Б.Цэнгэллхам: Монгол Вьетнамын харилцааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулан хөгжүүлэх боломжтойг илэрхийлсэн айлчлал боллоо

Aдмин / Улстөр

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, Вьетнам судлаач, доктор (Ph.D) Б.Цэнгэллхамтай ярилцлаа.


-Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт Вьетнам улсад айлчиллаа. Хоёр улсын Төрийн тэргүүнүүд Монгол Вьетнамын харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн хэмжээнд хүргэхээр санал солилцжээ. Энэхүү айлчлал ямар онцлог, ач холбогдолтой болов?

-Монгол, Вьетнамын харилцааны түүхэн үйл явц эхнээсээ өнөөг хүртэл улс төрийн харилцаа давамгайлсан, түүнд тулгуурлан бусад салбар харилцаа үүсч хөгжин, төлөвшиж иржээ. Ерөнхийлөгч бол хоёр орны харилцаанд улсаа төлөөлөх “нэг дэх хүн”. Тиймээс түүний айлчлал нь зиндаа, улс төлөөлөх эрх, ач холбогдлоороо харилцааны бусад субъектүүдээс хамгийн өндөр дээд зэрэглэлд хамаарагдана.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн энэхүү айлчлал Монгол Улс, Бүгд найрамдах социалист Вьетнам улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн босгон дээр болов. Энэхүү айлчлал нь 2013 оноос хойш буюу 10 жилийн дараа Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Вьетнам улсад хийгдсэнээрээ онцлогтой. Түүнчлэн Монгол, Вьетнамын харилцаа, тэр дундаа улс төр, батлан хамгаалах, зам тээвэр, ложистик, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын болон олон улс, бүс нутгийн түвшин дэх хамтын ажиллагааны маш өргөн цар хүрээтэй асуудлаар харилцан ярилцсанаараа онцлогтой боллоо гэж харж байна.

Хамгийн гол нь 2024 онд тохиох Монгол, Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар санал нэгдлээ. Энэ хүрээнд хэд хэдэн чухал баримт бичигт гарын үсэг зурж, хамтарсан мэдэгдэл гаргасан. Манай хоёр орон НҮБ, АСЕАН болон олон улсын хамтын ажиллагааны бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж ирсэн. Монгол Улсын Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-д элсэх хүсэл эрмэлзлийг Вьетнам улс үргэлжлүүлэн дэмжихээ нотолсноороо өндөр ач холбогдолтой юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНСВУ-д хийсэн энэхүү төрийн айлчлал нь хоёр орны уламжлалт найрсаг харилцааг улам бүр бэхжүүлэн, ирж буй он жилүүдэд хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хэтийн төлөв, цаашдын замын зураглалыг тодорхойлоход чухал түлхэц болно гэдэгт итгэл төгс байгаагаа талууд илэрхийлсэн. Ингэснээр манай хоёр орны харилцааны түвшинг ахиулахад бодит хувь нэмэр орууллаа. Айлын тал ч манай Ерөнхийлөгчийг дээд түвшинд хүндэтгэн хүлээн авсан нь энэхүү айлчлалын ач холбогдлыг өндөр өргөсөн хэмээн судлаачийн хувьд баяртай байна.

-Ер нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаа өнөөдөр ямархуу үзүүлэлттэй байгаа вэ. Үүнийг аль, аль салбарт хөгжүүлэх өргөн боломж байна вэ?

-Өнгөрсөн хугацаанд БНСВУ аж үйлдвэржсэн, Зүүн өмнөд Ази төдийгүй тив дэлхийд өөрийн байр сууриа баттай эзэлсэн орон болж чадсан. Сүүлийн арван жилд тус улсын эдийн засгийн өсөлт нь дэлхийд хамгийн өндөрт тооцогдож байгаа. Мөн дэлхийн 175 оронтой дипломат харилцаатай, 220 улс, бүс, эдийн засагтай гадаад худалдаа хийж, эдийн засгийн хамтын ажиллагаа явуулж байна. Сүүлийн үед БНСВУ-ын ДНБ 2.58 хувиар өсч, экспорт, импортын эргэлт 660 тэрбум ам.долларт хүрчээ. Вьетнам нь олон улсын худалдааны хувьд тэргүүлэх 20 эдийн засгийн нэг болсон. Манай хоёр орны хувьд худалдааны эргэлт жилд тогтмол өссөн үзүүлэлттэй гарч байна. 2021 онд 80.2 сая ам.доллар, 2022 онд 85 сая ам.доллар байсан бол 2023 оны эхний хагасын байдлаар 45 сая орчим ам.доллар болсон. Энэ дүнг оны сүүлч гэхэд 100 сая ам.долларт хүргэх зорилт биелэх магадлал өндөр байна. Худалдааны бүтцээр авч үзвэл, экспортод гянтболд буюу вольфром, молбидений баяжмал, хагас боловсруулсан арьс шир, шевро, хүнсний бүтээгдэхүүн, малын гаралтай дайвар бүтээгдэхүүн нийлүүлж байна. Харин тус улсаас бид импортолж байгаа бараанд хөдөө аж ахуй, хүнс, эм, эмийн бүтээгдэхүүн, ахуйн болон цахилгаан бараа, машин механизмын сэлбэг хэрэгсэл, цагаан будаа, угаалгын бодис зонхилж байна.

Вьетнам улс нь дэлхийн цагаан будааны зах зээлд хамгийн их нийлүүлэгч таван улсын нэг. Тус улс нь 29 орон, нутаг дэвсгэрт цагаан будаа экспортолдог. 2023 оны есдүгээр сарын байдлаар нийт 5.02 сая тонн цагаан будаа экспортолжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19 хувиар өссөн байх жишээтэй. Цагаан будааны экспортын нийт борлуулалт нь 2.44 тэрбум ам.доллароор хэмжигдэж байна. (өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9 хувиар өссөн) болжээ. Энэ онд 6.3-6.5 сая тонн буюу түрүү жилийнхээс 0.2 сая тонн цагаан будаа илүү экспортолно гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. 2021 онд дэлхийн цагаан будааны нийлүүлэлтийн 40 хувийг эзэлж байсан Энэтхэг улс 2022 оноос экспортдоо хориг тавьсан. Хятад зургаан сая тонн экспортлохоор төлөвлөсөн нь Вьетнамд ихээхэн боломжийг бий болгож байна. Гол импортлогч нь Филиппин байна. Харин манай улс 2021 онд Вьетнамаас 25 мянган тонн буюу зах зээлийн 41 хувийг эзлэх хэмжээний цагаан будааг импортолжээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 16 хувиар өссөн үзүүлэлт юм. Эндээс манай цагаан будааны зах зээлийн эрэлт хэрэгцээг вьетнамын будаагаар хангах боломжтой болох нь харагдаж байна. Үүний тулд тээврийн асуудлыг бүрэн шийдэх шаардлагатай юм. Монгол-Вьетнам хоёр орны хооронд худалдааг хязгаарлаж буй хамгийн том хүндрэл нь ачаа тээврийн холболтын асуудал. Өнөөдрийг хүртэл бараа, бүтээгдэхүүний тээвэрлэлт голчлон БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх төмөр замд тулгуурлан, тээвэрлэлтийн хэмжээ болон зөвшөөрөгдөх хэмжээ хязгаарлагдмал байсаар ирсэн.

Худалдаа, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комисс 1979 онд байгуулагдсан. Засгийн газар хоорондын комиссын XVIII хуралдаан нь өнгөрсөн оны есдүгээр сард Улаанбаатар хотноо болсон. Энэ хурлаар талууд хоёр улсын хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, байгаль орчин, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, аялал жуулчлал, зам тээвэр, хөдөлмөр, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцсэн. Мөн комиссын XIX хуралдааныг 2024 онд Ханой хотноо зохион байгуулахаар тохиролцсон байдаг.

Манай Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлал нь эртний түүхэн улбаатай, “Найрамдалт хамтын ажиллагааны зарчим”-д тулгуурлан өргөжин бэхжиж ирсэн харилцааг цаашид хоёр орны онцлог, нөөц бололцоонд тулгуурлан хамтын ажиллагааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулан хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлсэнээрээ ач холбогдолтой боллоо.

-Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Вьетнамд хийсэн төрийн айлчлалын үеэр талууд нэлээд олон баримт бичигт гарын үсэг зурлаа. Үүний үр дүнг та судлаачийн хувьд хэрхэн дүгнэж байна вэ?

-Хоёр орны харилцааны хөгжлийг урагшлуулахад төрийн өндөр, дээд хэмжээний айлчлал, яриа хэлцэл, байгуулсан баримт бичгүүд тэргүүн зэргийн ач холбогдолтой байдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНСВУ-д хийсэн төрийн айлчлалын хүрээнд нэлээд олон санамж бичигт гарын үсэг зурж, хамтарсан мэдэгдэл гаргасан. Эдгээр баримт бичгүүдийн заримаас нь дурдвал, “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр нь хоёр улсын иргэд харилцан зорчих урсгалыг нэмэгдүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх болон аялал жуулчлалыг хөгжүүлэхэд том түлхэц болно. Мөн “Цагаан будааны худалдааны тогтвортой нийлүүлэлтийн тухай санамж бичиг” нь цаашид Вьетнамаас импортлох цагаан будааны чанарыг сайжруулах, худалдааны тогтвортой байдлыг хангана. Тэгвэл “Монголоос Вьетнамд экспортлох хонь, ямааны махны олон улсын мал эмнэлгийн гэрчилгээний загварын тухай” баримт бичиг нь хоёр улсын хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдэгт талууд бүрэн дүүрэн санал нэгтэй байна.

-Монгол Вьетнамын бизнес форум болж байгаа харагдсан. Ер нь хоёр улсын бизнесийн салбарынхны харилцаа холбоо ямар байдаг вэ. Вьетнамчууд Монголоос юу юу авах сонирхолтой байдаг вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалын хүрээнд Монгол Улсаас БНСВУ-д суугаа Элчин сайдын яам, Вьетнамын Аж үйлдвэр, худалдааны яам, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Вьетнамын Худалдаа аж үйлдвэрийн танхимаас хамтран Бизнес форум зохион байгуулсан. Тус форумд монголын талаас 70 гаруй, вьетнамын талаас 80 гаруй, нийт 200 орчим төлөөлөгч оролцлоо гэсэн мэдээ байна.

БНСВУ-ын Шадар сайд Чан Лыү Куан форумыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэхүү айлчлал, түүний хүрээнд хийгдэж буй Бизнес форум нь хоёр талын улс төрийн харилцааг эдийн засгийн хамтын ажиллагаа болгон өргөжүүлж, харилцааны цоо шинэ хуудас нээж байгааг онцлон тэмдэглэсэн байна. Монгол, Вьетнамын бизнес форумыг хамтран зохион байгуулж, хоёр орны бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаанд бодлогын дэмжлэг үзүүлэх нь худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой ач холбогдолтой. Хоёр улсын бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд, жижиг, дунд үйлдвэрлэлийн хооронд хэлхээ холбоо тогтоох, хамтын ажиллагаанд төр, засгийн зүгээс бодлогын дэмжлэг үзүүлж байгаа нь олзуурхууштай.

Манай орны мал аж ахуйн түүхий эдийн нөөц болох хонь, ямаа, үхэр, адууны арьс, ширийг Вьетнамын дэвшилтэт техник технологитой хослуулан боловсруулаад зогсохгүй мах, махан бүтээгдэхүүн бэлтгэн экспортлох боломжтой. Далайд гарцгүй Монгол Улс нь төмөр зам, авто зам болон агаарын тээврийн салбарын хамтын ажиллагааг гуравдагч хөрш орнуудтай өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Тэгвэл энэ удаагийн Ерөнхийлөгчийн айлчлалаар Монгол Вьетнамын бизнесийн салбарынхан, аж ахуйн нэгжүүд хамтран карго, тээвэр ложистикийн шинэ шийдлүүдийг хайх сонирхолтой байгааг нээн илрүүлсэнээрээ онцлогтой байна.

БНСВУ-ын хэмжээнд 61 муж, хотод нийт 563 аж үйлдвэрийн парк байгуулахаар төлөвлөсөн юм билээ. 2023 оны байдлаар 397 аж үйлдвэрийн парк байгуулагдан, үйл ажиллагаагаа явуулж байна. Энэхүү туршлагаас судлан, бид өөртөө тохирохыг авч хэрэгжүүлбэл зохилтой болов уу.

-Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалаар хоёрын улсын хооронд шууд нислэг хийх боломж бүрдлээ. Хэзээнээс хэрэгжих бол. Шууд нислэгтэй болсноор манай эдийн засагт хэрхэн үр өгөөжөө өгөх вэ?

-Бизнес форумын үеэр Вьетнамын Вьет-Жет авиакомпани Нячанг-Улаанбаатар-Нячанг чиглэлийн нислэг үйлдэхээр болов. Уг нислэг нь 2023 оны арванхоёрдугаар сарын 15-наас эхлэн тогтмол давтамжтайгаар хийгдэхээр боллоо. Шууд нислэг нь хоёр орны иргэд, бизнес эрхлэгчдийн хувьд зах зээлийн бодит нөөц бололцоог судлах гэх мэтээр хамтран ажиллах замаар худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд ихээхэн үр өгөөжтэй болно хэмээн харж байна.

-Монгол, Вьетнам нь олон улсын тавцанд хамтарч ажиллаж буй байдлыг та юу гэж хардаг вэ?

-НҮБ-д манай улс 1961 онд, Вьетнам улс 1977 онд элссэн. Дэлхийн улс төр, эдийн засаг, соёл, аюулгүй байдлын асуудлаар манай хоёр орон хамтдаа олон талт хамтын ажиллагаанд оролцож ирсэн. Ингэснээр дэлхий дахинд болон бүс нутгийн бодлого, харилцаанд байр сууриа бэхжүүлж чадсан болно.

Дэлхийн эдийн засгийн хүчний төв бидний оршин буй бүс нутагт шилжин ирж байгаа энэ үед Монгол Улс хоёр хөрш орноос гадна гуравдагч хөрш орнууд нэгдэн орсон олон талт хамтын ажиллагааны байгууллагад элсэх нь жижиг орны стратегийн ашиг сонирхолд бүрэн нийцнэ гэж үзэж байна. Манай Засгийн газар АПЕК-ийн зорилго, зарчмыг хүлээн зөвшөөрч, 1993 онд хамтран ажиллах, улмаар гишүүнээр элсэх хүсэлтээ албан ёсоор анх удаа илэрхийлсэн байдаг. Үүнийгээ өнөөг хүртэл улс төр, дипломатын янз бүрийн түвшинд нотолсоор ирсэн. Өнөөдөр ч бидний байр суурь хэвээр байгаа.

Монгол Улс АСЕАН-ы гишүүн орнуудтай хоёр талын харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх үндсэн дээр АПЕК-д элсэх зорилтдоо тэдний дэмжлэгийг бодитоор авахыг эрмэлзэх нь оновчтой зөв арга, тактик байх болно. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын АПЕК-д элсэхэд дэмжлэг авах хамгийн үр ашигтай хувилбарын нэг нь БНСВУ-ын суваг мөн хэмээн судлаачийн хувьд үздэг.

М.МӨНХЦЭЦЭГ

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.