Томилгооны сонсголтой холбоотой Цэцийн дүгнэлтийг хүлээж авсангүй

Aдмин / Улстөр

УИХ-ын чуулганы хуралдаанаар томилгооны сонсголын талаарх Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, хүлээж авах боломжгүй гэж үзлээ. 2023 оны есдүгээр сарын 27-ны өдөр болсон Цэцийн дунд суудлын хуралдаанаар цэцийн гишүүнийг томилохын өмнө нээлттэй сонсгол зохион байгуулах хуулийн зохицуулалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Мөн Монгол Улсын Ерөнхий прокурор, Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохдоо нэр дэвшигчийн сонсгол хийх нь хуульд нийцэхгүй байна гэж дүгнэсэн. Чуулгын үеэр энэ асуудлаар гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

-Цэцийн дүгнэлтээс авах ганц юм нь дахин томилгоо нь хууль зөрчиж байна гэсэн нь зөв. Тэгэхээр УИХ маань энэ механизмуудаа улам боловсронгуй болгох ёстой болохоос биш хуучин шигээ хэлбэржсэн байдал руу оруулах юм бол буруу. Цэц ч дүгнэлтээ эргэн авч үзэх ёстой.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Манай Цэц янз бүрийн шийдвэр гаргаад байгаа. Арай ч дээ гэмээр шийдвэр гаргадаг. Хуурамч түлшинд тогтоодог татварыг үндэслэлгүй, Үндсэн хууль зөрчсөн гэдэг шийдвэр гаргаж, төр засгаа нулимсан. Харин өнөөдрийн бидний хэлэлцэж байгаа Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр бол боломжийн. Бүх нээлттэй сонсголыг буруутгаагүй. Шүүхийн сахилгын хорооны сонсгол зэргийг хийчих. Харин Ерөнхийлөгчөөс эрх авсан хүнээр УИХ дээр дахин нээлттэй сонсгол хийхээр буруу, нөлөөлөөд байна гэж үзсэн.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Нээлттэй сонсгол хийдэг болсноор, Төрийн хянан шалгах хороо байгуулснаас хойш иргэд илүү их парламентаа үздэг болсон. Яагаад гэвэл нээлттэй болсон. Эсрэгээрээ хаалттай байснаар нүүрсний хулгай гарсан. Гишүүд ч мэддэггүй, сайд нь ч мэддэггүй. Ногоон автобусны хулгай бас л адилхан нууц гэсэн үндэслэлээр явж байна. Нууцлаад байхаар болохгүй юм байна. Авлигаа дийлэхгүй юм байна. Нууцлахгүй ил тодоор явж болдог юм байна гэдгийг иргэд ойлгож байгаа үед парламент томилгоог нээлттэй хэлэлцдэг ардчиллын зарчмаасаа буцаж болохгүй. Ардчилсан улс байя гэвэл ил тод байх ёстой гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.249] 2023-10-06 14:37:38

ИХ хуралдаанд дурын хүн очиж саналаа хэлэг болмоор байгаа юм.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.