Хүүхдийн амьд явах эрхийг хангаж буй байдлаараа 110 дугаар байрт оржээ

Aдмин / Улстөр

Хууль зүйн байнгын хорооноос Хүүхдийн эрхийг хангах, хамгаалахтай холбоотой нээлттэй сонсголыг өчигдөр зохион байгууллаа. Энэхүү сонсголыг зохион байгуулах хүсэлтийг нэр бүхий 20 гишүүн гаргаж, байнгын хорооноос сонсголын даргалагчаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийг томилсон байдаг. Сонсголд хүний эрхийг хангахтай холбоотой төрийн 43 байгууллага, ажиглагчаар 10 хүн, 10 байгууллага оролцсон юм.

“МАЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТАВАН ХҮНТЭЙ МӨРТЛӨӨ ХҮҮХЭД ХАРИУЦСАН НЭГ Ч ХҮН БАЙДАГГҮЙ”

Сонсголын эхэнд хэд хэдэн илтгэл танилцуулснаас товчлон хүргэе. ХЭҮК-ын гишүүн Л.Мөнхзулын илтгэлд “Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээгээр үйлчлүүлэгчдийн тоо жилээс жилд нэмэгдэх болжээ. Тодруулбал, 2020 онд Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээгээр үйлчлүүлэгчдийн тоо 3630 байсан бол 2021 онд 4573 болсон нь өмнөх оноос 25.9 хувиар өссөн байна. Хохирогчийг тусгаарлан байрлуулж, хоол хүнс, ариун цэврийн хэрэгслээр хангах зэрэг үйлчилгээ нь аргацаах байдлаар явж байна” гэдгийг дурдлаа.

Харин хуульч, өмгөөлөгч Б.Буянжаргалын илтгэлд, “Хүүхдийн эрхийг хамгаалах хуулиуд хангалттай байгаа ч энэ чиглэлээр ажилладаг төрийн байгууллагуудын уялдаа холбоо сул, эргээд ажил хариуцаж байгаа хүмүүст хариуцлага тооцох тогтолцоо сул байна. Тухайлбал, 2017 оноос хойш хүүхэд хамгааллын 108 утас, хамтарсан баг, түр хамгаалах байрууд ажиллуулдаг болсноор хүүхдийн эрхийг хангах чиглэлд дэвшил гарсан мэт харагдах ч хангалтгүй ажиллаж байна” гэдгийг хэлж байв.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа "Хүүхдийн асуудал хариуцсан ажилтны орон тоо сумдад байхгүй мөртлөө малын асуудал хариуцсан таван хүн байна. Бүгдийнх нь хавсарч хийдэг ажлынх нь 20, 30 дахь асуудал нь хүүхэд хамгаалал байдаг. Нийгмийн ажилтан тэрбум мод тарьсан тайлан, соёл урлагийн мэдээ мэдээллээс эхлээд олон зуун тайланг гаргаж өгөх хэрэгтэй болдог. 330 суманд хүүхдийн асуудал хариуцсан нийгмийн ажилтантай болно гэдэг хууль батлуулсан ч ирэх жил, түүний дараа жилийн бүх төгсөгчийг авсан ч хүрэлцэхгүй. Мэргэжлийн боловсон хүчнээр нэг хэсэгтээ дутагдана. Энэ тал дээр зайлшгүй анхаарах шаардлагатай. Салбарын боловсон хүчний цалин хангамж бага байна." хэмээв.

“ҮДИЙН ХООЛНЫ МӨНГӨНӨӨС ЭЦЭГ, ЭХЧҮҮД ХУВААЛЦАХ ЁСТОЙ “

Сонсголын үеэр мөн Үдийн хоолны зардлыг асуудлыг мөн хөндлөө.

УИХ-ын гишүүн П.Анужин:

- Хүүхэд хамгааллын асуудал бол хүүхдийн хоолны шим тэжээлийн асуудал. Хүүхдийн ихэнх цагаа өнгөрөөж байгаа цэцэрлэг, сургууль дахь агаар орчны бохирдлын асуудал. Цаашлаад хүүхдийн эрүүл мэндийн асуудал. Энэ асуудалд өнөөдөр хариулах эрх бүхий хүн энд алга. Олон том юм ярьж байхын оронд Монгол хүний эрүүл мэндийн үндэс болсон, үндэсний аюулгүй байдлын асуудал болсон сургууль, цэцэрлэгийн хүүхдийнхээ аягахан хоолонд анхаарч болдоггүй юм уу. Арай гэж 1500 төгрөг болгосон, 3000 төгрөг болгож байж, 35 хувь нь хангагдана. Энийг бүгдээрээ уриалга болгоод шийдье л дээ. Нийгэмд асуудал болохоор л хойноос нь хөөж явж байдаг. Манлайлаад асуудлыг гаргаж ирэх ёстой. Гаргаад ирэхээр дэмжихгүй байна. Хүүхдийн хоолны асуудал зөвхөн Боловсролын сайдын асуудал гэж үздэгээ боль. Сангийн яам мөн шийдэх асуудал шүү.

БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан:

-Жил бүр цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардалд 70 тэрбум, 1-5 дугаар ангийнхны “Үдийн хоол” хөтөлбөрт 80 тэрбум төгрөг, нийлээд 150 тэрбум төгрөг төсөвт тусгаж ирсэн. Хэрэв цэцэрлэгийн хоолны мөнгийг дахиад 1500-гаар нэмэгдүүлж 3000, сурагчдын хоолны 2470 төгрөгийг мөн дахин нэмэгдүүлнэ гэвэл жилд 300- 450 орчим тэрбум төгрөг шаардлагатай. 450 тэрбумаар цэцэрлэг, сургууль барих уу, үдийн хоолонд зарцуулах уу гэдэг сонголттой тулна. Цаашдаа эцэг, эхчүүд тодорхой хариуцлага хүлээх ёстой. Хүүхдийн мөнгө бол хүүхдэд зарцуулах ёстой мөнгө. Энэ чиглэл рүү ажил хийх ёстой. Цэцэрлэгийн хоолны зардлыг эцэг, эхчүүдтэй хуваалцахаас аргагүй. Орлого багатай, хүнсний талон авдаг гэр бүлийн хүүхдийн хоолны мөнийг төр хариуцах ёстой гэсэн байр суурь илэрхийллээ.

Судалгаа:

Манай улс 1990 онд НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцид нэгдсэн орсноос хойш хүүхдийн эрхийг хамгаалахтай холбоотой олон улсын таван конвенцод нэгдэн орж үүрэг хүлээгээд байна. УИХ-аас Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг батлан мөрдөж байна. Олон улсын Хүүхдийн эрхийн сангаас жил бүр улс орнуудын Хүүхдийн эрхийн тухай конвенцоор хүлээсэн үүргээ хэрэгжүүлж буй байдалд таван үзүүлэлтээр үнэлгээ өгч хүүхдийн эрхийн индекс гаргадаг. Монгол Улс энэхүү индексээр дэлхийн 185 орноос хүүхдийн амьд явах эрхийг хангаж буй байдлаар 110, хүүхдийн эрүүл мэндийн эрхийг хангаж буй байдлаар 110, хүүхдийн боловсрол эзэмших эрхийг хангаж буй байдлаар 78, хүүхэд хамгаалуулах эрхийг хангаж буй байдлаар 91, хүүхдэд ээлтэй орчныг бий болгож буй байдлаар 123-130 дугаар байрт орж, хүүхдэд ээлтэй орчин нөхцөл бүрдүүлэх, амьд явах эрх, эрүүл мэндийг хангах тал дээр дэлхийн дунджаас доогуур, сурч боловсрох, хамгаалуулах эрхийн хувьд дэлхийн дундаж түвшинд эрэмбэлэгдэж байна. Түүнчлэн “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг устгах дэлхийн түншлэл” байгууллагаас Монгол Улсыг хүүхдэд бие махбодын шийтгэл хүлээлгэх явдлын бүх хэлбэрийг хориглосон 49 дэх улс болсныг тэмдэглэжээ.

ЦААШИД....

-Хохирогч хамгааллын бүтэц уялдааны зураглалыг харилцан уялдаатайгаар гаргаж, байгууллагуудын чиг үүргийг давхцлыг арилгаж, уялдаа холбоог хангах

-Хамтарсан багийг чадавхжуулж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, хяналт тавих үүргийг хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хариуцуулах

-Гэр бүл, хүүхдийн асуудал хариуцсан нийгмийн ажилтны орон тоог тусгайлан бий болгох, эсвэл нийгмийн ажилтны орон тоог хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад шилжүүлэх,

-Хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх сайн дурын хөтөлбөрийг үр дүнтэй эхлүүлэх, төрийн бус байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлэх

Нэг цэгийн үйлчилгээний үйл ажиллагааны стандартыг батлан гаргах хэрэгтэй байгааг сонсголд оролцогчид илэрхийллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.249] 2023-10-27 11:32:00

хувийн сургуулийг хаа. нэг хичээлээрээ дагнаад шахаад байдаг юм. өрөөсгөл доголон мэдлэгтэй хүн төрж байна.

Зочин [103.212.118.36] 2023-10-26 15:36:14

Хувийн сургуульд сурч байгаа хүүхдийн хоолны мөнгийг өгөөчээ, Энх-Амгалан сайдаа! Танд 1500 төг чүдэнзний мөнгө шиг бага санагдаж байж болно, Татвар төлөгч бид нарт өөр. Хүүхэд бүрд өгөх ёстой. Ялгаварлан гадуурахаа боль.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.