Хүүхдийн эмч Х.Уламбаяр: Хүүхдийг олон нийтийн газраар аль болох дагуулж явахгүй байхыг зөвлөе
Томуугийн идэвхжилийн үед эрүүл мэндийн байгууллагуудыг бэлэн байдалд байлгах, эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй шуурхай үзүүлэх зорилгоор Эрүүл мэндийн сайд “Томуу, томуу төст өвчний үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохицуулах тухай” тушаал гарган 2023 оны аравдугаар сарын 25-наас 2024 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хүртэл томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед хүүхдийг хэвтүүлэн эмчлэх ор дэлгэх, шилжүүлэх түр зохицуулалтын хуваарийг баталсан. 2023 оны арванхоёрдугаар сарын 9-10-нд Эрүүл мэндийн яамнаас ажлын хэсэг Сүхбаатар дүүрэгт ажиллах үеэр сурвалжилж, томуу, томуу төст өвчнөөс сэргийлэхтэй холбоотой мэргэжлийн эмч нарын зөвлөгөөг авч уншигчдадаа хүргэж байна.
Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн эрчимт эмчилгээний эмч Х.Уламбаяр:
-Эрчимт эмчилгээний тасагт долоон хүүхэд эмчлүүлж байна. Ихэнх нь уушгины хатгалгаа, амьсгалын дутагдалтай. Хатгалгаа хүндэрсэн тохиолдолд амьсгалын дутагдлын шинжүүд буюу цээж хонхолзох, амьсгаадах, амьсгалахад яраглах, хамар уруулын гурвалжин хөхрөх шинж тэмдэг илэрнэ. Бид стандарт удирдамжийн дагуу шаардлагатай эмчилгээ болгоныг хийж байгаа. Халдвар хамгааллын дэглэмээ сайн сахихаас гадна амин дэмээр баялаг хоол хүнс өгөх хэрэгтэй. Шингэн зүйлийг ердийн үеэс их хэмжээгээр уулгана. Мөн олон нийтийн газраар аль болох дагуулж явахгүй байхыг зөвлөе гэлээ.
Сэтгэгдэл