МОНГОЛЧУУД БИДЭНД ТАЛЦАЛ ХУВААГДАЛ БУС ҮНЭТ ЗҮЙЛ ЭВ НЭГДЭЛ ХЭРЭГТЭЙ
Төрөө дээдэлдэг түмэн олныг аргацааж, бахардаасан шийдвэрүүдээр холгон амьдрал ахуйгаа тордож хүн шиг амьдрах боломж олдохгүй удлаа. Үндэсний эв нэгдэл, түүхээс авах сургамж, үнэлэн цэгнэх, үнэт зүйлээ гэж эрхэмлэх бүгдийг үгүйсгэж харлуулах зарим оролдлогууд санхүүжилттэй, санаатай явагдсаар. Мэдээллийн эрин зуунд хөөсрөлийг хөөрөл, солиорол болгож эмх замбараагүйд турхирах санаархал энд тэндээс цухалзах цөвүүн цагийг учир шалтгаантай ухаарахуйгаар дархлаажиж давах ёстой болжээ.
Өчигдөрхөн гэхэд Монгол улсын дархан хилийн тухай хиртхийлгэм хуурамч мэдээг үнэмшин алдмаар цэгцтэй мэдээ болгон бичиж тэр ч бүү хэл зэвсэгт үймээнд автуулах агуулгатай бичвэрийг цахим орчинд тархаасан нь цаагуураа ихэд урхагтай. Үүн дээр эрх биш туурга тусгаар улсын тусгай албад ажиллаж далд зорилгыг илрүүлэх бололтой.
Сайржуулсан шахмал түлшийг урд хөрш БНХАУ-аас импортлох коксоор орлуулан турших шийдвэрийг иргэд ихэд эсэргүүцэн нүүрсний орон атлаа дотооддоо түлшээ ч үйлдвэрлэж чадахгүйдээ бухимдацгаасан. Гэтэл салбарын сайд нь өнөөдөр эл үйл явдлыг зөөлрүүлж аядаахаар зарцуулах төсөв төлөвлөж байгаа бүс байршлыг багасгаж байгаагаа мэдэгдэв.
Үерийн хохирлоос үүдсэн нийслэл хотын асуудлыг зарим буруу санаархал бүхий хэвлэлүүд мушгин “хөдөөнийхөн хотыг бохирдуулж байна…” гэх утгатай бичвэр нийтлэн албаар үндэсний нийтлэг нэгдмэл байдал дээр талцуулах агуулгатай нийтлэл бичүүллээ. Энэ бүхнийг том зургаар нь харвал гадаадын сонирхолд үйлчилдэг дотоодын урвагчдын гайгаар Монгол улсын оршихуйн дархлаа сулран доройтох аюул тун ойрхон байна.
Д.Энхбат
Сэтгэгдэл
Бид цаашдаа нэгдмэл Монголд амьдрах болов уу? [66.181.160.94] 2023-09-01 11:00:08
Нэгдсэн нэг шашингүй улс нэгдмэл байж чадах уу? 40 гаруй улс төрийн намтай улс үзэл суртлын хувьд нэгдмэл үү? Дэлхийн 50 гаруй улсад дүрвэж оршин амьдарч байгаа үндэстэн нэгдмэл байх уу? Үндэсний соёл урлаг нь "төсөв мөнгө хүрэхгүй байна" гээд хумигдан дордож байгаа нийгэм нэгдмэл гэдэгт итгэлтэй байна уу? Энэ бүхний ДЭЭГҮҮР цойлон ноёлох үзэл сурталгүй улс цаашид ЯАЖ ОРШИХ УУ?
МАХН-ын байр суурьнаас хандаад байна уу? [66.181.160.42] 2023-08-31 14:48:00
1990 оноос өмнө "нутгарах"-ыг МАХН их хорьдог цээрлэдэг байж билээ. Гэтэл одоогийн улаанбаатарчууд нутгарах гээд байна уу? Нөгөөтэйгүүр МАХН хүмүүсийг аймаг, сумдад нь амьдрахыг ухуулж, хотруу хаягаа солихыг дэмжихгүй, хотын хүмүүсийг хөдөө орон нутагруу илгээлтээр их явуулдаг байсан. Яг тэрэн шиг хотруу шилжихийг одоогийн улаанбаатарчууд хорих гээд байна уу? Улаанбаатарчууд тэр үеийн МАХН-тэй адил болчихоо юу? Ер нь Монгол Улсын төсвийг бүрдүүлэхэд аймгууд болон хөдөөнийхөн ихээхэн үүрэг гүйцэтгэж ирсэн байх шүү.
Зочин [202.9.46.4] 2023-08-31 11:35:26
Тархай бутархай үндэстэн гэдэг нь үнэн юм даа.