Х.Нямбаатар: 2009 оноос хойш авсан бүх автобусны худалдан авалтыг шалгуулна
Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр 2009 оноос хойш нийтийн тээврийн салбарт парк шинэчлэл нэрээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар авсан автобус бүрийг хууль хяналтын байгууллагаар шалгуулна гэдгээ мэдэгдлээ. Энэ тухай тэрбээр “2009 оноос эхлэн нийтийн тээврийн салбарт автобус худалдан авахдаа нээлттэй тендер сонгон шалгаруулалт хийлгүй явж ирсэн байна. Тухайлбал, 2009 онд улсын төсвийн хөрөнгөөр 400 автобус худалдан авчээ. Гэвч улсын болон нийслэлд огт бүртгэлгүйгээр 10 аж ахуй нэгжид шууд шилжүүлсэн. Ингэхдээ “Автобус I” 120, “Автобус-III” 80, “Цахилгаан тээвэр” 50, “Эрдэм Транс” 30, “Автобус нэгдэл” 10, “Сутайн буянт” 30, “Мяралзаа” компани 8, “Тэнүүн Огоо” 50, “Тэнүүн дэлгэр” 14, “Атибус”-8, нийт 400 автобус авсан ч 35.6 тэрбум төгрөг улсын төсөвт мөнгө төвлөрүүлэхгүйгээр аж ахуй нэгжид өгсөн.
Үүнээс болж, дээр дурдсан аж ахуй нэгжүүд улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан автобусны эргэн төлөлтийг хийгээгүй байна. Цөөхөн компани нь цөөн хувиар эргэн төлсөн байна" гэв.
Үүнээс улбаалан ханшийн зөрүүнээс шалтгаалж 30 гаруй тэрбум төгрөгийн бодит хохирол үүсчээ. Эл асуудлаар Өмчийн харилцааны газраас удаа дараа шүүхэд хандсан ч автобусыг анх улсын төсвийн хөрөнгөөр бүртгүүлсэн учраас Өмчийн харилцаа нэхэмжлэх эрхгүй гэдэг шалтгаанаар өнөөдөртэй золгожээ. Автобус захиалагч нь Зам, тээврийн яам, санхүүжилт гаргасан яам нь Сангийн яам юм байна. Тэрбээр хэвлэлийн хурлын үеэр “2009 оноос хойш 10 гаруй жилийн хугацаанд нийтийн тээврийн автобусыг бүрэн шинэчлэх боломж байсан” хэмээн онцоллоо.
Хотын дарга Х.Нямбаатар үргэлжлүүлэн ярихдаа "Багтаамж их нийтийн тээврийн шинэчлэл хийх зорилгоор 2015 онд угсраа 20 цэнхэр автобусыг шууд гэрээний аргаар худалдан авалт хийсэн. Энэ автобуснууд нь 9.9 тэрбум төгрөгийн өртөгтэй. Үүнээс хоёр автобусыг шууд акталсан.
Өөрөөр хэлбэл нийт нормдоо хүрч ажиллахгүйгээр үйлдвэрлэлээс гарснаас хойш 2-3 жилийн дараа акталсан. Одоогоор хоёр автобусны моторын асуудал яригдаж байгаа. Моторыг нь авч ирэх гэхээр шууд гэрээний арга учраас тендерт шалгарах ААН байдаггүй. Мөн 2015 онд экобус гэх 20 ширхэг автобусыг нэгж бүрийн үнийг 269 сая, нийт 5.4 тэрбум төгрөгөөр шууд гэрээний аргаар авсан.
Гэвч гэрээгээр хүлээсэн хугацаандаа нийтийн тээвэрт явахгүйгээр бүх автобусыг акталсан. Үүний дараа монбус гэх 30 цахилгаан автобусыг нэг бүрийг 470 сая төгрөгийн үнэтэйгээр худалдаж авсан. Шууд гэрээний аргаар авсан автобуснууд нь тухайн өдрөө өгсүүр газруудад явахгүй байсаар акталсан. Монбус гэх 30 троллейбусыг 2010 онд шууд гэрээний аргаар нэг бүрийг 475-525 сая төгрөгөөр авсан. Одоо ашиглагдахаа больсон. Дараа нь 2022 онд БНХАУ-ын "Юутонг" компанийн цахилгаан автобусыг туршилт хэлбэрээр урьдчилж мөнгийг нь өгөхгүйгээр ашиглаж байгаа. Ямар нэгэн тендергүйгээр туршиж үзээд дараагийн гэрээгээ хийхээр авсан байна. 2022 онд “Xiamen golden dragon bus” гэх 60 автобусыг нэг бүрийг нь 271.5 сая төгрөгийн үнэтэйгээр шууд гэрээний аргаар авсан байна.
Давхар цахилгаан 10 автобусыг нэг бүрийг 776.5 сая төгрөгийн үнэтэйгээр, сүүлд “Xiamen golden dragon bus” гэх 122 автобусыг нэг бүрийг нь 275.1 сая төгрөгийн үнэтэйгээр, нанжин цахилгаан автобусыг 2023 онд нийт гэрээний хүрээнд тус бүрийг 625.6 сая төгрөгийн үнэтэйгээр авсан байна.2020 онд шууд гэрээний аргаар зарлаж 307.3 сая төгрөгийн үнэ бүхий 75 хүүхдийн шар автобусыг авсан байна.
Тэгэхээр үе үеийн нийслэлийн Засаг дарга, Зам тээвэр, хөгжлийн яам, Сангийн яам өнөөдрийн хүртэл хугацаанд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах хуульд нийцүүлэхээр худалдан авсныг шалгуулна. 2009 онд нийлүүлсэн автобуснууд бүгд ААН-үүдэд очсон.
Дээрх ААН-үүд нь нийт авсан өртгийнхөө 30 гаруй хувийг эргүүлж төлсөн. Үлдсэн 70 хувийг эргүүлэн төлөөгүй. "Тэнүүн Огоо" ХХК нь хамгийн бага буюу 13 хувийн төлөлттэй байна. Шууд гэрээний аргаар авсан өдрөө өгсүүр газарт явж чадахгүй 500-600 сая төгрөгийн үнэтэй автобуснууд холбогдох баазын хашаанд байна. 2009 оноос хойших шууд худалдан авалтын гэрээнүүдийг АТГ-т ХЗДХ-ийн сайдын нэр дээр албан бичгээр хүргүүлж шалгуулах хүсэлт гаргаж байгаа. Улсын ерөнхий прокурорт улсад учирсан өмнөх хохирлуудыг төрийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргаж, эргэн төлүүлэх талаар холбогдох хуульд заасан арга хэмжээг авах хүсэлт гаргаж байна" гэв. Түүний дараагийн буюу маргааш хийх хэвлэлийн хурлын сэдэв нь иргэдийг хамгийн ихээр бухимдуулж буй хотын төвийн бүсэд төлбөр тогтоох асуудал юм.
Сэтгэгдэл
zochin [59.153.86.212] 2023-10-31 09:45:57
umnuhuu shalgana gebel nas chin hurehgui duugui yrdah ajilaa hiibel barab
Шудрага [203.17.23.197] 2023-10-30 12:50:55
90 оноос хойших луйвар дээрмийг шалгах комисс байгуулж хувьчлал болон төсөвийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн том хэмжээний ажилууд болон төсөлүүдийн санхүүжилтыг шалгах хэрэгтэй.
иргэн [202.21.126.195] 2023-10-30 12:30:49
Энэ ЗГ байгаа цагт юу ч хэлээд нэмэргүй.Төр түмнээ өшиглөж өөрсдөө цэвэр юм шиг аашилдаг нөхдүүд төр барьж байгаа цагт өөдлөх учиргүй.Хамгийн гол учир нь одоогийн Засаг төр удирдаж байгаа нөхдүүдэд байгаа.Эд нар өөрсдийнхөө буруу үг үйлдлийг байнга бусдын асуудлаар хааж өөрсдөөсөө байнга холдуулж мэргэшсэн нөхдүүд.Өөрсдийнхөө үеийн ямарч асуудлыг 1ч шалгуулж байгаа зүйл байхгүй байгааг түмэн олон сайн тунгааж үзээрэй.Эд нар цэвэр хүмүүс мөн үү.Шалгах гэхээр дандаа өмнөх оныг шалгуулна гэж ярьдаг энэ үг яриа үйлдэл бол эд нарын брэнд болсон.
ЗОЧИН [66.181.177.201] 2023-10-30 12:21:52
ЧИ БОГИНО ХУГАЦААНД МАШ ЗӨВ ШИЙВЭРҮҮД ГАРГАЖ БНА. ЯЛАНГУЯА 2009 ОНООС ХОЙШ АВСАН БҮХ АВТОБУСНУУДЫН ҮНЭ МАШ ӨНДӨР ХАРАГДАЖ БНА. БҮГДИЙГ ШАЛГА. САШ ИХ МӨНГӨНИЙ ЦАВЧАА ЯВАГДСАН БНА. БАЙСХИЙГЭЭД Л ПАРК ШИНЭЧЛЭЛТ ХИЙНЭ ГЭЭД Л БАЙДАГ НЬ БҮЛЭГ ХҮМҮҮСИЙН ЦААГУУРАА МӨНГӨ ХУЛГАЙЛАХ АРГА БАЙСАН БНА.ҮҮНД ТАГНУУЛ ТОМ АВИЛГААР "НУУЦАД ОРУУЛАХ ГОЛ ҮНДСИЙГ НЬ ТАВЬЖ ӨГДӨГ" НОЛ ОРОЛЦОГЧ БОЛСОН БНА.АВТОБУСНЫ ПАРК ШИНЭЧЛЭЛД ТӨР ЗАСГИЙНХАН ОРОЛЦСОН МАФИЙН БҮЛЭГ БУЙ БОЛЖЭЭ.
Зочин [66.181.183.156] 2023-10-30 12:14:39
2009 оноос өмнөхийг үзэхгүй яагаад орхиж байна. Газарын наймаа бүх төрлийн тусламжаас баяжсан этгээдүүд 2000 оноос эхлэнэ дээ. Магадгүй их хувьчлал нэрээр урд цаг үеэс эхтэй. Албан тушаалын наймаа түүнээс урдаас эхтэй Ардын хяналттай хамтарч шалгаж цэвэрлэхгүй бол 2024 оны сонгуулиас бахь байдгаараа эргэвэл Монгол хөөрхий болно оо.