А.Түвшинтөгс: Нэг нам давамгайлж байгаа тохиолдолд өөрсдөдөө ашигтай байдлаар хуваарилалт хийж болзошгүй
Өмгөөлөгч А.Түвшинтөгстэй ярилцлаа.
-Өнгөрөгч хаврын чуулганаар батлагдсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг та ерөнхийд нь хэрхэн дүгнэж байна?
-2019 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баталсан. Энэхүү хуульд 2023 оны зургадугаар сард Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой нэмэлт, өөрчлөлт орсон. УИХ-аас 2023 оны тавдугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна. Улсын Хурлын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. Улсын Хурлын далан найман гишүүнийг олныг төлөөлөх, дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” гэсэн нэмэлт, өөрчлөлтийг баталсан. Энэхүү Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй холбоотой байсан. Сонгуулийн тогтолцоог холимог болгож өөрчлөх асуудал нь УиХ-ын сүүлийн хоёр сонгуульд нэг нам үнэмлэхүй ялалтыг авч байсантай холбон тайлбарлаж болох юм. Гэхдээ сонгуулийн мажаритари болон пропорциональ аргын аль аль нь давуу болон сул талуудтай. Харин энэхүү холимог тогтолцоог хүлээж авахад том болон жижиг намуудын аль аль нь дэмжих байр суурьтай оролцсон. ингэхдээ УиХ-ын гишүүн 76 байсныг Үндсэн хуулиар 126 болгон нэмэгдүүлсэн. Учир нь гишүүдийн тоог нэмэгдүүлж, парламентын төлөөлөх чадвар сайжирснаар энгийн иргэдийн төлөөлөл парламентад сууж, төлөөлж чадах боломжийг бий болгох нь юу юунаас илүү чухал байгаатай холбоотой.
Мажоритари аргыг олон жил ашигласан. Нэг тойрогт өрсөлдөж байгаа өрсөлдөгчдийн хамгийн өндөр саналыг авсан хүн УИХ-ын гишүүнээр сонгогддог. Хамгийн олон санал авч байгаа нь буюу сонгуулийн хуучин хуулиар сонгогчдын 25 хувиас дээш санал аваад гишүүн болдог. Гэтэл цаана нь 75 хувийг нь төлөөлөх төлөөлөгч парламентад алга байгаа нь сул тал. Иймд энэ сул талыг Ардын намын зүгээс арилгая, парламент олон иргэнийг бас олон түвшний иргэдийг төлөөлөх чадамжтай байх ёстой гэсэн саналыг гаргаж байсан. Харин ардчилсан намын төлөөлөл болсон УИХ-ын зарим гишүүд “Манай улсад 100 хувь пропорциональ байх нь арай тохирохгүй байх. Учир нь бид эхлээд улс төрийн намуудаа төлөвшүүлэх хэрэгтэй. Иймд холимог тогтолцоогоор явуулах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, мажоритари ба пропорциональтай хослуулах. Пропорциональ тогтолцооны сайн тал нь улс төрийн намууд төлөвшдөг” гэсэн байр суурийг илэрхийлсэн. Хүннамын хувьд “Нийт гишүүний 50 хувь нь пропорциональ хэлбэртэй буюу нэг тойргоос сонгогддог байх нь зөв. Тэд хөгжлийн бодлого ярьдаг, бодлогыг санхүүжүүлэхийн төлөө кнопоо дардаг байх ёстой. Монгол Улсын хувьд газар нутаг томтой, хүмүүсийг төлөөлөхөөс гадна газар нутгийг төлөөлөх онцлогтой гэж судлаачид ярьж байгаа. Иймд үлдсэн 50 хувь нь 21 аймгаа төлөөлөх мажоритари тогтолцоо байж, холимог системээр явах нь зөв” гэж нийтэд илэрхийлж байсан. үүнээс харахад намуудын хувьд аль аль нь мажиротари, пропорциональ тогтолцооны давуу талуудыг авч хэрэгжүүлснээр улс орны хөгжил, иргэдийн төлөөлүүлэх зарчим, намын хөгжилд тустай гэж үзсэн. Иймээс дундын хувилбар буюу 78 гишүүнийг мажоритари аргаар, харин 48 гишүүнийг пропорциональ аргыг дэмжсэн. Одоо харин энэхүү хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон онцлог зохицуулалтын тухай ярья.
УИХ-ын сонгуулийн тухай хуульд Улсын Их Хурлын 78 гишүүнийг хуульд заасны дагуу байгуулагдсан сонгуулийн тойргоос олныг төлөөлөх /мажоритари/ аргаар, Улсын Их Хурлын 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх /пропорциональ/ аргаар сонгох хувилбарыг оруулж өгсөн. Мөн УИХ-ын Сонгуулийн хуулийн энэ удаагийн нэмэлт өөрчлөлт хувь тэнцүүлэн төлөөлөх аргыг тусгасантай холбоотойгоор тойрогт болон жагсаалтад зэрэг нэр дэвшихийг хориглосон заалт тусгагдсан онцлогтой.
Сонгуулийн холимог тогтолцоонд багтсан намын жагсаалтаар улс төрийн намууд нэр дэвшүүлчихээд энэ хуульд заасны дагуу байгуулагдсан сонгуулийн тойргоос олныг төлөөлөх /мажоритари/ хэлбэрт нь хүний нэр дэвшүүлэхгүй байх нөхцөлийг хаах үүднээс Сонгуулийн хуулийн тойрогт ногдох нийт мандатын 50 буюу түүнээс дээш хувьд нь нэр дэвшүүлсэн байх, Намын тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын дөрөв буюу түүнээс дээш хувийн санал авсан байх, Хоёр нам бүхий эвслийн тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын тав буюу түүнээс дээш хувийн санал авсан байх, Гурав буюу түүнээс дээш нам бүхий эвслийн тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын долоо буюу түүнээс дээш хувийн санал авсан байх зэрэг зохицуулалтууд орж ирсэн. УИХ-ын 78 тойргийн 39, түүнээс дээш тойрогт нэр дэвшигчтэй улс төрийн нам, сонгуулийн холимог тогтолцооны нөгөө жигүүр болох нэрсийн жагсаалтаар нэр дэвшүүлэх эрхтэй болно. УИХ-ын гишүүнийг жагсаалтаар сонгоход, Монгол Улсын нутаг дэвсгэр сонгуулийн нэг тойрог байна. Ийм учраас улс төрийн намын нэрсийн жагсаалтаар нэр дэвшигчийг 1:1 хүйсийн харьцаатай жагсаалтын дарааллыг үндэслэн нэр дэвшүүлэхээр зохицуулсан.
Хуулийн төслийг хэлэлцэж байх үед иргэд, сонгогчдын хувьд мөнгөөр жагсаалтад орох явдал гарна гэж таамаглаж, хардаж байсан. Тухайн үед жагсаалттай холбоотойгоор төсөлд “Нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ намын гишүүн, дэмжигчээсээ мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө, үйлчилгээ, барьцаа, дэнчин авахыг хориглоно” гэсэн заалтуудыг оруулж байгаа талаар Д.Тогтохсүрэн гишүүн мэдээлэл өгч байсан. Энэхүү зохицуулалтууд нь өөрчлөлт орохгүйгээр батлагдсан. Тиймээс нам, эвсэл тухайн нэр дэвшигчийг дэвшүүлэхийн өмнө мөнгө, мөнгөн бус хөрөнгө, үйлчилгээ, барьцаа, дэнчин шаардах боломжгүй болсон. Мөн сонгуулийн өмнө олон иргэдийн саналыг авах зорилгоор оршин суугаа хаягийг өөрчлөх тохиолдол гардаг. Харин УИХ сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээхээр зохицуулсан. Гэхдээ сонгууль болохоос 60 хоногийн өмнө иргэд шилжилт хөдөлгөөн хийх эрхтэй тул энэхүү эрсдэлийг хуулиар бүрэн хаасан гэж хэлэх боломжгүй байна.
-“Жижиг нам”-ууд хэдэн мянган хүний санал авч байж нэг нэр дэвшигч УИХ-д сонгогдох боломжтой вэ?
-Хуучин шиг 25 хувь гэчихээр болохгүй байгаа юм. Сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүсийн тоо, сонгогчдын тоо зэргээс хамаарах учир шууд хариулах боломжгүй байна.
-Харин бие даагчдын тухайд халтай эсвэл хэр ээлтэй болсон бэ. Бие даан нэр дэвшигч хэдэн хүний санал авч байж УИХ-д сонгогдох боломжтой болох вэ?
-Хуулиар энэхүү боломжийг хаасан зохицуулалт байхгүй. Харин хэрэгжүүлэхдээ анхаарах хэрэгтэй. Хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжих юм. Тиймээс хэрэгжиж эхлээгүй хуульд урьдчилан дүгнэлт өгөх боломжгүй. Харин УИХ-ын сонгуулийн тухай хуулиар бие даан нэр дэвшүүлэгч нь гарын үсэг зуруулахдаа А4 хэмжээнээс хэтрэхгүй хэмжээтэй өөрийн танилцуулах хуудсыг тарааж болох зохицуулалт тусгагдсан. Энэхүү хэм хэмжээ нь бие даан нэр дэвшигчийг сонгогчдод таниулах, сурталчлах нөхцөлийг олгож өгсөн.
-“Жижиг нам”-ууд өөрсдийгөө худалдаж байна гэсэн яриа нийгмийн хүрээнд нэлээд тархсан. Ийм байх боломжтой юу?
-Тойргийн хуваарилалттай холбоотой асуудлыг жижиг намууд ажиглаж байгаа болов уу. Учир нь хууль батлагдсанаар хоёрдугаар сарын 1 гэхэд тойргийн асуудал тодорхой болно. Тухайн үед мажоритари тогтолцоогоор нэг мандаттай байх уу, олон мандаттай байх уу гэдэг асуудал шийдэгдэнэ гэж харж байна. УИХ-д нэг нам давамгайлж байгаа тохиолдолд өөрсдөдөө ашигтай байдлаар хуваарилалт хийх байдал гарч болзошгүй талаар судлаачид анхааруулж байгаа юм. Сонгуулийн тухай хууль болон нэмэлт, өөрчлөлтөөр тухайн эрсдэлийг хаасан хэм хэмжээг зааж өгөөгүй.
-Олон улсын жишигт хэр нийцсэн хууль вэ. Манайх шиг ийм хуулиар сонгуулиа явуулдаг ямар улс орнууд байна. Ашиг тус нь яаж гарч байна?
-Олон улсын туршлагыг харгалзаж хуулийг боловсруулдаг. Гэхдээ мэдээж өөрийн улсын онцлог, туршлагыг харгалзана. УИХ-ын сонгуулийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр тойрогт нэр дэвшигчдийн зурагт хуудсыг байрлуулсан нэгдсэн самбарыг сум, дүүргийн Засаг дарга бэлтгэж, байршуулах ажлыг зохион байгуулахаар тусгасан. Ингэснээр сонгуульд өрсөлдөж буй иргэдийн төсөв зардал багасна гэсэн тооцооллыг гаргасан байдаг. Мөн нэр дэвшигчдийн сонгогдох боломжийг нэмэгдүүлж, сонгогчийн тоонд үндэслэн суманд хоёр хүртэл, аймгийн төвийн суманд тав хүртэл, хороонд дөрөв хүртэл нэгдсэн самбарыг үнэ төлбөргүй байрлуулахаар зохицуулж өгсөн.
Бизнесийн зорилгоор байнга ашиглагддаг сурталчилгааны самбар, дэлгэц, түүний орон зайг сонгуулийн сурталчилгаанд ашиглах боломжгүй болсон. Сонгуулийн зардал, сурталчилгааны арга хэлбэрийн хувьд цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах зардал тойрогт дэвшигчийн зардлын дээд хэмжээний 15 хувиас хэтрэхгүй байх юм. Зардлын дээд хэмжээг хоёр шатлалтайгаар бууруулахаар боллоо. Тухайлбал, сонгуулийн зардлын дээд хэмжээ тогтоох аргачлал нь сонгуулийн зардлыг бууруулахад чиглэх бөгөөд сонгуулийн нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, өрхийн болон сонгогчийн тоо болон хуульд заасан бусад шаардлагад үндэслэнэ.
Р.ХИШИГЖАРГАЛ
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
WEB HERO [172.111.185.9] 2023-09-10 02:24:24
Предлагаем вам наши услуги по техподдержке сайта. Наша команда готова обеспечить бесперебойное функционирование вашего проекта и реализовать необходимые улучшения для повышения эффективности сайта. Наши услуги включают: 1. Администрирование сайта. 3. Администрирование хостинга. 4. Контент-менеджмент. 5. Дизайн и редизайн. 6. Контроль работоспособности. 7. Доработки существующего функционала. 8. Внедрение новых инструментов и функций. 9. Контроль за безопасностью проекта. 10. Обучение и консалтинг. В нашей команде специалисты, которые смогут закрыть все возникающие потребности в технологиях, контенте, маркетинге, аналитике и пр. Если вы заинтересованы в ответственном подрядчике, который улучшит работу вашего сайта, не стесняйтесь связаться с нами. Мы готовы обсудить ваши потребности и предоставить подробную информацию о наших услугах. Контакты для связи: Cайт: wbhr.ru Email: tp_sale@wbhr.ru Telegram: @wbhr_bot
Ямар ялгаа байгаа юм бэ? [103.57.93.189] 2023-09-08 19:22:12
Сонгуулийн хууль өөрчилснөөр юү ч өөрчлөгдөхгүй. 76 сэхээтнийг харчууд тэжээдэг байсан нь 126 сэхээтнийг санхүүжүүлж тэжээнэ. МАН-ын сэхээтэн нь МоАН-ын сэхээтнээс ямар ялгаатай вэ? Хөрөнгөтөн, либерал буюу эх оронч намын сэхээтнүүд нь тэр 2-ын сэхээтнээс юугаар дээр байх юмб? Аль нэг улсын дээд сургуулийн диплом өвөртлөсөн ялгаагүй л нэг сэхээтэн УИХ-д орж ирнэ. Тэгээд л боллоо.
Зочин [203.98.76.249] 2023-09-08 10:11:11
олон нам байгаад ч хэрэг алгаа. хүн нэг бүр дээр ял тулгаад ажилыг нь хийлгэдэг болох хэрэгтэй. одооны 76-гаа шууд хорих руу ач