Ж.Сүхбаатар: Хувийн автомашин болон автобусаар зорчиж байгаа зорчилтыг тэнцүүлэх шаардлагатай байна

Aдмин / Улстөр

Монгол Улсын сайд, Засгийн газрын гишүүн Ж.Сүхбаатар өнөөдөр Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хүрээнд авч хэрэгжүүлж байгаа богино болон дунд хугацааны ажлуудын талаар сэтгүүлчдэд танилцууллаа.

Сайд Ж.Сүхбаатар “Өнөөдөр Улаанбаатар хотод давхардсан тоогоор 2.8 сая зорчилт хөдөлгөөн хийгдэж байна. Үүний 64 хувь нь хувийн автомашины, 24 хувь нь автобусны, үлдсэн хувь нь явганаар болон дугуйгаар зорчиж байна гэсэн тооцоолол гарсан. Өнөөгийн нөхцөлд 64 хувь нь хувийнхаа машинаараа замын хөдөлгөөнд оролцож байгаа үед Улаанбаатар хотын түгжрэл хэрхэн буурах юм бэ. Хувийн автомашин унаж байгаа иргэдийн 44 хувь нь ажилдаа ирж очиход, 25 хувь нь хүүхдээ сургууль цэцэрлэгт хүргэж авахад, 17 хувь нь амралт, чөлөөгөөрөө, 14 хувь нь бусад гэсэн зориулалтаар унадаг гэсэн статистик гарсан байна. Үндсэндээ бид хувийн автомашин унахыг дэмжихгүй, үүний оронд хувийн автомашин болон автобусаар зорчиж байгаа зорчилтыг тэнцүүлэх шаардлагатай. ЖАЙКА-гийн хийсэн судалгаагаар, түгжрэлийн тааз ачаалахаар гарсан ч одоогийн байдлаар тэрхүү түвшинд хүрчихсэн байна. Иймд бүртгэлтэй боловч гадаа гаргаад тавьчихсан, удаан хугацаагаар ашиглаагүй эвдэрхий машинуудыг хассан ч замын хөдөлгөөнд шинээр орж ирж буй автомашины тоо нэмэгдэж байгаа тул дүндээ дүн байна.

Мөн зорчилт хөдөлгөөнийг сайжруулах хүрээнд тусгайлсан багц асуудлыг чиглүүлж буй. Энэ хүрээнд хашаа хайс буулгах, дундын болон эцсийн зогсоолуудыг бий болгох, авто замын сүлжээг өргөтгөх, үүндээ холбоос замыг бий болгох явдлыг чухалчилсан. Түүнчлэн хот төлөвлөлтийг сайжруулах хүрээнд хуульчилж баталгаажуулна. Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө эцэслэгдээгүй учир өнөөгийн байдлаар талууд өөр өөр асуудал ярьсаар байна. Эл асуудлыг олон улсын шинжээчдийг оролцуулсан байдлаар эцэслэн шийдвэрлүүлнэ.

“Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын эхний 10 жилийн зорилтод хөгжлийг хязгаарлаж буй хүчин зүйлээс салах явдал юм гэж тодорхойлсон. Дараагийн шатанд тогтвортой хөгжлийн асуудал яригдана. Иймд Улаанбаатар хотод урт хугацаанд бий болсон асуудлуудыг шийдэхэд бид анхаарч байна. Түгжрэлийн эсрэг бодлого, үйл ажиллагааны гол чиглэл бол нийтийн тээврийн шинэчлэл юм. Өнөөгийн байдлаар, 1240 нийтийн тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гарч байгаагийн 85 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай. Өөрөөр хэлбэл, ашиглалтын хугацаа дууссан гэсэн үг. Иргэд нийтийн тээврийн хэрэгслийн нөхцөл байдал, үйлчилгээнд сэтгэл хангалуун бус байна. Арван дөрвөн жилийн хугацаанд парк шинэчлэл хийгдээгүй автобус зун нь агааржуулагчгүй, өвөл хүйтэн, цонх нь цантдаг. Иргэдийн зүгээс замын хөдөлгөөнд сайн автобус явуулбал өдөр тутмын амьдралдаа автобус ашиглая гэсэн хүсэлт гаргаж байгаа. Иймд хоёр удаагийн парк шинэчлэлийг хийлээ. Одоо Засгийн газар, Улаанбаатар хотын захиргаатай хамтарч орчин үеийн чанар, үзүүлэлт сайтай болон цахилгаан автобусууд оруулж ирж байна.

Нэгэнт автобус оруулж ирж байгаа юм бол зам, маршрут байгаа юм уу гэсэн асуудал сөхөгдөнө. Одоогийн байдлаар, нэгдүгээр эгнээг Энхтайвны өргөн чөлөөнд хэрэгжүүлж буй. Цаашдаа нэгдүгээр эгнээг өргөтгөж, Чингэлтэйн өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Ард Аюушийн өргөн чөлөөнд хэрэгжүүлнэ. Ингэснээр тэдгээр хэсэгт нийтийн тээвэр түгжрэхгүй. Мөн богино эргэлтийг сайжруулахад анхаарч, 400 м-т автобус хүрч очих боломжийг нэмэгдүүлнэ. Үүний зэрэгцээ татварын асуудлыг хөндөж ярьж байгааг эрт байна хэмээн эсэргүүцэх талууд байна. Гэсэн хэдий ч цаашид энэхүү асуудал яригдах болно.

Улаанбаатар хот 100 жилийн түүхэндээ хөндлөн ганц шугамтай байсан. Одоо хэвтээ гурав, босоо дөрвөн шугамтай болох юм. Ингэснээр хөдөлгөөний эрчим эрс сайжирна. Улаанбаатар хотын гол дутагдал бол хотоо тойрсон тойрог замгүйд байгаа юм. Ерөнхий сайд энэхүү асуудалд анхаарч, шинэ тойрог замын урд талын хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдад, хойд талын хэсгийг нь Улаанбаатар хотынхонд хариуцуулсан. Хойд хэсгийн тал дээр газар чөлөөлөлтийн асуудал хүндхэн байна. Тойрог замыг ажил хэрэг болговол түгжрэл 2025 онд 10 хувиар буурах юм. Тойрог замын төлөвлөлтийг хийж байгаа байгууллага 12 тойрог, нэмэлт хоёр нийт 14 тойрог замыг хийхээр төлөвлөж байна" гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.181.254] 2023-08-28 19:20:20

Их дээд сургуулиудыг төрийн байгууллагуудыг хотын захруу нүүлгэж төвлөрөлийг сааруулж хотоо тэл.....

Зочин [202.126.88.117] 2023-08-28 15:55:28

Таксинд яваад байгаа приус машинуудыг л татвараар ч юмуу, өөр ямар нэг аргаар цэгцлэхэд л түгжрэл тодорхой хэмжээнд буурна шүү, сайдтан минь. Хориглоно, торгоно гэдэг сэтгэлгээнээсээ салаач, залуу л хүн шиг харагдахын, коммунизм үнэртүүлэсэн ажил хийгээд байх юм даа.

Зочин [203.98.76.249] 2023-08-30 09:33:36

ардчилсан улс шүү. коммун руугаа эргэж ороод наад зүйлээ хий

Зочин [203.98.76.249] 2023-08-28 14:37:50

бас нэг дүлзэн банданов гарч иржээ


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.