Улс төр судлаач Т.Билэгжаргал: Давхар дээлтэй байх нь хариуцлагаас зугтах том боломж гэдгийг Ж.Сүхбаатар сайд харууллаа
Нийтийн удирдлагын магистр, түүхч, улс төр судлаач Т. Билэгжаргалтай улс төрийн үйл явцын талаар ярилцлаа.
-УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ. Намрын чуулганаар хэлэлцэх гол асуудал юу байна. Улс төр судлаач хүний хувьд энэ намрын улс төр ямар байдлаар явах чигтэй харагдаж байна вэ?
-Энэ намрын чуулганыг хариуцлага тооцох, хэн нь хэн байсан бэ гэдгийг тодоор харуулах чуулган болоосой гэж иргэд хүсэж байна. Нийгэмд ил тод гарсан хулгай, луйвар бүгд холбогдох эзэнтэй. Хулгай хийсэн үйлдэл нь тодорхой байна. Хулгайлсан хүн нь ч тодорхой байна. Тиймээс одоо хариуцлага үүрүүлэх ёстой гэдэг иргэдийн шахалт энэ намрын чуулганы үеэр хүчээ эрс нэмэгдүүлнэ. Иргэд хариуцлага нэхээд ирэхээр эрх баригчид, улс төрчид, холбогдох этгээдүүд бүгд сандралдаж, зөвхөн өөрсдийнхөө арьсыг л хамгаалсан мэдэгдлүүдийг удаа дараа хийх байх. Ингэснээр намын эв нэглэл, ер нь аливаа бүлэг, фракцын эв нэгдлийг шууд зад татна. Ингэж задарсан нам, бүлэг, фракц болгон дундаасаа хэн нэгнээ золиосонд гаргаж л таарна. Тиймээс 2020-2024 оны УИХ-ын намрын отгон чуулган хамгийн их гал гарсан, хамгийн их биеэ өмөөрсөн, улс төржилт, попролыг дээд цэгт нь хүргэсэн чуулган болно гэж харж байгаа. Мэдээж хуулийн төслүүдийн хувьд УИХ-аар хэлэлцэгдэх эсэхээ хүлээн байгаа олон эрх зүйн актууд бий. Түүнээс хамгийн чухал нь ирэх оны төсөв. Дараа нь Сонгуулийн тухай хууль болон Улс төрийн намын тухай хуулийг дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцэн батлах нь чухал юм.
-Намрын чуулганы нээлттэй зэрэгцэн улс төрийн үйл явц хурцаар тавигдаж эхэлж байна. Тухайлбал, өчигдөр Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар ажлаа өгөхөө мэдэгдлээ. АН-ынхан С.Зоригийн хэргийг дахин сэргээхийг шаардаж, үүгээр эрх баригч нам улс төр хийхгүй байхыг шаардлаа л даа…Тэгэхээр судлаач хүний хувьд намрын улс төрийн халалт ямар хэмжээнд, ямар үр дагавартайгаар ирэх бол гэж бодож байна вэ?
-УИХ-ын 76 гишүүнтэй. Удахгүй 126 болно. Яг өнөөгийн байдлаар Засгийн газар дэд сайд нартайгаа нийлээд нийт 40 гаруй сайд, 20 орчим яамдтайгаар ажиллаж байна. Энэ нь өөрөө ард түмний 40 хувийн саналыг авсан намын хувьд асар том бүтэц гэсэн үг
Тэр чинээгээрээ авлига, хүнд суртал, хулгай гаардаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэрэв өнөөгийн эрх баригч нам ард түмний 80 орчим хувийн саналыг авсан бол ийм хэмжээний бүтэцтэй ажиллаж болно. Энэ өөрөө улс төрийн удирдлагын онолоор тодорхойлогддог зүйл. Тэгэхээр ард түмний саналыг хэдэн хувьтай авч, түүнд тохирсон төрийн бүтцээр ажиллаж байна уу үгүй юу гэдэг чухал гэсэн үг. Өөрөөр хэлбэл байгуулсан төрийн бүтэц нь ард түмнийхээ саналын хувиас хэт давсан данхар бүтэц байвал хулгай, авлига, хүнд суртал тэр хэмжээгээрээ гардаг. Ард түмний саналын хувьтай энэ тэнцүү эсвэл доогуур буюу цомхон бүтэцтэй бол ийм зүйл гарах боломж тэр хэмжээгээрээ багасдаг гэж ойлгох хэрэгтэй. Тиймээс дараа дараагийн сонгуулиар гарч ирсэн нам нийт ардын саналын хэдэн хувийг авсан бэ гэдгээс нь хамааруулж, Засгийн газар, төрийн бүтцийг байгуулах шаардлагатай гэсэн үг. Манайд энэ тогтолцоо, бодлого байдаггүй. Ялсан нам ялахад нь үйлчилсэн хүмүүсээ “хооллох”-оо л боддог. Түүнээсээ болж эрх мэдлийн хувиарлалтаа алддаг. Эрх мэдлийн хувиарлалтаа алдсан нам зөв бодлого, хууль гаргасан ч төрийн үйлчилгээ, чанар, нэр хүнд нийгэмд улам доош орсоор байдаг.
-Та мэргэжлийн хүний хувьд ерөнхий онолын агуулгатай зүйл ярилаа. Ярианы эхэнд хэлсэн шүү дээ. Ард түмэн хариуцлага л нэхэж байна гэж. Эхнээсээ сайд, дарга нар хариуцлагаа үүрээд албан тушаалаа өглөө. Нэг талдаа зөв юм шиг. Нөгөө талдаа хариуцлагаас улам өөрийгөө чөлөөлж байгаа мэт харагдаж байна л даа. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
-Хариуцлага нэхэж байгаа ард түмний гол хүсэл нь яг юу юм бэ гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Зарим нь ажлаа өг, огцор гэж байна. Зарим нь ажлаа өгөөд хуулийн хариуцлага үүрээрэй гэж байна. Тэгэхээр ард түмэн хариуцлага нэхэж байгаа бол яг ямар хариуцлага хүсээд байгаагаа эхлээд тодорхой болгох хэрэгтэй. Ж.Сүхбаатар сайд ажлаа өгнө гэж байна. Энэ хариуцлага үүрч байгаа хэлбэр мөн үү. Үнэхээр ард түмэн түүнийг огцрохыг л хүсэж байсан гэж үү. Яагаад энэ хүн ажлаа өгөхөөр болов гэдгийг хэрсүү ойлгох хэрэгтэй. Магадгүй зарим хүмүүс Ж.Сүхбаатар сайдын судлаа өгчихлөө гэхээр хариуцлага үүрчихлээ гээд энэ асуудлыг мартана. Ийм байвал бид хэзээ ч хариуцлага хэн нэгэнд үүрүүлж, эсвэл хэн нэгнээс хариуцлага нэхэх боломжгүй болчихож байгаа юм. Ард түмний тодорхойгүй хүслийг өнөөгийн улс төрчид өөрт ашигтайгаар эргүүлээд сурчихсан байна. Ерөнхийлөгч болохын тулд Ерөнхий сайдын албаа өгдөг. Өгөхдөө хариуцлага үүрч байна гэдэг нэрийн дор огцордог. Төсөв захиран зарцуулагч болохын тулд УИХ-ын гишүүнийхээ ажлыг өгдөг. Үүнийгээ би илүү сайн ажил хиймээр байна гэсэн хоосон попрол явуулж байгаад л Нийслэлийн Засаг дарга болчихдог. Үүнээс юу ойлгогдож байна вэ гэхээр ард түмний хариуцлага нэхэж байгаа хүслийг улс төрчид өөрт ашигтайгаар эргүүлж чадаж байгаа юм. Улс төрчид юу хийхийг хүсэж байна, тэр болгоноо хийх арга чаргаа ард түмний хүсэл сонирхол, эрх ашигт тулгуурлаад гаргаад ирж чаддаг болж. Энэ бол нийгмийн, улс орны хамгийн том аюул.
-Тэгэхээр Ж.Сүхбаатар сайд ажлаа өгч байгаа нь угтаа хариуцлагаас мултарч байгаагийн нэг хэлбэр гэж ойлгох уу?
-Шуудхан хэлэхэд Ж.Сүхбаатар гэх хүн хулгай хийж байгаад үйлдэл дээрээ баригдчихсан гэж ойлгож болно. Хулгайч үйлдэл дээрээ баригдахаар яах ёстой вэ. Ямар ч яриангүй шууд хуулийн хариуцлага хүлээнэ. Дэлгүүрээс нэг шил архи хулгайлж байгаад баригдсан нөхрийг цагдаа дуудаад шууд хариуцлагыг нь үүрүүлдэг биз дээ. Гэтэл улс төрчдөд хариуцлагаас зугтах, хариуцлагыг аргалах тусгай механизм оршиж байдаг. Түүний нэг нь давхар дээл. Засгийн газрын сайд нарын 70 орчим хувь нь давхар дээлтэй байгаа. Тэгэхээр эдгээр хүмүүсийн хууль бус үйлдэл ил тод боллоо гэхэд тэд зөвхөн сайдын суудлаа л өгнө. Ингээд л цааш хуулийн хариуцлага үүрүүлэх ямар ч боломжгүй болно. Сайдын суудлаа өгчихөөр манай ард түмэн түүнийг хариуцлага үүрээд явчихлаа гэж ойлгоно. Нийгмийн ухамсар, хандлага доогуур байгаа болохоор эрх баригчид, улс төрчид өөрсдийнхөө хүслээр амьдарч болоод байна. Тэр утгаараа давхар дээлтэй байх нь хариуцлагаас зугтах том боломж гэдгийг Ж.Сүхбаатар сайд харууллаа. Хариуцлагаас өөрийгөө яаж мулталч чадаж байгааг Ж.Сүхбаатар сайдын мэдэгдлээс сонссон байх.
-Ж.Сүхбаатар сайд ямар мэдэгдэл хийсэн гэж. Та түүнийг нь яагаад хариуцлагаас мултарч байна гэж ойлгоод байгаа юм бэ?
-Би хэлсэн. Энэ хүн хулгай хийж байгаад баригдсан. Өөрөө ч үүнийгээ мэдэж байгаа байх. Мэдсэн учраас сайдын суудлаа бушуухан өгчихөж байна. Гэхдээ бушуу туулай борвиндоо баастай гэдэг үгтэй. Өөрийнх нь гаргасан шийдвэр бүрэн хэрэгжиж чадаагүй, түүнээс нь болоод асуудал үүссэн байхад өөрийнхөө алдааг бусад руу шууд чихэж байгаа нь ёс зүйгүй үйлдэл. Ж.Сүхбаатарын хэлсэн мэдэгдлийг судлаач хүнийхээ хувьд агуулгаар нь дүгнээд хэдэн зүйл хэлье л дээ. Нэгдүгээрт, Ж.Сүхбаатар намынхаа төлөө сайдын ажлаа өгсөн. Засгийн газрын нэр хүнд цаашлаад намын нэр хүнд улам унахаас сэргийлсэн улс төрийн тоглолт. Ингэхдээ нэгэнт явж байгаа учраас намынхаа бодлого, Засгийн газрын үйл ажиллагааг магтан дуулж өгсөн. Энэ үйлдэл нь “ах аа намайг бодоорой” л гэсэн үг. Өөрөөр хэлбэл би сайдын суудлаа өгөөд нийгмийн галыг өөртөө татъя. Нэгэнт тугаа тахиж байгаа учраас намаа өргөөд өөрөө явъя. Тиймээс миний арыг нам маань бүтэн даагаарай гэж ойлгогдож байгаа юм. Хоёрдугаарт, сонгууль ойртчихсон учраас улс төрийн рейтингээ бодсон мэдэгдэл хийлээ гэж харж байгаа. Би энэ ажлыг сайн хийж байсан л даа, гэхдээ олон хүний дургүйг хүргэсэн шийдвэр гаргаж байж миний ажлын үр дүн гарч ирнэ. Тиймээс би ирэх сонгуулиар дахин гарч ирэхээ бодсон учраас улс төрч хүнийхээ хувьд өнөөдөр хариуцлагаа үүрээд сайдын суудлаа өгчихье өө гэж байна. Ард түмний тархийг угаагаад сурчихсан, явцгүй улс төрчдийг дахин битгий гаргаж ирээсэй. Асуудлыг даагаад явж байгаа бол даасан шиг даачих зангарагтай улс төрчид үнэхээр алга. Бүгд дараа дараагийнхаа эрх мэдлийн төлөө өөрөөсөө бусад бүх зүйлийг солиосонд гаргаж улс төр хийж байгаа нь эмгэнэлтэй.
Э.Мөнхтүвшин
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Цаг үеийн сөхөж үнэртүүлэх асуудал. [88.128.88.84] 2023-10-04 20:10:40
2024 оны сонгууль ойртож байна. Зоригийн хэргээр намууд өөрсдийгөө рекламдаж эхэллээ. Яг мөрдөж илрүүлнэ ш дээ.
Зочин [202.126.89.231] 2023-10-04 15:11:59
СҮХБААТАР ЯМАР МУУХАЙ ЗАЛЬТАЙ НӨХӨР БАЙНА
Зочин [202.126.90.19] 2023-10-04 13:30:35
Уих гишүүн ажил унагасан тул уих тодорхой харицлага давхар хүлээж гишүүнээс нь чөлөөл
Зочин [203.98.76.249] 2023-10-04 09:37:58
наадхаа шоронд явуулаач ээ. тэнд сургаад өгөх сургагч амьдарлын багш нар байгаа. улс төрөөс үүрд арилсан чигтаа арилахгүй ялтан болох гэж эргэн иржээ