Швейцарын Холбооны Улсын Парламентын Тамгын газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Aдмин / Улстөр

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Швейцарын Холбооны Улсын Парламентын Тамгын газрын төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан эрхэм хүндэт төлөөлөгчидтэй дахин уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд, зургаан жилийн өмнө УИХ-ын Тамгын газрын ажилтнууд Швейцарын парламентын Тамгын газарт парламетын хяналт, шалгалтын талаар туршлага судлах ажлыг эхлүүлж байсан бол өдгөө УИХ-ын Тамгын газрын ажилтнууд хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайлангаа танилцуулан санал, зөвлөмж сонсох хэмжээнд хүртэл хамтын ажиллагаа өргөжсөнд талархалтай байна хэмээлээ.

Швейцарын Холбооны Улсын Парламентын Тамгын газрын Парламентын техникийн хамтын ажиллагааны хэлстийн ахлах зөвлөх Александр Фузэссэри хэлсэн үгэндээ, Швейцарын парламентын Тамгын газар олон орны парламенттай хамтран ажилладаг ч хамгийн олон жил тогтвортой хамтран ажиллаж байгаа нь Монгол Улсын парламентын Тамгын газар гэдгийг онцлоод, Тамгын газрын ажилтнуудын хяналт шалгалт, үнэлгээ хийх мэдлэг чадвар, үйл ажиллагаа сайжирч буйг хараад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр, УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын хоёр ажилтны хийсэн хяналт, шинжилгээний тайлантай танилцсанаа дурдаад, хяналт шинжилгээг олон талаас нь өргөн хүрээнд судалсныг хараад хоёр талын туршлага судлах хамтын ажиллагаа үр дүнгээ өгчээ хэмээн дүгнэснээ онцолсон юм.

Швейцарын Холбооны Улсын Парламентын Тамгын газрын Хяналтын хэлтсийн дэд дарга Феликс Стребел, Хяналтын хэлтсийн төслийн менежер Раул Кензиг нар хууль тогтоогчдын зүгээс ирүүлсэн хяналт шалгалт, үнэлгээ хийх захиалга, хүсэлтийг богино хугацаанд гүйцэтгэхээр Тамгын газрын ажилтнууд ачаалалтай ажиллахын зэрэгцээ мэдлэг, ур чадвараа сайжруулсныг харахад таатай байна гэж байлаа.

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, УИХ 2019, 2023 онд Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. 2024 онд 126 гишүүнтэй парламент бүрэлдэж, Монголын парламентын ардчиллын хувьд цоо шинэ үе эхэлнэ. УИХ-ын гишүүдийн тоо 50-аар нэмэгдэх бөгөөд сонгуулийн холимог тогтолцоог мөн хуульчилсан. Энэхүү томоохон өөрчлөлтийн хүрээнд Улсын Их Хурал, Улсын Их Хурлын Тамгын газрын үйл ажиллагааг зохицуулдаг бүхий л хууль, бодлогын баримт бичгүүдийг шинэчлэх шаардлага үүсээд байгаа онцлон тэмдэглээд ийм цаг үед өндөр хөгжилтэй орны, нэн ялангуяа ардчиллын сонгодог жишээ болсон Швейцар Улсын ардчиллыг бэхжүүлж буй үйл явц, туршлагаас суралцах нь манай улсын парламентын өөрчлөлт, шинэчлэлтэд үнэтэй хувь нэмэр оруулна гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Уулзалтад УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ц.Батбаатар, УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга С.Янжинхорлоо нар оролцов.

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан уулзалтын дараа Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын Холбооны Улсын Парламентын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төсөлтэй хамтран зохион байгуулж байгаа Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын Парламентын Тамгын газар хоорондын парламентын хяналт шалгалтын асуудлаар туршлага солилцох хоёр дахь өдрийн арга хэмжээнд оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.