Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Франц улсад айлчилна

Aдмин / Улстөр

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны урилгаар 2023 оны 10 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр өнөөдөр эх орноосоо мордлоо.

Төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар хэвлэлд мэдээлэл өгч, уулзалт хийнэ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Франц Улсын Сенатын Ерөнхийлөгч Жерар Ларше, Парис хотын Засаг дарга Анн Идалго нар бараалхах юм.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Франц Улсын Нант хотын Үндэсний түүхийн музейд зургаан сарын хугацаанд дэлгэгдэх “Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг нээж, Парис хотын Версалийн ордны Хааны театрт болох Морин хуурын чуулгын тоглолт, Монгол-Францын бизнесийн форум зэрэг арга хэмжээнд тус тус оролцохоор төлөвлөж байна.

Энэхүү айлчлал нь Монгол Улсын Төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Франц Улсад хийж буй анхны төрийн айлчлал юм.

Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улстай 1965 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд Франц Улс 1966 онд Улаанбаатарт, Монгол Улс 1969 онд Парис хотноо ЭСЯ-аа тус тус нээсэн түүхтэй.

Франц улс нь Европ тив дэх Монгол Улсын ойрын чухал түнш, гуравдагч хөршүүдийн нэг, тус улсын Ерөнхийлөгч Э.Макрон манай улсад 2023 оны 5 дугаар сарын 21-нд төрийн айлчлал хийсэн нь хоёр орны харилцааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой, харилцааны түүхэнд шинэ хуудас нээсэн үйл явдал болсон билээ. Уг айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 58 жилийн хугацаанд Францын талаас төрийн тэргүүний түвшинд хийсэн анхны айлчлал гэдгээрээ онцлог байв.

Ташрамд сонирхуулахад, 1986 онд Францын ерөнхийлөгч асан Валери Жискар д’Эстэн БНМАУ-ын Ардын Их Хурлын урилгаар Улаанбаатар хотноо айлчлан ирж байсан бол 1996 онд Ерөнхийлөгч П.Очирбат, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр, 2015 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар Франц улсад айлчилж байжээ.

Түүнчлэн 1963-1964 оны хичээлийн жилд МУИС-ийн Хэл бичгийн факультетийн Гадаад хэлний тэнхимд франц хэлний багш-орчуулагчийн ангийг нээж франц хэлийг анхлан зааж эхэлсний 60 жилийн ой энэ жил тохиож байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.