УИХ-ЫН ​НАМРЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ ХУУЛИЙН ТӨСЛҮҮД

Aдмин / Улстөр

2023 оны намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын 76 дугаар тогтоолоор өнгөрсөн долдугаар сарын 7-нд батлан гаргасан.

Тус жагсаалтад 62 хууль тогтоолын төсөл багтжээ.


"Газрын тухай багц хууль"

Газрын тухай багц хуулийг энэ намрын чуулганаар өргөн барих талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар өнгөрөгч долоо хоногийн Засгийн газрын хуралдааны дараа мэдээлсэн. Уг хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг Барилга хот байгуулалтын яам, Хууль зүй дотоод хэргийн яам хамтран боловсруулж буй аж. Хуулийн төслийн талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар, "Улаанбаатар хотыг үер усны гамшгаас сэргийлэх, газар зохион байгуулалт, төлөвлөлтийг дахин авч үзэх, газрын харилцааг зохицуулах хуулийн төслийг бэлтгэж байна. Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд газар зохион байгуулалтын төлөвлөлт алдагдсан. Тиймээс Газрын тухай багц хуулийг намрын чуулганд өргөн барихаар болж байна" гэсэн юм.

"Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийн нөлөөллийг бууруулах тухай хууль"

Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, сайд Ж.Сүхбаатар түгжрэлийн асуудалд шат дараалалтай хэд хэдэн арга хэмжээ авч ажиллахаа илэрхийлээд байгаа. Тэрбээр энэ намрын чуулганаар түгжрэлийн бүсийг зарлан онцгой арга хэмжээ авах хууль гаргахаа илэрхийлсэн юм. Тиймээс уг хуулийг ирэх намрын чуулганаар хэлэлцэх бололтой. Энэ талаар сайд Ж.Сүхбаатар, “Төсвийн бодлогоор түгжрэлийн эсрэг хатуу бодлого явуулахаас түдгэлзэж байна. Үндэсний хороо түгжрэлийн эсрэг хууль гаргах, авто зам ашигласны төлбөр, машинтай холбоотой татвар зэрэг асуудлуудыг иж бүрнээр нь авч үзэхээр болж байна. Ард иргэд хэцүү байгаа үед төсвийн бодлогоо анхаарч үзье гэсэн. Энэ асуудлыг ирэх сард багцалж, цогцоор нь танилцуулах үүрэг чиглэлийг авч байгаа. Түгжрэлд нөлөөлж буй хүчин зүйл нь ганцхан замын хөдөлгөөн бус төрд буй хүнд суртлын болон дүрэм, журмын, сэтгэлгээний ч түгжээс байна " гэж хэлж байсан удаатай.

"Үндэсний баялгын сангийн тухай хууль"

Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлын хүрээнд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх үүргийг Засгийн газар хүлээж байгаа.

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг Ирээдүй өв сан, Хөгжлийн болон Хуваарилалтын сантай байхаар боловсруулжээ. Ингэхдээ Ирээдүй өв сан, Хуваарилалтын санд тухай жилийн нийт орлогоос хамгийн багадаа 10 хувийг нь төвлөрүүлнэ. Уг сангийн орлогыг валют хэлбэрээр Монголбанканд хадгалах зохицуулалтыг тусгасан.

Хөгжлийн сан нь улс орны нийгэм, эдийн засгийг дэмжих томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх санхүүжилт бий болгоно гэсэн зарчмыг тусгажээ. Түүнчлэн Үндэсний баялгийн сангийн бодлого нь төсвийн бодлогын нэг бүрэлдэхүүн хэсэг байх бөгөөд хөрөнгийн удирдлагын эцсийн шийдвэрийг Улсын Их Хурлаас батлан гаргахаар төсөлд оруулсан байна. Засгийн газрын тухайд жил бүрийн улсын төсвийн төсөлтэй хамт Үндэсний баялгийн сангийн төсвийн зарцуулалтыг УИХ-д өргөн мэдүүлэх юм байна. Уг хуулийн төслийн ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар ахалж, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Г.Тэмүүлэн, Б.Баттөмөр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Ж.Бат-Эрдэнэ, Н.Ганибал нарын бүрэлдэхүүнтэй байгуулжээ.


Намрын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүд:

1. Автотээврийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

2. Амьтны тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

3. Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

4. Арилжааны тухай хуулийн төсөл;

5. Ашигт малтмалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

6. Байгалийн ургамлын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

7. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд;

8. Биеийн тамир, спортын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

9. Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд;

10. Гүйцэтгэх ажилд тавих Монгол Улсын Их Хурлын хяналтын тухай хуулийн төсөл;

11. Гэр бүлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

12. Даатгалын тухай, Даатгалын зуучлалын тухай, Жолоочийн даатгалын тухай хуулийн төслүүд /Шинэчилсэн найруулга/;

13. Дохионы хэлний тухай хуулийн төсөл;

14. Дэлхийн шуудан холбооны дүрмийн арван нэгдүгээр нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

15. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

16. "Зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

17. "Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

18. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

19. Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл;

20. Иргэний болон захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл;

21. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

22. Мал эмнэлгийн эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төсөл;

23. Mонгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын "Жижиг зардлыг санхүүжүүлэх хөтөлбөр"-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

24. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

25. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

26. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

27. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

28. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төсөл;

29. Монгол Улсын Төрийн ордны тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

30. Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2024 оны төсвийн тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төсөл;

31. Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төсөл;

32. Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийн нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл;

33. Ойн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

34. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцод 2016, 2018 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

35. Онц байдлын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

36. Орон сууцны ашиглалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

37. Өрсөлдөөний тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

38. Соёлын биет бус өвийг хамгаалах тухай хуулийн төсөл;

39. Тариалангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

40. Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

41. "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

42. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

43. Тэтгэврийн доод хэмжээг индексжүүлэх тухай хуулийн төсөл;

44. "Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

45. Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

46. Ургамал хамгаалал, ургамлын эрүүл мэндийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

47. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

48. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл;

49. Хаягжуулалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

50. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

51. "Хөгжлийн зорилтот хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

52. Хүүхэд хамгааллын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

53. Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

54. Цусны донорын тухай хуулийн төсөл;

55. Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

56. Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

57. Шинжлэх ухааны паркийн тухай хуулийн төсөл;

58. Шүүх байгуулах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

59. Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

60. Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

61. Эрүүл мэндийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

62. Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.