Элчин сайд Шэнь Минжуань: Шинэ эрин үеийн Хятад, Монголын харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд зохих үүргээ биелүүлэх болно
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Минжуаньтай ярилцлаа.
-БНХАУ-аас Монгол Улсад суугаа үе үеийн Элчин сайд нар хоёр орны харилцааг сайжруулах, ахиулах гүүр болж ирсэн билээ. Шинэ Элчин сайдын хувьд та өөрийгөө уншигчдад товч танилцуулна уу?
-Миний бие Монголд ирээд 40-өөд хонож байна. Хамгийн түрүүнд сэтгэлд минь буусан мэдрэмж бол ойрхон санагдлаа. Бээжин-Улаанбаатарын нислэг хоёр цаг ч хүрэхгүй хугацаанд үргэлжилдэг. Энэ нь миний хувьд Бээжингээс төрсөн нутаг руугаа нисэх хугацаатай ойролцоо юм. Тэгээд ч Улаанбаатарын алтан намар Бээжингийнхтэй их төстэй. Эдгээр нь намайг гэртээ байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байна. Миний төрсөн нутаг Жэжиан мужийн нийслэл Ханжоу хоттой их ойрхон байдаг. Саяхан Ханжоу хотод болсон Азийн наадам, Азийн паралимпийн наадмаар Монгол Улс 400 гаруй хүний бүрэлдэхүүнтэй 100 гаруй тамирчдаа илгээж, өндөр амжилт үзүүлсэн. Тэр дундаа гар бөмбөгийн тэмцээн миний төрсөн нутагт зохион байгуулагдлаа. Энд Монголын волейболын тамирчид хүчтэй тоглолт үзүүлж нутгийн минь ард түмэнд гүн сэтгэгдэл үлдээсэн. Монголд ирээд надад төрсөн миний хоёр дахь мэдрэмж бол их дотно санагдлаа. Монголын ард түмэн элэгсэг дотно, харьцахад хялбар хүмүүс юм. Тэр дундаа “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний гурав дахь удаагийн чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг дагалдан БНХАУ-д зочлох нь нэр төрийн хэрэг байлаа. Си Жиньпин даргатай хийсэн чухал уулзалтад оролцохдоо манай хоёр орны дээд удирдагчид хоёр улсынхаа харилцаанд өндөр ач холбогдол өгсөн. Мөн хоёр орны бодит хамтын ажиллагаа, ялангуяа “Бүс ба Зам”-д тулгарч буй томоохон боломж, өргөн далайцтай хэтийн төлөвийг чухалчилж буйг илүү гүн гүнзгий мэдэрсэн. Миний бие БНХАУ-ын ГХЯ-нд Зүүн өмнөд Азийн орнуудтай ажиллаад багагүй хугацаа өнгөрч байгаа, Монголд ирээд мөн адил тэрхүү дотно, нөхөрсөг, хамтран ажиллах урам зоригийг мэдэрсэн. Би өмнөх бүх Элчин сайдын нэгэн адилаар Монголын ард түмэнд элэгсэг дотно сэтгэл дүүрнээр, шинэ эрин үеийн Хятад, Монголын харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд зохих үүргээ биелүүлэх болно.
-Сүүлийн жилүүдэд хоёр орны улс төр, эдийн засгийн солилцоо сүрхий гүнзгийрч байгаа. Шинээр томилогдож ирсэн Элчин сайдын хувьд та хамгийн түрүүнд юу хийж, цаашид хоёр орны харилцааг хэрхэн хөгжүүлэх вэ?
-Хятад, Монгол хоёр улс уул усаараа холбогдсон, соёлын нягт харилцаатай. Хоёр орны харилцаа тогтвортой сайн хөгжиж, өндөр дээд хэмжээний харилцан айлчлалын давтамж хадгалагдаж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн онд БНХАУ-д төрийн айлчлал хийж, сая “Бүс ба Зам” чуулга уулзалтад оролцсон. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн оны зургадугаар сард БНХАУ-д айлчилж, хэдхэн хоногийн өмнө ерөнхий сайд Ли Цянтай дахиад уулзсан. Бидний хийх ёстой хамгийн эхний зүйл бол хоёр орны дээд удирдагчдын тохиролцсон чухал тохиролцоог хамтран хэрэгжүүлж, хоёр улсын дээд удирдагчдын дэвшүүлсэн хөгжлийн зорилтуудыг биелүүлэх юм. Одоогийн байдлаар Монгол Улс хоёр улсын төрийн тэргүүнүүдийн дэвшүүлсэн 20 тэрбум ам.долларын хоёр талын худалдааны хэмжээг биелүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж байна. Энэ оны эхний гурван улирлын байдлаар хоёр талын худалдааны нийт хэмжээ өмнөх оны мөн үеэс 30 хувиар өссөнийг дуулгахад таатай байна. Энэ жил 15 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ онд Монголын Хятад руу хийсэн нүүрсний экспорт 55 сая тонн давж, түүхэн дээд хэмжээндээ хүрсэн. Талууд тохиролцсон 20 тэрбум ам.долларын зорилгодоо хүрэхэд ойрхон байна. Ирэх онд Хятад, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, Хятад, Монголын найрамдалт хамтын ажиллагааны гэрээ шинэчилсний 30 жил, Си Жиньпин дарга Монгол Улсад айлчилсны 10 жил, хоёр улсын хооронд Иж бүрэн стратегийн түншлэлийг харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож байна. Хоёр тал ажил хэрэгч хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх, ард түмний харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор хэд хэдэн баярын арга хэмжээ зохион байгуулахаар ярилцаж байна. Энэ нь хоёр орны харилцааны урт хугацааны хөгжлийн бат бэх суурийг тавьж, эрч хүчийг нэмэгдүүлж, манай хоёр улсын ард түмэнд илүү их үр өгөөж өгөх нь дамжиггүй. Иймд Хятад Монголын харилцааны хэтийн хөгжилд итгэл дүүрэн байна.
-БНХАУ-ын дарга Си Жиньпин 2014 онд Монгол Улсад айлчлах үеэрээ УИХ-ын танхимд хэлсэн үгэндээ, Монголын ард түмэнтэй хамтдаа хөгжихийг эрмэлзэж буйгаа илэрхийлж байсныг санаж байна. Тухайн үед хоёр тал мөн олон төрлийн гэрээ хэлэлцээр, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан. “Бүс ба зам” санаачилга нь Монгол Улсад ямар үр өгөөжтэй, Монгол Улсын “Талын зам”, “Шинэ сэргэн мандалтын бодлого”, “Алсын хараа 2050”-тай хэрхэн холбогдох байгаа вэ. Си Жиньпин дарга чуулган дээр хэлсэн үгэндээ ирэх 10 жилд баримтлах үндсэн бодлогоо танилцуулсан. Энэ нь Монгол Улсын ирээдүйн хөгжилд ямар ач холбогдолтой вэ?
-Энэхүү дээд хэмжээний чуулга уулзалтад 151 улс орон болон олон улсын 41 байгууллагын төлөөлөл оролцсон. Нийт бүртгэгдсэн хүний тоо 10 мянга давсан. Ийнхүү “Олон мянган хүн цугласан томоохон арга хэмжээ” нь “Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах асар их хүсэл сонирхол хийгээд дэлхий дахины нөлөөллийг дахин харууллаа. Монгол Улс “Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах байгалиас заяатай хамтрагч төдийгүй энэхүү санаачилгыг анхлан дэмжсэн орнуудын нэг юм. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хоёр тал хөгжлийн стратегиа гүнзгийрүүлэн уялдуулж, худалдаа хөрөнгө оруулалт, харилцаа холбоо, иргэдийн амьжиргааг дэмжих тал дээр сэтгэл хангалуун таатай үр дүнд хүрсэн. Тодруулбал, хоёр улсын төрийн тэргүүнүүд “Бүс ба зам” санаачилгыг Монгол Улсын “Талын зам” хөгжлийн стратеги, Дэлхийн хөгжлийн санаачилгыг Монгол Улсын “Шинэ сэргэн мандалтын бодлого”, БНХАУ-ын “Хоёр алхам” хөгжлийн стратегийн зорилтыг Монгол Улсын “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулснаар хоёр орны харилцааг хөгжүүлэх гурван том хөдөлгүүр болсон. “Бүс ба зам” хэрэгжиж эхэлснээс хойших 10 жилийн хугацаанд Хятад, Монголын хоёр талын худалдааны нийт хэмжээ 2013 онд зургаан тэрбум байсан. Харин өнгөрсөн жилийн байдлаар энэ дүн 12.2 тэрбум болж нэмэгджээ. БНХАУ-ын идэвхтэй дэмжлэг дор Монгол Улс анхны олон урсгалт агаарын гүүрэн зам, анхны хурдны зам, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан анхны орчин үеийн хөгжлийн төв, Монголын хамгийн дэвшилтэт бохир ус цэвэрлэх байгууламжтай болж, мөн хамгийн том гэр хорооллыг шинэчлэх төсөл амжилттай хэрэгжиж байгаа зэрэг нь Монголын ард түмэнд авчирч буй бодит үр өгөөж билээ. Си Жиньпин дарга энэ удаагийн дээд хэмжээний чуулга уулзалтын үндсэн илтгэлдээ “Бүс ба Зам”-ыг чанарын өндөр түвшинд хамтран бүтээн байгуулах найман зүйл бүхий үйл ажиллагааг танилцуулсанд, гурван хэмжээст харилцаа холбооны сүлжээг бий болгох, ногоон хөгжлийг дэмжих, шинжлэх ухаан технологийн инновацийг ахиулах эсвэл бодит хамтын ажиллагааг бий болгох, иргэдийн харилцаа холбоог дэмжих, олон улсын хамтын ажиллагааны тогтолцоог сайжруулах зэргийн алинд ч гэлээ Хятад, Монгол хоёр талд асар их боломж бий. Хятад улс “Бүс ба зам” хамтын ажиллагааны найман зүйл үйл ажиллагааны хүрээнд, Монголын хэрэгцээ хүсэлтийг харгалзан, Монгол Улстай “Бүс ба зам”-ын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, өргөжүүлэн хөгжүүлж, хоёр орны хамтын ажиллагааны чанар, хөгжлийг ахиулж, ард түмэнд улам илүү их үр өгөөжийг авчирснаар хоёр орны хамтын хөгжил бодитоор биеллээ олно.
-Саяхан та манай сонинд “Хувь заяаны хамтын нийгэмлэгийг гар нийлэн байгуулцгаая, Хувь заяа нэгтэй Хятад Монгол хөрш” нийтлэлийг нийтлүүлсэн нь хүмүүст гүн сэтгэгдэл үлдээсэн. Одоогоос 10 жилийн өмнө Ши Жиньпин даргын дэвшүүлсэн “элэгсэг дотно, чин сэтгэлийн, ашигтай, уужуу багтаамжтай” үзэл баримтлалын талаарх сүүлийн үеийн шинэ мэдээллийг та өгөхгүй юу. Энэхүү үзэл баримтлал нь Монгол Улсад ямар чухал ач холбогдолтой вэ?
-Өнөө жил Си Жиньпин даргын элэгсэг дотно, чин сэтгэлийн, ашигтай, уужуу багтаамжтай хөрш орны дипломат харилцаа үзэл баримтлалыг дэвшүүлсний 10 жилийн ой тохиож байна. Саяхан Хятад улс энэхүү тэмдэглэлт ойд зориулсан олон улсын уулзалтыг зохион байгууллаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын үеэр видео мэндчилгээгээр дамжуулан хүндэтгэл илэрхийлэн, энэхүү үзэл баримтлал Монгол Улсад бодит үр өгөөжөө өгч байгааг өндрөөр үнэлсэн. Хятадын тал мөн “Шинэ эриний Хятад улсын хөрш гадаад бодлогын хэтийн төлөв”-ийг нийтэд танилцуулсан. Элэгсэг дотно, чин сэтгэлийн, ашигтай, уужуу багтаамжтай хөрш орны дипломат харилцааны үзэл баримтлал нь Хятадын шалгарсан уламжлалт соёлын түүхэн өв төдийгүй, Хятад улсын Их гүрний үүрэг хариуцлага, эрхэм зорилгыг илэрхийлж байна.
Энэхүү үзэл баримтлал нь Хятадын уламжлалт “Энх тайвныг нандигнан хамгаалж”, “Үзэл баримтлалыг харилцан хүндэтгэж”, “Элэгсэг дотно хөрш харилцаатай” хэмээх өв уламжлагдан ирсэн үзэл санааны залгамж бичиг юм. Хятад улсын оршин буй Азийн бүс нутаг нь дэлхийн хөгжил цэцэглэлтийн халуун цэг хэдий ч хөгжлийн жигд бус байдал, аюулгүй байдал, засаглалын асуудал хэмээх сорилтуудтай мөн тулгардаг билээ. Хятад улс Азийн орны хувьд хөрш орнуудаа үргэлж ерөнхий дипломат харилцааныхаа тэргүүн эгнээнд тавьсаар ирж, хөрш орнууддаа “элэгсэг дотно, чин сэтгэлийн, харилцан ашигтай, уужуу багтаамжтай” хэмээн хөрш орнуудын дипломат харилцааны үзэл баримтлалыг хэрэгжүүлсээр ирсэн. “Элэгсэг дотно” хөршүүд эелдэг найрсаг байхын илэрхийлэл болж, Ази хэмээх том гэр бүлийн шинэ хүч чадлыг харуулсан. “Чин сэтгэлийн” бие биедээ чин сэтгэлээсээ хандахын илэрхийлэл болж түншлэлийн харилцаа шинэ түвшинд улам сайжирсан. “Харилцан ашигтай” харилцан ашиг үр өгөөж нь ашигтай байхын илэрхийлэл болж, бодит хамтын ажиллагаа шинэ шатанд гаргасан. “Уужуу багтаамжтай” нээлттэй багтаамжтай байдлыг илэрхийлж, бүс нутгийн хоорондын ойлголцолын шинэ хэтийн төлөвийг нээж өгсөн. “Бүс ба Зам” санаачилга нь, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийн үзэл санаа, дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхийн аюулгүй байдлын санаачилга, дэлхийн соёл иргэншлийн санаачилга зэрэг олон чухал санал санаачилгуудад бүгдэд нь элэгсэг дотно, чин сэтгэлийн, харилцан ашигтай, уужуу багтаамжтай хэмээх үзэл санаагаа тусгасан. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Хятад улс болон хөрш зэргэлдээ орнуудын улс төрийн харилцан итгэлцэл улам бэхжиж, харилцан ашигтай хамтын ажиллагаа бодит үр өгөөжөө өгч, бүс нутгийн цогцоор ахиц дэвшлээ үргэлжлүүлэн урагшилсаар байна. Хятад улс Монгол зэрэг 10 гаруй хөрш оронтой хоёр талт хувь заяаны хамтын нийгэмлэг байгуулахаар тохиролцсон. Хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэг хөгжлийн түүхэн үйл явцын тэргүүлэх эгнээнд явж байна. Хятадын хөрш зэргэлдээ орнууд бие биенийхээ худалдааны гол түнш, хөрөнгө оруулалтын чухал эх үүсвэр болсноор, хөгжлийн хамтын ажиллагааны асар их нөөц боломж, өргөн том орон зай буйг харуулж байна. Ирээдүйд Хятад улс “элэгсэг дотно, чин сэтгэлийн, харилцан ашигтай, уужуу багтаамжтай” байх үзэл баримтлалыг үргэлж баримталж, хөрш орнуудтай найрсаг хамтын ажиллагаа, ашиг сонирхлын уялдаа холбоог гүнзгийрүүлж, хамтын өргөө гэрээ байгуулах болно. Хятад улс үргэлжлүүлэн “хамтдаа зөвшилцөж, хамтдаа бүтээж, хамтдаа ашиг шимээ хүртэх” зарчмыг баримталж, гар нийлэн “Бүс ба Зам” санаачилгын жишиг бүсийг бий болгож, хамтдаа байгуулж, хамтын хөгжлийг эрэлхийлж, дэлхийн хөгжлийн санаачилгын анхдагч бүсийг хамтдаа байгуулж, эвлэлдэн нэгдэж бэрхшээлийг даван туулах үзэл санааг баримталж, Дэлхийн аюулгүй байдлын санаачилгын туршилтын бүсийг гар нийлэн байгуулах, Азийн үнэт зүйлсийг баримталж, дэлхийн соёл иргэншлийн санаачилгын тэргүүлэх бүсийг гар нийлэн бүтээн байгуулцгаая. Монгол Улс нь Хятад улсын хуурай газрын хамгийн урт хил залгадаг хөрш. Үүгээр зогсохгүй элэгсэг дотно, чин сэтгэлийн, харилцан ашигтай, уужуу багтаамжтай байх үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд Хятадын тэргүүлэх чиглэл байсаар ирсэн, одоо ч байна, ирээдүйд ч байсаар байх болно. Хятад улс хоёр орны өндөр дээд түвшний зөвшилцлийг харилцан стратегийн удирдамж болгон ашиглаж, стратегийн гурван том хөдөлгүүрийн үүргийг гүйцэд биелүүлэх, хоёр орны хувь заяаны хамтын нийгэмлэгийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн ахиулах нь хоёр орны хамтын хөгжил болон ард түмний сайн сайхны төлөө зориулагдсан билээ.
М.МӨНХЦЭЦЭГ "Өдрийн сонин"
Сэтгэгдэл
зочин [103.57.94.245] 2023-11-07 12:43:29
Дөлгөөн боловсролтой хүн байна. 1960 -1970 оны Хятад биш болсон байна. Хятад их хурдцтай хөгжиж одоогоор дэлхийн 2 дахь эдийн засаг. амжилт хүсье. Манайхан эргэж хургасан ойрхон боддог цалин тэтгэвэрийг хооронд нь гүйлгэж аргалдгаа болих цаг иржээ. иргэдийн хөдөлмөрийн бүтээмж нэмж байж амжилтанд хүрнэ.Ажилын байранд тогтохгүй байхад нэмэгдүлэх тухай яаж ярих юм бэ.
Зочин [103.212.117.54] 2023-11-07 12:41:47
сайхан л үг хэлж, мэдрэмжтэй мэдлэгтэй, туршагатай , ажилдаа эрмэлзэлтэй хүн бололтой.
почин [202.131.226.197] 2023-11-07 10:44:43
ШИНЭ ЭЛЧИНД АЖЛЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЭЕ.