2024 оны төсөв: “Тоо худал хэлдэггүй”
УИХ өнгөрсөн баасан гаригт ирэх 2024 оны төсвийг хэлэлцэж баталлаа. Эрхэм гишүүд төсөв тойроод сайд нартай түр тар хийгээд авсан. Гэсэн ч эцсийн мөчид 81.8 хувийн саналаар дэмжиж батлав. Ингэхдээ төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 25.9 их наяд төгрөг, зарлагын хэмжээ 27.4 их наяд төгрөг боллоо. Харин нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий хоёр хувьтай тэнцэх хэмжээний төсвийн алдагдалтай байхаар “төсөөлж” батлав. Засгийн газраас өргөн барьсан төсвийн төсөлд “Монгол Улс 2024 онд 25.3 их наяд төгрөгийн орлоготой. 27.2 их наяд төгрөгийн зарлагатай.
2.1 их наяд төгрөгийн алдагдал байхаар тооцоолсон. УИХ-аар хэлэлцэх явцад зарлагыг 200 орчим тэрбум төгрөгөөр, орлогыг 600 орчим тэрбум төгрөгөөр өсгөсөн. Орлогыг ингэж өсгөснөөр 2.1 их наяд төгрөгийн алдагдлыг 1.5 их наяд төгрөг болгож баталсан юм.
Ер нь бол ирэх жилийн төсөв нэлээд хэдэн онцлогтой болжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн намар орон нутгаар явж, иргэдтэй хамт хэрэгцээт том төслүүдийг нь эрэмбэлж оруулсан анхны төсөв болсон. Энэ нь нэг талаас зарим гишүүний Засгийн газарт бухимдах шалтгаан болсныг үгүйсгэхгүй. Тодруулбал, 2024 оны төсвийг гишүүдийн гэхээсээ орон нутагт ажиллахдаа иргэдээс авсан саналдаа тулгуурлаж “зохиосон” байна. Дээрээс нь “гишүүдийн мөнгө” гэдгийг Засгийн газраас оруулахдаа хасчихсан байжээ. Ерөөсөө л өмнөх жилүүдийнх шиг гишүүдийн шууд саналаар “тойргийн хөрөнгө оруулалт”-ыг шийдээгүй гэсэн үг.
Ирэх 2024 оны төсвийг Л.Оюун-Эрдэнэ “Хот хөдөөгийн тэнцвэрийг хангах төсөв” гэж тодорхойлсон. УИХ-ын 2023 оны аравдугаар сарын 19-ний чуулган дээр “УИХ-ын гишүүдийн тойрогт хандсан хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, ЭЗХЯ, Сангийн яам, олон улсын байгууллагуудын зөвлөмжид үндэслэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хөдөөгийн сэргэлтийн “Таван цагариг зам” төслийг эхлүүлж байгаа нь 2024 оны төсвийн жилийн гол онцлог” хэмээсэн. Мөн “Бид өнгөрсөн гурван төсвийн жилийн бодлогын үр дүнд цар тахлыг амжилттай даван туулж, дайны хүнд үед эдийн засгийн өсөлтөө хадгалж, авлигатай хийх тэмцлээ эрчимжүүлж, далд эдийн засгийн хөшгийг хуулж, эдийн засаг хүртээмжтэйгээр тэлэх суурь нөхцөлийг бүрүүлж чадлаа.
2024 оны улсын төсөв бол хот ба хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг дэмжих суурь агуулгатайгаар боловсруулсан” гэсэн. Ингэхдээ “2024 онд эдийн засаг долоон хувиар өсөж, ДНБ 74 их наядад хүрч, нэг хүнд ногдох ДНБ анх удаа 6000 ам.доллар давна” гэв.
Ер нь бол 2021 онд 43.5-тай байсан ДНБ энэ 2022 онд 62.4 их наядад хүрсэн. Ирэх онд 74 их наяд хүрнэ. Ингэж “торх” томорч байна. Үүнийг “Монгол Улс өнөөдөр ийм том дүнтэй төсөв “зохиох” хэмжээнд хүрсэн нь Засгийн газрын авлигатай хийж буй тэмцэл улсын орлогод ямар их нөлөөтэйг нотолж байгаа хэрэг” хэмээн эдийн засагчид тодорхойлж байна. Шууд утгаараа, авлигын эсрэг тэмцлийн дүнд 2023 онд ДНБ 62.4 их наяд, нэг хүнд ногдох ДНБ 5000 ам.долларт хүрч, төсвийн орлого 1.8 их наядаар давж, цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлсэн хэрэг л дээ. Энэ утгаараа ирэх 2024 оны төсөв бол Л.Оюун-Эрдэнийн Ерөнхий сайд болсноосоо хойш өөрийнхөөрөө хийсэн анхны төсөв болж буй юм.
Тиймээс сая баталсан ирэх оны төсөвт дээр хэлсэнчлэн “Хот хөдөөгийн тэнцвэрийг хангах” хүрээнд нэлээд асуудлыг суулгасан байгаа юм. Орон нутгийн орон сууцжуулалтыг дэмжихээр болсон. 2021 оноос орон нутаг дахь орон сууцны зээлийг хүүг наймаас зургаан хувь руу шилжүүлсэн.
Сарын төлөлт нь 18.3 хувиар буурсан. Энэ 2023 оноос зээлийн хүүг зургаагаас гурван хувь руу буулгасан. Сарын төлөлт нь 29.7 хувь буурсан байх жишээтэй. Бас орон нутагт татварын багц бодлого хэрэгжинэ. Орон сууц шинээр барьж, түүнийгээ борлуулсан компанийн орлогын албан татварыг Дархан-Уул, Орхон аймгийн төв, Багануур, Налайх, Багахангай дүүрэгт 50 хувь, бусад аймаг орон нутагт 90 хувь хөнгөлнө. Орон нутагт орон сууц түрээслэх орлогын албан татварыг 90 хувь хөнгөлөхөөр болсон. Орон нутагт ажилласны нэмэгдэл хэрэгжинэ. Төрийн захиргаа, төрийн үйлчилгээ, улс төрийн албан хаагчид сумынх бол 40 хувь, аймгийнх 20 хувийн нэмэгдэл авна. Үүнд 105.2 мянган хүн хамрагдах юм байна.
Орон нутагт тогтвортой ажилласны тэтгэмж хэрэгжихээр болсон. Өмнө нь төрийн захиргааны албан хаагчид ийм тэтгэмж авлдаггүй байсан бол 2024 оноос сумд болон Багахангай, Налайх, Багануур дүүрэгт ажиллагсад авдаг болно. Эрүүл мэндийн салбарынхан таван жил тутамд зургаан сарын үндсэн цалин авдаг нь үргэлжилнэ. Боловсролын салбарын албан хаагчид таван жил тутамд зургаан сарын үндсэн цалин авдаг байсан. Тэр нь эхний удаад таван жил, дараагийнх нь гурван жил тутамд зургаан сарын тэтгэмж олгодог болж өөрчлөгдөнө. Соёлын салбарынхан 2023 оноос таван жил тутамд зургаан сарын үндсэн цалин авдаг болсон. Үүнийг үргэлжлүүлнэ. Мөн ирэх 2024 оноос анх удаа инфляцтай уялдуулж цалин нэмэх системд оруулахаар болж байна. Малчдын нөхөн олговор шийдэгдэхээр болсон.
Үүнээс гадна ирэх 2024 онд “Таван цагариг” төслөөр аймгийн төвүүдийг хооронд нь, хилийн боомтуудтай холбохоор болов. Түүнчлэн 60 жил гацсан Эрдэнэбүрэнгийн УЦС зэрэг том төслүүд төсөл хэрэгжинэ.
Уг нь Монгол Улс 2012 он гэхэд яг ийм сэргэлтийг авчихаад байсан. Гэвч тэр жилийн сонгуулийн дараагаас самарч хаясан. Түүнээс 12 жилийн дараа тэр түвшиндээ хүрч байна. “Эдийн засаг эргээд сэргэж байна” гэхээр баярламаар, “Бүтэн 12 жил алдсан” гэхээр харамсмаар л юм. Ямартай ч төсөв ингэж эерэг төсөөллийг үүсгэсэн нь тойрог хурдны зам, метро “ярих” орон зайг бий болгож байна. Нөгөөтэйгүүр “Хэрвээ эдийн засгийн эдгээр болоод бусад суурь өсөлтүүд энэ хэвээр тогтвортой байвал 1.5 жилийн дараа иргэдийн халаасанд шууд мэдрэгдэж эхэлнэ. Тоо худал хэлдэггүй” гэдгийг эдийн засагчид, судлаачид хэлж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл
Мэдэхгүй дээр тулгуурласан ПАНААЛ. [66.181.160.108] 2023-11-13 11:44:00
Сонгуулийн жилийн төсөв гэж сонгуулийн сурталчилгааны шинжтэй. Оны СҮҮЛИЙН ХАГАСТ энэ Засгийн газар, энэ Сангийн сайд хэвээр байх уу? Хэн ч үүнийг МЭДЭХГҮЙ. Төсвийг зохиож байсан Сангийн яамны болон орон нутгийн түшмэдүүд хэвээр байх уу? Бид МЭДЭХГҮЙ. Төгрөг алтны ханш, нефтийн үнэ сонгуулийн дараа хэвээр байх уу? БҮҮ МЭД. Иймд юу болох нь МЭДЭГДЭХГҮЙ 2024 оны төсвийн талаар юугаа ч хэлэх вэ дээ. ПАНААЛ ихтэй баримт.