Шүүгчид нөлөөлсөн гэх өмгөөлөгчдийг тус бүр 1 сая төгрөгөөр торгожээ
Өмгөөлөгч Г.Б, А.Б нар нь хэвлэл мэдээлэл, олон нийтийн цахим сүлжээгээр шүүхийн шийдвэрийг олон нийтэд буруу ташаа байдлаар тайлбарлан түгээж, нууцын зэрэглэлтэй хэргийн үйл баримт, хэргийн оролцогчдын нэрийг нийтэд зарлаж, шүүх бүрэлдэхүүнийг зүй бус үг хэллэгээр доромжлох зэргээр нөлөөлөхөөр оролджээ.
Дээрх гомдлыг шүүх бүрэлдэхүүн Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлснийг хэлэлцэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхийг цагдаагийн байгууллагад хандан шалгуулахаар шийдвэрлэсэн байна.
Өмгөөлөгч Г.Б, А.Б нарын дээрх үйлдэлд цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэрэг нээн, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Тус шүүхээс Зөрчлийн тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Б, А.Б нарт тус бүр 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Өмгөөлөгч Г.Б, А.Б нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Улсын шүүхийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д зааснаар тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, шүүх бүрэлдэхүүнд аливаа этгээдээс нөлөөлөхөөр оролдсон бүх тохиолдлыг тэмдэглэн баталгаажуулж нөлөөллийн мэдүүлэг хөтөлдөг. Үүний дагуу нэр бүхий шүүх бүрэлдэхүүнээс нөлөөллийн мэдүүлэг хөтөлжээ.
Эх сурвалж: Шүүхийн ерөнхий зөвлөл
Сэтгэгдэл