БҮДҮҮН ШУЛУУН ГЭДЭСНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ НЭЭЛТ
Олон улсын багийн бүрэлдэхүүнд багтдаг Австралийн эрдэмтэд бактерийг инженерчлэн бүдүүн шулуун гэдэсний хорт хавдрыг илрүүлэх талаар томоохон нээлт хийжээ. Өмнөд Австралийн Эрүүл мэнд, анагаах ухааны судалгааны хүрээлэн /SAHMRI/ болон Аделаидагийн их сургуулийн судлаачид бүдүүн гэдэсний хорт хавдрын эсүүдээс ялгардаг мутацид орсон ДНХ-ийг илрүүлэх чадвартай бактерийг гарган авсан байна. Уг нээлт нь бүдүүн гэдэсний хорт хавдрыг илүү богино хугацаанд илрүүлэх үүд хаалгыг нээж байгаа юм байна.
Дэн Уортли, Сюзан Вудс, Жозефин Райт нараар ахлуулсан судлаачдын баг бүдүүн гэдэсний хорт хавдрыг үүсгэдэг, мутацид орсон “KRAS” генийг илрүүлэхийн тулд орчны ДНХ-г барьж авдаг “Acinetobacter baylyi” (A.baylyi) гэдэг бактерийг инженерчилж уг бактерийг бүдүүн гэдэсний хорт хавдрын ДНХ-гийн маркер болгох туршилтыг амжилттай явуулсан байна. “CATCH” гэх уг үйл явц бүдүүн гэдэсний хорт хавдартай болон хорт хавдаргүй загваруудыг ялгахад 100 хувийн үр дүн үзүүлжээ.
“CATCH” нь бүдүүн гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлж, олон хүнийг ийм хорт хавдраас гадна бусад хорт хавдраар нас барахаас урьдчилан сэргийлэх боломжтой” гэж эрдэмтэн С.Вудс онцлон дурджээ. Энэхүү судалгаа нь хүний биеийн хүрэхэд хэцүү хэсгүүдэд үүсэж буй хорт хавдрыг оношлохын тулд ДНХ-г ашиглах ашигтай бактерийг хэрхэн зохион бүтээж болохыг батлан харуулсан нь чухал ач холбогдолтой юм.
Бүдүүн шулуун гэдэсний хорт хавдар нь Австралид хамгийн түгээмэл оношлогддог хорт хавдруудаас дөрөвдүгээрт ордог бөгөөд тус улсын 19 иргэн тутмын нэг нь 85 насандаа бүдүүн гэдэсний хорт хавдраар өвчилнө гэсэн таамаг тооцоолол байдаг бөгөөд 2020 онд 5354 хүн уг өвчнөөр нас баржээ. Эхэн үедээ шинж тэмдэг илэрдэггүй тул уг хавдрыг оношлоход төвөгтэй байсан бол инженерчилсэн бактерийг эмтэй адил залгиж, цусны шинжилгээгээр оношлох боломжтой болж байна. "Ирээдүйд бид бүдүүн шулуун гэдэсний хорт хавдар зэрэг олон өвчнийг эмээр бус эсээр илрүүлж, урьдчилан сэргийлэх болно" гэж Д.Уортли онцлон мэдэгджээ.
Г.АМАРСАНАА
Сэтгэгдэл
Зочин [66.181.179.41] 2023-08-15 15:26:01
ok