Хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэгт зурлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Франц Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа.
ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН БАРИМТ БИЧГҮҮД:
- Онцгой байдлын ерөнхий газрын агаараас аврах ангид нэмэлт сургалт явуулах төслийн санхүүжилт олгох тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрт францын талаас Францын жижиг, дунд үйлдвэр, худалдаа, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн сайд Оливия Грегуар, монголын талаас Сангийн сайд Б.Жавхлан нар гарын үсэг зурлаа.
- Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх төслийн санхүүжилт олгох тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрт францын талаас Францын жижиг, дунд үйлдвэр, худалдаа, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн сайд Оливия Грегуар, монголын талаас Сангийн сайд Б.Жавхлан нар гарын үсэг зурлаа.
- Монгол Улсын Засгийн газар болон “Орано майнинг” компанийн хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний протоколд францын талаас “Орано групп” ерөнхий захирал Клод Имовен, монголын талаас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ерөнхий захирал С.Наранцогт нар гарын үсэг зурлаа.
- Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон БНФУ-ын “Thales Alenia Space” компанийн хоорондын Харилцан ойлголцлын тухай санамж бичигт францын талаас “Thales Alenia Space” компанийн гүйцэтгэх захирал Эрвэ Дэррэй, монголын талаас Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал нар гарын үсэг зурав.
- Геологийн шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны тухай чиглэлээр хамтран ажиллах тухай Францын Геологи, уул уурхайн судалгааны товчоо болон Монголын Үндэсний геологийн алба хоорондын Харилцан ойлголцлын санамж бичигт францын талаас Геологи, уул уурхайн судалгааны товчооны үйл ажиллагаа хариуцсан захирал Кристоф Пуанссо, монголын талаас Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү нар гарын үсэг зурлаа.
- Бүгд Найрамдах Франц Улсын Геологи уул уурхайн судалгааны товчоо, Францын геофизикийн ерөнхий компани болон Монголын үндэсний геологийн алба хоорондын эрмэлзлийн захидалд Францын талаас Геологи, уул уурхайн судалгааны товчооны үйл ажиллагаа хариуцсан захирал Кристоф Пуанссо, Геофизикийн ерөнхий компанийн Геологийн шинжлэх ухааны менежер Никола Салаун, монголын талаас Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү нар гарын үсэг зурлаа.
Нийтэлсэн: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба
Сэтгэгдэл