Э.ЭНХМӨНХ: БОХИРДСОН ХӨРС ӨВЧИН ҮҮСГЭГЧ БИЧИЛ БИЕТЭН АМЬДАРЧ ҮРЖИХ ТОХИРОМЖТОЙ ОРЧИН БОЛДОГ

Aдмин / Эрүүл мэнд

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хөрс, хог хаягдал, халдваргүйтгэл хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан Э.Энхмөнхтэй ярилцлаа.


-Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс үер усны гамшгийн нөхцөлийн дараа ямар ажлыг хийж, хэрэгжүүлж байна вэ?

-Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн зүгээс иргэд болон аж ахуй нэгжүүдэд зориулсан инфографик болон үерийн дараах арга хэмжээтэй холбоотой мэдээллүүдийг сошиал хуудсуудаараа цаг алдалгүй түгээн ажиллаж байна.

-Хөрсний бохирдол бохир ус, бохир усны цооног хальсны улмаас хөрсний бохирдол үүсдэг шүү дээ?

-Хөрсний бохирдол гэдэг нь тухайн хөрсний хэвийн үйл ажиллагаа гадны ямар нэгэн нөлөөгөөр байгалийн хэв шинжээ алдах үйл явцыг хэлдэг. Үүнд, гэр хорооллын нүхэн жорлон, хог хаягдал, ил задгай бие засах, үнс угаадсаа асгах, мөн автомашины задгай угаалгын газрууд зэрэг орно.

Гэр хорооллын хөрсийг бохирдуулагч гол эх үүсвэрүүдийн нэг нь нүхэн жорлон ба Улаанбаатар хот дахь гэр хорооллын нийт өрхийн 94.8 хувь нь нүхэн жорлон ашигладаг. Үүнээс 27.3 хувь нь л сайжруулсан нүхэн жорлон ашиглаж байна.

-Үерийн усны аюулын дараа иргэд халдваргүйжүүлэлтийг хэрхэн хийх хэрэгтэй вэ?

-Үерийн дараах халдваргүйтгэлийг хийхдээ иргэд 10 гр гипохлорит кальцийг, мөн дөрвөн ширхэг жавелионы шахмалыг 10 литр усанд хийж сайтар уусгаж найруулна. Түүний дараа уусмалыг муу усны нүх, ил задгай бие засах газарт сайтар шингээж хийнэ. Хөрс болон гадна 1кв.м талбайд 1.5 литр уусмал байхаар тооцож шүрших хэрэгтэй.

-Цаашид үерийн усны аюул, хөрсний бохирдлын үед хүн амын эрүүл мэндийг хамгаалахын тулд юуг хийх хэрэгтэй вэ?

-Иргэд ундны усыг баталгаат газраас авах нэн шаардлагатай ба ил задгай булаг шандны ус, гар худгийн усыг хүнсэнд хэрэглэхгүй байх, мөн үерийн усаар бохирлогдсон хүнсний бүтээгдэхүүнийг устгах шаардлагатай. Хэрэв танд халуурах, толгой өвдөх, суулгах, ил шарх шалбархай үрэвсэх гэх зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлэгт яаралтай хандахыг зөвлөе.

-Үерийн дараа гэдэсний халдварт өвчин ихэсдэг, гэдэсний халдварт өвчнөөс өөр ямар халдвар тархах эрсдэлтэй байдаг вэ?

-Бохирдсон хөрс нь өвчин үүсгэгч бичил биетэн амьдарч үржих тохиромжтой орчин болдог бөгөөд цаашилбал хөрс, усыг бохирдуулж, улмаар хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үүсгэдэг. Үүнээс улбаалан хөрсний бохирдолтой холбоотойгоор гэдэсний халдварт өвчин (цусан суулга, халдварт шар, балнад, урвах тахал гэх зэрэг), малаас хүнд дамжин халддаг халдварт өвчин (боом, бруцеллёз гэх зэрэг), мэрэгч амьтдаас хүнд халддаг өвчнүүд (тарваган тахал, галзуу гэх мэт), шимэгч хорхойн халдварууд (хүүхдийн хялгасан хорхой, цагаан хорхойтох, өргөн туузан хорхой, үхрийн болон гахайн туузан хорхой, хүний хүж хорхой гэх зэрэг), тоосны халдварууд (сүрьеэ, амьсгалын замын өвчин) үүснэ. Бохирлогдсон хөрсөнд балнад, түүний бүлгийн нян 400 хоног орчим, сүрьеэ хөрсөнд зургаан сар, тоосонд 100 хоног, цусан суулгын нян нэг жил хүртэл, шимэгчид 1-2 жил, хялгасан хорхой (аскаридоз)-ийн өндөг 6-10 жил амьдрах чадвартай байдаг.

-Бохирлогдсон хөрс хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Бохирлогдсон хөрс нь хүнд хоёр замаар нөлөөлж болно. Нэгдүгээрт, хөрстэй шууд харьцсанаас буюу хүүхдүүд бохирдсон хөрс шороогоор тоглох, бохирдсон хөрсний тогтмол уснаас уух, жимс, хүнсний ногоог угаахгүйгээр хэрэглэх, ялаагаар дамжин халдварлах зэрэг багтдаг. Хоёрдугаарт, хөрс нь шууд бус хавьтлын замаар буюу бохирдсон хөрсөнд тарьсан ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүн, бохирдсон хөрснөөс нэвчсэн газрын доорх усаар дамжин хүнд гэдэсний халдвар үүсгэдэг.

Хөрс нь газрын гадаргуугийн хамгийн шим тэжээлтэй өнгөн давхарга. Хүн амын оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн эрүүл ахуйн байдлыг илтгэн тодорхойлдог гол хүчин зүйл нь хөрс юм.

Ц.Уянга

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.