С.БЯМБАЦОГТ: ХИЛ ХОЛБОЛТЫН ТӨМӨР ЗАМУУД БАРИГДАЖ, ШИНЭ ГАРЦУУД НЭЭГДСЭНЭЭР 2030 ОН ГЭХЭД ТӨМӨР ЗАМЫН ХҮЧИН ЧАДАЛ ЖИЛД 180 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЭНЭ
Бүс нутгийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь сэдэвт Тээврийн долоо хоног 2023 олон улсын форумын хоёр дахь өдөр “Railway Mongolia 2023” төмөр замын салбарын өдөр өнөөдөр /2023.11.07/ эхэллээ.
Үйл ажиллагааг нээж УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт
Монгол Улсын төмөр замын салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломж сэдвээр илтгэл танилцуулав.
Монгол Улсад төмөр зам үүссэнээс хойш 70 жилийн хугацаанд ердөө ганцхан төмөр замтай байсан.
2019 -2023 онд шинээр 905 км төмөр зам барьж, Монгол Улсын төмөр замын сүлжээ нийт 2.020 км болон өргөжөөд байна.
Бидний урд хойд хөрш, Ази Европ, цаашлаад далайд, дэлхийд гарах гол гарц бол төмөр зам.
2019 онд ганцхан төмөр замын төв коридороор 28,2 сая тонн ачаа тээвэрлэж байсан. 2023 оны байдлаар шинэ төмөр замуудын туршилтын тээвэрлэлтүүдийг эхлүүлж, 37.7 сая ачаа тээвэрлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Мөн 2023 оны эхний 10 сарын байдлаар төмөр замаар 3.6 сая тонн транзит ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 39%-иар өссөн үзүүлэлттэй байна.
Монгол Улс саяхныг хүртэл БНХАУ-тай төмөр замаар Замын-Үүд-Эрээн гэсэн ганцхан боомтоор холбогдож байлаа.
Тэгвэл өнөөдөр Шивээхүрэн-Сэхэ, Гашуунсухайт-Ганцмод, Бичигт-Зүүнхатавч боомтуудыг шинээр холбох ажлыг амжилттай эхлүүлж Хятадын талтай тохирч чадлаа.
Цаашлаад Ханги-Мандал, ОХУ-тай Арцсуурь-Цагаантолгой зэрэг дараагийн шинэ гарцуудыг нээхээр Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яам онцгой анхааран ажиллаж байна.
Ингэснээр бид төмөр замын 5 шинэ гарцтай болно.
Хил холболтын төмөр замууд баригдаж, шинэ гарцууд нээгдсэнээр 2030 он гэхэд төмөр замын хүчин чадал жилд 180 сая тонн болж нэмэгдэнэ.
Монгол Улсын төмөр замын салбарын дараах төслүүдэд хөрөнгө оруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой.
Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замаас ашиглалтад орсноор бүс нутгийн уул уурхайн бүтээгдэхүүн эдийн засгийн эргэлтэд орж тээвэрлэлтийн хүчин чадал 25-30 сая тонноор,
Арцсуурь-Нарийн сухайт-Шивээхүрэн чиглэлийн 1255 км төмөр зам жилд 25-30 сая тонн ачаа тээвэрлэх боломжтой.
Сайншанд-Баруун-Урт-Хөөт чиглэлийн 431 км төмөр замын төсөл нь концессоор хэрэгжих бөгөөд “Монголын төмөр зам ТӨХК”-ийн оролцоотой төслийн зориулалттай “Сайншанд-Баруун-Урт-Хөөт төмөр зам” ХХК хэрэгжүүлнэ.
Төв коридорын Багахангай өртөөнөөс салбарлан Улаанбаатар хотыг баруун урд талаар Богдхан уулын өвөрт байрлах Хөшигтийн хөндийн Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын орчмоор дайран тойрон гарч, төв коридорын Мандал өртөөтэй холбогдох 144.8 км төмөр замын төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын дундуур аюултай ачаа тээвэрлэхгүй болж түгжрэл буурах, Хөшигтийн хөндийд тээвэр логистикийн төв байгуулах, төв коридорын хүчин чадлыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.
Улаанбаатар-Хархорин чиглэлийн 384 км төмөр замын төслийг хэрэгжүүлнэ. Энэхүү төслийн ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах, барьж байгуулахад хөрөнгө оруулж хамтран ажиллах бүрэн боломжтой.
Монгол Улсын төмөр замын салбарт баримталж буй бодлого, стратегийг бүрэн хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрнэ гэж үзэж байна.
Төмөр замын урт 2661 км-ээр нэмэгдэж, Монгол Улсын төмөр замын нийт сүлжээний урт 4680 км болж 4 дахин өргөжиж, Эрээнцав-Бичигтийн зүүн коридор, Арцсуурь-Шивээхүрэнгийн баруун коридоруудтай болж, нийт эдийн засгийн 3 коридортой болно.
Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав гэсэн төмөр замын 3 боомттой байгаа бол бодлого хэрэгжсэнээр Гашуунсухайт, Шивээхүрэн, Бичигт, Ханги боомтууд төмөр замаар холбогдож нийт 7 төмөр замын боомттой болно.
Энэхүү төслүүд хэрэгжсэнээр Монгол Улсын төмөр замын тээвэрлэлтийн хүчин чадал 180 сая тонн буюу 5 дахин өснө.
Өнөөгийн байдлаар тээвэрлэж буй 3.4 сая тонн транзит ачааг 40 сая тоннд, тээвэрлэж буй 8.2 сая тонн экспортын ачааг 80 сая тонн-д хүргэнэ.
БНХАУ-ын зөвхөн Тяньжин боомтоор бус Хуанхуа, Цинхуандао, Жинжоу, Инкоу, Далянь, Дандун, Ляньюунганг зэрэг далайн боомтуудаар, ОХУ-ын Алс дорнодын Ванино, Восточный, Находка, Владивосток, Посьет, Зарубино зэрэг далайн боомтуудтай холбогдох боломж бүрдэнэ.
Цаашлаад Энэтхэгийн далайн Карачи, Бандар Аббас далайн боомт, Турк улсын Истанбул боомтоор дамжин Европын улсуудын боомтод хүрэх боломжтой болно.
Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нар “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг баталсан.
Энэ нь далайд гарцгүй манай орны хувьд, Ази, Европ тивийг холбосон хамгийн дөт замнал бүхий газарзүйн байршлын давуу талаа ашиглан, тээврийн сүлжээгээ өргөжүүлж, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх, дэлхийн худалдаа, эдийн засгийн сүлжээнд идэвхтэй оролцох, улсын эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулахад чухал нөлөө үзүүлэх юм.
Төмөр замын хамтын ажиллагааны байгууллагаас баталсан “Екатеринбург-Наушки-Замын-Үүд-Бээжин-Тяньжин” чиглэлийн Транс-Монголын коридор нь Ази, Европыг холбосон хамгийн дөт тээврийн коридор юм.
Энэ коридорын урт нь Казахстаны нутгаар дамжин өнгөрөх коридороос 513 км, Транс Манжуурын коридороос 748 км-ээр дөт гэдгээс эдийн засаг, тээвэрлэлтийн хувьд ямаршуу үр ашигтай болох нь шууд харагдана.
“Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улсын Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлоготой уялдуулан баруун коридорыг ОХУ-ын Курагино-Кызыл-Цагаан Толгой боомтоос Монгол Улсын Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн боомтоор дамжин БНХАУ-ын Сэхэ-Далайхөв узен хүрэхээр төлөвлөөд байна.
Бидний барихаар төлөвлөсөн төмөр замын зүүн коридор нь ОХУ-ын Борзя-Соловьевск боомтоос Монгол Улсын Эрээнцав-Чойбалсан-Хөөт-Бичигт боомтоор дамжин БНХАУ-ын Зүүн хатавч-Улаанхад- Чаоянаар дайран Жинжоу, улмаар Лянюунган далайн боомтуудад хүрэхээр төлөвлөж байна.
Ийнхүү бид урд хойд хөрш, Ази Европыг холбосон төмөр замын 3 коридортой болсноор бүс нутгийн тээвэр логистикийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулж чадна.
Манай хоёр хөрш болох БНХАУ, ОХУ-ын худалдаа жилээс жилд өсөж мөдхөн нэг жилд 200 тэрбум ам долларт хүрэхээр байна.
Цаашдаа тээврийн эрэлт хэрэгцээ улам бүр өссөөр байхыг харуулж байна.
Энэ бол ТРАНЗИТ МОНГОЛ болох зорилт дэвшүүлсэн бидний хувьд нэн таатай боломж.
Мөн сүүлийн 2 жилд Монгол Улсаас БНХАУ руу хийх экспортын хэмжээ огцом нэмэгдсээр байна.
Евроазийг холбосон коридоруудын тээвэрлэлтийн үзүүлэлтийг дараах графикаас харахад нийт транзит ачааны 29 хувийг Манжуур боомтоор, 27 хувийг Хоргос боомтоор, 20 хувийг Алашанкоу боомтоор, 19 хувийг Замын-Үүд, Cүйфэнхө боомтоор тээвэрлэж байна.
Эндээс дүгнэхэд Монгол Улсын төмөр замын төв коридорын өрсөлдөх чадамжийг дээшлүүлэх, Монгол Улсын зүүн баруун бүсэд барихаар төлөвлөсөн шинэ коридоруудыг ойрын хугацаанд нээж, тээвэрлэлтийн хүчин чадлыг эрс нэмэгдүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байна.
Монгол Улсын төмөр замын салбарт хэрэгжүүлж буй төслүүд бүрэн хэрэгжсэнээр манай улсын нийт 13 аймаг төмөр замын дэд бүтцэд холбогдож, нийт 4680 км урт үндэсний төмөр замын сүлжээтэй болж, ашигт малтмалын 230 орчим орд газар эдийн засгийн эргэлтэд орох, төмөр замаар нийт 180 сая.тн хүртэлх ачаа тээвэрлэх, шинээр 13,0 мянган байнгын ажлын байр, 20-30 мянган түр ажлын байр бий болох, дэд бүтэц дагасан томоохон суурьшлын бүсүүд бий болж хөгжих олон талын ач холбогдолтой.
Тэгвэл бүс нутгийн хувьд Монгол Улсын баруун зүүн төмөр замын шинэ коридор бий болсноор жилд тус бүр нь 25-30 сая тонн ачаа тээвэрлэх бөгөөд үүний 10-15 сая тонн нь транзит ачаа тээвэр байх боломжтой.
Бүс нутгийн хэмжээнд төмөр замын дөт коридорыг бий болгох, евроазийн худалдаа эдийн засгийн транзит тээврийг нэмэгдүүлэх, аюулгүй, тасралтгүй, богино хугацааны төмөр замын тээврийг хөгжүүлэх, бүс нутгийн хэмжээнд шинэ эдийн засгийн коридорт суурилсан томоохон суурьшлын бүсүүдийг бий болгохын төлөө хамтран ажиллахыг Та бүхнээс хүсэж байна.
Та бүхнийг Монгол Улсын төмөр замын салбарт хөрөнгө оруулах замаар бүс нутгийн нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулна гэдэгт бүрэн найдаж байна.
Бүс нутгийн “хөгжлийн судас” болсон төмөр замын сүлжээ олон сэжмээр холбогдож, та бидэнд эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжлийг авчрах болтугай.
Сэтгэгдэл
Зочин [103.57.93.111] 2023-11-08 12:28:27
Худалч попчин
ТЗ-ын ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР [66.181.178.95] 2023-11-08 09:53:13
ШИНЭ 905км ТЗ-ын ТТ-ГС ӨРГӨН ЦАРИГТАЙ,ШИЛЖҮҮЛЭН АЧИЛТТАЙ ТУЛ ЖИЛД 10 сая ТН,ТТ-ЗБ 6сая ТН-оос ХЭТРЭХГҮЙ ҮР АШИГГҮЙ ЗАМУУД.БАРУУН БОСОО ЗАМ АРЦСУУРЬ-БУРГАСТАЙ-гаар АНХ ТЭЗҮ ЗӨВ ХИЙГДЭЖ БАЙСНЫГ Х.БАТТУЛГА МОНГОЛЫГ ХОРЛОЖ АРЦСУУРЬ-НС-ШХ БОЛГОЖ ӨӨРЧЛҮҮЛСЭН.ИНГЭВЭЛ ОХУ-ын ТУВАГИЙН НҮҮРСЭНД НАМ ЦОХИУЛЖ НС-ын НҮҮРСНИЙ ЭКСПОРТ "0" БОЛЖ,ТТ-нх НАВС УНАНА.АРЦСУУРЬ-БУРГАСТАЙ БАЙХ ЁСТОЙ.БИЧИГТ-ХӨӨТ-ЧБ ТЗ НАРИЙН ЦАРИГААР БАРЬЖ АДУУНЧУЛУУНЫ НҮҮРСНЭЭС АХУЙН ХИЙ ГАРГАЖ ХИЛ ДЭЭР ШИЛЖҮҮЛЭН АЧИЛТГҮЙГЭЭР ЯПОН,СОЛОНГОСТ ГАРГАНА. ЧБ ТРАНЗИТИЙН ШИЛЖҮҮЛЭН АЧИЛТЫН ОУ-ын ТОМ ТӨВ БОЛНО.СШ-БУ-ХӨӨТ-ийн ЗАМ ЗӨӨХ АЧААГҮЙ ШАХАМ ТУЛ ОЙРЫН 20 ЖИЛД БАРИХ ХЭРЭГГҮЙ.БОГДХАН ТЗ БАРИХ НЬ МАШ ЗӨВ.УБТЗ-тай ХОЛБОХ ЦЭГ НЬ РАШААНТ,БАГАХАНГАЙ БАЙХ НЬ ЗӨВ.УБ-ХАРХОРИН ТЗ-г 20 ЖИЛД ЯАРАХ ХЭРЭГГҮЙ.ОХУ-ын ЗҮҮН,ЗҮҮН УРД БООМТУУД ОЛОН САР ХӨЛДҮҮ,ХОЛ,ТЭЭВРИЙН ЗАРДАЛ ИХ ТУЛ ЭДГЭЭРЭЭР МАНАЙ АЧАА ХЭЗЭЭЧ ЯВАХГҮЙ.УБТЗ АЗИ-ЕВРО-гийн НЭГ ГОЛ ШУГАМ Ч ОУ-ын БАЙДЛЫГ АЖВАЛ ОРОС,ХЯТАДЫН ТРАНЗИТ БАГАХАН НЭМЭГДЭХЭЭС ЕВРОПЫН ОРНУУДРУУ НЭГ ИХ НЭМЭГДЭХГҮЙ
Зочин [59.153.114.147] 2023-11-08 14:57:12
Тэгээд ч царигийн ач холбогдол ковидоос хойш илт буурсан юу гэвэл автомашин, төмөр зам бүгд ялгаагүй задгай чингэлгээр зөөдөг болсон, автомат ачигч ч гарсан, тээврийн бүх хэрэгслийн үүрэг ачаа барааг нэг цэгээс нөгөө цэг хүргэх, харин худалдан авсан тал хурдан хүлээн аваад тээврийн хэрэгслийг түргэн буцаах ёстой, япон солонгосууд манай нүүрс зэсийг хил дээр авч чадахгүй, тэгэхээр одоохондоо хятадууд эсвэл хятадтай хамтарсан ТНК авна, харин манай хувьд төмөр замын нэгдсэн сүлжээ, хөдлөх бүрэлдэхүүний шилжилт хөдөлгөөн, засвар үйлчилгээ, аюулгүй байдал чухал шүү, нарийн цариг орж ирвэл тусдаа систем, технологи, хятадтай л интеграцид орох, засвар үйлчилгээ, сэлбэг бүгд Хятадаас л хамаарах болно, оросыг хятадаар солиод бараг ялгаагүй, харин нэгэнт байгаа системээ сайжруулах, холболтыг хямд чанартай хийх нь найдвартай, хямдхан, үр ашигтай байх болно, хамгийн гол шалтгаан бол манай хоёр талд хэзээ ч өөрчлөх боломжгүй 2 том төмөр замын сүлжээ бодитой оршиж байна. Үүнийг бид саад биш боломж, хэрүүлийн алим биш, гарцыг зөв олж, оновчтой шийдвэрлэх ёстой, жишээ нь зарим газар технологийн буюу зөвхөн нүүрсэнд, магадгүй зөвхөн эрчим хүчний нүүрсэнд зориулсан нарийн царигийн бүрэн автоматжсан төмөр зам барьж болно, холимог ачаа тээвэр лэх газарт Замын үүд шиг өргөн нарийн олон салаа зам бүхий олон улсын том логистикийн төвүүд барих ёстой, хилийн боомтуудын нэвтрүүлэх чадвар хэд дахин нэмэгдэх ёстой, бид алхам алхамаар урагшлах, эхний ээлжинд хил дээр найдвартай хямд шуурхай хүргэдэг болох, дараа нь транзит тээврийг хийх бэлтгэлээ хангах ёстой, орос, хятадын шаардлагыг хангасан ачааны вагон чингэлгүүдтэй болох, солилцох нөөцтэй байх, эрх зүй- улстөрийн зохицуулалт хамгийн чухал, зөвхөн хилийн төмөр замын холболтын асуудлыг шийдвэрлэх гэж хичнээн жил болсоныг л санаарай, харин нутаг дэвсгэрээр нь дамжуулан тээвэрлэнэ гэвэл дахиад 10-20 жил гуйна, хэлэлцэнэ, харин манайхан дэндүү хийсвэр хялбар ойлгоод, мэргэжлийн үүднээс бодитой хандах хэрэгтэй, даанч энэ чухал асуудлаар популизм хийгээд байх юм даа
зочин [59.153.114.147] 2023-11-08 13:46:37
Тийм болохоор Хятадын тал манайхаас хямд зардлаар эрдэс баялгийг түүхий, хагас боловсруулсан байдлаар их хэмжуээгээр хил дээрээ авахыг илүү сонирхож байна. Цаашаа явуулахгүй, тийм нөхцөл бололцоо ч бүрдээгүй, одоохондоо мөрөөдөл, яваандаа сайн боловсруулаад, 1-2 сая тн оор дамжуулан тээвэрлэх асуудлыг нухацтай судлах, эрх зүй, стандарт, үнэ тариф, бусад дүрэм журмын дагуу хийх бэлтгэлээ хангах, баримт бичгээ байгуулах, магадгүй тээвэр зуучийн хамтарсан компани байгуулах шаардлагатай, тэрнээс биш шууд өргөн нарийн цариг хэрэгтэй хэрэггүй гэж утгагүй маргаанаа болих хэрэгтэй, юуны өмнө хилийн төмөр замуудаа яаралтай холбох, логистикийн төвүүд, хуурай боомтуудаа байгуулж, орчин үеийн түвшинд хүргэх нь хамаагүй чухал байна.
зочин [59.153.114.147] 2023-11-08 13:39:33
Та төмөр замаа мэддэг байж болно, харин төмөр замаар гадаад орны нутгаар дайруулан ачаа тээвэрлэх, далайд хүргэх гэдэг бол тээвр логистик, геополитик, геоэдийн засгийн том асуудал. Манай улс төмөр замаа бариад тээвэрлэлтэнд бэлтгэж эхэлмэгц зарим нь үүнийг ойлгож эхэл байх шиг байна. Монголоос ачсан бараа таваар хил дээр хүлээлцэнэ, хэн худалдаж авах, цаашаа хэний вагоноор, ямар өртөг зардлаар хүрэх, хятадын төмөр замын төлөвлөгөө, квотонд багтах эсэх, аюулгүй байдал стандарт хангах эсэх гээд маш олон асуудалтай тулгарна. энэ бүхнийг шийдээгүй байж нарийн цариг барина гэдэг бол өөрсдөө л хоёр стандарт, технологи дээр гацна, 2 дахин зардал гарна гэсэн үг.
Зочин [59.153.112.139] 2023-11-08 09:51:36
МАН бол хөгжлийн тушаа юм, хил орчимын ТЗ баригдаж дуусаад 2 жил боллоо, тэгээд холболтоо хийж чадахгүй бас 23 онд юу ч хийсэнгүй өнгөрлөө одоо тэгээд 2030 гэж ярих юм., Муу нэртэй АН Баттулга шиг дайчин байлдаа тэд аливаа юмыг түргэн хийдэг байсан?
Зочин [66.181.184.200] 2023-11-07 19:03:59
Оросын лоббигоор тувагийн нүүрсийг хятад хүргэж монгол нүүрс үнэгүйдэх замдаа орлоо
ЗОЧИН [202.9.46.142] 2023-11-07 17:23:26
хаа байна ажиллах боловсон хүчин нь төмөр зөмын сургуулийг А Ариунзаяа САЙНШАНДАД БАЙСНЫГ НЬ ХААСАН
Зочин [203.23.199.221] 2023-11-07 16:01:41
Шинээр хийгдэх замын зураг тавиач ээ, хүмүүсийн зураг бидэнд хэрэггүй.