“Уран, хагас коксон түлштэй холбоотой зардал төсөвт суулгаагүй”

Aдмин / Улстөр

УИХ-ын нэгдсэн чуулганаар ирэх оны Төсвийн төслийг хэлэлцэж, үзэл баримтлалыг дэмжлээ. Төсвийн төслийг хэлэлцэх үеэр гишүүд Сангийн сайд Б.Жавхлангаас асуулт, асууж байр сууриа илэрхийллээ.

Б.Жавхлан VS Н.Алтанхуяг

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
-2016 оны сонгуулиар АН-ын тавьсан өр нэг хүнд хуваахаар 15 сая төгрөг болж байна гэж их цуурсан. Харин өнөөдөр нэг хүнд ногдох нийт өр 33 сая байна. Өрөө дандаа зээл авч төлсөн. Хаана байна тэр өр төлсөн нь. Үүнийг парламент дээр иргэдээсээ нуулгүй ярьмаар байна.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Өрийн асуудлыг ярих юм бол их цаг зарцуулна. Та бүхний тавьсан Чингис бондын өрийг бид арай гэж төлж дууслаа. Үүнд баярлах хэрэгтэй. Одоо Чингис бонд Хөгжлийн банканд дээр очсон чанаргүй зээл болсон байгаа шүү. Монголын ард түмний төлсөн татвараар төлж дуусаж байна..

“Төсвийн орлогын 29.5 хувийг уул уурхайгаас бүрдүүлж байна”

УИХ-ын гишүүн Г.Ганболд:
-Нүүрсний хамаарал хэдэн хувь байгаа юм бэ. Хятадын бодлого цөмийн эрчим хүч рүү шилжиж байна. Түүний тэжээл бол уран. Нүүрсний хамаарал хэр тогтвортой байх вэ. Ураны үйлдвэрлэл нүүрсэнд нөлөөлөх нөлөөлөл байна уу. Үүнийг тооцоолсон уу.

Сангийн сайд Б.Жавхлан:
-Урантай холбоотой тооцоолол ирэх оны төсөвт тусгагдаагүй. Нэмэлт орлого орж ирвэл сайн хэрэг. Одоо дөнгөж гэрээ хэлэлцээр дээрээ явж байна. Удахгүй тодорхой болно. Нийт төсвийн орлогын 29.5 хувийг уул уурхайн орлогоос бүрдүүлж байна. Үүний 16 хувь нь нүүрс. Шууд болон шууд бусаар тооцоолвол 60-70 хувь дээр очно.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:
-Хөрөнгө оруулалт дээр үнийн зөрүүнээс үүдэлтэй магадлал хийлгэсэн. Аудитаар баталгаажсан хөрөнгө оруулалтын ажлууд ороогүй байна. Үүнийг хэрхэн яаж ирэх жилийн төсөвт суулгах вэ. Хоёрдугаарт, Хагас коксон түлшний туршилт хийнэ гэсэн. Туршилтын ажлыг ард иргэд дээр хийдэг юм уу. Лаборатори дээр хийдэг юм уу.

ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх:
-Улаанбаатар хотод гэр хороололд халаалтын зориулалтаар ашиглаж байгаа сайжруулсан шахмал түлшийг сайжруулах зорилгоор хагас кокс ашиглахаар туршилт хийсэн. Хагас кокс гэдэг нь үйлдвэрийн аргаар нүүрсийг шатаах үед ялгардаг хорт бодис, дэгдэмхийг ялгаж авсан бүтээгдэхүүн. Энэ бол монголчуудын нээсэн, хэрэглэх гэж байгаа технологи биш. Дэлхий нийтээрээ нүүрсэнд хагас коксжуулж боловсруулалт хийж ашиглаж байгаа. Лабораторид хагас кокс ашиглаж туршилт хийсэн. Маш сайн үр дүн гарсан. Улсын төсөвт ямар нэг байдлаар энэ ажилд тусгасан зүйл байхгүй.

Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргаар Ж.Батсуурийг томилов

Мөн УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа. Ингэснээр Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг томиллоо. Хуульд зааснаар Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороог цөөнхийн бүлгийн гишүүн удирдахаар заасан байдаг аж. Иймээс Ардчилсан намын бүлэг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг тус хяналтын дэд хорооны даргаас чөлөөлж, УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг томилуулах саналаа УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлсэн юм байна. Энэ саналыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэн дэмжсэнийг чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжин баталсан юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.9] 2023-10-20 13:15:02

УИХ-ын даргаа Та Улсын төсвийг ашигтай байхаар, гадны зээл тусламжийг Улсын төсвийн алдагдал хаах зориулалтаар авахгүй байх талаар бих нийтийн санал асуулга асууж өгөөч


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.