Б.Чимидийн нэрэмжит шагналд нэр дэвшүүлэх бүтээлийг ирэх сараас хүлээн авна

Д.Тулга / Улстөр

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал олгох арга хэмжээг УИХ-аас 10 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Энэхүү шагналыг доор дурдсан бүтээл туурвисан нэг хүн, эсвэл судлаачдын нэг багт жил бүр олгодог.

Дараах байгууллага шагналд нэр дэвшүүлэх боломжтой:

-Эрдэм шинжилгээний байгууллага;

-Их, дээд сургууль;

-Төрийн болон төрийн бус байгууллага.

Бүтээлд тавих шаардлага:

-Судалгаа, шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, парламентат ёс, парламент судлал, Үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр үнэ цэнэтэй, томоохон бүтээл байх;

-Дотоод, эсхүл гадаадын нэр хүнд бүхий эрдэм шинжилгээний хэвлэл, сэтгүүлд нийтлэгдсэн, эсхүл бие даасан ном, бүтээл болон хэвлэгдсэн байх;

-Бүтээлийн үр дүн, дэвшүүлсэн санаа, санал дүгнэлт, үзэл баримтлал, шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр нь тодорхой тооцоо үндэслэл, нотолгоо баримтаар нотлогдсон байх.

Бүрдүүлэх материал:

-Нэр дэвшүүлж, хүсэлт ирүүлсэн байгууллагын эрдмийн зөвлөл, төрийн болон төрийн бус байгууллагын удирдах, төв байгууллагын хурлын протокол, шийдвэр;

-Нэр дэвшигчийн эрдэм шинжилгээний бүтээлийн баталгаажсан жагсаалт;

-Нэр дэвшиж байгаа бүтээлийн товч танилцуулга, гарсан үр дүн;

-Нэр дэвшсэн бүтээлийн талаар тухайн салбарын хоёр эрдэмтний шүүмж;

-Нэр дэвшсэн бүтээлээс дотоод, эсхүл гадаадын судалгааны бүтээлд эшлэл авсан тухай баримт;

-Нэр дэвшигчийн анкет;

-Ажил байдлын тодорхойлолт.

Шагналд нэр дэвшүүлсэн бүтээлийг 1 хувь ирүүлнэ. Ирүүлсэн материалыг буцаан олгохгүй болно. Нэр дэвшүүлсэн байгууллагын ирүүлсэн хүсэлт, протокол, тодорхойлолт, холбогдох бусад баримт бичиг нь эрх бүхий этгээдийн гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажсан байна.

Материал хүлээн авах хугацаа:

Нэр дэвшүүлсэн бүтээлийн талаарх материалыг 2023 оны 12 дугаар сарын нэгний өдрийн дотор Монгол Улсын Их Хурлын Тамгын газар хүлээн авна. Холбоо барих утас: 51-265152 /Хууль, эрх зүйн газар/

Шагнал урамшуулал:

“Б.Чимидийн нэрэмжит шагнал” нь Монгол Улсын Их Хурлын даргын гарын үсэг бүхий өргөмжлөл, Монгол Улсын Их Хурлаас төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн дүрс бүхий медаль, таван сая төгрөгийн мөнгөн урамшлууллаас бүрдэх бөгөөд шагналыг Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Төрийн ордонд гардуулна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.