С.Амарсайхан: Чанар нь амжилттай бизнес, засаглалын зөв тогтолцоо, амьдралын баталгаа юм
Чанар, стандарт нь улс орны нийгэм, эдийн засгийн амьдралын олон зүйлийг хамаардаг. Эдийн засаг, бизнес талаасаа засаглалын зөв тогтолцоо, амжилттай бизнес болдог. Мөн эрүүл нийгмийн харилцаа, бидний амар тайван амьдралын баталгаа юм гэдгийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр болсон Үндэсний чанарын чуулганыг нээж хэлэхдээ онцоллоо.
Тэрбээр, “Чанар бол стандартын илэрхийлэл. Стандарт нь чанарын баталгаа байдаг” гэдгийг тэмдэглэн хэлээд, Засгийн газраас улсын хэмжээнд бүх түвшинд чанар, стандартыг өдөр тутмынхаа ажил, үйлчилгээ, амьдралдаа эрхэмлэн, түүгээр дамжуулан чанартай бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг нэг хэсэг нь хэрэглэж, нөгөө хэсэг нь эдлэж, харилцан бие биеийнхээ сэтгэл ханамжийн баталгааг бий болгодог.
Түүгээр дамжуулан хэрэглээний соёлыг нэвтрүүлэн амьдралын аюулгүй байдлын чанар, стандартын түвшинг дээшлүүлэх гээд олон зүйлийг хамардаг учир энэ бүхнийг онцгой анхаарах хэрэгтэй болоод байна гэв.
Дэлхийн чанарыг өдрийг Европын чанарын байгууллага, Японы Инженер, эрдэмтдийн холбоо, АНУ-ын Чанарын хяналтын нийгэмлэг, Латин Америкийн орнуудын чанарын байгууллага анх хамтран санаачилан НҮБ-ын дэмжлэгээр 1989 оноос эхлэн дэлхий нийтээр жил бүрийн 11 дүгээр сард тэмдэглэж ирсэн юм.
Дэлхийн чанарын 7 хоногийн хүрээнд Үндэсний чанарын чуулганыг Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Стандарт, хэмжил зүйн газар, МҮХАҮТ хамтран “Стандарт ба хөгжил” уриан дор зохион байгууллаа. Чуулганд танхимаар 300, цахимаар 200 хүн оролцож, гол нь чанар, стандартыг үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж буй дотоодын компани, ААН-үүдийн төлөөлөл туршлагаа харилцан солилцон хуваалцаж буйг Стандарт, хэмжил зүйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ууганбаяр онцлон хэлж байлаа.
Жишээ нь, “Монголын Алт “компани (МАК) Тогтвортой хөгжлийн бодлого, хүлэмжийн хийн тооцоолол, нэгдсэн менежментийн тогтолцоог хэрэгжүүлж байгаа, “ТЭСО фүүдс” компани эрчим хүчний менежментийн тогтолцоо ISO5001 стандартыг нэвтрүүлж буй туршлагаа тус тус танилцуулсан юм. Тодруулбал, МАК ХХК-ийн Байгаль орчин, тогтвортой хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн А.Халиунаа тус компани сэргээгдэх эрчим хүчийг дэмжин нарны цахилгаан станц барьж, хуванцар поддоны үйлдвэр ажиллуулж буйг хэллээ.
Түүнчлэн “Скай Хайпермаркет” ХХК болон хүнсний эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн “Само институт” ХХК чанарын лаборатори ажиллуулан тохирлын үнэлгээ, магадлан итгэмжлэлийг дотоодын ААН-үүдэд хийж буй үйл ажиллагаагаа танилцууллаа.
Чанар муутай гологдол эдийг үйлдвэрлэсний төлөө хүлээлгэх хариуцлагыг анх тогтоож байв.
1942 оны 1 дүгээр сарын 30-нд БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 5 дугаар хурлаар хэлэлцэж гаргасан тогтоолоор чанар муутай гологдол эдийг үйлдвэрлэсэн гэм буруутай албан тушаалтан, ажилчдыг шүүн таслах, тэдэнд эрүүгийн болон бусад хариуцлага хүлээлгэж байх тодорхой хэм хэмжээ тогтоож байжээ.
Сэтгэгдэл