү айлчлалын ач холбогдлыг та юу гэж харж байна вэ?

-Таны хэлдэг шиг би Ерөнхий сайдыг их шүүмжилдэг хүн л дээ. Гэхдээ эрүүл шүүмжлэл гэдэг хүнд тустай гэж боддог. Дандаа болохгүй байна, бүтэхгүй байна гэж шүүмжлэх нэг өөр. Харин болж байгааг нь сайнаар хэлж, урам өгөх гэдэг бас нэг өөр асуудал. Тэр утгаараа Ерөнхий сайдын АНУ-д хийсэн айлчлалыг би хувьдаа бодитой харилцаа тогтоож, тодорхой ажил хэрэгч айлчлал боллоо гэж дүгнэж байгаа юм. АНУ, Монгол Улс хооронд хэрэгжихээр болсон олон арван төслүүдийн дийлэнхийг АНУ бидэнд туслах маягтай дэмжиж байгаа харагдсан. Эсвэл Монгол Улсын зүгээс бидэнд туслаад өгөөч гэж гуйсан уу, нэг бол АНУ та бүхэнд тусалъя гэсэн үү. Үүнийг бас бодох ёстой. Нөгөөтэйгүүр Монгол Улс бол Азийн цээжинд орших эрх чөлөөний арал. НҮБ-ын тэргүүн нь Монгол Улсад хүрч ирээд “Монгол бол энх тайвныг эрхэмлэдэг үлгэр жишээ ардчилсан улс мөн” гэж хэлсэн байдаг. Энэ бол бусад улс орон Монгол Улсыг эрх чөлөөний арал гэдгийг нь хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Үүнээс шалтгаалж дэлхийн томоохон гүрнүүдийн удирдагчид манай улсад цөөнгүй ирлээ. Үүнийг дагасан эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдэж эхэлдэг. Тиймээс гуравдагч хөршийн бодлого гэдэг бол маш ил тод, идэвхтэй байх ёстой.

Э.МӨНХТҮВШИН

Э.АНХЧИМЭГ

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Гадаадад байгаа монголчууд хүний сэтгэлгээтэй болждээ. [66.181.190.134] 2023-08-12 01:04:25

Орос, Хятад бол Монголын 1, 2-р хөршүүд гэдгийг санаж явах хэрэгтэй. 3 дахь хөрш бол 3 дахь л хөрш. Гадаадруу зугатсан монголчуудад л их тус болж магадгүй. Яг 1950-д оны үед Баруунлуу зугатсан төвдүүдэд болон Далай ламд тусалсан шиг.

Зочин [107.77.203.48] 2023-08-11 11:03:21

Суурь сайтай, ханатай ярьжээ. Ер нь бодох ёстой зүйл их бий шүү.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.