100 мянган иргэний дэмжсэн саналыг УИХ-ын даргад хүргүүллээ

Aдмин / Улстөр

Улсын Их Хурлын D-Өргөдөл / petition.parliament.mn / цахим системд байршуулсан НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэхийг дэмжих агуулгатай санал авах үйл ажиллагааны үр дүнг өнөөдөр Улсын Их Хурлын Тамгын газраас УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүллээ.

10 дугаар сарын 17-ны өдөр системд байршуулсан уг саналыг 6 хоногийн хугацаанд 100 мянган иргэн дэмжиж, саналаа цахимаар баталгаажуулснаар уг асуудлыг УИХ-аар шийдвэрлүүлэх боломжтой болсон юм.

Инновац, цахим бодлогын байнгын хорооны 2023 оны 01 дүгээр тогтоолоор баталсан Цахим систем ашиглан иргэдийн оролцоог хангах, санал авах журамд зааснаар, санал авах үйл ажиллагааны үр дүнг Улсын Их Хурлын Тамгын газар ажлын 3 хоногт багтаан Улсын Их Хурлын даргад хүргүүлнэ. Улмаар Улсын Их Хурлын дарга уг асуудлын талаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлж, холбогдох Байнгын хороонд шилжүүлэх зохицуулалттай. Байнгын хороо уг асуудлыг 14 хоногийн дотор хэлэлцэх бөгөөд гаргасан шийдвэрээ шаардлагатай гэж үзвэл нэгдсэн хуралдаанд танилцуулна хэмээн дээрх журамд заажээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар, D-Өргөдөл цахим системд байршуулсан өргөдөл, санал 33,000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах, 70,000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, 100,000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх боломжтой юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.165.88] 2023-10-24 15:05:58

Мөнгө ихтэй, худалдан авалт өндөр баячууд, гишүүд нар 5 хувь нэрээр төсвөөс САЯ САЯАР нь мөнгөө буцааж авна. Мөнгө багатай, худалдан авалт цөөн эгэл иргэд 20,0 МЯНГА ХҮРЭХГҮЙ мөнгөө төсвөөс буцааж авна.

Зочин [43.228.129.226] 2023-10-24 12:36:48

Энэ буруу штэ. Баячууд нь их аваад ядуучууд нь бага аваад л болно штэ


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.