Нүүрсний хэргийн нотлох баримтыг шинжлэх, сонсгол зохион байгуулах Хянан шалгах түр хороог Б.Энхбаяр даргална
Улсын Их Хурлын 2023 оны 63 дугаар тогтоолоор байгуулагдсан Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороо өчигдөр хуралдаж, дөрвөн асуудал хэлэлцэв.
Гишүүдийн 54.5 хувийн ирцтэйгээр 16:25 цагт эхэлсэн тус хуралдааны эхэнд Хянан шалгах түр хорооны даргыг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, холбогдох тогтоолыг баталлаа. Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар тус Хянан шалгах түр хорооны даргаар ажиллаж байсан бөгөөд чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаснаа танилцуулав.
Дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат Хянан шалгах түр хорооны үйл ажиллагааны явцын талаар тодруулж, хариулт авлаа. Тус Хянан шалгах түр хороо шинжээчид, хянан шалгагчдаа томилж, нүүрсний экспорт хийдэг томоохон аж ахуйн нэгжүүдийн худалдан авалттай холбоотой материалуудыг татан авч, дүн шинжилгээ хийх, гэрээ хэлцлүүдэд дүн шинжилгээ хийх, анх ашиглалтын лиценз олгогдсоноос хойш уулын ажлын төлөвлөгөөний дагуу нүүрсний олборлолтын үйл ажиллагаа явагдсан эсэх, уурхайн хөгжлийн төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа явагдаж буй эсэх, нүүрсний тээвэртэй холбоотой гэрээ хэлцэл гэх таван чиглэлээр ажиллаж байгаа гэх мэдээллийг Х.Нямбаатар гишүүн өглөө.
Ийнхүү хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Х.Нямбаатар гишүүн “Хянан шалгах түр хорооны даргыг чөлөөлөх тухай” түр хорооны тогтоолын төслийг танилцуулж, батлах санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 83.3 хувь нь дэмжиж, тус тогтоол батлагдав.
Дараа нь Хянан шалгах түр хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэж, холбогдох тогтоолыг баталлаа. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-д “Түр хорооны даргыг түр хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонгоно…” гэж заасан байдаг.
Энэ дагуу Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаярыг Хянан шалгах түр хорооны даргад нэр дэвшүүлэх саналаа Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар танилцуулсан. Уг саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авсны дараа санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 83.3 хувь нь тус саналыг дэмжсэн тул “Хянан шалгах түр хорооны даргыг сонгох тухай” түр хорооны тогтоолын төслийг батлах санал хураалт явуулав.
Гишүүдийн олонх дэмжсэнээр тус тогтоол батлагдаж, Б.Энхбаяр гишүүн Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны даргаар ажиллахаар боллоо.
Ийнхүү хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр үргэлжлүүлэн даргалсан юм. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т “Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22.3-т заасны дагуу хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг хаалттай хуралдаанаар хэлэлцэж болно” хэмээн заасан байдаг бөгөөд одоо хэлэлцэх хоёр асуудал нь Хянан шалгах түр хорооны дотоод үйл ажиллагаатай холбоотой тул хуралдааныг хаалттай горимд шилжүүлэх саналыг Б.Энхбаяр гишүүн гаргав. Хуралдаанд оролцож буй гишүүдийн олонх энэхүү саналыг дэмжсэнээр Хянан шалгах түр хорооны хуралдаан хаалттай горимоор үргэлжилсэн гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Сэтгэгдэл