Ш.Адьшаа: Мал аж ахуйн салбарт тогтолцооны өөрчлөлт хийх цаг болжээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /11.09/ эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар 2024 оны төсвийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Б.Пүрэвдорж, Ш.Адьшаа нар байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:
-Өнөөдөр УИХ-ын улсын төсөв хэлэлцэж, улстөрчид сайхан зүйл ярьж байна. Сүүлийн өдрүүдэд цаг агаарын гамшигт үзэгдлээс болж олон хүний амь нас эрсэдлээ. Түүний дотор эмэгтэйчүүд, хүүхдүүд амь насаа алдсанд гүнээ харамсаж байна. Монгол Улсын голлох салбарын нэг бол мал аж ахуй. Гэвч 2024 оны төсөвт мал аж ахуйн салбар, тэр дундаа малчид, залуу малчдын эдийн засгийг дэмжсэн, хөдөө орон нутагт ажиллах нөхцлийг сайжруулах тал дээр анхаарсан нэг ч хөрөнгө мөнгө тавьсангүй. Тиймээс үүнд бид дүгнэлт хийх цаг иржээ. Монгол Улс 70-80 сая малтай гэж сайрхаж ярьдаг мөртлөө мал маллах боловсон хүмүүс ховор болсон. УИХ-ын гишүүдийн 50 хувиас доошгүй нь орон нутгаас сонгогдсон гишүүд байгаа. Тэд залуу малчид, мал маллах хүн ховордсон гэж ярьдаг мөртлөө бодлого боловсоруулахдаа энэ тал дээр чиглэсэн зүйл хийхгүй байна. Өнөөдөр орон нутагт мал маллаж байгаа малчдын ихэнх нь 50-иас дээш насны хүмүүс байна.
Тиймээс Монгол Улсын голлох салбарын нэг мал аж ахуй мөн юм бол, монгол хүн бүр хүнсний асуудлаа мал аж ахуйгаар дамжуулж шийддэг нь үнэн юм бол залуу малчид, мал аж ахуйн салбарт эдийн засгийн бодлогоор дамжуулсан тогтолцооны өөрчлөлт хийх цаг нь болжээ.
Ингэж явсаар мал маллах хүнгүй болбол гаднаас ажиллах хүч авах уу. Мал, аж ахуйн асуудал сүйрлийн эрмэг дээр тулсан байна. Малчдаа, залуучуудаа орон нутагт ажил гэж уриа лоозон дэвшүүлээд ямар ч үр дүнгүй болсон. 30 жилийн өмнөх яриа хэлэлцээр бодлого одоо явахгүй ээ. Байгаль цаг уурын өөрчлөлтийн улмаас малчдын амьдралд хүнд байдалд орж байна. Тиймээс дахин хэлье. Малчдын асуудлыг эдийн засгийн бодлогоор дамжуулж тогтолцооны өөрчлөлт хийх цаг болжээ. Би олон УИХ-ын гишүүдтэй энэ асуудлаар санал солилцсон. Миний саналыг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн дэмжиж байгаа. Та бүхэн өнөөдөр эдийн засгийн хөшүүргээр дэмжсэн төрийн тогтвортой бодлого, тогтолцооны өөрчлөлт, хууль эрх зүйн орчинг энэ парламент батлахыг хүсэж байна. Тиймээс та бүрэн миний санал, санааачлагыг дэмжиж хамтарч ажиллахыг уриалж байна. Энэ бол Монгол Улсын эдийн засаг, улс орны ирээдүйн асуудал. Мөн Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын асуудал гэдгийг дахин хэлье.
Сэтгэгдэл
зочин [66.181.186.52] 2023-11-09 13:26:22
Олон төрлийн урамшуулал байнга өгдөг. Сүүлдээ НДШ-ийг нь нөхөн төлөх. хагасыг нь бусад татвар төлж байна. 5 насаар наана тэтгэвэрийн сангаас сул мөнгө өгч байна. Ажилласан жилийг 1.6 жилээр тооцож байна. Өвчин ослоор үхсэн малыг улсаас төлж өгч байна. Нэгдлийн мал малласан хүмүүс хохироод өнгөрсөн. Тэдний малыг хэн хувьчилж авсан билээ. Хотынхон аваагүй. Харин сумдуудад туулц сайтай машин онцгойд байх. Асуудал гархад холбоо барих сургалт явуулах үүргийг сумын албатуут айл өрхөөр сурталчилах.гээд олон юм байна аа Өөр хаана ийм хөнгөлөлт эзэлж байна бэ.
Зочин [192.82.66.11] 2023-11-09 14:16:17
мал эзэнтэй бүү худал зусард