Монгол төрийн сонгууль үндэснийхээ хэвлэлээр сурталчлуулах ёстой
(Улсын Их хурлын сэтгүүлч мэргэжилтэй гишүүдэд)
Сонгуулийн сурталчилгааг дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулах шаардлагатай. Гадаадын буюу нэг улсын нэг компанийн эзэмшилд буй сошиал платформыг тэтгэх нь эргээд үндэсний аюулгүй байдалд хортой тул үндэсний хэвлэлээ дэмжихийн зэрэгцээ гадагшаа чиглэх мөнгөний урсгалыг дотооддоо эргэлдүүлэх нь тухайн улсын эдийн засагт ашигтай. Өнөө үед сошиал медиа хүчтэй хөгжиж байгаа нь үнэн. Дэлхий нийтээрээ цахим сүлжээг ашиглаж байгаа нь ч худлаа биш. Гэхдээ ямар үед яаж ашиглах ёстой вэ гэдгээ дэлхий нийт мэддэг. Тухайлбал, сошиал платформыг дэлхийн бусад орон, тэр дундаа өндөр хөгжсөн улсууд яаж ашиглаж байна вэ. Улс болгон төрийн эрхээ ээлжлэн барихын тулд тодорхой хугацаанд сонгууль явуулдаг. Сонгууль гэдэг бол нэг талдаа ард түмэн нь төр барих эрхээ эдэлж байгаагийн шууд хэлбэр. Нөгөө талдаа тухайн улсын ард түмний нийтлэг оролцоог хангадаг учир тодорхой хэмжээний мөнгө зөвхөн сонгууль тойрсон салбарт эргэлддэг. Үүнийг өндөр хөгжсөн орнууд маш ухаалаг эдийн засгийн системээр өнөөг хүртэл зохицуулж ирсэн байна. Сонгууль гэдэг тухайн улсын асуудал. Тиймээс энэхүү нийтийн үйл ажиллагаанд зарцуулах хөрөнгөө улс дотроо л эргэлдүүлэх зарчмыг төрийн бодлогоороо зохицуулж ирснийг ухаалаг систем гэж байгаа юм.
Ерөөс өндөр хөгжсөн болон эдийн засгийн өсөлт нь хурдацтай нэмэгдэж байгаа улсуудын энгийн мөрддөг зарчим бол мөнгөний урсгалыг гадагшаа биш дотооддоо эргэлдүүлэх явдал. Нэмээд гадаад валютын урсгалыг эх орон руугаа нэмэгдүүлэх туйлын сонирхолтой байдаг нь тухайн улсын эдийн засаг өсөх гол шалтгаан болдог гэдгийг наад захын эдийн засагчид хэлнэ. Гэтэл манайд төрийн бодлого хаашаа чиглэж байгаа билээ. Өнгөрсөн хаврын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталсан. Уг өөрчлөлтөөр гуч гаруй жил явж ирсэн 76 гэх тоог 126 болж нэмэгдүүллээ. Дагалдаад сонгуулийн тогтолцоогоо ч өөрчлөв. Энэхүү хуулийн хэрэгжилт ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Тиймээс бид ирэх 2024 оны УИХ болон орон нутгийн ээлжит сонгуулийг шинэ дүрмээр явуулахаар болсон. Гишүүдийн тоо нэмэгдэх, сонгуулийн тогтолцоо өөрчлөгдсөн учир урьд өмнөхөөсөө илүүтэйгээр сонгуулийн сурталчилгаа хийгдэнэ гэсэн үг. Тэр ч утгаараа зардал өсөх нь тодорхой. Сонгуулийн сурталчилгаанд зарцуулагдах зардлын тодорхой хувийг улсын төсвөөс гаргадаг. Тухайлбал, ирэх жилийн сонгуулийн сурталчилгаанд зориулж 80 орчим тэрбум төгрөгийг зарцуулахаар улсын төсөвт суулгаад байна. Энэ бол манайх шиг эдийн засагтай улсын хувьд өндөр тоо. Тиймээс ард түмэн зардал багатай сонгууль явуулахыг байнга шаарддаг. Харин иргэдийн энэхүү шаардлагыг эрх баригчид хүлээж авсан нэрийдлээр сурталчилгаа явуулах зардлаас танаж эхэлдэг. Ингэж танахдаа үндэснийхээ хэвлэлээр явуулах сурталчилгааны зардлаас танадагт асуудал оршиж байгаа юм. Үндэснийхээ хэвлэлээр гаргах сурталчилгааны зардлыг танаж байгаа ч гадны хэвлэлээр гаргах сурталчилгаагаа эсрэгээр нь нэмдэг Монгол төрийн бодлого эсрэг зүгт явж байгаагийн нэг тод үйлдэл. Тиймээс энэхүү алдааг бид ирэх жилийн сонгуулиар давтах шаардлага байхгүй
Засахын тулд эхлээд хууль гаргах ёстой. Хуульдаа Монгол төрийн сонгуулийн сурталчилгааг зөвхөн үндэснийхээ хэвлэлээр дамжуулан олон нийтэд хүргэнэ. Гаднын хэвлэл буюу сошиал платформыг ашиглахыг хориглоно гэсэн заалтыг оруулах хэрэгтэй
Яг одоо намрын чуулганаар Сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл хэлэлцэгдэж байна.
Тиймээс энэхүү хуулийн төсөлд дээрх заалтыг оруулснаараа эдийн засаг болоод Үндэсний аюулгүй байдал, улсын хөгжилд томоохон өөрчлөлт гарч ирнэ. Үүнийг парламентын түвшинд санаачлан, ажил хэрэг болгоход хэвлэлийн салбараас улс төр лүү орсон эрхэм гишүүд та бүхэн манлайлан оролцох учиртай. Хэвлэлийн салбараас төрийн эрх барих дээд байгууллагад суугаа олон улс төрчид бий. Эдгээр эрхмүүдийн хамгийн том төлөөлөл, нөлөөлөл нь Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та билээ. Таны дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого” гэдэг угтаа эдийн засгаа сэргээх бодлого гэж ойлгож байгаа. Эдийн засгаа сэргээхийн тулд одоо ашиглаж байгаа 40-ийн бетоноо бид 80, 120, 200 болгох ёстой гэж та хэлсэн. Эдийн засгаа тэлэхийн тулд мөнгөний урсгалыг дотооддоо эргэлдүүлж, гадаад валютаа нэмэгдүүлэх шаардлагатай. Энгийнээр хэлбэл гадагшаа бид мөнгө гаргахгүйгээр гаднаас дотогшоо чиглэсэн мөнгөний урсгалыг нэмэгдүүлэх ёстой биз. Гадагшаа мөнгө гаргахгүй, эдийн засгаа өсгөхийн тулд ядаж Монгол төрийн
сонгуулийн сурталчилгааг үндэснийхээ хэвлэлээр явуулах ёстой. Эсрэгээрээ гадаад хэвлэл рүү бид нэг ч төгрөг оруулах учиргүй. Ингэж чадвал эдийн засаг бодитой өснө, тэлнэ. Ингэж чадвал үндэсний хэвлэл хүчирхэгжинэ. Хэвлэл хүчирхэг байх тусам хүний эрх, эрх чөлөө, үзэл бодлын бат нот цайз бий болно. Ингэснээр том зургаараа ардчилал жинхэнэ утгаараа төгөлдөржинө. Ардчилал төгөлдөржсөнөөрөө нийгэм эрүүлжинэ. Эрүүл нийгэмтэй, эрүүл төртэй, эрүүл ардчилалтай улсын хөгжил бодит утгаараа гараанаасаа хөдөлнө. Энэ л монголчуудын хүсээд байгаа ирээдүй. Монголын ард түмэн төр засгаасаа энгийн хүн ёсны зарчмыг л хүсдэг, шаарддаг. Үүнийг нь хүлээн авч чадаж байгаа засгийн эрх баригчид л бодит утгаараа Монголын хөгжлийг урагшлуулна. Тиймээс бид эдийн засаг, үндэсний аюулгүй байдал, улсынхаа хөгжлийг бодож, түмний шаардлагын дагуу Төрийн сонгуулийн
сурталчилгааг үндэснийхээ хэвлэлээр явуулах ёстой. Үндэснийхээ хэвлэлээр сонгуулийн сурталчилгаа явуулах нь нэгдүгээрт, улс орны эдийн засагт олон давуу талыг үүсгэнэ. Хоёрдугаарт, монголчууд тусгаар улсынхаа төрийг байгуулах язгуур эрх ашигт нийцэж байна гэсэн үг. Гуравдугаарт, Монголын ардчиллын баталгаа болсон хэвлэл мэдээллийн эдийн засгийн байдлыг сайжруулна.
Нөгөөтэйгүүр үндэснийхээ хэвлэлээр сурталчилгаа эс явуулах нь яагаад үндэсний аюулгүй байдалтай холбоотой вэ гэж та асууж магадгүй. Дээр хэлсэнчлэн сонгууль гэдэг бол тухайн улсын асуудал. Тухайн улсын ард түмэн улс орон, өөрсдийнхөө эрх ашгийн төлөө, төлөөний хүнээрээ дамжуулан төрийн эрхээ барих үндсэн язгуур эрхээ эдлэх гэж байна. Тиймээс энэхүү язгуур эрхээ эдлэх үйл явцад гадны ямар нэгэн нөлөөлөл орох ёсгүй юм. Гадны нөлөө гэдэг ямар ч утгаараа ойлгогдож болно. Аль ч утгаар нь ойлгосон Монгол төрийн асуудал гадныханд ямар ч хамаагүй зүйл. Адаглаад бид сонгууль явуулахдаа сурталчилгаанд урсах мөнгөө үндэснийхээ хэвлэлд зарцуулчих хандлагатай байх хэрэгтэй. Сошиал платформын цаана дандаа гадаад эзэд бий. Тэр утгаараа сонгуулиар хэн нэгэн нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө ямар хэвлэлээр дамжуулан ард түмэндээ өгч байгаагаас нь хамаарч сонголтоо хийх ч боломжтой. Жишээлбэл, танай тойрогт нэр дэвшиж байгаа улс төрч өөрийн болоод намынхаа мөрийн хөтөлбөрийг сошиалаар явуулж байна уу, сониноор дамжуулж байна уу гэдгийг нь сонгогч та хараарай. Сошиалаар явуулж байгаа бол эдийн засгийн наад захын ойлголтгүйгээс гадна эх орныхоо төлөө зүтгэх хүн биш гэж бодох хэрэгтэй. Харин үндэснийхээ хэвлэлээр сурталчилгаагаа явуулж байгаа улстөрч бол зөв хүн гэдэг нь танигдана.
Э.МӨНХТҮВШИН
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Зочин [203.98.76.249] 2023-10-16 12:07:11
сонгууль хэрэггүй ээ. ИХ гишүүдээ цаазалж чаддаг болох хэрэгтэй